Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 832

 

 

 

 

 

 

     2020        10          21                                  2020/ШЦТ/832

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Б.Чинзориг,

шүүгдэгч С.М,

нарийн бичгийн даргаар Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигон овогт С.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003000000227 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1978 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн ..дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвд эмч ажилтай, ам бүл-3, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт С.М

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч  С.М нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Шүүгдэгч С.М нь 2020 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 15 цаг 40 минутын орчимд Сүхбаатар дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  Шинжлэх ухаан техникийн их сургуулийн хойд уулзварын замд “Тоёота Приус” маркийн29-.. УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч хохирогч А.Н-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь :

-хохирогч А.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...ШУТИС-ийн баруун хойд талын уулзварын зүүн хойд талын уулзварын гарцаар зүүнээс баруун чиглэлд явган хүний ногоон гэрэл асахаар нь гарцаар гарах гээд ганцаараа явж байтал 64-н талаасаа ирж явсан хар өнгийн приус 30 маркийн автомашин уулзвараар зүүнээс хойд талд эргэх явцдаа намайг мөргөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28х/,

-шүүгдэгч С.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...уулзвараар 1-р эгнээгээр зүүнээс хойшоо чиглэлтэй ногоон гэрлээр эргээд дөнгөж явж байтал БНХАУ-ын элчин сайдын яамны талын явган хүний гарцаар зүүнээс баруун чиглэлд явж байсан явган зорчигч эмэгтэйг машиныхаа зүүн урд хэсгээр мөргөж гэмтээсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 76х/,

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 6742 дугаартай “А.Н-ийн биед баруун шуу ясны далд хугарал, зүүн шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, өвдөг, баруун тавхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 56-57х/,

-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9х/,

- 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн  69 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 67-68х/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

     Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч С.Мг тээврийн хэрэгсэл жолоодон, замын хөдөлгөөнд оролцон явахдаа болгоомжгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч А.Н-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Хохирогч А.Н-ийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны  үед өгсөн шүүгдэгч С.Мгийн зүгээс 3.208.100 төгрөгийг хүлээн авсан, , “хохирол, төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлэг, өөрийн гаргаж өгсөн хүсэлтэд дурдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч С.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт С.М авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  С.Мг 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Мг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй. шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ     С.БАТГЭРЭЛ