| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2020/1011/Э |
| Дугаар | 1045 |
| Огноо | 2020-09-25 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Т.Отгонтөгс |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 1045
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Энхнаран хөтлөн,
улсын яллагч Т.Отгонтөгс,
шүүгдэгч У.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Б овогт Угийн Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, нэг хавтас хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Угийн З нь Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д туслах ажилтнаар ажилладаг гэх, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Шүүгдэгч У.З нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 18 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, автобусны буудал дээр иргэн Х.Аын жолоодож явсан ... УАВ улсын дугаартай автобусны цонхыг санаатай хагалж гэмтээн, 1.029.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.З мэдүүлэхдээ:
Өмнөх өдөр нь цалин буугаад архи уусан байсан болохоор автобусанд дотор муухай болоод, 32-ын автобусны буудал дээр бууж 4 лааз пиво уусан. Тэгээд автобусанд суух гээд буудал дээр ирсэн. Улаан өнгийн автобус хөдлөөд явах гэж байхаар нь гараараа даллахад зогсохгүй хөдлөхөөр нь цонхыг нь гараараа цохисон. Би шил гэж мэдээгүй. Автобусны жолооч бууж ирээд “чи цонх хагалчихлаа” гэж хэлээд цагдаа дуудсан гэв.
Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч “Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ”-ын төлөөлөгч Ц.Баясгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр өгсөн:
“...Миний бие Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32-ын автобусны буудал дээр зогсож байсан Юулонг маркийн ... УАВ улсын дугаартай нийтийн тээврийн цонх хагарсан гэх хэрэгт байгууллагыг төлөөлөн хууль ёсны төлөөлөгчөөр оролцох болно. Үнэлгээгээр гарсан 1.079.100 төгрөг болон үнэлгээ хийлгэхэд гаргуулсан 63.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар тал),
2. Гэрч Х.Аын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр өгсөн:
“...Би 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 18 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32-ын автобусны буудал дээр ... УАВ улсын дугаартай Zhuhni маркийн цахилгаан автобустай ирж зогсоод, хүнээ буулгаад хөдлөх гэж байхад автобусны баруун хойд талын салхины шилийг нэг согтуу залуу гадна талаас нь цохиод хагалсан. Тэгээд тэр хүнийг бариад цагдаад дуудлага өгсөн юм. Манай байгууллага уг автобусыг 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр оруулж ирж нийтийн тээврийн шугамд явуулж байна. 2019 онд Хятад улсад үйлдвэрлэгдсэн, дунд оврын шинэ автобус тул манай байгууллагын инженерүүд шилний үнэлгээг мэдэхгүй гэсэн. Хятад улсаас захиалж авчирна гэж хэлсэн. Гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар тал),
3. Гэрч Н.Гүнжлхамын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр өгсөн:
“...2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр нөхөр бид хоёр ...Хархорин захаас юм авч байгаад буцаад гэр рүүгээ явахаар Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны автобусны буудал дээр очиж байтал улаан өнгийн автобус яг хөдөлж байсан. Манай нөхөр З нөгөө автобусыг зогсоорой гээд гараараа далласан боловч зогсоогүй. Тэр үед манай нөхөр автобусыг цохих шиг болсон. Автобусны жолооч бууж ирээд манай нөхөрт хандаж “чи шил хагалсан байна шүү дээ” гэж хэлсэн чинь нөхөр “би шил гэж мэдээгүй, санамсаргүй зүйл боллоо, хоорондоо ярилцаад зохицох уу” гэж хэлэхэд автобусны жолооч “шил нь энд байхгүй, заавал урагшаа захидаг” гэж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дүгээр тал),
4. Шүүгдэгч У.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр өгсөн:
“...2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32-ын автобусны буудлаас улаан өнгийн автобус хөдөлж байхаар нь манай эхнэр “энэ автобус Таван шарын буудал ордог автобус байна” гэж хэлэхээр нь гараараа даллаад зогсохгүй болохоор араас нь гүйж очоод уг автобусны баруун хойд хэсгийн шил рүү нь цохиод зогсоох гэхэд шил нь хагарчихсан. Тэгэхэд автобусны жолооч нь бууж ирээд “яагаад хагалж байгаа юм бэ” гэхээр нь би “даллаад байхад та зогсохгүй хөдөлчихлөө” гээд маргалдаж байтал нөгөө жолооч цагдаа дуудна гээд утсаараа залгаад, удалгүй цагдаа нар ирсэн. Би тухайн үед архи уусан байсан болохоор уг автобусыг зогсоох гээд зөөлөн цохилоо гэж бодтол чанга цохисон байна лээ. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дүгээр тал),
5. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-8 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 17:58:17 цагт ирсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 2 дугаар тал),
6. “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 109 дугаартай “...автомашины эдврэл, хохирлын үнийг нийт 1.079.100 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 33 дугаар тал),
7. Шүүгдэгч У.Згоос “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын дансанд хохирлын мөнгө тушаасан баримт (хавтаст хэргийн 12-13 дугаар тал),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:
8. Шүүгдэгч У.Згийн төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дүгээр тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 42 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 63 дугаар тал), 2019 оны 8 дугаар сараас 2020 оны 7 дугаар сар хүртэлх хугацааны Нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 44 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд У.Зд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч дүгнэлтдээ “...Шүүгдэгч У.З нь бусдын эд хөрөнгийг гэмтээж 1.029.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч У.З нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Мөн шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч У.Згийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч У.З нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 18 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32-ын автобусны буудал дээр “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн, тухайн байгууллагын жолооч Х.Аын жолоодож явсан ... УАВ улсын дугаартай нийтийн үйлчилгээнд үйлчилж байсан автобусны цонхыг “зогсоол дээр зогссонгүй” гэх шалтгааны улмаас санаатай гараараа цохиж хагалж гэмтээн 1.029.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-хохирогч “Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ”-ын төлөөлөгч Ц.Баясгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32-ын автобусны буудал дээр зогсож байсан Юулонг маркийн ... УАВ улсын дугаартай нийтийн тээврийн цонх хагарсан. ...үнэлгээгээр гарсан 1.079.100 төгрөг болон үнэлгээ хийлгэхэд гаргуулсан 63.000 төгрөгийг тус тус нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар тал),
-гэрч Х.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 18 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32-ын автобусны буудал дээр ... УАВ улсын дугаартай Zhuhni маркийн цахилгаан автобустай ирж зогсоод, хүнээ буулгаад хөдлөх гэж байхад автобусны баруун хойд талын салхины шилийг нэг согтуу залуу гадна талаас нь цохиод хагалсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар тал),
-гэрч Н.Гүнжлхамын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нөхөр З ... автобусыг зогсоорой гээд гараараа далласан боловч зогсоогүй. ...тэр үед манай нөхөр автобусыг цохих шиг болсон. Автобус зогсоод жолооч нь бууж ирээд манай нөхөрт хандаж “чи шил хагалсан байна шүү дээ” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дүгээр тал),
-шүүгдэгч У.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32-ын автобусны буудлаас улаан өнгийн автобус хөдөлж байхаар нь манай эхнэр “энэ автобус Таван шарын буудал ордог автобус байна” гэж хэлэхээр нь гараараа даллаад зогсохгүй болохоор араас нь гүйж очоод уг автобусны баруун хойд хэсгийн шил рүү нь цохиод зогсоох гэхэд шил нь хагарчихсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дүгээр тал), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-8 дугаар тал), “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 109 дугаартай “...автомашины эдврэл, хохирлын үнийг тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 33 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Гэмт үйлдлийн улмаас бусдын эд зүйлс, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал нь алдагдаж, тухайн эд хөрөнгийн ашигтай байдал, чанар, үр дүн алдагдах, түр хугацаагаар зориулалтын дагуу ашиглаж, хэрэглэх бололцоогүй болгохыг “гэмтээх” гэж ойлгох бөгөөд тухайн нөхцөлд учирсан гэмтэл нь засвар үйлчилгээгээр сэргээгдэж, анхны байдалдаа орж нөхөн сэргээгдэх боломжтой байдаг.
Бусдын эд хөрөнгийг гэмтээсэн үйлдлийн улмаас эд хөрөнгийн өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс дээш хохирол учирснаар уг гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн болон материаллаг бүрэлдэхүүний шинжийг агуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан байна.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч У.З нь ... УАВ улсын дугаартай автобусны цонхыг гараараа цохиж хагалж гэмтээн 1.029.100 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргээр зүйлчилж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч У.Зг дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
“Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг хохирогч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
“Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ”-ын автомашины эвдрэл, хохирлын үнийг “Хас үнэлгээ” ХХК нь 1.079.100 төгрөгөөр тогтоосон байх ба шүүгдэгч У.З нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус газрын “Голомт банк”-ны 1705121252 дугаарын данс руу 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 1.095.000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 45.000 төгрөг тус тус төлсөн болох нь орлогын баримтаар нотлогдож байна.
Нөгөө талаас хохирогчийн төлөөлөгч Ц.Баясгалан нь 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр тус шүүхэд бичгээр “...автобусанд учирсан хохирол болох 1.079.100 төгрөг, үнэлгээнд 63.000 төгрөг, нийт 1.142.100 төгрөг төлж барагдуулсан, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлтийг ирүүлсэн байх тул шүүгдэгч У.Зг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч У.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч У.Згоос “ар гэрийн байдлыг минь харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд төлөхөөр тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч У.З нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй, ял шийтгэлгүй байна.
Шүүгдэгч У.Зд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүхээс шүүгдэгч У.Зг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, ажил эрхэлдэг зэргийг харгалзан түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлаар.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь тус хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Угийн Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Зг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Зд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч “Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ”-т төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч У.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч болон улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч У.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА