| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2020/1766/Э |
| Дугаар | 1834 |
| Огноо | 2020-10-22 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 1834
2020 10 22 2020/ШЦТ/1834
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,
Хохирогч Ү.Амарзаяа, түүний өмгөөлөгч Г.Бат-Отгон,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Оюун-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн,
Шүүгдэгч Д.Б түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дөрвөд овогт Д.Бд холбогдох эрүүгийн 2003 00390 0313 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 18 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 07 дугаар хороо КТМС-ийн баруун талын автобусны буудал бүхий замд Хьюндай Портер маркийн 17-06 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан заалтыг зөрчин явган зорчигч Ү.Амарзаяа, Х.Баярдалай нарыг мөргөснөөс, Ү.Амарзаяагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Х.Баярдалайн амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ү.Амарзаяа мэдүүлэхдээ: “Би 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүүхдээ эх нялхас эрүүл мэндийн төвд үзүүлчхээд КТМС-ийн урт талын сансар зах ороод буцаж явах замдаа гарц дээр 2 сартай хүүхдээ тэврээд гарч байгаад мөргүүлсэн. Шүүгдэгчийн хэлж байгаа шиг гүйж явсан зүйл байхгүй гарцаар гарч байсан. Гомдол саналын хувьд анх 4.092.340 төгрөг нэхэмжлээд 3.820.000 төгрөг авсан. Одоогоор нэхэмжилж байгаа мөнгө 3.406.336 төгрөг нэхэмжилж байна. Би нийт 7.226.236 төгрөг нэхэмжилсэн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Оюун-Эрдэнэ мэдүүлэхдээ: “Хэргийн талаар 07 дугаар сарын 21-ний өдөр орой 21 цагийн үед мэдсэн. Би Хөвсгөл аймагт гэр бүлээрээ явж байгаад аавыг аваарт орсон талаар утсаар мэдсэн. Аавын оршуулгын зардал, тэтгэврийн зээлийн үлдэгдэл 2.800.000 төгрөг нийлээд 13.547.000 болсон байна. Шүүгдэгч үүнээс 9.000.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 4.547.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол хэргийн газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч, /хх-7-16/, хохирогч Ү.Амарзаяагийн мэдүүлэг /хх-29/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8478 дугаартай дүгнэлт /хх-79-80/, нэмэлтээр гаргасан шүүх эмнэлгийн шинжилгээний 1003 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-84-86/, цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1576 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-64-69/, авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 229 дугаартай дүгнэлт /хх-49-54/, мөрдөгчийн магадалгаа /хх-89/ зэрэг нотлох баримтуудыг судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт КТМС-ийн баруун талын автобусны буудал бүхий замд Хьюндай Портер маркийн 17-06 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон баруунаас зүүн зүг рүү явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан заалтыг зөрчин явган зорчигч Ү.Амарзаяа, Х.Баярдалай нарыг мөргөснөөс, Ү.Амарзаяагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Х.Баярдалайн амь насыг нь хохироосон болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол хэргийн газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч, /хх 7-16/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ү.Амарзаяагийн “...2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Эх нялхас орж хүүхдээ үзүүлээд замын машинд суугаад КТМС-ийн урд талын “Сансар” худалдааны төвийн урд талын автобусны буудал дээр буугаад орж эмчийн сангаас эм аваад гарч ирээд явган хүний гарц нь дээр замын голд байрлах тусгаарлах шугам дөхөөд алхаж явтал миний зүүн гар талаас цэнхэр өнгийн Х.Портер миний зүүн тал руу хүчтэй мөргөсөн. Тэгээд би хүүхдээ тэврээд газар баруун талаараа унасан хүүхэд газар цохигдоогүй, толгой эргээд хэвтэж байтал тэнд явган хүний гарцаар зөрж явсан 2 эмэгтэй хүн хүүхдийг авсан. Би машины урд хэсгийг түшиж боссон. Тэгээд харсан чин бас нэг эрэгтэй хүн Х.Портер машинд мөргүүлсэн байдалтай хэвтэж харагдсан. Дээшээ харсан жолооч нь бууж ирээд нөгөө хүний толгойг өндийлгөөд өвөр дээрээ тавьсан байсан. Жолооч нь настай том биетэй хүн харагдсан хүүхэд нэг хэсэг уйлж байгаад гэнэт чимээгүй болсон сандраад байж цагдаагийн машин ирээд хойноос нь удаагүй 103 машин ирээд шууд хэвтэж байгаа эрэгтэй хүнийг аваад явсан. Хэсэг хугацааны дараа дахин 103 машин ирээд хүү бид хоёрыг үзээд гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Би тухайн үед мөргүүлсэн явган зорчигчийг мөргүүлж байгааг хараагүй дараа нь мэдсэн /хх-29/ гэх мэдүүлэг,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8478 дугаартай :“...Ү.Амарзаяагийн биед баруун мөрний зөөлөн эдийн няцрал, баруун тохой, өвдөг, бүсэлхийд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх 79-80/ гэх дүгнэлт,
Нэмэлтээр гаргасан шүүх эмнэлгийн шинжилгээний 1003 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Ү.Амарзаяа биед нэмэлт шинжилгээгээр баруун талд мөр өргөгч шөрмөсний хэсэгчлэн урагдал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-84-86/ гэх дүгнэлт,
Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1576 дугаартай “...Талийгаачийн Х.Баярдалайгийн цогцост хийсэн шинжилгээгээр дагз ясны шугаман хугарал, их, бага тархины аалзан хальсны доорх тархмал цус харвалт, дух, чамархайн дэлбэнгийн эдийн гүн дэх цусан хараа, хажуугийн ховдол, 4-р ховдол руу иврэлт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн талын олон хавирганы хугарал, зүүн уушгины хатгагдсан шарх, зүүн уушгины няцрал, цээжний хөндийн цус, хий хуралдалт, зүүн шуу ясны далд хугарал, цээж, зүүн гуя, өвдөгт цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтлүүд учирчээ.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Уг гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. /хх-ийн 64-69/ гэх шинжээчийн дүгнэлт,
Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 229 дугаартай дүгнэлт: “Д.Бы эзэмшлийн Хьюндай Портер маркийн 17-06 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд шил хагарч цуурсан, урд нүүр хонхойж бага зэрэг чихэгдсэн зэрэг эвдрэл гэмтэл ослын улмаас үүссэн байна” /хх-49-54/ гэх дүгнэлт,
Мөрдөгчийн магадалгаа /хх-89/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Д.Б нь 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 18 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 07 дугаар хороо КТМС-ийн баруун талын автобусны буудал бүхий замд Хьюндай Портер маркийн 17-06 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан заалтыг зөрчин явган зорчигч Ү.Амарзаяа, Х.Баярдалай нарыг мөргөснөөс, Ү.Амарзаяагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Х.Баярдалайн амь насыг нь хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч Ү.Амарзаяа 7226236 төгрөг нэхэмжилэхээс 3820000 төгрөгийг авсан одоо 3.406.236 төгрөг нэхэмжилж байна., хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Оюун-Эрдэнэ нь өмнө нь 9.000.000 төгрөг авсан, сүүлд 3.000.000 төгрөг авсан одоо лам нарт зарцуулсан 690.000 төгрөг нэхэмжилнэ гэжээ.
Хохирогч Ү.Амарзаяагийн гаргаж өгсөн баримтуудыг хянаж үзэхэд банкны пос машинд карт уншуулсан баримтууд нь ямар шалтгаанаар юу худалдан авсныг мэдэх боломжгүй гүйлгээ байх тул шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна.
Үүнд: хх-н 110, 115, 117, 119. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хамаарахгүй зарлагын баримтууд байна. Үүнд: хх-н 112-т 18 дугаартай himalay baby powder гэх нярай хүүхдийн арьс нурахаас сэргийлэх түрхлэг, хх-113, 117, 119-д байх хүүхдийн живх, хх-114-т байх сахарын тест, эко ус, ханиадны эм болох гербион, флемоксин, сонибакс, колдакмин, фарингосефт, полдамин, хх-115 анаферон, кетотифен, колдаур, хх-116 витамин С таблеткаар болон уусмалаар, гербион плюша, пежион-шүд амны салфетка, 118- кофлет хүлхмэл, витамин С, экос ус, хх-121-124-т байх шатахууны баримтууд, шүүх хуралд гаргаж өгсөн баримтуудаас хагалгаа хийлгэхэд зарцуулсан гэх 2,3 сая төгрөг нь банкны хуулга байгаа нь ойлгомжгүй, өөр бусад баримтаар нотлогдохгүй, шатахууны баримтууд, котекс өдөр тутмын хэрэглэл, бичиг үсэг нь балархай утга нь мэдэгдэхгүй арилсан хэсэг баримтууд гэх зэрэг болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Оюун-Эрдэнийн гаргаж өгсөн баримтуудаас талийгаачийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл 2.265.094 төгрөг, 49 хоног хураахад гарсан зардал, ламд төлсөн хөлс зэргийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцохгүй гэж шүүх дүгнэлээ. Зээл нь гэмт хэргийн улмаас авсан зээл биш бусад нь зан заншлийн арга хэмжээ тул харьцангуй өөр зардал юм.
Хохирол, хор уршигт хамаарах, шаардлага хангасан, шалтгаант холбоотой баримтууд нь хохирогч Ү.Амарзаяагийн хувьд 3.814.838 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Оюун-Эрдэнийн хувьд оршуулгын зардал 9.354.658 төгрөг болно.
Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг гарсан үеэс эхлэн мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ү.Амарзаяад 3.820.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 9 сая + 3 сая төгрөг тус тус өгсөн, авсан талаар аль аль нь маргаагүй тул шүүгдэгч Д.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Д.Б нь учруулсан хохирлоо барагдуулах талаар санаачлагатай байсан, гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч гэмшиж буй байдал нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.Бы үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн өндөр настай хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Бд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох, албадлагын арга хэмжээг авахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дөрвөд овогт Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь зааснаар Д.Бд тэнсэгдсэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгуулагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь заалтад зааснаар шүүгдэгч үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг зөрчвөл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Д.Бы тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын бусад хохирол, цаашид гарах эмчилгээний зардлын талаар нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Бы жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллага хүргүүлсүгэй.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА