| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2020/1008/Э |
| Дугаар | 1039 |
| Огноо | 2020-09-23 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Т.Болор-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 1039
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Энхнаран хөтлөн,
улсын яллагч Т.Болор-Эрдэнэ,
шүүгдэгч Ч.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Б овогт Чын Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Чын Х нь Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д борлуулагчаар ажилладаг, ам бүл-4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух бүртгэлтэй, ... тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан (РД:...).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
Ч.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 21 цагийн орчим шалтгаангүйгээр П.Иыг толгойгоороо нэг удаа мөргөж, нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, дээд уруулын салстад язрал, дээд үүдэн 1, 2 дугаар шүдний булгарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Х: Гэм буруугаа хүлээж байгаа учраас мэдүүлэг өгөхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:
2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн:
“...2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 20 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Trunck” гэх хаягтай караокед найз Мөнхбатын хамт ороод 0.5 литрийн “Соёрхол” нэртэй архи захиалаад, уугаад дуусаж байхад гаднаас махлагдуу, хар саравчтай малгайтай, улаан хүрэн өнгийн куртиктэй залуу орж ирээд ширээний хажууд зогсоод байсан. Тэр залуу ширээн дээр суугаад бид хоёрт архи хундагалж өгсөн, манай найзыг танина гээд, манай найз болохоор танихгүй гээд байхаар нь би “чамайг танихгүй гэж хэлээд байгаа юм биш үү” гэхэд “чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлээд гар барьсан. Тэгээд хаалганы тэнд намайг нэг удаа мөргөсөн. Би мөргүүлчихээд буцаж ширээн дээр ирээд найзтайгаа хамт сууж байхад нөгөө залуу ирээд “харах уу гөлөг өө” гэж байгаад баруун гараараа үүдэн шүдний орчим нэг удаа цохисон. Тэгтэл миний үүдэн хоёр шүд унасан. Би гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 11 дүгээр тал),
-хохирогчийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр дахин өгсөн:
“...Шүүх эмнэлэгт 8.000 төгрөгөөр үзүүлсэн. Мөн 21 худалдааны төвийн урд байдаг хувийн шүдний эмнэлэгт 58.000 төгрөгөөр хоёр хиймэл шүд хийлгүүлсэн. Эдгээр зардлууд гараад байна. Х гэх залуугийн хувьд надаас уучлалт гуйгаад, жинхэнэ юм шиг суулгадаг шүд хийлгээрэй гэж хэлээд 1.000.000 төгрөг өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 100 дугаар тал),
2. Гэрч Э.Ган-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн:
“...Би Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Trunck” нэртэй караоке ажиллуулдаг юм. 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 21 цаг 30 минутын орчим манай караокед хоёр залуу орж ирээд 1 дүгээр ширээнд сууж 1 шил 0.5 литрийн Соёрхол, 0.5 литрийн цэвэр ус хоёр ширхгийг захиалсан. ...нэг харахад 1 дүгээр ширээн дээр суусан хоёр залуу дээр гурван хүн орж ирсэн байсан. Нэг залуу нь суусан, хоёр залуу нь хажуу талд нь зогсож байсан. Би тухайн үед уг хоёр залуугийн ширээн дээр суусан байсан болохоор нь таньдаг хүмүүс юм байна гэж бодсон. Тэр гурван залуу үүд рүү гарахдаа нэг залууг нь татаад явахад нь би очсон. Тэгээд хаалганы үүдэнд махлаг залуу ширээн дээр сууж байсан залууд хандаж “гаръя” гэхэд уг залуу “үгүй” гэж хэлэхэд махлаг залуу нүүр рүү нь нэг удаа мөргөсөн. Би “чи юу хийгээд байгаа юм, таньдаг хүмүүс юм уу, ямар учиртай юм бэ” гэхэд нөгөө махлаг залуу “би ороод уг залуугаас уучлалт гуйгаад гар барьчихъя” гэж хэлээд буцаад нөгөө хоёр залуугийн ширээн дээр очсон. Тэгээд махлаг залуу баруун гараараа нүүрэн тус газарт нь нэг удаа цохих шиг болсон. Уг цохиулдаг залуу угаалтуурын өрөө ороод буцаж гарч ирэхдээ үүдэн хоёр шүд уначихлаа гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар тал),
3. Гэрч Б.Оюунхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн:
“...2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 18 цагийн орчим манай караоке онгойсон. Тухайн өдөр ах Ган-Эрдэнэ бид хоёр байсан. 21 цаг 30 минутын орчим 30-35 орчим насны хоёр эрэгтэй хүн орж ирээд 1 шил 0.5 литрийн Соёрхол архи, 2 ширхэг 0.5 литрийн цэвэр ус захиалаад 1-р ширээн дээр суусан. 22 цаг болж байхад гаднаас саравчтай малгайтай, махлаг залуу орж ирээд 1-р ширээн дээр сууж байсан хоёр залуугийн өмнө очиж зогсож байгаад саарал цамцтай залуутай нь гар бариад суусан. Удалгүй гаднаас хоёр залуу орж ирээд бүдүүн залуугийн хажууд зогссон, бүдүүн залуу нь 1-р ширээн дээр сууж байсан гар барьсан залууг гараас нь татаад хаалган дээр очсон. Тэгснээ гэнэт нөгөө залуугийн нүүр рүү нэг удаа мөргөсөн. Мөргүүлсэн ах буцаад ширээн дээрээ очиж суусан. Ган-Эрдэнэ ах уг гурван залуугийн хоёр туранхай залууг нь гаргасан боловч бүдүүн махлаг залуу нь гарахгүй байсан. Тэр залуу буцаж 1-р ширээн дээр сууж байсан хоёр залуу руу очоод мөргүүлдэг залуутай юм ярьж байгаад шууд баруун гараараа нэг удаа үүдэн шүд орчим руу нь цохисон. ...Цохиулдаг залуу угаалтуурын өрөө ороод гарч ирэхдээ миний үүдэн хоёр шүд уначихлаа гэж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-20 дугаар тал),
4. Гэрч М.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн:
“...2019 оны 12 дугаар сарын 27-ны орой 21 цагийн орчим найз П.Итай уулзаад Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Trunck” нэртэй караокед орж 1 шил 0.5 литрийн Соёрхол архи, 2 ширхэг 0.5 литрийн мульти жүүс захиалаад, хаалганы тэнд байдаг ширээн дээр суусан. Архиа уугаад сууж байтал гаднаас махлаг, бор танихгүй залуу орж ирээд бид хоёрын ширээний өмнө ирж зогсоод хараад байхаар нь би “юу болсон юм бэ” гэж асуухад уг залуу “танихгүй байна уу, сайн уу” гэхээр нь “би чамайг танихгүй юм байна” гэсэн. Тэгтэл хажуу талаас И “чамайг танихгүй гээд байна шүү дээ” гэтэл махлаг залуу “чамд ямар хамаатай юм, чамтай ярьсан юм уу” гэсэн. Тэгээд уг махлаг залуу бид хоёрын ширээн дээр суугаад архинаас аягалаад бидэнд нэг удаа хийж өгсөн. Удалгүй Иыг нөгөө махлаг бүдүүн залуу гараас нь татаад үүдний хаалга руу аваад явсан. Уг залуугийн найзууд гэх танихгүй дөрвөн залуу ороод ирсэн байсан. Зөөгч залуу бид хоёр Идэрээ, бүдүүн залуу хоёрын араас очтол бүдүүн залуу Иы нүүр рүү нэг удаа мөргөсөн. Тэгээд салгаад бид хоёр ширээн дээрээ ирээд сууж байтал бүдүүн залуу дахиж ирээд Иы нүүр рүү нэг удаа цохиод гараад явсан. Иы үүдэн хоёр шүд унасан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар тал),
5. Гэрч Б.Тамирын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр өгсөн:
“...2019 оны 12 дугаар сарын 27-ны орой 21-22 цагийн орчим би найзууд болох Монголоо, Цэндээ, Х нарын хамт “Trunck” нэртэй караокед орсон. Тухайн караокены 1-р ширээн дээр 30-35 орчим насны хоёр залуу 0.5 литрийн Соёрхол архи тавьсан сууж байсан. Хасаа уг хоёр залуугийн сууж байсан ширээн дээр очиж суугаад архинаас нь аягалаад юм яриад байсан. Тэгж байснаа ширээн дээр сууж байсан залуутай үүд рүү очоод маргалдаад байх шиг байсан. Тэгээд тэр залуугийн нүүрэн тус газарт нэг удаа мөргөсөн. Нөгөө залуу буцаад ширээн дээрээ ирээд суусан. Хасаа буцаж очоод нөгөө залуутай юм ярьж байгаад ам тус газарт нь нэг удаа баруун гараараа цохисон. …” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дугаар тал),
6. Шүүгдэгч Ч.Хын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн:
“...2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 21-22 цагийн орчим би найзууд болох Тамир, Цэндээ, Монголоо нартай Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Trunck” нэртэй караокед орсон юм. Би 1-р ширээн дээр сууж байсан хоёр залуутай юм яриад суусан. Гэхдээ яг юу гэж ярьсанаа, ямар учраас маргалдсан талаараа санахгүй байна. Ямар ч байсан би И гэх залуугийн ам тус газарт нь нэг удаа цохисноо санаж байгаа юм. Тэгээд уг караокенаас гараад явсан. ...Би уг хоёр хүнийг танихгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75-78 дугаар тал),
7. 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Trunck” нэртэй караокены 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр бичигдсэн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс:
“...Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Trunck” нэртэй караокед 30-35 орчим насны хоёр эрэгтэй хүн сууж байв. Ширээн дээр 1 шил 0.75 литрийн архи согтууруулах ундааны зүйл тавьсан, мөн 2 ширхэг 0.5 литрийн ундаа, 2 ширхэг аяга зэргийг тавьсан байдалтай байв. Уг хоёр залуу гадуур куртикээ тайлсан байх ба хойд хэсэгт сууж байгаа залуу нь хүрэн өнгийн ноосон цамцтай, хажууд сууж байгаа залуу нь шар өнгийн ноосон цамцтай, халимаг үстэй залуучууд байв.
-2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 21 цаг 41 минут 23 секундэд хар саравчтай зуны малгай өмссөн, 25-30 орчим насны, цайвар өнгийн куртиктэй, дотуураа хар өнгийн ноосон цамцтай, харанхуйд гэрэлтдэг ажлын өмд өмссөн, монхор хамартай, махлаг залуу ширээний хажууд ирж зогсоод уг хоёр залуутай юм ярьж шар өнгийн цамцтай залуутай гар барьж байв. Уг махлаг залуу ширээн дээр сууж уг хоёр залууд архи аягалж өгөв.
-21 цаг 46 минут 35 секундэд уг ширээн дээр сууж байсан болон хажууд нь зогсож байсан залуучууд бүгд босоод явав. Тэгээд буцаад 2019 оны 12 дугаар сарын 27-ны 21 цаг 47 минут 02 секундэд ширээн дээр сууж байсан хоёр залуу орж ирэх бөгөөд хүрэн өнгийн цамцтай залуу амаа баруун гараараа дарж байв.
-2019 оны 12 дугаар сарын 27-ны 21 цаг 47 минут 14 секундэд хар саравчтай зуны малгайтай, цайвар куртиктэй, махлаг бүдүүн залуу орж ирээд амаа гараараа дарж байгаа залуутай юм ярьж байв.
-2019 оны 12 дугаар сарын 27-ны 21 цаг 47 минут 27 секундэд уг махлаг залуу хүрэн цамцтай залуугийн үүдэн шүд орчим газарт баруун гараараа нэг удаа цохив. Уг махлаг залуутай хамт явж байсан хоёр залуу уг махлаг залууг аваад гарав. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, уг камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 25-29 дүгээр тал),
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 934 дугаартай дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Дээд уруулын дотор салстад 0.5х0.2 см шаргал өнгөр бүхий язралтай. Дээд үүдэн зүүн 1, 2-р шүд үгүй, буйл хонхор, буйланд бүдэг хүрэн цустай.
Дүгнэлт: “...П.Иы биед дээд уруулын салстад язрал, дээд үүдэн 1, 2-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна.
-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /Шинжээч эмч Т.Чимэд-Очир /...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 дугаар тал),
9. Яллагдагч Ч.Хаас хохирогч П.Ид хохирлын мөнгө 1.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 101 дүгээр тал),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
10. Гэрч Ч.Явуугийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр өгсөн:
“..Миний хүү Х ...надтай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай таарч байгаагүй. ...Цэргийн алба хаагаагүй. 2011 онд зодооны хэргээр 4 сарын баривчилгаанд явж байсан. Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өрнөх” нэртэй талх, нарийн боовны үйлдвэрт борлуулагч хийж байгаа. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дугаар тал),
11. Шүүгдэгч Ч.Хын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 60, 85 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 53 дугаар тал), шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 55-57 дугаар тал), мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 61 дүгээр тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 84 дүгээр тал), хүүхдийн төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 86-87 дугаар тал), түүний “Хаан банк”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 88-95 дугаар тал), “...” ХХК-ийн “...Ч.Х нь борлуулагчаар 500.000 төгрөгийн цалинтай тухай” тодорхойлолт (хавтаст хэргийн 96 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч Ч.Х нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг яллагдагчид танилцуулахад зөвшөөрснийг үндэслэн хэргийг шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ч.Хт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Ч.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр П.Иыг толгойгоороо нэг удаа мөргөж, нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч Ч.Х нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлж, хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Ч.Хын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ч.Х нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Trunck” нэртэй караокед үйлчлүүлж байсан иргэн П.Итай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүнийг толгойгоороо нэг удаа мөргөж, гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохиж, биед нь дээд уруулын салстад язрал, дээд үүдэн 1, 2 дугаар шүдний булгарал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт нь:
-хохирогч П.Иы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ...“ “Trunck” хаягтай караокед найз Мөнхбатын хамт орсон. ...гаднаас махлагдуу, хар саравчтай малгайтай, улаан хүрэн өнгийн куртиктэй залуу орж ирсэн ... ...манай найзыг танина гээд, манай найз танихгүй гээд байхаар нь би “чамайг танихгүй гэж байгаа юм биш үү” гэхэд “чамд ямар хамаатай юм бэ” гээд гар барьсан. Тэгээд хаалганы тэнд намайг нэг удаа мөргөсөн. ...“харах уу гөлөг өө” гээд баруун гараараа үүдэн шүдний орчим нэг удаа цохисон. Тэгтэл миний үүдэн хоёр шүд унасан. ...” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 11 дүгээр тал),
-гэрч Э.Ган-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Trunck” нэртэй караоке ажиллуулдаг. 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ...гурван залуу үүд рүү гарахдаа нэг залууг нь татаад явахад би очсон. ...үүдэнд махлаг залуу ширээн дээр сууж байсан залууд хандаж “гаръя” гэхэд уг залуу “үгүй” гэж хэлсэн. ...махлаг залуу нүүр рүү нь нэг удаа мөргөсөн. ...Тэгээд махлаг бүдүүн залуу баруун гараараа нүүрэн тус газарт нэг удаа цохих шиг болсон. Уг цохиулдаг залуу угаалтуурын өрөө ороод буцаж гарч ирэхдээ үүдэн хоёр шүд уначихлаа гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар тал),
-гэрч Б.Оюунхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 18 цагийн орчим манай караоке онгойсон. ...гаднаас хоёр залуу орж ирээд бүдүүн залуугийн хажууд зогссон. ...бүдүүн залуу нь ...ширээн дээр сууж байсан ...залууг гараас нь татаад үүдний хаалган дээр очсон. Тэгснээ гэнэт нөгөө залуугийн нүүр рүү нэг удаа мөргөсөн. ...шууд баруун гараараа нэг удаа үүдэн шүд орчим руу нь цохисон. ...Цохиулдаг залуу угаалтуурын өрөө ороод гарч ирэхдээ миний үүдэн хоёр шүд уначихлаа гэж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-20 дугаар тал),
-гэрч М.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...2019 оны 12 дугаар сарын 27-ны орой 21 цагийн орчим найз П.Итай уулзаад ...“Trunck” караокед орсон. ...гаднаас махлаг, бор танихгүй залуу орж ирсэн. ...бидний ширээний өмнө ирж зогсоод, хараад байхаар нь “юу болсон юм бэ” гэхэд уг залуу “танихгүй байна уу” гэхээр нь “би чамайг танихгүй юм байна” гэсэн. ...хажуу талаас И “чамайг танихгүй гээд байна” гэтэл уг махлаг залуу “чамд ямар хамаатай юм, чамтай ярьсан юм уу” гэсэн. ... нөгөө махлаг бүдүүн залуу Иыг гараас нь татаад үүдний хаалга руу аваад явсан. ...араас нь очтол бүдүүн залуу Иы нүүр рүү нэг удаа мөргөсөн. ...бүдүүн залуу дахиж ирээд Иы нүүр рүү нэг удаа цохиод гараад явсан. Иы үүдэн хоёр шүд унасан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар тал),
-гэрч Б.Тамирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...2019 оны 12 дугаар сарын 27-ны орой 21-22 цагийн орчим ...“Trunck” караокед орсон. ...Хасаа хоёр залуугийн сууж байсан ширээн дээр очиж суусан. ...ширээн дээр сууж байсан залуутай үүд рүү очоод маргалдаад байх шиг байсан... тэр залуугийн нүүрэн тус газарт нэг удаа мөргөсөн. ..ам тус газарт нь нэг удаа баруун гараараа цохисон. …” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дугаар тал),
-шүүгдэгч Ч.Хын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн“...2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 21-22 цагийн орчим би найзууд болох Тамир, Цэндээ, Монголоо нартай Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Trunck” нэртэй караокед орсон. Би 1-р ширээн дээр сууж байсан хоёр залуутай юм яриад суусан. ...ямар учраас маргалдсан талаараа санахгүй байна. Ямар ч байсан би И гэх залуугийн ам тус газарт нь нэг удаа цохисноо санаж байгаа юм. Тэгээд уг караокенаас гараад явсан. ...Би уг хоёр хүнийг танихгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75-78 дугаар тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 934 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 дугаар тал),
-2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Trunck” караокены хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, уг камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 25-29 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь шүүгдэгч Ч.Х согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдал, улмаар караокед үйлчлүүлж байсан хохирогчийн ширээн дээр очиж хэрүүл маргаан үүсгэж, биед нь халдсан байна.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Ч.Х нь хохирогч П.Иы эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ч.Хыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд хохирогч нь гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус хуульчилсан.
Шүүгдэгч Ч.Х нь хохирогч П.Иы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх ба, хохирогч нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ч.Х нь хохирогч П.Ид 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн /хх-101/ байна. Мөн хохирогч нь нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч Ч.Хтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Ч.Х нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүгдэгч Ч.Х нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар 2012 онд ял шийтгэгдэж байсан, уг ялыг эдэлж дууссан байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг” хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ч.Х нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 272 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн байх ба, шүүгдэгч Ч.Хт 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад Ч.Х нь зөвшөөрсөн байна.
Шүүх шүүгдэгч Ч.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд, мөн шүүгдэгч нь тодорхой эрхэлсэн ажилтай байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, сарын 500.000 төгрөгийн цалин хөлс авдаг, бусад орлого олох боломж зэргийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Trunck” нэртэй караокены хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Хт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Чын Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Хыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2008 001231259 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Х нь энэ хэргийн улмаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч П.Ид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Trunck” нэртэй караокены хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ч.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА