| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2020/1811/Э |
| Дугаар | 1836 |
| Огноо | 2020-10-22 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | К.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 1836
2020 10 22 2020/ШЦТ/1836
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч К.Чимгээ,
Шүүгдэгч Б.Н түүний өмгөөлөгч Б.Галхүү нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овогт Б.Нт холбогдох эрүүгийн 1906 06730 2510 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Н нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сэлбийн 48-1073 тоотод 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 11 цагийн орчимд хохирогч Д.Уртнасангийн хашаанд буулгасан шороо тэгшлээд өгөөч гэх гуйлтын дагуу шороо тэгшлэх явцдаа Цахилгаан байгууламж, тоног төхөөрөмжийн хаалт хашилтгүй хүчдэлтэй байгаа гүйдэл, дамжуулах хэсэгт хүн, машин механизм, ачаа өргөх кран 1 метрээс дотогш зайд ойртохыг хориглох хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчиж насанд хүрээгүй хохирогч У.Мөнхсарангийн биед нүүр, баруун чих, хүзүү, цээж, хэвлий, баруун зүүн гарт Заб зэргийн биеийн 28% хамарсан түлэгдэлтийн шарх гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Уртнасангийн мэдүүлэг /хх-33-34/, гэрч М.Мөнхбаярын мэдүүлэг /хх-40-42/, гэрч Э.Оюунсүрэнгийн мэдүүлэг /хх-45-46/, гэрч Л.Ариунболдын мэдүүлэг /хх-53-54/, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 02/378 дугаартай алба бичгээр ирүүлсэн 11 кв-ын 109, 110 дугаар агаарын шугамын хамгаалалтын зурваст гарсан зөрчлийг судалсан 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн акт /хх-71-75/, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Гантөмөрийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн ХАБ-34/20 дугаартай дүгнэлт /хх-97-99/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 13846 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-60-61/, яллагдагч Б.Нын мэдүүлэг /хх-150-152/ зэрэг нотлох баримтуудыг судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Н нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сэлбийн 48-1073 тоотод 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 11 цагийн орчимд хохирогч Д.Уртнасангийн хашаанд буулгасан шороо тэгшлээд өгөөч гэх гуйлтын дагуу шороо тэгшлэх явцдаа Цахилгаан байгууламж, тоног төхөөрөмжийн хаалт хашилтгүй хүчдэлтэй байгаа гүйдэл, дамжуулах хэсэгт хүн, машин механизм, ачаа өргөх кран 1 метрээс дотогш зайд ойртохыг хориглох хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчиж насанд хүрээгүй хохирогч У.Мөнхсарангийн биед нүүр, баруун чих, хүзүү, цээж, хэвлий, баруун зүүн гарт Заб зэргийн биеийн 28% хамарсан түлэгдэлтийн шарх гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Уртнасангийн “...Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан дүгнэлт нь ойлгомжгүй гал гарсан шалтгаан нөхцлийг тодруулаагүй байсан. Тухайн үед манай гэрийн газар ухагч тээврийн хэрэгсэл нь гэрийн үүдний ойролцоо шороо тарааж дуусаад шанагаа эвхэх гээд өндөрт гаргасан ба шанага нь гэрийн яндангийн ойролцоо ирмэгч гэнэт “пүн” гээд дэлбэрч байгаа юм шиг хүчтэй чимээ гарахаар нь гэр рүүгээ гүйгээд ороход гэрийн үүдний урд талын унь газарт унасан гэрийн зүүн талд 6 настай охин Мөнхсаран уйлаад зогсож байсан гэрийн баруун талд 3 настай хүү Мөнхтэмүүлэн уйлсан байдалтай байхаар нь 2 хүүхдээ гэрээс аваад гартал 6 настай охин Мөнхсарангийн нүүр нь улайсан 2 гар нь зулгараад арьс нь цайвар өнгөтэй болоод хууларсан байсан. Мөн цээж хэсгийн арьс түлэгдээд цайвар болоод хууларсан байсан. Тэгээд цагдаа эмнэлэг хүмүүс дуудсан байхад Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнээс хүмүүс ирээд танай гэрийн дээгүүр явсан агаарын шугам нь 11100 ВТ-ын хүчдэлтэй та нар яаж амьд гарсан юм бэ? наадах чин үнс болгоно шдээ гэж байсан. Манай 6 настай хүүхэд хувцсаа өмсөөд гарах гэж байсан. Тэгээд таныг загнах байх гэж бодож байсан гэсэн. Тухайн үед манай телевизор асаалттай байсан болохоор телевизор үзэж байсан байхаа. Манайх газ хэрэглэдэггүй болохоор газ байхгүй. Манай гэр том 5 ханатай гэр байсан гэрээ хэрэглээд 8 жил болсон байсан гэж бодоод 1.500.000 төгрөгөөр үнэлж байна. Маркийг нь санахгүй байна. Индүү жилийн өмнө 28.000 төгрөгөөр худалдан авч байсан, хадам аавын булган малгай 250.000 төгрөгөөр 2 жилийн өмнө авч байсан 200.000 төгрөгөөр үнэлж байна. Хавар намрын бор өнгийн торгон дээл 150.000 төгрөг, хувцасны ДСП материалтай хувцасны шкаф 170x120 см хэмжээтэй 180.000 төгрөгөөр үнэлж байна. Бусад эд зүйлийн үнэлгээг нь манай нөхөр гэрчийн мэдүүлэг дээрээ өгсөн байгаа. Би 2 хүүхдийнхээ эрүүл мэндэд хэдэн төгрөгний эмчилгээ хийлгэснийг би сайн мэдэхгүй, тухайн үед би эмнэлэгт хэвтэж байсан болохоор сайн мэдэхгүй байна. /хх-ийн 33-34/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Мөнхбаярын “...2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 11 цагийн орчимд манай хойд талын айлаас гэр чинь шатаж байна гээд залгахаар нь би 1 дүгээр хороололд ажил хийж байгаад шууд гэртээ очсон. Намайг очиход гэр шатаад дууссан олон хүмүүс цугларсан гал унтраах анги, цагдаа нар ирсэн байсан. 3 настай охин Мөнхтэмүүлэн 6 настай охин Мөнхсаран нар нь түлэгдсэн байхаар нь найзынхаа машинд хүүхдүүдээ суулгаад гэмтлийн эмнэлэг явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод үзүүлэхэд Мөнхтэмүүлэнгийн баруун гарны бугуйнаас урагш түлэгдсэн мөн нүүр нь духнаас доошоо түлэгдсэн байхаар нь эмч цэврүүг нь хагалаад тос түрхээд боолт хийсэн. 6 настай охин Мөнхсаран нь бүсэлхийнээс дээшээ түлэгдсэн байхаар нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр болоод эмнэлэгт хэвтсэн...” /хх-40-42/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Оюунсүрэнгийн “...Б.Н нь хэрэв уг айлын шороог тэгшлэхээр байсан бол байгууллагад хандаж шорооны ажил хийх зөвшөөрөл авах хүсэлтээ тавих ёстой байсан. Байгууллагаас ХАБ-ын зөвлөлийн зөвшөөрөл эсвэл инженер техникийн ажилтны үүрэг даалгавраар уг ажлыг хий ёстой. Хэрэв эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр ажил үүрэг гүйцэтгэх нь журмаараа хориотой байдаг. Б.Н нь үүнийг зөрчсөн. Ер нь маршрутын бус ажил үүрэг гүйцэтгэх нь байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журмаараа хориотой...” /хх-45-46/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Ариунболдын “...Өндөр хүчдэл дамжуулах агаарын шугамын цахилгаан утасны захын утсанд 1.5 метрийн дотогш ойртоход богино залгааны гүйдлийн нөлөөгөөр гал гарах боломжтой. Уг экскаваторын шанаганы хойд нугаларах хэсэг зайнд ойртож 1 фазын богино залгаа үүссэн. Уг шанаганд ул мөр үүссэн байсан. Уг шугаманд богино залгаа гарсан даруйд хугацааны барилтгүй үндсэн хамгаалалт ажиллаж шугамын автоматаар тасалж тусгаарласнаар тухайн иргэдийн амь нас хохироогүй...” /хх-53-54/ гэх мэдүүлэг,
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ний 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 02/378 дугаартай албан бичгээр ирүүлсэн 11кв-ын 109, 110 дугаар агаарын шугамын хамгаалалтын зурваст гарсан зөрчлийг судалсан 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн /хх-71-75/ акт,
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Гантөмөрийн “2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ХАБ-34/20 дугаартай Б.Н нь Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дүгээр тушаалаар баталсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 33.Цахилгаан байгууламж, тоног төхөөрөмжийн хаалт хашилтгүй хүчдэлтэй байгаа гүйдэл, дамжуулах хэсэгт хүн, машин механизм, ачаа өргөх кран 1 дүгээр хүснэгтэд зааснаас дотогш зайд ойртохыг хориглоно...” тогтоосон зай хэмжээг зөрчсөн нь осол гарсан байна. Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дүгээр тушаалаар баталсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 33.Цахилгаан байгууламж, тоног төхөөрөмжийн хаалт хашилтгүй хүчдэлтэй байгаа гүйдэл, дамжуулах хэсэгт хүн, машин механизм ачаа өргөх кран 1 дүгээр хүснэгтэд зааснаас дотогш зайд ойртохыг хориглоно. Тогтоосон зай хэмжээг зөрчсөнөөс осолд өртсөн байна...” /хх-97-99/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 13846 дугаартай шинжээчийн “У.Мөнхсарангийн биед нүүр, баруун, чих, хүзүү, цээж, хэвлий, баруун зүүн гарт Заб зэргийн биеийн 28% хамарсан түлэгдэлтийн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.17-т зааснаар хүний амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” /хх-60-61/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Б.Н нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сэлбийн 48-1073 тоотод 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 11 цагийн орчимд хохирогч Д.Уртнасангийн хашаанд буулгасан шороо тэгшлээд өгөөч гэх гуйлтын дагуу шороо тэгшлэх явцдаа Цахилгаан байгууламж, тоног төхөөрөмжийн хаалт хашилтгүй хүчдэлтэй байгаа гүйдэл, дамжуулах хэсэгт хүн, машин механизм, ачаа өргөх кран 1 метрээс дотогш зайд ойртохыг хориглох хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчиж насанд хүрээгүй хохирогч У.Мөнхсарангийн биед нүүр, баруун чих, хүзүү, цээж, хэвлий, баруун зүүн гарт Заб зэргийн биеийн 28% хамарсан түлэгдэлтийн шарх гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг гэдэг нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч Б.Н нь бусдад төлөх төлбөргүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч Б.Н нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 кг хөрсний дээж байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд сар бүр 300.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Нын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Нт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 кг хөрсний дээжийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА