| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2020/1001/Э |
| Дугаар | 1034 |
| Огноо | 2020-09-22 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Х.Онолт |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 1034
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Энхнаран хөтлөн,
улсын яллагч Х.Онолт,
шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хаалттай явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Г овогт Бийн Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, нэг хавтас 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Г овогт Бийн О нь Монгол Улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг гэх, ам бүл-4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух бүртгэлтэй, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Б.О нь 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дэнжийн 1 дүгээр гудамжинд “машины цонх хагалсан” гэх шалтгааны улмаас иргэн Г.Гийг гараараа цохиж зодон, түүний биед “тархи доргилт, зүүн бугалга, шууны цус хуралт” бүхий гэмтэл үүсгэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ооос: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1. Насанд хүрээгүй хохирогч Г.Г /хууль ёсны төлөөлөгч Э.Гэрэлчулууныг оролцуулсан/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр өгсөн:
“...2020 оны 7 дугаар сарын 13-ны өдөр найз Түвшинсайханы хамт хүүхдийн парк ороод 21 цагийн үед гэр рүүгээ харих замд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Цамбагараваас хойш гэр хороолол руу өгсөөд явж байхад засмал замын хажууд хуучин, явах боломжгүй болсон, удаан зогсож байгаа байрын машин байсан. Бид эзэнгүй машин байна гэж бодоод, би чулуу авч арын багажийн шил рүү нь шидэж хагалсан. 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 14-15 цагийн үед би найз Түвшинсайхан болон түүний хоёр найзын хамт тоглож яваад өмнөх өдрийн цонхыг нь хагалсан машин дээр очиж Түвшинсайханы найз нь /нэрийг нь мэдэхгүй/ жолооч талын цонх руу чулуу шидэж хагалсан. Тэр үед доороос хөөш гээд эрэгтэй хүн дуугарсан. Надтай хамт явсан гурван найз зугтаж гүйсэн. Би араас нь мөн гүйж байгаад газар хөл алдаад унасан байхад тэр хүн миний яакны захаас чирээд гэр рүүгээ аваад явсан. Түвшинсайхан мөн адил хоёр найзтайгаа баригдсан. Бид дөрвийг зэрэгцэж суулгаж байгаад намайг барьсан ах алгадсан. Түвшинсайханы найз болох цагаан фудволктой хүүхдийг тэр ах мөн алгадсан. Тэгээд Түвшинсайханыг аав ээжийгээ дагуулаад ир гэж хэлээд явуулсан. Бид дөрвийн эцэг, эх орой 20 цагийн үед ирсэн. Тухайн үед зодуулснаа эцэг, эхдээ хэлээгүй юм. Өглөө босоход миний гарын шууг улайсан байсныг ээж хараад хэнд зодуулсан талаар асуухад нь би болсон явдлыг хэлсэн. Намайг зодсон хүн О гэх нэртэй, бор царайтай хүн байсан. Намайг машины цонх хагаллаа гэх шалтгаанаар уурандаа цохиж зодсон. Миний араас хөөж намайг барьж аваад толгой руу гараа атгаж байгаад цохих үед тархи доргисон. Дараа нь гараас базаад чирэх үед зүүн бугалга, баруун шуунд цус хуралт үүссэн учир 120.000 төгрөгөөр толгойн томографийн зураг авахуулсан, хувиараа бариач дээр очиж бариулсан. Нэг удаа барихад 10.000 төгрөг, нийт 50.000 төгрөг, шүүх эмнэлэгт 8.000 төгрөгөөр үзүүлсэн. Мөн такси барьж явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дүгээр тал),
2. Насанд хүрээгүй хохирогч Г.Гийн төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбарт 2006 оны 8 дугаар сарын 04-ний төрсөн талаар, мөн нас тоолсон тэмдэглэлд “...гэмт хэрэг гарах өдөр 14 нас 11 сар 10 хоногтой байсан. ...” тухай (хавтаст хэргийн 10-11 дүгээр тал),
3. Насанд хүрээгүй гэрч Т.Түвшинсайханы мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр өгсөн:
“...Би хэрэг болдог өдөр Г.Гийн хамт хүүхдийн паркаас автобусанд суугаад явж байхад Г.Г хүн буулгадаг хаалганы хажуугаас алх шиг жижиг багаж авахаар нь би боль гэж хэлэхэд зүгээр гэж хэлээд авсан. Бид гэр рүүгээ харих замд Г.Г “багажийг туршиж үзье” гээд замын хажууд байсан машины арын багажийн шилийг цохиж хагалсан. Би багажийн хажуугийн шилийг нь тэр багажаар цохиж хагалсан. Бид мөн уг багажаар машины салхины шил рүү ээлжлээд хэд хэдэн удаа цохиж үзэхэд шил нь хагараагүй. Маргааш нь бид дөрөв машины шилийг хагалахаар очсон. Бид хоёртой хамт явсан зүс таних, нэрийг нь мэдэхгүй хүүхэд зүүн урд талын гурвалжин шилийг цохиж хагалсан. Дараа нь би уг машины жолооч талын цонхыг хагалсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр тал),
4. Гэрч Ц.Намбарын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр өгсөн:
“...2020 оны 7 дугаар сарын 14-ний өдөр гэртээ байж байхад Оийн эхнэр Мягмарсүрэн гаднаас 16 цагийн үед орж ирээд “манай машины цонхыг хүүхдүүд хагалаад зугтаад явахаар нь О араас нь хөөгөөд явсан” гэсэн. Би гэрээс гарч, машинд суугаад Оргил дэлгүүрийн урд буусан. Төв зам руу гарахад жалганд дөрвөн хүүхэд зогсож байхаар нь би хүүхдүүдийг наанаа зогсож бай гэж хэлэхэд надаас зугтаад явсан. Би гурван хүүхдийн араас хөөгөөд ...алдсан. Замын хажууд сууж байхад доороос хоёр хүүхэд гарч ирэхээр нь би нуугдаж сууж байгаад араас нь хөөгөөд ахиад алдсан. Гудамж тойроод гарахад хоёр жаахан хүүхэд байхаар нь асууж лавлахад манай байшингийн дээвэр дээр гарсан гэж хэлсэн. Тэгээд байшингийн дээвэр дээрээс хоёрыг нь барьж авахад тэр хоёр хүүхэд цонх хагалсан хүүхдийг барьж өгье гэж хэлсэн. Тэр хоёрын нэгийг нь хамт явж байсан нэгийгээ олж ир гээд явуулсан. Удалгүй дагуулаад ирэхээр нь тэр хүүхдийг нэг удаа зүүн хацар руу нь алгадсан. Тэр гурван хүүхдийг гэртээ дагуулж ирээд эцэг, эхийг нь дуудуулсан. Миний алгадсан хүүхэд ирчихээд би яасан юм бэ, би машины цонх хагалаагүй гээд гэм буруугаа хүлээхгүй, эцэг, эхийгээ дуудахгүй гээд байхаар нь би тэр хүүхдийг нэг удаа алгадсан. Өөр хүүхдэд гар хүрч, цохиж зодоогүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр тал),
5. Шүүгдэгч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр өгсөн:
“...Би Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дэнжийн Аадар 1а-28 тоотод амьдардаг. Манай хашаа жижиг, машин орох зайгүй байдаг ба 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр машин эвдэрхээр нь машинаа хашааныхаа доод талын гудамжинд тавьсан юм.
2020 оны 7 дугаар сарын 14-ний өглөө 9 цагийн үед машинаа эргэж очиход багажийн хаалганы цонх, мөн багажийн баруун хойд талын цонхыг нь хагалсан байсан. Би тухайн үед машины цонх хагалсан хүн нь олдохгүй байх гэж бодоод цагдаад хандаагүй. 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ...16 цагийн үед гэр рүүгээ алхаж байхад хоёр хүүхэд машины хажууд зогсож байсан. Тэр үед машины цонх хагарах чимээ гарахаар нь би хөөе гэж орилоход тэр дөрвөн хүүхэд зугтаад гүйсэн. Хохирогч Г.Гийг барьж аваад баруун гараа атгаж байгаад шанаа руу нь нэг удаа цохисон. Би толгойны өвчтэй гэхээр нь ахиж гар хүрээгүй гэртээ дагуулаад ирсэн. Намайг гэрт ирсэний дараа манай хүргэн Намбар нөгөө зугтсан 3 хүүхдийг дагуулаад ирсэн. Тэр дөрвөн хүүхэд машины цонх хагалсанаа хүлээн зөвшөөрөхгүй байсан. Нэг хүүхдийг нь эцэг, эхийгээ дууд гэж хэлээд явуулсан. Удалгүй эцэг, эх нь ирээд маргааш машины чинь цонхыг төлж өгье, цагдаад битгий өгөөч гэж хэлээд явсан. Миний машин 2002 онд үйлдвэрлэсэн, 2013 онд орж ирсэн “Тоёота Эстима” маркийн машин байсан. Машины арын багаажийн цонх, багаажийн баруун хажуу талын цонх, салхины шил хагарч цуурсан, жолоочийн хажуу талын гурвалжин цонх болон бүх хагарсан шилийг үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхэд нийт 315.000 төгрөг болсон. Би машиныхаа цонхыг хагалуулчихаад уур хүрээд араас нь хөөж очоод Г гэх хүүхдийг барьж аваад нэг удаа толгойруу нь цохисон. Хохирогч Г.Гийн биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. ...Би 2010 онд 9 дүгээр анги төгссөн, бүрэн дунд боловсролтой. Сургуулиа төгссөнөөс хойш хувиараа барилгын заслын ажил хийж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дүгээр тал),
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8190 дугаартай дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Зүүн бугалганы өмнөд дээд гадаргууд 2х2 см бүдэг хөх өнгийн, баруун шууны дотор дээд хэсэгт 3х1.5 см бүдэг ягаан өнгийн цус хуралттай.
2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Натур эмнэлгийн толгойн КТГ-т : Тархины эдэд голомтот болон эзэлхүүнт бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай. Баруун талын хажуугийн ховдлын урд эвэр зүүн талын хажуугийн ховдлын урд эвэртэй харьцуулахад хэмжээ нарийссан байрлал хэвийн. III болон IV ховдлуудын байрлал, хэлбэр болон хэмжээ хэвийн. Субарахнойдаль зайнууд хэвийн. Бага тархинд бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Голын бүрдэл хазайлтгүй. Гавал яс болон 2 талын нүдны ухархайд гэмтлийн гаралтай бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Нүдний ухархайд арын эслэг зайд эмгэг өөрчлөлт үгүй. Нүдний гадна ба дотор шулуун булчингууд болон харааны мэдрэл хэвийн. Хоёр талын гайморовын хөндийд +39HU нягралтай шингэнтэй агааржилт (D<S) буурсан. Хоёр талын хөхлөг сэртэнгийн агааржилт ердийн.
Дүгнэлт: “...Г.Гийн биед тархи доргилт, зүүн бугалга, баруун шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /Шинжээч эмч Н.Энхцолмон/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дугаар тал),
7. Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дэнжийн 1-28 тоотод машины цонх хагалсан гэх гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-5 дугаар тал),
8. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 8867 дугаартай "...Б.Оийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг нийт 315.000 төгрөгөөр үнийг тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 42 дугаар тал),
9. Г.Г, Ц.Намбар нарт Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авахуулах тухай албан бичиг (хавтаст хэргийн 64 дүгээр тал) болон шүүхэд хуралдаанд энэ талаар шинээр ирүүлсэн хэсгийн байцаагчийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоол.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:
10. Шүүгдэгч Б.Оийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 63 дугаар тал), түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлтэй тухай лавлагаа (хавтаст хэргийн 60 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Оид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.О нь иргэн Г.Гийг гараараа цохиж зодон, түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Б.О нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлж, хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Оийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Б.О нь 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дэнжийн 1 дүгээр гудамжинд “машины цонх хагалсан” гэх шалтгааны улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Гийг гараараа цохиж зодон, түүний биед “тархи доргилт, зүүн бугалга, шууны цус хуралт” бүхий гэмтэл үүсгэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
-насанд хүрээгүй хохирогч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...эзэнгүй машин байна гэж бодоод, чулуу авч арын багажийн шил рүү нь шидэж хагалсан. 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 14-15 цагийн үед ...өмнөх өдрийн цонхыг нь хагалсан машин дээр очсон. Тэр үед ...хөөш гээд эрэгтэй хүн дуугарахаар зугтаасан. ...хөл алдаад унахад тэр хүн миний яакны захаас чирээд гэр рүүгээ аваад явсан. ...Намайг зодсон хүн О гэх нэртэй хүн байсан. Намайг машины цонх хагаллаа гэх шалтгаанаар уурандаа цохиж зодсон. ...толгойруу гараа атгаж байгаад цохих үед тархи доргисон. Дараа нь гараас базаад чирэх үед зүүн бугалга, баруун шуунд цус хуралт үүссэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дүгээр тал),
-насанд хүрээгүй гэрч Т.Түвшинсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г.Г “багажийг туршиж үзье” гээд замын хажууд байсан машины цонхны арын багажийн шилийг цохиж хагалсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр тал),
-гэрч Ц.Намбарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...2020 оны 7 дугаар сарын 14-ний өдөр гэртээ байж байхад Оийн эхнэр Мягмарсүрэн гаднаас орж ирээд “манай машины цонхыг хүүхдүүд хагалаад зугтаад явахаар нь О араас нь хөөгөөд явсан” гэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр тал),
-шүүгдэгч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр машин эвдэрхээр нь машинаа хашааныхаа доод талын гудамжинд тавьсан. 2020 оны 7 дугаар сарын 14-ний өглөө 9 цагийн үед машинаа эргэж очиход багажийн хаалганы цонх, мөн багаажийн баруун хойд талын цонхыг нь хагалсан байсан. ... 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ... хоёр хүүхэд машины хажууд зогсож байсан. ...хохирогч Г.Гийг барьж аваад баруун гараа атгаж байгаад шанаа руу нь нэг удаа цохисон... Би хохирогч Г.Гийн биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дүгээр тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8190 дугаартай “...Г.Гийн биед тархи доргилт, зүүн бугалга, баруун шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Б.О нь насанд хүрээгүй хохирогч Г.Гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Оийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Тус гэмт хэрэг гарахад насанд хүрээгүй хохирогч Г.Г нь шүүгдэгч Б.Оийн эд хөрөнгийг гэмтээсэн буюу тээврийн хэрэгслийн шилийг хагалсан зүй бус үйлдэл нөлөөлсөн байгааг дурдав.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгахад насанд хүрээгүй хохирогч Г.Гийн бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн хохирлын хэмжээ нь бага хэмжээнээс доош тогтоогдсон тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзэж, уг үйлдлийг Зөрчлийн тухай хуульд зааснаар шалгасан байгааг тэмдэглэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.
Шүүгдэгч Б.О нь насанд хүрээгүй хохирогч Г.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх ба хохирогч Г.Г болон түүний хууль ёсны төлөөлөгч Э.Гэрэлчулуун нараас хохиролтой холбоотой толгойн компьютер томографикийн оношилгоо хийлгэсэн 120.000 төгрөгийн нотлох баримтыг хэрэгт ирүүлсэн /хх25/ ба, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь уг мөнгийг нөхөн төлсөн /хх68/ байх тул бусдад төлөх төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан үзэх учиртай ба, шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрийн орлогыг нотолсон баримтыг хэрэгт ирүүлээгүй нь түүнд торгох ял оногдуулах боломжгүй гэж үзэж байна. Мөн эрүүгийн хариуцлага нь биелэгдэх шинжтэй байдаг тул торгох ял биелэгдэх боломжгүй гэж үзэж, шүүгдэгч Б.Оид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай” гэсэн дүгнэлт;
Шүүгдэгч Б.О нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо “Би хөдөө ажил хөдөлмөр эрхэлдэг тул торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн тайлбарыг гаргаж тус тус мэтгэлцэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.О нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн”, мөн хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувиараа ажил эрхэлдэг зэргийг харгалзан түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлаар: Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнГүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Г овогт Бийн Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнГүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, насанд хүрээгүй хохирогч Г.Г, түүний хууль ёсны төлөөлөгч Э.Гэрэлчулуун нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Оид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд насанд хүрээгүй хохирогч, хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Оид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА