Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 02

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 127/2018/0008/3

 

                        Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Балжмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Л.Б-гийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргад холбогдох

            Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/05 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Өмнөдэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ээлжийн амралтын мөнгө болон ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Б-, түүний өмгөөлөгч Р.Б-улган, хариуцагч Өмнөдэлгэр сумын Засаг дарга Б.Э-, гэрч Б.Г А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Л.Б- шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Л.Б- миний бие 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэж байгаад Төрийн төрийн албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруултад тэнцэн мөн оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Өмнөдэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд томилогдон ТЗ-7-З гэсэн шатлалаар 577.148 төгрөгийн үндсэн цалин, ТАХ-ийн нэмэгдэл 10%, төрийн нууцын нэмэгдэл 15%, албан тушаалын 20%-ийн, 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс зэрэг дэвийн 20%-ийн нэмэгдлүүдтэйгээр цалинжин ажиллаж байсан.

Засаг дарга Б.Э- нь ээлжийн амралтаа ав гэсний дагуу миний бие 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ээлжийн амралтаа авах хүсэлтээ албан ёсоор бичгээр өгсөн.

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Засаг дарга Б.Э- өрөөндөө дуудан уулзаад надаас “Ээлжийн амралтаа 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс авахуу 05-ны өдрөөс авах уу” гэж асуухаар нь би 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ажиллачихсан байсан болохоор “2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс амарна” гэж хариулсан. Тэгэхэд Засаг дарга “хугацааг тодруулж байгаа юм, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс амар, амар” гэсэн учраас миний бие Засаг даргыг ээлжийн амралтын тушаалаа гаргачихаад амрааж байгаа юм байна гэж ойлгосон.

Ингээд миний бие Засаг даргын “одоо амар, амар” гэж хэлсэн өдрөөс ээлжийн амралтаа авч амарсан бөгөөд амралтаа дуусаад ажилдаа ороход Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/52 тоот албан бичгээр “ээлжийн амралтын тушаал гараагүй тул ажил тасалснаар тооцохыг мэдэгдэж байна” гэсэн мэдэгдлийг өгсөн.

Түүнээс хойш ажил, үүргээ гүйцэтгээд байж байтал Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/05 дугаартай “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” захирамжийг гарган намайг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас минь халах сахилгын шийтгэл оногдуусан.

...Нэхэмжлэгч миний бие Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/05 дугаартай “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” захирамжийг хууль бус хэмээн үзэж хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Учир нь Засаг дарга Б.Э- нь миний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, ээлжийн амралт олгосон захирамж гаргах бүрэн эрхээ хэрэгжүүлэлгүй, уг захиргааны актыг гаргуулахдаа “одоо амар амар” хэмээн хууран мэхлэж, амаар шийдвэр гарган амруулчихаад дараа нь ёс зүйгүй, шударга бус байдал гаргаж, бодит байдалд нийцэхгүй үндэслэлээр. захирамж гаргаж жирийн нэг төрийн албан хаагч намайг ажилгүй, цаашид ч төрийн албанд ажиллаж хөдөлмөрлөх эрхгүй, цалин мөнгөгүй болгож ихэд хохироолоо.

Энэхүү асуудлаар Хэнтий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хандаж гомдол гаргасан ба 2018 оны 7 дугаар сарын 25-нд “Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын захирамж үндэслэлтэй” тухай шийдвэр гаргасан байсныг эс зөвшөөрч байна.

Иймд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/05 дугаартай “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, урьд эрхэлж байсан Өмнөдэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд нь эгүүлэн тогтоолгох, 2018 оны 02 дугаар сарын 05-наас 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх 22 хоногийн амралтын мөнгө 1.251.586 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 11-иий өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх ажилгүй байсан 89 өдрийн хугацааны цалин /1 сарын дундаж цалин 1.095.138 төгрөг /21.2=51.657-1 өдрийн цалин/ 4.597.473 төгрөг, нийт 5.848.059 төгрөг гаргуулан, нийгмийн даатгалын дэвтэрт дээрх хугацааны шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг даалгаж иргэн намайг хохирол, гомдолгүй болгож өгнө үү” гэжээ.

            Нэхэмжлэгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагад дараах өөрчлөлт оруулж байна. 1 дүгээрт, Засаг даргын захирамж “хууль бус болохыг тогтоож” гэснийг хасах, 2 дугаарт, 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан 236 өдрийн цалин /1 сарын дундаж цалин 1095138 төгрөг/ 21.2=51657 /нэг өдрийн цалин/ 12191000 төгрөг, нийт 13442586 төгрөг гаргуулах гэж өөрчиллөө” гэв.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Засаг дарга нь ээлжийн амралт олгох захирамжийг өөрөө гаргах үүрэгтэй. Л.Б- нь ээлжийн амралтаа 2 дугаар сарын 1-нээс авья гэдэг хүсэлтээ 1 дүгээр сарын 29-ны өдөр өгсөн байсан. Засаг дарга “2  сарын 1-нээс амрах уу, 5-наас амрах уу” гэж асуухаар нь Баярмаа 5-наас гэж хэлэхээр нь Засаг дарга “за за” гэж хэлсэн байдаг. Гэтэл өнөөдөр үүнийгээ “зөвшөөрсөн” гэж ойлгосон юм уу, ойлголтоор шийддэг асуудал биш гэсэн зүйл ярьж байна. Тэгээд амарчихсан чинь “захирамж гараагүй байхад амарлаа” гээд хариуцлага хүлээлгэж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Хариуцагч нь Л.Б-гаас амрах үед ажил орлон гүйцэтгэх хүн чинь хэн байсан бэ гэж асууж байна. Нэхэмжлэгч нь ажил орлон гүйцэтгэгчээ томилох эрх бүхий этгээд биш, орлон гүйцэтгэгчийг Засаг дарга өөрөө томилох үүрэгтэй. Засаг дарга нь 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр, шийдвэрлэх ёстой бүх хүмүүсийнхээ амралтын хуваарийг баталчихаад ганцхан Тамгын газрын даргынхаа хуваарийг гаргаагүй. Шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтуудаас харахад, Л.Б-г ажлаас нь чөлөөлүүлээд, өөр ажилд оруулах, оронд нь өөрийн хүссэн хүнээ томилуулах сонирхолтой байсан гэж харахаар байна. Сонсох ажиллагаа хийх мэдэгдлийг өгсөн тэр өдрөө ажлаас халах шийдвэрээ гаргасан, тайлбар гаргах боломжит хугацаа олгоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

            Хариуцагч Б.Э- шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжпэгч Л.Б- нь Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа дур мэдэн “2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс амрана” нийт 22 хоног ажил тасалсан. Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/52 тоот албан бичгээр Л.Б-д ээлжийн амралт олгоогүй, харин ажил тасалсан болохыг мэдэгдсэн, Засаг даргын орлогч даргаар дуудуулсан, дуудуулсаныг мэдсэн, 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ажилдаа ирээгүй. Бичиг өгсөнөөс хойш ажилласан гэдэг нь худал, ажилдаа ирээгүй, ажил тасалсан болно.

Иймд Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/05 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын дарга Л.Б-г ажлаас халсан.

Халахаас өмнө Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа зохион байгуулсан бөгөөд Л.Б- “Би хөдөлмөрийн тухай хуулийн 79.1, 79.5.3-д заасны дагуу 22 хоног ээлжийн амралт эдэлсэн”, “...би ээлжийн амралтаа эдэлж байгаа гэж үзсэн учраас амралтын хоногоо дуустал амарсан. Энэ үед Улаанбаатар хотод ажилтай хэд хоног эзгүй байсан” гэж тайлбар мэдүүлсэн зэргээс үзэхэд Л.Б- өөрөө өөртөө 22 хоногийн ээлжийн амралт олгож ажил тасалсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын 3 дахь заалтанд ''Ажил олгогч нь ажилтнуудын ээлжийн амралтын хуваарийг тздний саналыг үндэслэн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр зохицуулж, календарийн жилийн эхний улиралд багтаан гаргах ба баталсан хуваарийн дагуу энэ зааврын 1 дүгээр хавсралтаар баталсан ээлжийн амралт олгох мэдэгдлийг санхүү болон ажилтанд олгоно" гэж зохицуулсан байдаг бөгөөд ЗДТГ-ын дарга Л.Б-д “Ээлжийн амралт” олгосон захирамж гаргаагүй, ээлжийн амралт олгосон тухай мэдэгдлийг санхүүгийн албанд болон Л.Б-д өгөөгүй юм.

Нэхэмжлэлд дурдагдсан "ээлжийн амралтын захирамжаа гаргачихаад амрааж байгаа гэж ойлгосон” гэж ойлгоод амарсан нь дээрх тушаалын зохицуулалттай нийцэхгүй байна. Заавал Засаг даргын захирамж гарч байж ЗДТГ- ын дарга Л.Б- 2018 оны ээлжийн амралт эдлэх байсан юм.

Л.Б- нь Засаг даргын 2018 оны Б/05 дугаар захирамжийг эс зөвшөөрч Хэнтий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдол гаргасан бөгөөд салбар зөвлөлийн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн "Өргөдөл гомдол шийдвэрлэсэн тухай” 35 дугаар тогтоолоор Л.Б-г халсан Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/05 дугаар захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн байдаг.

Нэхэмжлэгч Л.Б-гийн “хөдөлмөрлөх эрх, хууль ёсны сонирхол”-ыг Засаг дарга би хөндөөгүй. Хууран мэхлэх болон шударга бус байдал гаргаагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Харин өөртөө ээлжийн амралт олгож, ажил тасалж өөрийнхөө төрийн албанд хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг өөрөө хөндсөн. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1.1-д “... эсхүл татгалзах" гэж заасан эрхийн дагуу хариуцагч би нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжпэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй тул татгалзаж байна.

Миний хувьд Л.Б-д шахалт дарамт учруулж байгаагүй. Харин ч хүссэн чөлөө зөвшөөрлийг нь олгоод явдаг байсан. 2017 онд хувийн болон ахыгаа үзүүлэх, өвчтэй гэх шалтаануудаар 5 удаагийн нийт 10 хоногийн чөлөөг олгож байсан. 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр чөлөө хүсэхэд нь оны эхэнд ажил ихтэй байсан тул анх удаа татгалзахад эмнэлгийн магадлагаа авч явсан. Тэгээд ээлжийн амралтаа 2017 оны 11 сард эдэлсэн байсан мөртлөө 2018 оны ээлжийн амралт эдлэх хүсэлтээ 2018 оны 01 дүгээр сард өгсөн. Иймээс төрийн захиргааны удирдах албан тушаалтны хувьд өргөсөн тангараг, хуулиар хүлээсэн үүргээ умартан байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан, ажил цалгардуулж, иргэдийн төрийн үйлчилгээ авах эрхийг нь хязгаарлан хүндрэл учруулж байсан гэж үзсэн” гэв.

            Гэрч Б.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний бие 2015 оноос Өмнөдэлгэр сумын Засаг даргын Тамгын газарт нягтлан бодогчоор ажиллаж байна. Тамгын газрын дарга Л.Б- нь 2018 оны 2 дугаар сарын 05-наас ээлжийн амралтаа авсан гэж надад хэлсэн. Харин энэ тухай тушаал шийдвэр нь надад ирээгүй. Иймээс би амралтын мөнгийг нь бодож олгоогүй. Л.Б- нь ээлжийн амралттай байх хугацаандаа шаардлагатай баримтууд дээр гарын үсгээ зурж байсан, ажил цалгардуулсан зүйлгүй” гэв.

            Гэрч А.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний бие 2006 оноос эхлэн сургуулийн захирлаар ажиллаж байна. Сумын Засаг дарга 2018 оны 01 дүгээр сарын үед сургуульд багшийн орон тоо байгаа эсэх талаар асуухад нь 2018 оны 5 сард нэг багш тэтгэвэртээ гарах тухай хэлсэн. Түүнээс биш Л.Б- нь сургуульд ажилд орох тухай санал хүсэлт гаргаж байгаагүй” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Л.Б- нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ, “Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/05 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Өмнөдэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх 22 хоногийн ээлжийн амралтын мөнгө 1’251’586 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 18 хүртэлх ажилгүй байсан 89 өдрийн цалин 4’597’473 төгрөг, нийт 5’848’059 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаас, Засаг даргын Б/05 дугаар захирамжийг “хууль бус болохыг тогтоож” гэснийг хасахаар, мөн ажилгүй байсан хугацааны цалинг “2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэл нийт 236 өдрийн цалин 12’191’000 төгрөг гаргуулах”-аар гэж тодруулсан болно.

            Шүүх нэхэмжлэгч Л.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

            Нэхэмжлэгч Л.Б- нь 2013 оноос Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд түүнд хариуцагч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг дарга Б.Э- нь 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/05 дугаар захирамжаар, төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

            Уг захирамжийг эс зөвшөөрч, Л.Б- нь Төрийн албаны зөвлөлийн Хэнтий аймаг дахь салбар зөвлөлд гомдол гаргасан ба тус зөвлөл гомдлыг хянан үзээд 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 35 дугаар тогтоолоор “Сумын Засаг даргын 2018 оны Б/05 дугаар захирамж хууль зүйн үндэслэлтэй” гэж шийдвэрлэжээ.

            Маргаан бүхий захиргааны акт болох, хариуцагч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн, “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/05 дугаар захирамжийг шүүх дараах үндэслэлүүдээр хууль бус гэж үзэв.

            Хариуцагч нь маргаан бүхий Б/05 дугаар захирамждаа нэхэмжлэгч Л.Б-д сахилгын шийтгэл ногдуулах болсон үндэслэлээ, “2018 оны ээлжийн амралтын хуваарь батлагдаагүй дээд шатны албан тушаалтны ээлжийн амралт олгосон захирамж гараагүй, мэдэгдэл хүргүүлээгүй байхад дур мэдэн ажил хаяж 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 22 хоног ажил тасалж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан иргэдийн төрийн үйлчилгээг авах эрхийг хязгаарлан чирэгдүүлж төрийн албыг хүнд сурталгүй, түргэн шуурхай явуулах нөхцөл боломжийг алдагдуулж, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.4, Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 01 тоот албан даалгаврын 1.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн нь тогтоогдсон” гэжээ.

            Нэхэмжлэгч Л.Б- уг захирамж болон түүний үндэслэлийг үл зөвшөөрч, “ээлжийн амралт авах хүсэлтээ 2018 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр Засаг даргад бичгээр өгсөн байсан. 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Засаг дарга өрөөндөө дуудаж уулзахдаа хэдний өдрөөс амрахыг асууж, ээлжийн амралт авахыг зөвшөөрсөн тул амарсан” гэж маргаж байна. 

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, хариуцагч Б.Э- нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Б/02 дугаар захирамж[1] гаргаж, Засаг даргын орлогч, багийн Засаг дарга нарын 2018 оны ээлжийн амралтын хуваарийг баталсан байна. Ийнхүү 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс өмнө, ажилтнуудын ээлжийн амралтын хуваарь батлагдсан байхад хариуцагч нь маргаан бүхий Б/05 дугаар захирамждаа “2018 оны ээлжийн амралтын хуваарь батлагдаагүй, дээд шатны албан тушаалтны ээлжийн амралт олгосон захирамж гараагүй” гэсэн нь зөрчилтэй байна. 

            Мөн хариуцагч нь маргаан бүхий Б/05 дугаар захирамждаа Эрүүл мэнд, ниймгийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын 3 дахь заалтыг үндэслэл болгож, нэхэмжлэгч Л.Б-г, 2018 оны ээлжийн амралтын хуваарь батлагдаагүй, ээлжийн амралт олгох тухай захирамж гараагүй, өөрт нь болон санхүүд мэдэгдэл өгөөгүй байхад ээлжийн амралт эдэлсэн гэж буруутгасныг шүүх үндэслэлгүй гэж үзэж байна.

   Сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Л.Б- нь ээлжийн амралтаа 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эдлэх хүсэлтэй байгаагаа  2018 оны 1 дүгээр сарын 29-ны өдөр бичгээр гаргасан байхад хариуцагч сумын Засаг дарга нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан, “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” Б/02 дугаар захирамждаа  Л.Б-гийн амралтын хуваарийг тусгаагүй орхигдуулсан болох нь тогтоогдож байна.

Иймээс, Эрүүл мэнд, ниймгийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын 3 дахь заалтад “Ажил олгогч нь ажилтнуудын ээлжийн амралтын хуваарийг тэдний саналыг үндэслэн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр зохицуулж, календарийн жилийн эхний улиралд багтаан гаргах ба баталсан хуваарийн дагуу энэ зааврын 1 дүгээр хавсралтаар баталсан ээлжийн амралт олгох мэдэгдлийг санхүү болон ажилтанд олгоно” гэж заасныг хариуцагч Б.Э- өөрөө зөрчсөн байна гэж шүүх үзэв.

Хариуцагч нь шүүх хуралдаан дээр “Л.Б-тай ээлжийн амралтын хугацаан дээр зөвшилцөлд хүрээгүй, түүнийг  2 дугаар сарын 5-ны өдрөөс амар гэж хэлээгүй, ээлжийн амралт нь мөнгө санхүүгийн асуудалтай холбоотой тул  амаар шийдвэр гаргахгүй” гэх зэргээр тайлбарлаж байгаа бол нэхэмжлэгч Л.Б- нь “2018 оны 2 дугаар сарын 5-ны үдээс өмнө сумын Засаг даргатай түүний албан өрөөнд уулзахдаа ээлжийн амралт авах тухайгаа ярилцсан бөгөөд Засаг дарга зөвшөөрсний дагуу тэр өдрөөс эхлэн амарсан” гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Л.Б-гийн дээрх тайлбарыг шүүх дараах баримтаар үндэслэлтэй гэж үзлээ. Үүнд:

а/ Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Л.Б-гийн гар утас болон шүүхэд нотлох баримтаар өгсөн CD-нд үзлэг хийхэд 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд дараах яриа болсон байна:

“Засаг дарга - ...за, би одоо 11.40 гээд хөдөлчихвөл амжих байх аа.

            - ммм, за 2 сарын 1-нээс үү?

Л.Б- – юуны?

Засаг дарга- одоо, энэ, юу

Л.Б-- 2 сар,

- би ээлжийн амралтаа авч байж яана ш дээ

Засаг дарга- аан тийм, 2 сарын 1-нээс ээлжийнхээ амралтыг авах уу?

Л.Б- –үгүй ш дээ, би ажиллачихсан юм чинь

Засаг дарга -/инээв/

Л.Б- – ажиллачихсан юм чинь, өнөөдрөөсөө л авна ш дээ

Засаг дарга – аан за за

- Энхбаатар тэгж л байна л даа, олимдиад молимпиад юу яагаад, тэгвэл тэгье гэсиймаа гэж байна лээ, тэгээд 1-нээсээ яах юм бол хамаа байсий үргэлжлүүлээд амарчихгүй юу

Л.Б- – үгүй, би 5-наасаа амарнаа, өнөөдрөөс

Засаг дарга - за тэгээд, энэ ард чинь өөр юу юу байгаа билээ...” гэжээ.

б/  Нэхэмжлэгч Л.Б- нь ээлжийн амралтаа авсан гэж үзэж, 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс амарч эхэлснээс хойш /2018 оны 2 дугаар сарын 28 хүртэл/ ажилдаа ирэхгүй байгаа учир шалтгааных нь талаар хариуцагч Б.Э- асууж тодруулсан, ажил тасалсан талаар мэдэгдсэн зүйл  байхгүй байна.

Дээр дурдсан нотлох баримт болон нөхцөл байдлаас үзэхэд, нэхэмжлэгч Л.Б- нь хариуцагч Өмнөдэлгэр сумын Засаг дарга Б.Э-ын зөвшөөрөөгүй байхад ээлжийн амралтаа эдэлсэн гэж үзэхээргүй байна. Иймд, хариуцагч нь маргаан бүхий Б/05 дугаар захирамждаа нэхэмжлэгч Л.Б-г “дур мэдэн ажил хаяж,  22 хоног ажил тасалсан” гэж буруутгаж, сахилгын шийтгэл ногдуулсныг шүүх хууль бус гэж үзэв.

Хариуцагчийн гаргасан Б/05 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгч Л.Б- нь төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халагдаж,  эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул уг маргаан бүхий  захиргааны актыг хүчингүй болгож, Л.Б-г өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, түүний ээлжийн амралтын болон ажилгүй байсан хугацааны олговрыг олгох, нийгмийн даатгалын дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Л.Б-гийн 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 13-ны хугацаанд эдэлсэн ээлжийн амралтын олговор болох 1.251.586 /нэг сая, хоёр зуун тавин нэгэн мянга, таван зуун наян зургаа/ төгрөг олгогдоогүй тул түүнийг олгох, захиргааны акт гарсан 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болсон 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх, нэхэмжлэгчийн ажилгүй байсан нийт 236 өдрийн олговор болох 12.191.000 /арван хоёр сая, нэг зуун ерэн нэгэн мянга/ төгрөг, нийт 13.442.586 /арван гурван сая, дөрвөн зуун дөчин хоёр мянга, таван зуун наян зургаа/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

Өмнөдэлгэр сумын дунд сургуульд ажилд орох талаар нэхэмжлэгч Л.Б- нь хүсэлт гаргаж байгаагүй, харин хариуцагч Б.Э- нь энэ асуудлаар сургуулийн захиралд хандаж байсан болох нь гэрч А.Энхбаатарын мэдүүлгээр тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.2.1, 4.2.5 дахь хэсгүүдэд тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч Л.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  хариуцагч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/05 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Б-г Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Л.Б-гийн ажилгүй байсан хугацааны олговор 12.191.000 /арван хоёр сая нэг зуун ерэн нэгэн мянга/ төгрөг, ээлжийн амралтын олговор 1.251.586 /нэг сая хоёр зуун тавин нэгэн мянга таван зуун наян зургаа/ төгрөг, нийт 13.442.586 /арван гурван сая дөрвөн зуун дөчин хоёр мянга таван зуун наян зургаа/ төгрөгийг хариуцагч Өмнөдэлгэр сумын Засаг даргын ажлын алба-Засаг даргын Тамгын газраас гаргуулан, нэхэмжлэгч Л.Б-д олгосугай.

3. Нэхэмжлэгч Л.Б-д 13442586 төгрөгийг олгохдоо холбогдох татвар суутгалыг хийж, Л.Б-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар, нэхэмжлэгч Л.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын ажлын алба-Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Б-д олгосугай.

5. Шүүхийн энэ шийдвэр хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 87 дугаар захирамжийг хүчингүйд тооцсугай.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.БАЛЖМАА

 


[1] Хавтаст хэргийн 103-104 дүгээр хуудас