| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2020/1023/Э |
| Дугаар | 1055 |
| Огноо | 2020-09-29 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Дэлгэрдалай |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 1055
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Г.Мөнхзул, шүүгч Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Энхнаран хөтлөн,
иргэдийн төлөөлөгч Б.Даариймаа,
улсын яллагч Б.Дэлгэрдалай /томилолтоор/,
шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч Б.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Б овогт Тын Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, нэг хавтас хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Тын А нь Монгол Улсын иргэн, 1978 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ ... дугаар байрны орцны үйлчлэгч ажилтай байсан гэх, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
-Хэнтий аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 492 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 239 дүгээр зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан (РД:...).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Т.А нь 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 22 цагийн үед ... тоот гэртээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Ц.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар цээжний зүүн дээд хэсэг болон хэвлийн хүйсний хэсэгт 2 удаа хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Агаас: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:
1. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 22:35:24 цагт “Ц.Б нь хэвлий цээжиндээ хутгалуулсан байна, авгай нь хутгалсан гэж байна гэх/ манай нөхрийг аваад явлаа/” гэсэн утга бүхий дуудлага бүртгэгдсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 2 дугаар тал),
2. Хэргийн учрал гарсан газарт буюу Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 26-4 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-10 дугаар тал),
3. 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Т.Агийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 25-27 дугаар тал),
4. Н.Цэрэндагвын мөрдөн шалгах ажиллагаанд:
Гэрчээр 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр өгсөн “... 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр манай бэрийн цалин буусан гэсэн. Нөхөр Бд хөлөнд нь сайн гээд адуу брендийн бэлдмэл, тосон түрхлэг авч ирж өгсөн. Б 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр авч өгсөн тосон түрхлэгийг нь гадуур согтуу зарах гээд явж байгаад тааралдсан гэж надад хэлсэн. Намайг байшиндаа ганцаараа байж байхад гаднаас манай бэр Т.А орж ирээд ааваа Б эвгүй болчихлоо гэхээр нь би дагаад гэр рүү нь орсон. Гэрийнхээ хоймор хэсэгт байдаг модон орны урд газарт дээшээ харсан байдалтай, дотуур хувцастайгаа хэвтэж байсан. Ц.Бын хэвлийн доод хэсэг, мөн хэвлийн дээд хэсэг буюу аймхай орчим шалбарсан юм шиг харагдсан. Т.А хэвлий хэсэгт нь үүссэн шархыг нь учруулсан юм шиг байна лээ. Би сандраад түргэн тусламж дууд гээд дуудлага өгсөн. Түргэний эмч үзээд Ц.Быг авч явсан. Түргэний эмч цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд үзлэг хийж эхэлсэн. Бын гэрт ороход 3-4 орчим хоосон Шим нэртэй архины шил, цустай нимгэн шар өнгийн даавуу байсан. ...Өөр гадны ямар нэг хүн байгаагүй. ...Агаас сонссоноор Т.Агийн Ц.Бд авч өгсөн адуу брендийн бэлдмэл тосон түрхлэгийг Ц.Б гадуур зарах гэж явж байгаад Т.Атай тааралдсан гэсэн. Тэгээд хүний сэтгэл гаргаж байхад гээд уурлаад маргалдсан юм шиг байна лээ. Миний ойлгосноор Т.А Ц.Бтай маргалдаад хутгаар хэвлий хэсэг рүү нь хатгасан юм шиг байна лээ. Т.А, Ц.Б нар хоорондоо нэг их маргаж муудалцаад байдаггүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дүгээр тал),
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өгсөн:
“...Ц.Б нь 1972 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод миний 2 дахь хүү болж мэндэлсэн ба эцэг, эхээс дөрвүүлээ байсан. Цэцэрлэгт явж байгаагүй. Харин Нийслэлийн ерөнхий боловсролын 9 дүгээр сургуульд суралцаж байгаад 8 дугаар анги төгсөөд барилгын техникумд элсэн орж, барилгын өрлөгчин мэргэжилтэй болсон. Сургуулиа төгссөний дараа Оросын холбооны улсаас ганзагын наймаа хийж Дэнжийн мянга зах дээр бараа зардаг байсан. 1992 онд Л.Гантуяатай танилцаж хамтран амьдарч эхэлсэн. 1994 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ууган охин Бүртгэлжин, 1998 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр отгон охин Б.Анужин төрсөн. Гэрлэлтийн баталгаатай. 2005 онд талийгаач хүү эхнэрийн хамт БНСУ-руу ажил хийхээр явсан. 2008 оноос БНСУ-д амьдарч байхдаа эхнэрээсээ тусдаа амьдарч эхэлсэн. Хувийн таарамжгүй харилцаанаас болж салсан байх, яг юунаас болж салсаныг мэдэхгүй. БНСУ-д ажил хийж байгаад Хятад ажилчдад зодуулаад гэмтэл аваад Монголд ирсэн. Баруун хөл нь гэмтлийн улмаас гишгэж чадахгүй суга таягтай явдаг болсон. 2012 онд Т.А гэх эмэгтэйтэй танилцаад хамтран амьдарч эхэлсэн. Хоёулаа архины хамааралтай. Ц.Б, Т.А хоёр дундаасаа хүүхэдгүй, гэрлэлтийн баталгаагүй. Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 26-4 тоот хашаанд гэрт амьдардаг. Хоорондоо хааяа маргаж муудалцдаг. Гэхдээ ер нь л эвтэй байдаг. Ц.Б группэд орж байгаагүй, хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон баримт байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-37 дугаар тал),
-Хууль ёсны төлөөлөгчийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр дахин өгсөн:
“...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдэх байх гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-40 дүгээр тал),
5. Гэрч Ж.Амарсанаа /Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч/-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр өгсөн:
“...Би Нийслэлийн түргэн тусламжийн төвд дуудлагын их эмчээр 2018 оноос хойш ажиллаж байна. 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 08 цаг 30 минутаас 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 08 цаг 30 минутын хооронд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийг хариуцаж жижүүрт гарсан. 2020 оны 7 дугаар сарын 01-ны өдрийн 22 цаг 07 минутад 95791519 дугаарын утаснаас “Б гэх 50 настай, эрэгтэй ухаан алдаж унаад” гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 26-4 тоотод 22 цаг 20 минутад очсон. 70-80 орчим насны эрэгтэй хашааны үүдэнд тосож аваад тухайн тоот хашаанд байрлах гэрт дагуулж орсон. Гэрт ороход 40-45 орчим насны, туранхай эмэгтэй, 40-50 орчим насны Б гэх залуу гэрийн хоймор хэсэгт модон орны урд хэвтэж байсан. 40-45 орчим насны эмэгтэй, залуу хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, илт архи үнэртэж байсан. 40 орчим насны эмэгтэй надад хандаж “тухайн залууг би хутгалсан юм, эгчдээ шархыг нь оёод өгөөч” гэж хэлэхээр нь би шархыг нь хараад тухайн эмэгтэйгээс “хутгалуулаад хэр удаж байгаа” талаар асуухад “1 цаг орчим болж байгаа, түүнээс удсан ч байж магадгүй” гэж хэлсэн. Тухайн гэрт цус асгарсан харагдаагүй. Шарх орчим нь цусаар бохирлогдоогүй, цэвэрлэсэн юм шиг байдалтай байсан. Би хутгалуулсан шархыг нь үзэхэд цээжний зүүн дээд хэсэгт 4-8 орчим см урттай, хэвлийн хэсэгт хүйсний доод хэсэгт 2-4 см урттай хоёр ширхэг ир бүхий зүйлээс үүссэн байх боломжтой шарх байсан. Би Б гэх хүний даралт, амин үзүүлэлтийг хэмжиж үзэхэд артерын даралт 80х40, зүрхний цохилт 1 минутад 106 удаа цохилж байсан, хоёр нүд хараатай, согтолт өндөртэй, асуумж асуухад хариулах чадваргүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Жолоочийн хамт Быг Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явах үедээ шингэн хийх гэсэн боловч судас нь олдохгүй байсан болохоор “Дицинон” нэртэй цус тогтоох тариаг 2 мл хэмжээтэй булчинд тарьсан. Гэмтлийн эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн тасагт 22 цаг 50 орчим минутад хүргэж өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дугаар тал),
6. Гэрч М.Токтаарын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр өгсөн:
“... Т.Атай би 2011 оноос найзалж эхэлсэн. 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 13 цагийн үед уулзсан. Бид хоёр 25 дугаар хорооллын эмийн сан орж адууны бэлдмэл, нурууны тос аваад буцаад гэрт нь ирсэн. Агийн гэрт ирээд будаатай хуурга хийж идээд, 2 шил архи байснаас 1 шил архийг нь Т.А, Ц.Б бид гурав хувааж уугаад, 2 дахь шил архинаас нь талд нь оруулаад би гараад явсан. Т.Агийн гэрээс гараад явж байхад 18 цаг болж байсан. Т.Агийн авчирсан адууны бэлдмэлийг нь зарна гээд хэрүүл хийгээд байсан. Орой 23 цагийн үед Т.А над руу залгаад “би Ц.Быг хутгалчихлаа” гэж хэлсэн. ...Маргааш нь Т.А руу залгасан чинь цагдаагийн хэлтэс дээр байна гэхээр нь очсон. ...Т.А нь ...хадам аав Цэрэндагвынхаа хашаанд нөхөр Бтай хамт амьдардаг ба үйлдвэр комбинатад үйлчлэгч хийдэг. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дугаар тал),
7. Шүүгдэгч Т.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр өгсөн:
“...Би хамтран амьдрагч Ц.Бтай 2011 онд Улаанбаатар хотод барилга дээр ажиллаж байгаад танилцаж байсан. Бид 2014 оноос хойш ...монгол гэрт амьдарч эхэлсэн, гэрлэлтийн баталгаагүй, дундаасаа хүүхэдгүй. Ц.Б нь БНСУ-д ажил хийж байгаад хүмүүст зодуулж нугасандаа бэртэл авсан юм байна лээ. Уг гэмтэл нь даамжирч 2017 оны үеэс баруун хөлийн шагай хэсэг нь нугаларахгүй болсон. Зөвхөн хөлийнхөө өлмий хэсэгт суга таягтай явдаг. Таяггүй бол алхаж чадахгүй, группэд орж байгаагүй. Би 1 сарын өмнө орцны үйчлэгчээр ажилд орсон. 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 480.000 төгрөгийн цалин авсан. 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ...15 цагийн орчимд гэрээсээ гараад 25 дугаар эмийн сангаас адууны бэлдмэл, нуруунд түрхдэг тос аваад Ц. Бд өгсөн. Намайг гэрт ирэхэд Ц.Б архи уусан, халамцуу байсан. М.Токтаар гэх казак эмэгтэйн Ханын материалд байдаг гэр рүү нь 19 цагийн үед очиж хар өнгийн гутал авсан, буцаад гэр рүүгээ явж байгаад хамтран амьдрагч Бтай гудамжны баруун үзүүрт тааралдсан. Б миний авч өгсөн адууны бэлдмэл, тосыг бариад суга таягтайгаа ганцаараа явж байхаар нь би Баас “чи наад хоёроо яах гэж байгаа юм” гэж асуухад “би энийг зарна” гэж хэлэхээр нь “би чамд зориулж зовж олсон мөнгөөрөө авч өгч байхад чи битгий тэнэгтээд байгаарай, би чамайг хөлтэй болгох гэж авч өгсөн” гээд барьж явсан адууны бэлдмэл, тосыг нь шүүрч авахад Ц.Б баруун гараараа миний зүүн нүд, хамар орчим руу нэг удаа цохьсон. Миний хамраас цус гараад бид гэр рүүгээ харьсан. Би гэрийнхээ гадаа газарт нуусан Шим нэртэй 0.75 литрийн 2 шил архийг гаргаж ирээд Ц.Бтай хувааж уусан. Ууж дууссаны дараа адуу брендийн бэлдмэл, тос хоёрыг зарна гээд намайг шалаад, “хөл дээрээ босог” гэж бодоод авч өгсөн зүйлсийг зарна гэхээр нь миний уур хүрээд Бын хөл рүү нь таягаар 2-3 удаа цохисон. Б уурлаад миний баруун хөмсөгний дээд хэсэгт гараараа нэг удаа цохихоор нь миний уур хүрээд гэрийн зүүн урд байдаг шар өнгийн шкафны нүднээс ногоон өнгийн иштэй жижиг хутга аваад Ц.Быг гэрийнхээ хоймор хэсэгт байрлах модон орон дээр сууж байхад нь би ногоон иштэй хутгаар Ц.Бын цээжний зүүн дээд хэсэгт хөхний толгойноос нь бага зэрэг доор хэсэгт дээрээс далайж байгаад нэг удаа хутгалсан. Мөн дахин хэвлийн доод хэсэгт хүйсний зүүн доод хэсэгт нэг удаа шулуун чичиж, нийт хоёр удаа хутгалсан. Ц.Б надад хутгалуулсаны дараа орны урд хэсэгт унасан. Хэвлийн доод хэсгийн хутганы шархнаас цус их гараад байсан. Дээд хэсгийн хутганы шархнаас арай бага хэмжээтэй цус гарч байсан. Би алчуур, фудволк зэрэг зүйлсээр цусыг нь тогтоох гэж дарсан. Цус нь тогтохгүй байхаар нь сандраад нэг хашаанд байдаг хадам аав Цэрэндагвын байшин руу гүйж ороод Быг би хоёр удаа хутгалчихлаа, миний авч өгсөн адууны бэлдмэл, тос хоёрыг зарна гээд бид маргалдаад ийм зүйл болчихлоо гэж хэлсэн. Хадам аав ...намайг түргэн дууд гэхээр нь би түргэн дуудсан. Түргэний эмч үзээд Быг ганцааранг нь гэмтлийн эмнэлэг авч явсан. Түргэний эмч цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд цагдаагийн хэлтэс рүү авч явсан. ...Б бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтолт өндөртэй байсан. ...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 176-178 дугаар тал),
8. 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэлд:
“...167см урттай, толгойд 5 см урт хар үстэй, биеийн галбир зөв, мах мариа дунд зэрэг, 48 настай эрэгтэй хүний цогцос байна. ...доод уруулын баруун хэсгийн дотор салстад 1х0.4 см ангайж няцарсан шархтай, ...Цээжний зүүн талд эгэмний шугамаар зүүн хөхний толгойноос баруун тийш 6 см зайд 2,6 см урттай босоо хэлбэрийн мэс заслын оёдол бүхий шархтай, шархнаас хүрэн улаан өнгийн зүйл урсан гарсан байдалтай. Хэвлийн гол хэсэгт хүйснээс доош 2 см зайд 2,2 см урттай босоо хэлбэрийн мэс заслын оёдол бүхий шархтай. Биеийн бусад хэсгээр харагдах шархгүй байв. ...” гэсэн хэсэг, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11-14 дүгээр тал),
9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1396 тоот дүгнэлтэд:
“...Нэмэлт шинжилгээний хариу:
Шүүх химийн шинжилгээний 4329 тоот хариунд: Ц.Бын цусанд 3.8 промилли, ходоодны шингэнд 4.6 промилли спиртийн зүйл илэрсэн. Цусанд мансуурлах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрэхгүй байна. /Химийн шинжээч а/х Б. Цогбаяр 2020.7.16/ гэжээ.
-Шүүх биологийн шинжилгээний 4330 тоот хариунд: Ц.Бын цус нь ABO системээр А-2-р бүлгийн харьяалалтай байна. /Биолгийн шинжээч ч/х Ж.Оюунаа 2020.07.08/ гэжээ.
-Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош: Цээжний хөндийд нэвтэрсэн шарх зүүн талд 4, 5 дугаар хавирганы түвшинд өвчүүний хажуугийн шугамаар өвчүүний мөгөөрсийг зүсэж үнхэлцэг хальсыг гэмтээн зүрхний оройг нэвт хатгаж зүсэгдсэн дээрээс доош, баруунаас зүүн тийш ташуу чиглэлтэй хатгагдаж зүсэгдсэн шарх. Цээжний зүүн хөндий дэх 500.0 мл шингэн цус. Зүрх чихэлдэлт. Үнхэлцэгийн хөндий дэх 300 мл шингэн цус. Дотор эрхтний жигд бус цус дүүрэлт.
-Хүнд зэргийн согтолт.
-Хэвлийн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, доод уруулд шарх, баруун дээд 3-р шүдний сулрал, буйланд цус хуралт. Хэвлийн хөндий дэх 100.0мл шингэн цус.
Дүгнэлт: “...1. Талийгаачийн биед үүссэн цээжний хөндийд нэвтэрч зүрхний оройд хатгагдсан шарх гэмтэл нь үхэлд хүргэсэн байна.
2. Талийгаачийн биед үүссэн цээж, хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
-Талийгаачид үүссэн доод уруулд шарх, баруун дээд 3-р шүдний сулрал, буйланд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхэд амь нас аврагдах боломжгүй.
4. Талийгаач нь гэмтлийг авсанаас хойш тодорхой хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой.
5. Талийгаачийн цусанд 3.8 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Ходоодны шингэнд 4.6 промилли спиртийн агууламж илэрч байна.
6. Талийгаачид үүссэн цээж, хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачид үүссэн доод уруулд шарх, баруун дээд 3-р шүдний сулрал, буйланд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
7. Талийгаач нь цээжний хөндийд нэвтэрч зүрхний оройд хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас зүрх чихэлдэж нас баржээ.
8. Талийгаачийн цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрэхгүй байна.
9. Талийгаачийн цус нь ABO системээр А-2-р бүлгийн харьяалалтай байна.
10. Талийгаач нь 2020.07.02-ны өдрийн 03:00 цагийн цогцост хийсэн гадна үзлэгээр нас бараад 3-4 цаг орчим болсон байжээ.
11. Талийгаачийн цогцост архаг хууч өвчин тогтоогдсонгүй. /Шинжээч Э.Баасанжав/ ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 61-73 дугаар тал),
10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7864 дугаартай дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Хамрын нуруу 4.0х3.0 см хөхөлбөр өнгийн цус хуралттай, орчны зөөлөн эд бага зэрэг хавдаж овойсон.
Рентген зураг авахуулахаар явуулсан боловч ирээгүй тул дүгнэлт гаргав.
Дүгнэлт: “...Т.Агийн биед хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /Шинжээч О.Болороо/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 78-79 дүгээр тал),
11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 3658 дугаартай дүгнэлтэд:
Шинжилгээнд ирүүлсэн зүйлс: Тогтоол-2 хувь, шар өнгийн футволк, эрээн өнгийн футволк, даавуу нийт-3ш
Дүгнэлт: “...1. Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн футволк, хар эрээн өнгийн футволк, эрээн өнгийн футволк, даавуу дээр цус илэрсэн.
2. Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн футволк, хар эрээн өнгийн футволк, эрээн өнгийн футволк, даавуу дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна. Уг цус нь ДНХ-ийн тогтцоороо талийгаач Ц.Бын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.
3. Шинжилгээнд ирүүлсэн хар эрээн өнгийн футволк дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эмэгтэй хүний цус байна. Уг цус нь ДНХ-ийн тогтцоороо Т. Агийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /Шинжээч Ш.Пүрэвдулам/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 93-94 дүгээр тал),
12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 3669 дугаартай дүгнэлтэд:
Шинжилгээнд ирүүлсэн зүйл: Тогтоол-2 хувь, Т.А, Ц.Бын баруун зүүн гараас авсан гэх хумс тус бүр 10ш
Дүгнэлт:
“...1. Шинжилгээнд ирүүлсэн холбогдогч Т.Агийн баруун зүүн гарын гэх хумсан дээр цус, биологийн ул мөр илрээгүй. Ц.Бын баруун зүүн гарын гэх хумсан дээр цус илэрсэн, бусад биологийн ул мөр илрээгүй.
2. Шинжилгээнд ирүүлсэн Ц.Бын баруун зүүн гарын гэх хумсан дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна. Уг цус нь ДНХ-ийн тогтцоороо талийгаач Ц.Бын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /Шинжээч Ш.Пүрэвдулам/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 99-100 дугаар тал),
13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 3659 дугаартай дүгнэлтэд:
Шинжилгээнд ирүүлсэн зүйл: Тогтоол 2 хувь, тамхины иш-2 ширхэг.
Дүгнэлт: “...1. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг тамхины иш дээр цус илрээгүй.
2. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг тамхины ишнээс эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн нь Т.Агийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /Шинжээч Ш.Пүрэвдулам/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 107-108 дугаар тал),
14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 3665 дугаартай дүгнэлтэд:
Шинжилгээнд ирүүлсэн зүйл: Тогтоол-2 хувь, заазуур-1ш.
Дүгнэлт: “...1. Шинжилгээнд ирүүлсэн бор эрээн өнгийн иштэй заазуур дээр цус илэрсэн.
2. Шинжилгээнд ирүүлсэн бор эрээн өнгийн иштэй заазуур дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эмэгтэй хүний цус байна. Уг цус нь ДНХ-ийн тогтцоороо Т.Агийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /Шинжээч Ш.Пүрэвдулам/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 113-114 дүгээр тал),
15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 3662 дугаартай дүгнэлтэд:
Шинжилгээнд ирүүлсэн зүйл: Тогтоол-2 хувь, хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх 2 ширхэг арчдас хөвөн.
Дүгнэлт: “...Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг хөвөн дээр цус илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг хөвөн дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эмэгтэй хүний цус байна. Уг цус нь ДНХ-ийн тогтцоороо Т.Агийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /Шинжээч Ш.Пүрэвдулам/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 156-157 дугаар тал),
16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 3666 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 124-125 дугаар тал),
17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 3668 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 129-130 дугаар тал),
18. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 3660 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 134-135 дугаар тал),
19. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 3663 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 140-141 дүгээр тал),
20. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 3661 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 146-147 дугаар тал),
21. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 3667 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 151-152 дугаар тал),
22. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 3664 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 162-163 дугаар тал),
23. 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр яллагдагч Т.Аг оролцуулан хэргийн газраас хураан авсан хутга, заазуур зэргийг харуулж:
-Т.Ад “Ц.Быгг хутгалсан гэх хутганы гэрэл зураг, уг зураг дунд байна уу гэхэд содон шинж тэмдгээр нь таньж байгаа бол ярьна уу гэхэд
-яллагдагч Т.Агаас “...1 дугаар зурагт байгаа ногоон иштэй хутга Ц.Быг хутгалсан хутга мөн байна. Би уг хутгыг хараад шууд танилаа гэж хэлснийг гэрэл зургаар буулгаж бэхжүүлсэн талаарх таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 222-223 дугаар тал),
24. Хэрэгт хураагдсан шар өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон фудволк 1 ширхэг, хар эрээн өнгийн фудволк 1 ширхэг, шар эрээн өнгийн даавуу 1 ширхэг, цагаан өнгийн тамхины иш 2 ширхэг, бор өнгийн иштэй заазуур 1 ширхэг, ногоон өнгийн иштэй хутга 1 ширхэг, бор эрээн өнгийн иштэй хутга 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн тогтоол (хавтаст хэргийн 28 дугаар тал),
25. 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр согтуурлын зэрэг шалгах багажаар Т.Агийн согтуурлыг шалгахад 178.8 хувьтай гарсан талаарх тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 23 дугаар тал),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:
26. Гэрч Т.Одмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр өгсөн:
“...Миний төрсөн эгч Т.А нь 1978 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд Т гэх хүний 2 дахь хүүхэд болж төрсөн, эцэг эхээс зургуулаа юм. 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ...ерөнхий боловсролын сургуульд суралцаж 8 дугаар анги төгсөж, бүрэн бус дунд боловсролтой болсон. Сургуулиа төгсөөд Улаанбаатар хот руу явж бэлэг дурсгалын дэлгүүрт худалдагч, гутал засварын газар зэрэг зүйлс ажиллуулж байсан. 2002 оны орчим Ууганбаяр гэх залуутай танилцаж хамтран амьдарч эхэлсэн, дундаасаа нэг хүүтэй юм. А эгч Ууганбаяр гэх залуугаас салаад 10 орчим жил болсон. Хүү нь аавтайгаа хамт байдаг гэж сонссон. ...Б гэх хүнтэй хамтран амьдарч эхэлсэн, дундаасаа хүүхэдгүй. Улаанбаатар хотод эмчид үзүүлэх гэж намар ирээд Т.А эгчийн амьдардаг гэрт уулздаг байсан. Бтай боломжийн амьдардаг байсан. ...Т.А нь тамхи татдаг, хааяа архи уудаг муу зуршилтай. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дугаар тал),
27. Шүүгдэгч Т.Агийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 194 дүгээр тал), таслан шийдвэрлэх тогтоолын баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 196-209 дүгээр тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 210 дугаар тал), түүний нэр дээр тээврийн хэрэгсэл болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй тухай албан бичиг (хавтаст хэргийн 211-212 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Т.Ад холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Т.А нь 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 22 цагийн үед ... тоот гэртээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Ц.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар цээжний зүүн дээд хэсэг болон хэвлийн хүйсний хэсэгт 2 удаа хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Цэрэндагва, гэрч Отгонжаргал, Ганбат нарын мэдүүлэг, мөн шүүгдэгч Т.Агийн мэдүүлэг зэргээс харахад амь хохирогч нь суга таягтай, өөрийгөө хамгаалах чадваргүй байсан гэж үзэх хангалттай үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн яллах дүгнэлт үйлдсэн прокурор нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэнийг дэмжиж байна. Учир нь амь хохирогч болон шүүгдэгч нар нь хамтран амьдраад 10 жил болсон гэдгээр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж зүйлчилж байна” гэсэн дүгнэлтийг;
-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулга “шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” байр суурьтай оролцохоо илэрхийлж”, гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэж байна. Хэрэгт амь хохирогчийг биеэ хамгаалах чадвартай эсэхийг нотлох эмнэлгийн баримт, бусад барим байхгүй, гагцхүү мэдүүлэг өгсөн гэрч болон шүүгдэгч нарын мэдүүлгийг үндэслэн, мөн онолын үүднээс шүүгдэгч нь тухайн үед идэвхтэй эсэргүүцэл үзүүлээгүй, бие махбодийн хувьд сул дорой, өвчин эмгэгтэй асуудал байсан гэдгээр нь хэргийг зүйлчилсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Харин хүнийг алах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэдгийг зөвшөөрөх боломжгүй. Учир нь шүүгдэгч болон амь хохирогчийг хамт амьдарсан гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж болохгүй. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг байнгын шинжтэй бие махбодь, сэтгэл санааны, эдийн засгийн дарамтад суурилсан харилцааг ойлгоно. Мөн яллах дүгнэлтэд “хувийн таарамжгүй харьцааны үндсэн дээр хохирогчийн амь насыг хохироосон” гэж дурдсан байна. Уг хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн М.Токтаар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрч Одмаагийн мэдүүлэг, шүүгдэгч Т.Агийн мэдүүлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч нь амь хохирогчийг асарч, халамжилдаг байсан нөхцөл байдал тогтоогдсон. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Аг “Хүнийг алах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Т.Агийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Т.А, амь хохирогч Ц.Б нар нь 2012 оноос гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байсан байх ба, тэд 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ... тоот гэртээ хамт согтууруулах ундаа хэрэглэн архидан согтуурсан, мөн тухайн өдөр шүүгдэгч Т.А нь амь хохирогч Ц.Бын эмчилгээнд хэрэглэхээр адууны бэлдмэлийн орцтой тосон түрхлэг авч өгснийг амь хохирогч Ц.Б нь зарж, мөнгөөр нь архи ууна гэснээс тэдний хооронд маргаан үүсч, улмаар шүүгдэгч Т.А нь дээрх тоот гэртээ мөн өдрийн 22 цагийн үед хамтран амьдрагч Ц.Бын цээжний зүүн дээд хэсэг болон хэвлийн хүйсний хэсэгт 2 удаа хутгалж, амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн үйл баримт нь:
-Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст “...Ц.Б нь хэвлий цээжиндээ хутгалуулсан байна, авгай нь хутгалсан гэж байна гэх дуудлага бүртгэгдсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 2 дугаар тал),
-Хэргийн учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-10 дугаар тал),
-гэрч Н.Цэрэндагвын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...гаднаас бэр Т.А орж ирээд “ааваа Б эвгүй болчихлоо” гэсэн, би дагаад гэр рүү нь ороход гэрийнхээ хоймор хэсэгт байдаг модон орны урд газарт дээшээ харсан байдалтай, дотуур хувцастайгаа хэвтэж байсан. Ц.Бын хэвлийн доод хэсэг, мөн хэвлийн дээд хэсэг буюу аймхай орчим шалбарсан юм шиг харагдсан. Т.А хэвлий хэсэгт нь үүссэн шархыг нь учруулсан юм шиг байна лээ. ...Агаас сонссоноор Т.Агийн Ц.Бд авч өгсөн адуу брендийн бэлдмэл тосон түрхлэгийг Ц.Б гадуур зарах гэж явж байгаад Т.Атай тааралдсан гэсэн. Тэгээд хүний сэтгэл гаргаж байхад гээд уурлаад маргалдсан юм шиг байна лээ. Миний ойлгосноор Т.А Ц.Бтай маргалдаад хутгаар хэвлий хэсэг рүү нь хатгасан юм шиг байна лээ. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дүгээр тал) болон түүний хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-37 дугаар тал),
-Гэрч Ж.Амарсанаа /Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч/-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 7 дугаар сарын 01-ны өдрийн 22 цаг 07 минутад ...“Б гэх 50 настай, эрэгтэй ухаан алдаж унаад” гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 26-4 тоотод 22 цаг 20 минутад очсон. ...Гэрт ороход 40-45 орчим насны, туранхай эмэгтэй, 40-50 орчим насны Б гэх залуу гэрийн хоймор хэсэгт модон орны урд хэвтэж байсан. 40-45 орчим насны эмэгтэй, залуу хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, архи үнэртэж байсан. 40 орчим насны эмэгтэй надад хандаж “тухайн залууг би хутгалсан юм, эгчдээ шархыг нь оёод өгөөч” гэсэн. ...би шархыг нь хараад тухайн эмэгтэйгээс “хутгалуулаад хэр удаж байгаа” талаар асуухад “1 цаг орчим болж байгаа, түүнээс удсан ч байж магадгүй” гэж хэлсэн. ...Шарх орчим нь цусаар бохирлогдоогүй, цэвэрлэсэн юм шиг байдалтай байсан. Би хутгалуулсан шархыг нь үзэхэд цээжний зүүн дээд хэсэгт 4-8 орчим см урттай, хэвлийн хэсэгт хүйсний доод хэсэгт 2-4 см урттай хоёр ширхэг ир бүхий зүйлээс үүссэн байх боломжтой шарх үүссэн байсан. ...согтолт өндөртэй, асуумж асуухад хариулах чадваргүй байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дугаар тал),
-Гэрч М.Токтаарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...архийг Т.А, Ц.Б бид гурав хувааж уусан ...Т.Агийн авчирсан адууны бэлдмэлийг нь зарна гээд хэрүүл хийгээд байсан. ...Орой 23 цагийн үед Т.А над руу залгаад “би Ц.Быг хутгалчихлаа” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дугаар),
-2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11-14 дүгээр тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1396 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 61-73 дугаар тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 3658 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 93-94 дүгээр тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 3669 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 99-100 дугаар тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 3659 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 107-108 дугаар тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 3665 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 113-114 дүгээр тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 3662 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 156-157 дугаар тал),
-2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчийг оролцуулан явуулсан таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 222-223 дугаар тал),
- Хэрэгт эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 28 дугаар тал),
-Т.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн“...2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ...эмийн сангаас адууны бэлдмэл, нуруунд түрхдэг тос Ц. Бд авч өгсөн. ...19 цагийн үед ...хамтран амьдрагч Бтай гудамжны баруун үзүүрт тааралдахад Б миний авч өгсөн адууны бэлдмэл, тосыг бариад суга таягтайгаа ганцаараа явж байхаар нь би Баас “чи наад хоёроо яах гэж байгаа юм” гэж асуухад “би энийг зарна” гэж хэлэхээр нь “би чамд зориулж зовж олсон мөнгөөрөө авч өгч байхад чи битгий тэнэгтээд байгаарай, би чамайг хөлтэй болгох гэж авч өгсөн” гээд барьж явсан адууны бэлдмэл, тосыг нь шүүрч авахад Ц.Б баруун гараараа миний зүүн нүд, хамар орчим руу нэг удаа цохьсон. Миний хамраас цус гараад бид гэр рүүгээ харьсан. ...Шим нэртэй 0.75 литрийн 2 шил архийг гаргаж ирээд Ц.Бтай хувааж уусан. Ууж дууссаны дараа адуу брендийн бэлдмэл, тос хоёрыг зарна гээд намайг шалаад, “хөл дээрээ босог” гэж бодоод авч өгсөн зүйлсийг зарна гэхээр нь миний уур хүрээд Бын хөл рүү нь таягаар 2-3 удаа цохисон. Б уурлаад миний баруун хөмсөгний дээд хэсэгт гараараа нэг удаа цохихоор нь миний уур хүрээд гэрийн зүүн урд байдаг шар өнгийн шкафны нүднээс ногоон өнгийн иштэй жижиг хутга аваад Ц.Быг гэрийнхээ хоймор хэсэгт байрлах модон орон дээр сууж байхад би ногоон иштэй хутгаар Ц.Бын цээжний зүүн дээд хэсэгт хөхний толгойноос нь бага зэрэг доор хэсэгт дээрээс далайж байгаад нэг удаа хутгалсан. Дахин хэвлийн доод хэсэгт хүйсний зүүн доод хэсэгт нэг удаа шулуун чичиж, нийт хоёр удаа хутгалсан. Ц.Б надад хутгалуулсаны дараа орны урд хэсэгт унасан. Хэвлийн доод хэсгийн хутганы шархнаас цус их гараад байсан. Дээд хэсгийн хутганы шархнаас арай бага хэмжээтэй цус гарч байсан. Би алчуур, фудволк зэрэг зүйлсээр цусыг нь тогтоох гэж дарсан. Цус нь тогтохгүй байхаар нь сандраад нэг хашаанд байдаг хадам аав Цэрэндагвын байшин руу гүйж ороод Быг би хоёр удаа хутгалчихлаа, миний авч өгсөн адууны бэлдмэл, тос хоёрыг зарна гээд бид маргалдаад ийм зүйл болчихлоо гэж хэлсэн. ...Б бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтолт өндөртэй байсан. ...” гэх мэдүүлэг( хавтаст хэргийн 176-178 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.А нь гэм буруугийн талаар маргаагүй. Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулгаас хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэж мэтгэлцсэн.
Хууль зүйн хувьд “Хүнийг алах” гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болох хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэдгийг бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхитэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг гэмт этгээд ухамсарлан ойлгосон байхыг ойлгоно.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас үзвэл Т.А нь яллагдагчаар мэдүүлэхдээ “...Ц.Б баруун гараараа миний зүүн нүд, хамар орчим руу нэг удаа цохисон. Миний хамраас цус гараад бид гэр рүүгээ харьсан. ...мөн гэртээ...уурлаад миний баруун хөмсөгний дээд хэсэгт гараараа нэг удаа цохисон гэж мэдүүлсэн ба, яллагдагчийн мэдүүлгийн эх сурвалж нь бусад нотлох баримтаар буюу шинжээчийн 7864 дугаартай дүгнэлтээр Т.Агийн биед гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл учирсан болох нь тогтоогдсон, нөгөө талаас “Цогцост хийсэн шинжээчийн 1396 тоот дүгнэлтээр “...амь хохирогч нь согтолтын хүнд зэрэгт байсан талаар “дүгнэсэн байгаа боловч амь хохирогч нь тухайн хэрэг үйл явдал болох үед хэрүүл маргаан хийж байсан, Т.Агийн биед халдаж идэвхитэй үйлдэл хийсэн зэргээс дүгнэхэд “биеэ хамгаалах чадваргүй байсан” гэж үзэх боломжгүй байна. Мөн амь хохирогч Ц.Быг хүнд зэргийн согтууралтай байсныг шүүгдэгч нь мэдээгүй, тэд хамтдаа архидан согтуурсан /хх23/ байх тул хохирогчийн согтуурсан байдлыг ашигласан гэх, идэвхитэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй гэж шүүгдэгч нь ухамсарлаж мэдсэн гэж үзэх боломжгүй юм.
Нөгөө талаар амь хохирогч нь гэмтлийн улмаас гишгэж чадахгүй суга таягтай явдаг байсан талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, яллагдагч, шүүгдэгч нар нь мэдүүлсэн байгаа боловч ямар өвчтэй, хөдөлмөрийн чадварыг зарим болон бүрэн алдсан эсэх талаар эмнэлгийн бичиг баримтгүй, улмаар амь хохирогч нь амьд ахуй үедээ хөлний өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээг тогтоолгож байгаагүй талаар хууль ёсны төлөөлөгч мэдүүлсэн зэргээс дүгнэхэд нотлох баримтгүйгээр таамаглалд үндэслэн биеэ хамгаалж чадахгүй байсан гэх этгээдэд амь хохирогчийг хамааруулан үзэх боломжгүй байна.
Түүнчлэн шүүгдэгчийн үйлдсэн хүнийг алах гэмт хэргийг "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зүйлчилснийг хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн объектив тал буюу гадаад илрэх шинж нь хохирогчийг байнга бие махбодь, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэлд оруулж, зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах үйлдлээр тодорхойлогдох бөгөөд шалтгаан нь үл ялих зүйл болон тодорхой шалтгааны аль алинаар үйлдэгдэж болдог.
Шүүгдэгч Т.А нь хамтран амьдрагч Ц.Быг хутгалж алсан нь тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцаанаас шалтгаалсан, харин шүүгдэгч нь хамтран амьдрагч Ц.Бд байнгын шинжтэй бие махбодь болон сэтгэл санааны хүчирхийлэл үзүүлж, Ц.Б нь урьд сэтгэл санаа, эдийн засаг, бие махбодь, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон, хохирч байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Тодруулбал амь хохирогч Ц.Быг хутгалж алсан шүүгдэгч Т.Агийн үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж байхгүй байна гэж шүүх үзэв.
Иймд прокуророос шүүгдэгч Т.Агийн үйлдсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгчийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Монгол Улсын Үндсэн хуулиар хүн амьд явах, эрх зүйн хамгаалалтаар хамгаалуулах эрхтэй байх ба, улмаар эрх нь зөрчигдсөн этгээдийн хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, сэргээх үүрэг нь иргэний өмнө төрд байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд”, “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт” тус тус тооцохоор хуульчилсан.
Мөн “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 508 зүйлд тус тус зохицуулсан байдаг.
Шүүгдэгч Т.Агийн үйлдсэн гэмт хэргийн улмаас Ц.Бын амь нас хохирсон байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Цэрэндагва нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хууль ёсны төлөөлөгчөөр “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Т.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг;
-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулга дүгнэлтдээ “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн гэдэг нь гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлгээр хангалттай нотлогдсон. Мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэхээр байна. Мөн хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар өөрийгөө илчилсэн гэж үзэхээр байна. Учир нь шүүгдэгч нь хэрэг болсны дараа амь хохирогчийн аавд хутгалсан талаараа хэлсэн. Мөн түргэний эмч Амарсанаад хурдхан боогоод өг, би хутгалсан гэх, мөн гэрч Токтаар руу “...23 цагийн үед утасдаж би Быг хутгалчихлаа “ гэж хэлсэн зэргээр өөрийгөө илчилж гурван хүнд хэлсэн байдаг.
Мөн шүүхээс гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” боломжтой болсон гэж үзэж байна. Учир нь прокурорын зүгээс яллаж орж ирсэн хүндрүүлэх нөхцөл байдалтай байхад уг заалтыг ашиглах боломжгүй байсан. Харин шүүхээс зүйчлэлийг хөнгөрүүлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг ашиглах боломжтой гэж үзэж байна. Тиймээс шүүгдэгч Т.Аг 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч Т.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар 1998 онд ял шийтгэгдэж байсан байх ба, уг ялын хугацаа дууссан, хуульд зааснаар түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Т.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар “түргэн тусламжийн байгууллагад дуудлага өгч эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, харин түүнд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Т.Аг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Агийн энэ хэргийн улмаас 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 88 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож;
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж фудволк 2 ширхэг, даавуу 1 ширхэг, хутга 2 ширхэг, заазуур 1 ширхэг, тамхины иш 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж;
Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Тын Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Б овогт Тын Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аг 10 (арав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Агийн шүүхийн зөвшөөрөлгүйгээр болон яллагдагч, шүүгдэгчээр 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 88 (наян найм) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.
6. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Агийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Цэрэндагва нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн фудволк 2 ширхэг, даавуу 1 ширхэг, хутга 2 ширхэг, заазуур 1 ширхэг, тамхины иш 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Т.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, өмгөөлөгч гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ
ШҮҮГЧ Л.БААТАР