Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/001257

 

О.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2018/00154 дүгээр шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 42 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч О.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч О ЗД, “Ц А Х” ХХК нарт холбогдох,

Барилгын үнэ 271 818 100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбатын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Орхон аймгийн Уурхайчин багийн Кувейтийн гудамжинд 80 мкв, 85 мкв газрыг худалдааны зориулалтаар эзэмшиж үл хөдлөх хөрөнгө барьж худалдааны зориулалтаар үйл ажиллагаа явуулж байсныг О ЗД-ын 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/497 тоот захирамжаар буулгасан. Би тухайн газрыг 2021 он хүртэл эзэмших гэрээтэй байсан. Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 147 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 175 тоот тогтоолоор миний эрх ашгийг хангаж хууль бусаар үл хөдлөх хөрөнгийг буулгасныг тогтоож газрын эзэмшил хэвээр байгааг тогтоосон. Хууль ёсны дагуу эзэмшиж байсан газар дээр байсан хөрөнгийг Засаг дарга үнэлж буулгасан бөгөөд өнөөдрийг хүртэл намайг хохироосон хохирлоо барагдуулаагүй. Миний хөрөнгийг Засаг даргын захиалгаар “Найдвар-Од Аудит” ХХК 211 118 100 төгрөгөөр үнэлсэн. Дээрхи үнэлгээ бүхий худалдааны төвийг юу ч үгүй буулгаж намайг хохироосон.

Иймд миний эзэмшиж, өмчилж байсан үл хөдлөх хөрөнгө болох худалдааны зориулалттай барилгын үнэ 211 118 100 төгрөг гаргуулах, түрээсийн үйл ажиллагаа явуулж байсан орлого болох 2015 оны 10 дугаар сарын 01-нээс өнөөдрийг хүртэл олох байсан орлого 60 000 000 төгрөг, өмгөөллийн хөлс 500 000 төгрөг, замын зардал 200 000 төгрөг, нийт 271 818 100 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа:

Миний эзэмшиж, өмчилж байсан худалдааны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэ 195 908 700 төгрөгийг О ЗД-аас гаргуулах, О ЗД-д холбогдуулан захиргааны хэргийг шийдвэрлэхэд гарсан зардал болох замын зардал 200 000 төгрөг, өмгөөллийн хөлс 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Худалдааны зориулалттай 2 үл хөдлөх хөрөнгөө тус бүр 2 500 000 төгрөгөөр түрээслүүлэн ашиг орлого олж байсан ба хууль бусаар үл хөдлөх хөрөнгийг буулгаснаас хойших хугацааны түрээсийн үйл ажиллагаанаас олох байсан орлого болох 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх 60 000 000 төгрөгийн түрээсийн орлогыг О ЗД-аас гаргуулах нийт 256 608 700 төгрөгийг нэхэмжилж байна. 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн тухай нэхэмжлэл болох хууль бусаар барьж буй барилгыг буулгаж газрыг чөлөөлнө үү гэсэн шаардлагаа тодруулж, миний эзэмшилд хууль ёсоор одоо байгаа газар дээр баригдсан барилга болох ЦАХ маркет хүнсний зах худалдааны төвийг буулгаж, газрыг чөлөөлж өгнө үү. Уг нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчаар О ЗД, “Ц А Х” ХХК-ийг татаж байна. “Найдвар Од” ХХК-ийн үнэлгээчнээс үнэлсэн миний газрын үнэ болох 15 209 400 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж байна гэжээ.

Хариуцагч О ЗД шүүхэд гаргасан тайлбартаа: 

Орхон аймгийн Уурхайчин багийн Кувейтийн гудамжинд байрлах 80 мкв, 85 мкв газрыг тус тус иргэн О.Б-д худалдааны зориулалтаар эзэмшүүлсэн байдаг ба 80 мкв газрыг эзэмших хугацаа 2017 онд, Ж.Янжмаа гэдэг хүнээс шилжүүлж авсан 85 мкв газрыг эзэмших хугацаа 2021 онд тус тус дуусна. Тухайн газар нь нийтийн эзэмшлийн талбайд байрладаг. Газар эзэмшүүлэх гэрээний 2 дахь хэсэгт тусгайлсан зохицуулалт оруулж, газар эзэмшигч нь аймгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилга байгууламж баригдах үед тухайн газрыг саадгүй чөлөөлөх тухай тодорхой зааж өгсөн. Аймгийн ИТХ-ын 2013 оны 03 дугаар тогтоолоор батлагдсан Газрын харилцааны талаар 2014 онд баримтлах бодлогоын 3.3.6-д Кувейтын гудамжны барилгажилтын төслийг иргэд тохилог орчинд үйлчлүүлэх нөхцлийг хангасан, хот төлөвлөлтийн оновчтой шийдэлтэйгээр боловсруулж батлуулан хэрэгжилтийг газар эзэмшигч иргэн аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулна гэж заасны дагуу уг гудамжинд үйл ажиллагаа явуулж байгаа иргэд аж ахуйн нэгжүүдтэй удаа дараа уулзалт зохион байгуулж санал солилцсон байдаг бөгөөд тухайн хэсэг талбайд орчин үеийн шаардлага хангасан 5 хүртэл давхаржилттай нэгдсэн нэг худалдааны төвтэй байхаар санал нэгдэж шинээр баригдах худалдааны төвийн газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг нээлттэй байдлаар зохион байгуулах тухай Засаг даргын захирамж гарсан байдаг. Ийнхүү нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж “Ц А Х” ХХК шалгарсан байдаг бөгөөд тус компани худалдааны төв барих ажлаа эхлүүлэхээс өмнө тус газар үйл ажиллагаа явуулж байсан иргэд аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, шинээр баригдах худалдааны төвийн хамгийн ашигтай байрлалд тухайн иргэний эзэмшиж байсан газрын хэмжээгээр ямар ч нэмүү өртөггүйгээр талбай худалдан авах зэрэг харилцан ашигтай тохиролцоог хийсэн байдаг. Энэ тухай саналаа иргэн О.Б-д удаа дараа албан бичгээр хүргүүлснээс гадна аман байдлаар олон удаа санал тавьсан байдаг ба одоо барилгын ажил хийгдэж 4 хүртэл давхар баригдаад байна.Гэвч иргэн О.Б ямар нэг шалтгаангүйгээр энэ асуудалд хувийн эрх ашгийг дээгүүр тавьж хандаж байсан бөгөөд Аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас газар эзэмшүүлэх гэрээний 4.2-т заасан шаардлагыг биелүүлж эзэмшиж буй павилоны газраа чөлөөлөхийг 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 155 тоот, 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 808 тоот албан бичгээр тус тус мэдэгдэж байсан ч гэрээний үүргээ биелүүлж тухайн газрыг чөлөөлөөгүй байдаг. Улмаар павилоноо өөрийн зардлаар буулгах боломжгүй гэдгээ Засаг даргад мэдэгдсэн тул тухайн павилоныг төрийн зардлаар буулгасан ба үнэлгээг мөн төрийн зардлаар хийж гүйцэтгэсэн байдаг. Үнэлгээг “Найдвар-Од аудит” ХХК хийсэн бөгөөд Засаг дарга болон ГХБХБГ тус үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байсан байдаг.

Иймд иргэн О.Б-ын нэхэмжлэл нь бодит үнэнд нийцэхгүй, нэхэмжилж байгаа мөнгөн дүнг зөвшөөрөхгүй, үнэлгээтэй санал нийлэхгүй байгаа тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Хариуцагч “Ц А Х” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэлийн шаардлагуудаас О.Б “...миний эзэмшил 80 мкв, 85 мкв газар дээр баригдсан ЦАХ маркет хүнсний худалдааны төвийг буулгаж газрыг чөлөөлж өгнө үү” гэсэн шаардлага нь “Ц А Х” ХХК-д шууд хамааралтай, павилионы үнэ, олох байсан орлого гаргуулах шаардлага нь шууд бус дамжмал хамааралтай гэж үзэж байна.

2014 онд О ЗД Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 7 дахь хавсралтад зааснаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээний төсөл сонгон шалгаруулалт” зарласны дагуу Уурхайчин баг, Кувейтын гудамж, Хүлэг хүнсний захын ард 1400 мкв газар эзэмших төслийг “Ц А Х” ХХК боловсруулан оролцож сонгон шалгаруултын болзол, журмыг ханган тэнцсэн байна. Энэ төсөл сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон, хүчингүйд тооцсон зүйл одоогоор байхгүй байна. Төсөл сонгон шалгаруулалтын үр дүнг үндэслэн Засаг дарга 2014 оны 09 дүгээр сарын 22-нд А/502 дугаар захирамж гарган 1400 мкв газрыг “Ц А Х” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэн улмаар Газрын харилцаа, хот байгуулалтын газраас газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон, гэрээ байгуулсан. Эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар өгсөн байгаа. “Ц А Х” ХХК-д дээрх байрлалд газар эзэмшүүлсэн энэ шийдвэр, гэрчилгээ ямар нэг байдлаар хүчингүй болоогүй байна.

Төсөл сонгон шалгаруулалт зарласан дээрх байршилд О.Б-иас гадна Ц.Ойдов болон бусад нэр бүхий 15 иргэн газар, үл хөдлөх эд хөрөнгө эзэмшиж байсан. Энэ талаар нэр бүхий иргэд шүүхэд гаргасан бие даасан шаардлага гаргаж, хөрөнгө оруулалтын гэрээгээ өгсөн байгаа. Дээрх иргэд Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2013 оны 12 дугаар сарын 24-нд 03 тоот тогтоолоор баталсан 2014 онд Газрын харилцааны талаар баримтлах бодлогын 3.3.6-д заасан нэгдсэн бодлого шийдвэрийг хүндэтгэн Газрын албаны оролцоотойгоор төсөлд шалгарсан “Ц А Х” ХХК-тай тохиролцон газар, үл хөдлөх хөрөнгөө чөлөөлж, улмаар шинээр баригдах тохилог худалдааны төвөөс газар, хөрөнгийн хэмжээтэй дүйцэх талбай, хэсгийг өмчлөхөөр гэрээ байгуулж, “Ц А Х” ХХК хөнгөлөлттэй нөхцлөөр барьж өгөхөөр тохиролцон хэрэгжүүлсэн. Дээрх байдлууд нь одоогийн ЦАХ маркет худалдааны төв баригдсан 900 мкв газар түүний орчны нийтийн эзэмшлийн 500 мкв газрыг “Ц А Х” ХХК болон нэр бүхий бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд шударгаар эзэмшиж байгааг харуулна. Нэхэмжлэгч О.Б газар эзэмших эрхээ сэргээлгэхээр Засаг даргаас шаардах эрхтэй болох талаар маргахгүй боловч “Ц А Х” ХХК-ийн эзэмшил газраас түүнд 165 мкв газрыг шилжүүлэх замаар уг эрхийг сэргээх боломжгүй. Энэхүү талбай нь баригдсан барилгын хаяавчаас тал тал тийшээ 5-10 метр талбайг хамрах бөгөөд энд О.Б барилга барих ямар ч боломжгүй.

ЦАХ маркет Худалдааны төвийг буулгах замаар газрыг чөлөөлж, О.Б-ын эрхийг сэргээнэ гэвэл барилгын өртөг 1 314 479 580 төгрөгөөс гадна уг барилгын одоогийн үнэ цэнээр үнэлсэн үнэлгээ, хөрөнгө оруулсан нэр бүхий хүмүүүсийн ЦАХ маркетэд оруулсан 634 сая төгрөг, тэдний тэнд өмнө нь байсан хөрөнгийн үнэ, олох байсан орлого, буулгах зардал гээд дор хаяж 3-4 тэрбум төгрөгийн асуудал яригдана.

Иймд иргэн О.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ямар ч үндэслэл байхгүй болно гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд шүүхэд гаргасан шаардлагадаа:

Энэ шаардлагыг гаргаж байгаа бид Хүлэг захын орчил тодорхой хэмжээний газар эзэмшин үл хөдлөх эд хөрөнгө өмчлөн худалдаа үйлчилгээ эрхлэн явуулж байсан хүмүүс юм. Аймгийн хурлаас худалдааны гудамжийг иж бүрэн тохижуулах, зах орчмыг орчин үеийн худалдаа үйлчилгээний төвийн хэлбэрт шилжүүлэх шийдвэр гарч Засаг дарга, түүний тамгын газар хэрэгжүүлэх болсныг бидэнд мэдэгдсэн. Бид өөрсдийн эрх ашгийг хамгаалах Кувэйтийн гудамжны газрын эздийн холбоо ТББ-ыг байгуулж, улмаар уг газар дээр худалдаа, үйлчилгээний төв барихаар шалгарсан “Ц А Х” ХХК-тай хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. “Ц А Х” ХХК газрын эрх авч худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг нэгэнт барьсан, одоо зарим хэсгийг ашиглаж байна, гэрээ байгуулсан хүмүүс тодорхой хэмжээний хөрөнгийг оруулсан. Гэрээ байгуулсан хүмүүс дутуу мөнгөө гэрээний дагуу “Ц А Х” ХХК-д төлнө. Одоо барилга баригдсан ч газрын маргаантай гэдгээр улсын комисс ажиллахгүй байгаагаас бид өмчлөх ёстой хэсгээ өмчилж авч үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байна. Гэтэл энэ газарт хамаарах иргэн О.Б-ын нэхэмжлэлээр худалдаа, үйлчилгээний төвийн газрыг чөлөөлбөл 4 давхар барилгыг нураахаас өөр аргагүй юм байна. Ингэвэл бид оруулсан хөрөнгөөрөө хохирох төдийгүй, газрын эрхээ сэргээлгэх, өмнө чөлөөлсөн худалдаа үйлчилгээний павилонуудаа үнэлүүлж үнийг болон буулгах дахин барих зардлыг гаргуулах, энэ хугацаанд алдсан орлогоо буруутай этгээдүүдээс нэхэмжлэх шаардлага гарч байна. Энэ нь мэргэжлийн байгууллагын оролцоотой хийгдэх нарийн ажил учир бид одоогоор нарийвчилсан тооцоог гаргаж чадахгүй байна. Энэ хэрэгт нэхэмжлэгч хариуцагч нар зөвхөн өөр өөрсдийн эрх ашгийг хичээж учраа олж асуудлаа эв зохицлоор шийдэж чадахгүй байгаа нь бусад олно хүний эрх ашгийг шууд хохироож байгаа тул бид байгаа баримтаа өгч шинжээч томилуулах замаар дээр дурдсан бүх хохирлоо тогтоолгон энэ хэрэгт нэгтгэн буруутай этгээдүүдээр төлүүлэх болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2018/00154 дүгээр шийдвэрээр Монгол Улсын Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1,43 дугаар зүйлийн 43.2, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д заасныг баримтлан О ЗД-аас 195 908 700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 60 700 000 төгрөг болон Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн Кувейтийн гудамжинд байрлах 165 мкв/ 80мкв, 85мкв /талбай бүхий газрыг “Ц А Х” ХХК-ны эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1,43 дугаар зүйлийн 43.2, Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 1 641 240 төгрөг, бие даасан шаардлага гаргасан 3 дагч этгээдүүдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 327 950 төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээж, О ЗД-аас 1 137 493 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Б-д олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 42 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2018/00154 дугаар шийдвэрийн 1 дэхь заалтыг “Монгол Улсын Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1,43 дугаар зүйлийн 43.2, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д заасныг баримтлан О ЗД-аас 195 908 700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 60 700 000 төгрөг болон Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн Кувейтийн гудамжинд байрлах 165 мкв/ 80мкв, 85мкв /талбай бүхий газрыг “Ц А Х” ХХК-ны эзэмшлээс чөлөөлүүлэх Цах маркет худалдааны төвийг буулгах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч О.Б-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...2 дахь нэхэмжлэлийн шаардлага буюу нэхэмжлэгчийн хууль ёсны дагуу эзэмшиж байгаа газар дээр хууль бусаар барьсан ЦАХ маркет худаадааны төвийг буулгаж газрыг чөлөөлөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна. Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 43 дугаар зүйлийн 43.2 дахь заалтыг анхан болон давж заалдах шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн.

...О.Б-ын хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй гэж үзэх үндэслэлээр захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үгүйсгэж шийдвэрлэхдээ Орхон аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 155 тоот, 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 808 тоот О.Б-д мэдэгдээгүй албан тоотуудыг шүүх үнэлж, газар эзэмших эрх дуусгавар болсон гэж үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Газрын эзэмших эрх дуусгавар болсон байна гэх дүгнэлтийг хийхдээ “О.Б нэгэнт үнийг төлүүлж, нөхөн төлбөр авахаар болсон тул” гэх дүгнэлтийг мөн хийсэн нь ямар нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн тодорхойгүй ба Газрын эзэмшлийг тусгай хэрэгцээнд авсан тухай түүнд нөхөн олговор олгох тухай Засаг даргын ямар ч шийдвэр байхгүй. Мөн Газрын тухай хуулийн 42, 43 дугаар зүйл заалтыг үндэслэн газрыг нөхөн олговор олгох заалт зохицуулагдсан ба энэхүү газрыг улсын хэрэгцээнд аваагүй болох нь хэрэгт авагдсан баримтаас буюу “Ц А Х” ХХК-д олгосон болох нь нотлогдсон байхад үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл нөхөн төлбөр авахаар болсон гэх үндэслэлээр газар эзэмших эрх дуусгавар болох тухай Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заагаагүй байх ба газар эзэмших эрх дуусгавар болоогүй байхад Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 43 дугаар зүйлийн 43.2 дахь заалтыг үндэслэн “Ц А Х” ХХК хууль ёсны эзэмшигч гэж үзэж, гуравдагч этгээдийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.

О.Б-ын газрыг хууль ёсны дагуу сонгон шалгаруулалтаар авсан гэх үндэслэлээр буцаах боломжгүй гэх дүгнэлтийг хийх нь үндэслэлгүй үүнийг хууль бус болох талаарх захиргааны хэргийн шийдвэр хүчин төгөлдөр байхад олон этгээдтэй хамтран уг газар дээр хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа учир нэхэмжлэгч хууль ёсны газраа эзэмших эрхгүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 43 дугаар зүйлийн 43.2 дахь заалтыг хэрэглэх үндэслэлгүй бөгөөд хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, О ЗД-аас 195 908 700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хэвээр үлдээж, О.Б нь Орхон аймгийн Уурхайчин багийн Кувейтийн гудамжинд 165 мкв бүхий 80 м2, 85 м2 газрыг худалдааны зориулалттай эзэмшиж байгаа газраас “Ц А Х” ХХК-ийн Цах Худалдааны төвийн барилгыг газраас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай болсон байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгч О.Б нь О ЗД-д холбогдуулан хууль бусаар буулгасан барилгын үнэд 211 118 100 төгрөг, олох байсан орлогод 60 000 000 төгрөг нийт 271 818 100 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа нэмэгдүүлж, өөрийн эзэмшлийн газарт баригдсан барилгыг буулгаж, газрыг чөлөөлүүлэх шаардлагыг “Ц А Х” ХХК-д холбогдуулан гаргасан байна. Нэхэмжлэгч нь Засаг даргад холбогдох шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 256 608 700 төгрөг болгон багасгажээ.

Хариуцагч О ЗД өөрт холбогдох шаардлагыг эс зөвшөөрч, тооцоог нь бодит бус, үнэлгээг үндэслэл муутай гэж нэхэмжлэлийг татгалзсан байна.

Хариуцагч “Ц А Х” ХХК нь өөрт холбогдох шаардлагыг эс зөвшөөрч, эрх бүхий этгээдээс олгогдсон зөвшөөрлийн дагуу газар эзэмшиж, худалдааны төвийн барилга барьсан гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэр бүхий 15 иргэн бие даасан шаардлага гаргасан ба тэдгээр нь худалдааны төвийн барилгад 634 000 000 төгрөгийн хөрөнгө оруулсан учир зөвхөн нэхэмжлэгч болон хариуцагчийн эрх ашгийн үүднээс бус харин хөрөнгө оруулагчид, худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдийн ашиг сонирхлыг харгалзан эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх шаардлагатай гэж үзжээ.

Анхан шатны шүүх хууль бус ажиллагааны улмаас учирсан хохиролд  хариуцагч О ЗДас 195 908 700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Б-д олгож, газар чөлөөлөх тухай хариуцагч “Ц А Х” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагыг хангасан бол давж заалдах шатны шүүх худалдааны төвийн барилгыг буулгах нэхэмжлэгчийн шаардлагыг анхан шатны шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан гэж үзэж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл  Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 147 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаар тогтоолоор газар, чөлөөлж, барилга буулгахаар шийдвэрлэсэн О ЗД-ын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А\497 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай О.Б-ын нэхэмжлэлтэй, О ЗД, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Шүүх нэхэмжлэгчийн 2012 оноос хойш эзэмшиж байсан 80 мкв, 85 мкв газрыг О ЗД хууль бусаар албадан чөлөөлсөн болохыг тогтоож, Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А\497 дугаар захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн ба шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй учир хариуцагч О ЗД-ын үйл ажиллагааны хууль зүйн үндэслэлийг шүүх дахин хянан шийдвэрлээгүй ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон хууль бус ажиллагааны улмаас учирсан хохирлыг гэм буруутай талаас гаргуулах асуудлыг шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч О.Б-д учирсан хохирлын хэмжээг шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг баримтаар тогтоогдсон хэмжээнд хангажээ.

О ЗД-ын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А\280 дугаар захирамжаар шинээр баригдах худалдааны төвийн газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт нээлттэй зохион байгуулагдсан ба уг сонгон шалгаруулалтад хариуцагч “Ц А Х” ХХК шалгарч, Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А\502  дугаартай захирамжаар Баян-Өндөр сумын Уурхайчин баг, Кувейтын гудамжинд байрлах Хүлэг хүнсний захын ард 1 400 мкв талбай бүхий газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшиж, газар дээр худалдаа үйлчилгээний зориулалттай барилга барьсан байна.

Аймгийн Засаг даргын дээрх захирамжууд хүчинтэй байгаа ба хариуцагч “Ц А Х” ХХК-ийн газар эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, хариуцагч О.Б-ын газар эзэмших эрхийн хугацаа дууссан гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ. 

Нэхэмжлэгч О.Б нь өөрийн эзэмших ёстой газар дээр баригдсан “Ц А Х” ХХК-ийн худалдааны төвийн барилгыг буулгаж, газрыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн нэг шаардлагаа тодорхойлсон боловч барилга буулгах шаардлага нь бие даасан агуулгатай бус харин газар чөлөөлөх аргыг тодорхойлсон утгатай тул анхан шатны шүүх уг шаардлагыг газар чөлөөлөх тухай гэж үзэж хянан шийдвэрлэсэн нь буруу биш байна.

Давж заалдах шатны шүүх “барилга буулгах”, “газар чөлөөлөх” гэх бие даасан тус тусын шаардлага байна гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь учир дутагдалтай болжээ.

Үүнээс гадна давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “ЦАХ маркет худалдааны төвийн барилгыг “Ц А Х” ХХК-иас чөлөөлүүлэх” гэж нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлж, магадлалд заасан дүгнэлтээсээ өөр шийдэл гаргасан нь алдаатай болжээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухай эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ. Анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэл муутай өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 42 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2018/00154 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

    ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН