Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 10

 

С.Бурниагийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Л.Нямдорж, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 19 дугаар шийдвэртэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 6-8 тоотод оршин суух Сэрхийн Сэргэлэн овгийн Соорогийн Бурниагийн /РД: ДЮ60081469/ нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 10 дугаар байр 3-1 тоотод оршин суух Харзат овгийн Дэлгэрхүүгийн Лавьжинд /РД: ДЮ69011808/ холбогдох 10.025.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 7.877.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Д.Лавьжингийн давж заалдах гомдлоор 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Бурниа, хариуцагч Д.Лавьжин, хариуцагчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, нарийн бичгийн дарга: Б.Түвшинтөр нар оролцов.

Нэхэмжлэгч С.Бурниа нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Дэлгэрхүү овогтой Лавьжингаас Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн нутагт байрлах үйлчилгээний зориулалттай байрыг 25 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Би тухайн үед дэлгүүрт гурилан бүтээгдэхүүнээ тараагаад явж байсан. Тэгэхэд Д.Лавьжин надтай тааралдаад манайх цайныхаа газрыг зарах гэж байна. Үйлдвэр үйлчилгээ явуулахад тохиромжтой том байр байгаа гэж хэлсэн. Манай түрээсэлдэг байр жижигхэн байсан учраас нөхөртэйгээ ярьж байгаад үзье гээд очиж үзсэн. Д.Лавьжингийн байр нь бие засах өрөөгүй байхаар нь бие засах өрөө дотор талд нь хийсэн. Мэргэжлийн хяналтын газраас үйлдвэр үйлчилгээ эрхэлдэг газарт бие засах газартай байх шаардлага тавьдаг. Би тэр үед одоо мөнгө өгч чадахгүй, хүүхдээ гэр бүл болгож хурим найр хийсэн. Танайд өгөх мөнгийг манай зээл дууссаны дараа буюу 2015 оны 03 сарын 10-ны өдөр банкнаас зээл авч өгөөд ордероо өөрийнхөө нэр дээр шилжүүлж авъя гэж харилцан тохиролцож авсан. Зээл авахдаа болон байрыг худалдан авахаар тохиролцохдоо үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шаардахад гэрчилгээ солиулаад хэрэггүй, олон юм шаарддаг, хялбархнаар нь зээлийн гэрээ хийчихье гэж бид нарыг хуурч мэхлэн, намайг мөнгө зээлсэн мэтээр нотариатад ойлгуулж, зээлийн гэрээ хийсэн. 10 дугаар сард манай хүүхэд Завханд шүүх хуралтай байна. Төлбөрийг нь төл гэж байна гээд манайхаас мөнгө гуйхаар нь байхгүй гэх талаараа үнэн байдлаа хэлсэн. Гэхдээ болохгүй бол манай банкны 8.000.000 төгрөгийн зээлийг шахаад хийчих юм бол мөнгө гаргаад өгч болно гэж хэлсэн. Тэгээд Д.Лавьжин манай 8.000.000 төгрөгийн зээлийг дараад манайх эргээд банкнаас зээл авч Д.Лавьжинд 13.000.000 төгрөг өгсөн. Гэтэл Д.Лавьжин 14.000.000 төгрөг болгоод өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь 11 дүгээр сарын 14-ний өдөр 500.000 төгрөг, мөн дараа нь 12 дугаар сарын 15-ны өдөр 100.000 төгрөг, 1 дүгээр сарын 9-ний өдөр 400.000 төгрөг нийт 14.000.000 төгрөг өгсөн. 3 дугаар сард манай зээл дуусаад ордероо авах гэтэл Д.Лавьжин манай байр банкны барьцаанд байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь танайх ордероо чөлөөлөөд өгөх юм бол манайх үлдэгдэл мөнгөө өгье гэж хэлсэн. Түүнээс хойш 6 дугаар сар хүртэл хүлээсэн. Манай хүүхэд том оврын автомашинаар тээвэрт явдаг. Машин авна гэхээр нь Д.Лавьжинд хүүхэд машин авна гээд байна байрны ордероо өгчих банкнаас зээл аваад танай байрны үлдэгдэл мөнгийг өгье гэхэд ордероо өгөөгүй. Манайх 23.000.000 төгрөг банкнаас зээлээр авч хүүхэддээ машин авч өгсөн. 10 дугаар сард Д.Лавьжин байрны мөнгөө нэхэмжилж ийм маргаан үүссэн. Анхнаасаа банкны барьцаанд байраа тавьсан гэдгээ хэлсэн бол би авахгүй байх байсан. Д.Лавьжинд байрны мөнгө 14.000.000 төгрөг өгсөн. 13.000.000 төгрөгийг нь зээлээ шахаж хийгээд нэмж зээл аваад бэлэн өгсөн. Үлдэгдэл 1.000.000 төгрөгийг 11 дүгээр сарын 14-ний өдөр 500.000 төгрөг бэлэн, мөн дараа нь 12 дугаар сарын 15-ны өдөр 100.000 төгрөг бэлэн, 1 дүгээр сарын 9-ний өдөр 400.000 төгрөг шилжүүлж өгсөн. Байрнаасаа гарахаар болоод Д.Лавьжин эхлээд 9.000.000 төгрөгийг өгье, үлдсэн 5.000.000 төгрөгийг дараа нь өгнө гэхээр нь гарсан. Тухайн үед Б.Цэрэнлувсан тухайн манай байрлаж байсан байрыг худалдаж авахаар харилцан тохиролцсон байсан учраас Б.Цэрэнлувсангаас мөнгөө аваад манайд өгчих байх гэж бодож байсан. Д.Лавьжин ордероо өгөөд манайх зээл авчихсан байсан бол өмнө нь өндөр хүүтэй мөнгө зээлж авч хүүний төлбөрт орохгүй байсан. Үлдэгдэл 5.000.000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 11 дүгээр сар хүртэл хүүний мөнгө төлж хохирч байна. Иймд хариуцагч Лавьжингаас байрны үнийн үлдэгдэл 5 сая төгрөг, засвар хийхэд худалдаж авсан материалын үнэ болон хөлс 1.200.000 төгрөг, 2015 оны 10 сараас 2016 оны 11 сар хүртэл 14 сая төгрөгийн 13 сарын 2.5 хувийн хүү болох 4.550.000 төгрөг, 5 сая төгрөгийн 11 сарын 2.5 хувийн хүү 1.375.000 төгрөг бүгд нийлээд 12.125.000 төгрөг. Үүнээс уг байрыг сард 150.000 төгрөгөөр түрээслэсэн гэж үзээд 14 сар ашигласны түрээс 2.100.000 төгрөгийг хасаад 10.025.000 төгрөгийг иргэн Д.Лавьжингаас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Лавьжин шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл 5.000.000 төгрөгийг засвар хийсэн мөнгөндөө авсан. Анх шинээр баригдсан бүрэн засвар хийсэн шинэ байраа үзүүлээд өөрсдөө болох юм байна гээд авсан. 1 жил 4 сарын хугацаанд үйл ажиллагаа явуулж ашиглачихаад ямар байдалтай болгосныг гэрэл зургаар хавсаргаж ирүүлсэн. Өвлийн хүйтэнд хаалгыг нь авч хаячихаад өөрсдийнхөө дотор байрлуулсан тавилгаа зөөсөн. Өмнө нь засвар хийчихсэн байхад Б.Цэрэнлувсан гуай 25.000.000 төгрөгөөр авахаар болоод байж байтал С.Бурниа ирж үзээд манайх авахаар боллоо гээд авсан. Тэгээд С.Бурниа гарахаар болохоор нь би Б.Цэрэнлувсан гуайтай уулзаж та манай байрыг аваач гэж хэлсэн. Б.Цэрэнлувсан гуай ирж үзчихээд танайх анх засвар хийгээд гоё байсан чинь одоо муудсан байна. 25.000.000 төгрөгөөр авч чадахгүй 5.000.000 төгрөгийг нь засварын хөлсөнд авч үлдэнэ гээд манай байрыг 20.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Нэхэмжлэлийн шаардлагад бие засах газар барьсан 1.200.000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Байшингийн үүдэнд ороод таамбартай хундаам цутгасан байсан. Танайх энэ дээр бие засах газраа барьчих хэн хэндээ хэрэгтэй гэж хэлэхэд заавал дотор нь хийнэ гээд 15 ханаар хоёр хана өрсөн. Суултуур угаалтуураа байрлуулсан. Байрнаас гаргахдаа бие засах газарт байсан уугаалтуур, суултуураа авч гарчихаад эргээд надаас 1.200.000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэвийн үйл ажиллагаагаа явуулж ашиг орлогоо олж байсан. Би байрны түрээсийн мөнгө гэж нэхэмжлээгүй. Байрныхаа үлдэгдэл мөнгөө хэзээ өгөхийг нь хүлээж суусан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 14.000.000 төгрөгийн хүүний мөнгө төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээг байгуулахад би эхлээд худалдах, худалдан авах гэрээ хийе гэхэд манайх урьдчилгаа 30 хувь байршуулах мөнгө байхгүй. Манайх банкинд хоёр зээлтэй, чи нэг зээлийг нь дараад өгчих юм бол танай мөнгийг хурдан гаргаж өгч болж байна гэхээр нь би хэн хэнийхээ тусын тулд гэж бодоод С.Бурниатай хамт машинаар нь явж байгаад найзаасаа 6.000.000 төгрөг, 2.000.000 төгрөгийг нь дүүгээсээ авч С.Бурниагийн зээлийг дарж өгсөн. Зээлээ авсны дараа гарч ирчихээд манай зээл бага гарчихлаа танайд 13.000.000 төгрөг өгье үлдэгдэл мөнгийг нь хавар болтол зээлийн гэрээ хийгээд өгч дуусгана. Тэгээд байшингаа өгч авъя гээд хавар гуравдугаар сар болсон. Тэр хооронд эхлээд өгч байгаад ашиг орлого муудлаа гээд өгөхөө больсон. Гуравдугаар сард би орж уулзаад гэрээний хугацаа дууслаа яах вэ гэхэд зургаадугаар сар болтол түр хүлээж байгаач гэж хэлсэн. Тэр үед нэг зээлээ хаачихаад дахиж зээл авч өгөхийг бодъё гэж хэлсэн. Зургаадугаар сараас хойш миний бие өвдөөд хагалгаанд ороод есдүгээр сард гарч ирээд С.Бурниатай уулзаж зээлийн гэрээний асуудлаа нэг тийш нь шийдье гэхэд манайх үйлдвэр үйлчилгээний зориулалттай ашиглах газар авсан. Тийм учраас танай мөнгийг өгч чадахгүй, чи манай өгсөн мөнгийг буцаагаад өгчих, тэгвэл байрыг чинь буцааж өгнө гэсэн. Тэгэхээр нь би танайх хүний байрыг удаан хугацаагаар ашиглачихаад мөнгө өгөхгүй байж болохгүй гэж хэлсэн. Тэгтэл манайх хавар авсан газар дээр байр барина, харин чи үлдсэн мөнгөн дээрээ банз, янз бүрийн барилгын материал өгч болно гэж хэлсэн. Ийм үйл явдал болсон. Иймд 14 сар түрээслэж байсан бол сарын 500.000 төгрөгөөр нийт 7.000.000 төгрөг болно. Тухайн байрны засварын хөлс 5.000.000 төгрөг, үйл ажиллагааны 2015 оны татвар 222.000 төгрөг, 150.000 төгрөг куртканы үнэ, 8.000.0000 төгрөгийн хүү 500.000 төгрөг тус тус нэхэмжилснээс өөрт нь өгөх ёстой байсан 5.000.000 төгрөг хасаад 7.877.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Бурниагийн хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн 5.000.000 төгрөгийг Д.Лавьжингаас гаргуулж С.Бурниад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.025.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4.1.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Лавьжингийн 7.877.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Бурниагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175.350 төгрөг, хариуцагч Д.Лавьжингийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.928 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Лавьжингаас нэхэмжлэлийн хангагдсан дүн болох 5.000.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 94.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Бурниад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Лавьжин давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 19 дугаартай шийдвэрийг хүлээн аваад эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Миний бие нь 2014 оны 8 сард иргэний С.Буниад 60 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 25.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож урьдчилгаанд 14.000.000 төгрөгийг өгч үйл ажиллагаа явуулж байгаад 2015 оны 11 дүгээр сард худалдаж авахаа болсон тухайгаа хэлж урьдчилгаанд өгсөн мөнгөө эргүүлж авна гэсэн.

Энэ хүн анх худалдаж авахаар болж үйл ажиллагаа явуулж эхлэхдээ манай үл хөдлөх хөрөнгийн дотор талд нь юм барьж хийсэн засвар зэргийг алдагдуулсан бөгөөд засварыг хуучирч муудсанаас болж үл хөдлөх хөрөнгийн үнэ 5000000 төгрөгөөр буурсан.

Иймээс миний бие урьдчилгаанд өгсөн 5.000.000 төгрөгийг өгөөгүй болно. Нэхэмжлэгч С.Буниа нь өөрөө худалдах худалдан авах гэрээ хийсэн үүнийгээ зээлийн гэрээ болгосноо хүлээн зөвшөөрч байхад бидний хоорондын хэлцлийг хүчинтөгөлдөр ыиш гэж үзэж уг мөнгийг олгуулахаар шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч С.Бурниа нь хариуцагч Д.Лавьжинд холбогдуулан байрны үнийн үлдэгдэл 5.000.000 төгрөг, засвар хийхэд худалдаж авсан материалын үнэ 1.200.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 11 сар хүртэл зээлийн 14.000.000 төгрөгийн хүү 4.550.000 төгрөг, 5.000.000 төгрөгийн хүү 1.375.000 төгрөг бүгд 12.125.000 төгрөг. Үүнээс 14 сар ажилласаны түрээс 2.100.000 төгрөг хасаад 10.025.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.Лавьжин нь 14 сарын хугацаанд сард 500.000 төгрөгөөр түрээслэхэд олох орлого нийт 7.000.000 төгрөг, тухайн байранд засвар хийсэн хөлс 5.000.000 төгрөг, 2015 оны үйл ажиллагааны татвар 222.000 төгрөг, куртикны үнэ 150.000 төгрөг, 8.000.000 төгрөгийн хүү 500.000 төгрөг, үүнээс байрны үнийн үлдэгдэл 5.000.000 төгрөгийг хасаад 7.877.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Энэхүү сөрөг нэхэмжлэлдээ Д.Төмөрбаатар, С.Бурниа нарыг хариуцагчаар нэрлэж заасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т ...хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ... гэж заажээ.

Өөрийнх нь эрхийг зөрчсөн гэж нэхэмжлэгчийн үзэж буй этгээд иргэний хэрэгт хариуцагчаар орно.

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн хариуцагчид нэхэмжлэлийг гардуулаагүй, эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй, хуульд заасан ажиллагааг хийгээгүй, Д.Төмөрбаатарыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар гаргах болон түүнтэй холбогдуулан нотлох баримт гаргаж өгөх зэрэг хуульд заасан эрхийг хязгаарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д заасан талуудын мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д зааснаар зохигчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 19 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахад хариуцагч Д.Лавьжингийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

Т.ЖАРГАЛСАЙХАН