| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2020/1771/Э |
| Дугаар | 1829 |
| Огноо | 2020-10-21 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 1829
2020 10 21 2020/ШЦТ/1829
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч А.Сайнбаяр,
Шүүгдэгч Н.Б түүний өмгөөлөгч Н.Нямдорж нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Тайж овогт Н.Бд холбогдох эрүүгийн 2006 00000 2288 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бага насны С.Энхтүвшинг өөрийн хүү Б.Тэмүүлэнг зодлоо гэх шалтгаанаар бэлэг эрхтэн орчим нь өшиглөх, нуруу руу нь цохих гэх мэтээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ: “2020 оны 08 дугаар сарын 08-ний өдөр 20 цагийн орчимд хүүхдээ тоглоомын талбай дээрээс дуудах гээд очтол хамраас нь цус гарсан байдалтай байсан. Би юу болсон бэ гэтэл энэ хүүхэд цохисон гэхээр нь би уурласандаа хүүхдээ өмөөрөөд нэг өшиглөсөн. Ийм зүйл боллоо гэхээр нь ээжийг нь дагуулаад эмнэлгээр явсан. Ар гэр нь бид нар улсын эмнэлгээр явахгүй хувийн эмнэлгээр явна гэсэн. Ээжийнх хүсэлтээр хувийн эмнэлгээр яваад ар гэрээс нь уучлалт гуйсан. Би боломж нь энэ гээд 500.000 төгрөг өгсөн. Хохирогчийн ар гэрээс 2.000.000 төгрөг өгчих гэж хэлж байсан Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас насанд хүрээгүй хохирогч С.Энхтүвшингийн мэдүүлэг /хх-09-10/, Н.Бгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-41-43/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 39 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-22-24/ зэрэг нотлох баримтуудыг судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй С.Энхтүвшинг өөрийн хүү Б.Тэмүүлэнг зодлоо гэх шалтгаанаар бэлэг эрхтэн орчим нь өшиглөх, нуруу руу нь цохих гэх мэтээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Насанд хүрээгүй хохирогч П.Эрхэмбаярын “...Би 2020 оны 08 дугаар сарын 08-ны орой 21-н цагийн орчим Баянзүрх дүүргийн 19-р хороо Саруул тэнгэр хотхон 101-р байрны гадна найзуудтайгаа байж байсан. Тэгтэл зүс таних Тэмүүлэн гэх хүүхэд над дээр ирээд үгийн зөрүүгүй миний зүүн хацар руу нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би “яаж байгаа юм” гэж хэлтэл “чамайг яасан ч яадаг юм” гэж хэлээд үргэлжлүүлэн толгойгоороо миний дух хэсэг рүү нэг удаа мөргөсөн. Ингээд би буцаагаад Тэмүүлэнгийн дух руу нь нэг удаа мөргөтөл дахин миний дух хэсэг рүү нэг удаа мөргөсөн. Ингээд бид хоёр маргалдаж эхэлсэн тул тухайн газарт ноцолдоод зууралдаад байж байтал Тэмүүлэн миний хэвлий хэсэг рүү нэг удаа хөлөөрөө өвдөглөсөн. Тэгэхээр нь би зөрүүлээд зүүн хацар руу нь гараараа 1 удаа цохисон. Тэгтэл надад хандан “Больё” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд байж байтал дахин намайг мөргөх оролдлого хийсэн. Тэгэхээр нь би бултчихсан чинь Тэмүүлэн хамраараа миний хойно байх хашааг мөргөчихсөн. Ингээд хамраас нь цус гарч эхэлсэн тул Тэмүүлэн уурлан дахин над руу дайрахаар нь би түүнийг түлхээд хананд шахтал Тэмүүлэн уйлаад хажууд байх сандал дээр суусан. Ингээд хамраас нь цус гараад байсан тул би түүнд хандан “Цусаа арч” гэж хэлтэл надтай хэрүүл хийгээд байсан. Энэ үед аав нь тухайн газарт ирсэн бөгөөд Тэмүүлэн аавдаа хандан над руу заагаад “Энэ намайг зодсон” гэж хэлтэл аав нь намайг дуудсан. Тэгэхээр нь би аав дээр нь очтол миний эмзэг эрхтэн рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгснээ үргэлжлүүлээд миний цамцнаас зулгаагаад гэр рүүгээ дагуулаад явсан. Гэр рүү нь явж байх замдаа би шатан дээр бүдрээд унатал миний нуруу хэсэг рүү 1 удаа гараараа тохойлдоод “Хурдан яв ална шүү” гэж хэлсэн. Энэ үед хажуу талд миний төрсөн дүү болох 9 настай С.Чингүүн хажуу талаас “Манай агааг яагаад байгаа юм” гэж хэлэхэд манай дүүгийн дагз руу нь нэг удаа алгадаад орц руу манай дүү болон миний бие мөн өөрийн хүүхэд Тэмүүлэнг дагуулаад орсон. Ингээд 102-р байрны 2 давхарт байх гэр рүүгээ бид 3-ыг дагуулж орох үед Тэмүүлэнд хандан “Хохино би байнга өөрөөсөө болж зодоон хийдэг” гэж хэлээд надаас “Миний дүү юу болсон юм” гэж асуухаар нь би тэр эгчид болсон явдлыг хэлсэн. Тэгтэл тэр эгч миний эмзэг эрхтнийг гаргаж ирж хараад жин тавьж өгөн намайг дагуулж гэрт хүргэж өгсөн...” /хх-9-10/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар дугаар сарын 14-ний өдрийн №39 дугаартай “...С.Энхтүвшиний биед баруун төмсөгний зөөлөн эдийн няцрал, зүүн ядам хуруунд цус хуралт, баруун дал нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Яаралтай тусламжийн хуудас болон эмчийн үзлэг хийсэн бичиг баримтыг үндэслэн үзэхэд уг гэмтэл нь тогтоолд дурдагдсан хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт алдалтад нөлөөлөхгүй” /хх-22-24/ гэх дүгнэлт зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, насанд хүрээгүй хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Н.Б нь 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй С.Энхтүвшинг өөрийн хүү Б.Тэмүүлэнг зодлоо гэх шалтгаанаар бэлэг эрхтэн орчим нь өшиглөх, нуруу руу нь цохих гэх мэтээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч Н.Б нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайж овогт Н.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Н.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Насанд хүрээгүй хохирогч С.Энхтүвшин, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Солонго нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын бусад хохирол, цаашид гарах эмчилгээний зардал байвал холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА