Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/01171

 

Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

  Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 134/ШШ2018//00020 дугаар шийдвэр,

            Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 216/МА2018/00005 дугаар магадлалтай,

   Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

            “М ” ХХК-д холбогдох

            Татварын өр 11,835,152 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Шинэжавхлан, Н.Номин, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

            Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: 2011 оны 05 сарын 02-нд тус хэлтэст татвар төлөгчөөр бүртгүүлсэн Сүмбэр сумын 1 дүгээр баг 11-34 тоот хаягт Хүнсний бөөний худалдаа, хуурай замаар хийгдэх ачаа тээврийн үйл ажиллагаа явуулж буй 4612469 регистрийн дугаартай “М ” ХХК нь 2015-2016 оны үйл ажиллгаанд хийсэн татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд ногдуулсан татварын улсын байцгаагчийн 2017 оны 04 сарын 19-ний 320010117 тоот актын төлбөрийг төлөхгүй хууль зөрчсөн болно. Дээрх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалт 2015 оны жилийн эцсийн Нийгмийн даатгалын тайлангаар 7,900,000 төгрөгийг ажилчдад олгосноор тайлагнасан 2015 онд тус татварын хэлтэст ирүүлсэн цалин хөлс болон тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлангаар 5,950,000 төгрөгөөр тайлагнаж, 1,950,000 төгрөгөөр цалингийн орлогыг дутуу тайлагнасан зөрчилд 195,000 төгрөгийн нөхөн татвар, 58,500 төгрөгийн торгууль, 42,669 төгрөгийн алданги ногдуулсан. Дээрх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалт 2015 оны жилийн эцсийн суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татварын тайлангаар 2015 онд 75,973,338 төгрөг, 2016 онд 23,741,455 төгрөг, нийт 99,714,793 төгрөгөөр суутгагчийн орлогыг дутуу тайлагнасан зөрчилд 7,597,333 төгрөгийн нөхөн татвар, 2,279,199 төгрөгийн торгууль, 1,662,448.4 төгрөгийн алданги ногдуулж, нийт 11,835,152.2 төгрөгийг төлөхгүй Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 57 дугаар зүйлийн 57.1.2 дахь заалтуудыг зөрчсөөр байна. “М ” ХХК-ийн 2015 оны 01 сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд албан татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг 2017 оны 04 сарын 12-ны өдрийн 32170100006 тоот Татварын хяналт шалгалт хийх томилолтын дагуу анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан тэнцэл, татвар ногдуулалт, төлөлтийн тайлан, банкны хуулга, хөндлөнгийн мэдээлэл зэрэг бусад баримт материалд үндэслэн шалгалт хийсэн. Шалгалтаар илэрсэн зөрчилд Татварын улсын байцаагчийн 2017 оны 04 сарын 19-ний 320010117 тоот актаар 153,855,520 төгрөгийн зөрчилд 15,385,552 төгрөгийн нөхөн татвар, 4,764,124 төгрөгийн торгууль, 2,738,137 төгрөгийн алданги, 2226 төгрөгийн хүү, нийт 22,890,039.2 төгрөгийн төлбөр ногдуулсаныг “М ” ХХК актын тогтоох хэсгийн 1, 3, 4, 5 дахь заалтыг үл зөвшөөрч, 2017 оны 05 сарын 18-ны өдөр Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Гомдлыг Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх татварын Маргаан таслах зөвлөл хүлээн авч хэлэлцсэн. Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 06 сарын 02-ны өдрийн А/101 дүгээр тушаалаар Маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан бөгөөд 2017 оны 06 сарын 22, 06 сарын 27-ны өдрүүдэд Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөл хуралдан шийдвэрлэж, 2017 оны 06 сарын 28-ны өдрийн 2017/01 дугаар маргаан таслах зөвлөлийн тогтоол гарсан. Уг тогтоолоор дээрх хяналт шалгалтын актаар ногдуулсан нийт төлбөр болох 22,890,039 төгрөгөөс актын тогтоох хэсгийн 2, 3 дугаар заалтыг хэвээр үлдээж, бусад заалтыг хүчингүй болгож, нийт 11,835,152.2 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги, хүүг төлүүлэхээр шийдвэрлэсэн. “М ” ХХК нь Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн тогтоолыг 2017 оны 06 сарын 30-ны өдөр хүлээн авсан бөгөөд дахин гомдол гаргаагүй. “М ” ХХК нь дээрх хяналт шалгалтын актаар ногдуулсан 11,835,152.2 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр татварын улсын байцаагчаас Татварын ерөнхий хуульд заасан арга хэмжээнүүдийг авсан. Үүнд:

1. 2017 оны 08 сарын 29, 2017 оны 10 сарын 31-ний өдрүүдэд захирал Д.Өнөржаргалд Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.4-т татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй болон шууд бус аргаар ногдуулсан татварын ногдлыг төлүүлэхээр мэдэгдэх хуудас бичих бөгөөд түүнийг татвар төлөгчид гардуулах бол энэ хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу уг хуудсыг үйлдэнэ гэж заасны дагуу 2 удаа татварын өрийг мэдэгдэх хуудсанд заасан хугацаанд барагдуулахыг мэдэгдсэн.

2. “М ” ХХК-ийн захирал Д.Өнөржаргалтай татварын хяналт шалгалтын төлбөрийг барагдуулах талаар утсаар байнга холбогдож ярьж шаардаж байсан. “М ” ХХК нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, 55 дугаар зүйлд хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй дор дурдсан татвар, түүнд ногдуулсан алданги, торгуулийг татварын өрөнд хамруулна, 55.1.3-т татварын албаны хяналт шалгалтаар тогтоосон татвар, түүнд тооцсон алданги, ногдуулсан торгууль, 57 дугаар зүйлийн 57.1-д Татварын алба, татварын улсын байцаагч татварын өр төлөх хугацааг дор дурьдсанаар тогтооно, 57.1.2-т хяналт шалгалтаар илэрсэн нөхөн татвар, түүнд ногдох алданги, торгуулийг акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоног гэсэн заалтуудыг зөрчиж татварын хяналт шалгалтаар ногдуулсан төлбөрийг төлөхгүй өр үүсгэн явсаар байна. Иймд Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасны дагуу “М ” ХХК-иас 2017 оны 04 сарын 19-ний өдрийн 320010117 дугаартай татварын улсын байцаагчийн актын 2, 3 дахь хэсэгт заасны дагуу ногдуулсан 11,835,152.2 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч “М ” ХХК-ийн төлөөлөгч Д.Өнөржаргалын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “М ” ХХК-ийн захирал миний бие нь 2017 оны 04 сарын 19-ний өдрийн татварын улсын байцаагчийн 320010117 тоот актын тогтоох хэсгийн 1, 3, 4, 5-д заасан нийт 22,890,039.02 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг зөвшөөрөөгүй ба 2017 оны 05 сарын 18-ны өдөр Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасны дагуу хуралдаж, 2017 оны 06 сарын 28-ны өдрийн дугаартай 2017/01 тогтоолоор актын тогтоох хэсгийн 1, 4, 5 дугаар хэсгийг хүчингүй болгож, актын тогтоох хэсгийн 3 дахь хэсгийг хэвээр үлдээсэн болно. Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн хурлаар актын тогтоох хэсгийн 3-т заасныг Говьсүмбэр аймгийн Татварын хэлтэст хүсэлт гарган зөвшилцөж болно гэсний дагуу Говьсүмбэр аймгийн Татварын хэлтэст хүсэлт гарган Татварын улсын байцаагч Э.Шинэжавхланд өгсөн боловч ямар нэгэн тайлбар өгөөгүй болно. Иймд Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 134/ШШ2018//00020 дугаар шийдвэрээр: Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.4, 26.2-д заасныг тус тус баримтлан “М ” ХХК-иас татварын өр нийт 11,835,152.2 төгрөгийг гаргуулан Говьсүмбэр аймгийн Татварын хэлтэст олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 204,312 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсөвт оруулж, шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.                          

            Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 216/МА2018/00005 дугаар магадлалаар: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 134/ШШ2018/00020 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Д.Өнөржаргалын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Өнөржаргалын хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний бие анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. Учир нь шийдвэрийн тогтоох хэсэгт Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.4, 26.2-д заасныг баримталсан нь манай компанийн шатахууны зардлыг хувь хүнд олгосон орлого хэмээн үзсэн нь буруу бөгөөд манай компани нь тус зардлыг шатахууны зардал болохыг батлах холбогдох НӨАТ-ын падааныг тайланд хавсаргасан болно гэжээ.  

                                                                        ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Татварын хэлтэс “М ” ХХК-д холбогдуулан татварын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 320010117 тоот актаар тогтоосон татварын өр 11,835,152.2 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...манай компани нэр бүхий хүмүүсээр дамжуулан авсан шатахууны төлбөрийг тус хүмүүсийн дансаар дамжуулан шилжүүлж, шатахууны төлбөрийг төлсөн, тайлангаар шатахууны зардалд тусган тайлагнасан ба дансны хуулганы гүйлгээний утга дээр Тээврийн хөлс гэж алдаатай бичсэн бөгөөд уг алдаан дээр үндэслэн татварын байцаагч акт тавьсан учир нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Хариуцагч “М ” ХХК нь 2011 оноос тус аймгийн татварын хэлтэст татвар төлөгчөөр бүртгүүлэн, хүнсний бөөний худалдаа, хуурай замаар хийгдэх ачаа тээврийн үйл ажиллагаа явуулдаг, 4612469 регистрийн дугаартай хуулийн этгээд болох нь тус аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэл, татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах комиссын тогтоол, татварын улсын байцаагчийн акт, түүний хавсралт, татвар төлөгчийн карт, татварын тооцооллын жагсаалт, “М ” ХХК-д татварын өр барагдуулах талаар гардуулсан баримт бичгийн жагсаалт, мэдэгдэх хуудас хүргүүлсэн баримтууд, хариуцагчийн тайлбарт дарагдсан тамга зохигчдын тайлбар зэргээр тогтоогджээ.

Говьсүмбэр аймгийн Татварын хэлтэс нь “М ” ХХК-ийн 2015-2016 оны үйл ажиллагаанд татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд нь 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 320010117 тоот улсын байцаагчийн актаар 15,385,552.00 төгрөгийн нөхөн татвар, 4,764,124.00 төгрөгийн торгууль, 2,738,137.20 төгрөгийн алданги, 2,226.00 төгрөгийн хүү, нийт 22,890,039.20 төгрөгийн төлбөрийг акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоногийн дотор төлүүлэхээр тогтоосон байна.

Татварын улсын байцаагчийн дээрх актыг хариуцагч эс зөвшөөрч, аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаснаар тус Маргаан таслах зөвлөл нь 2017 оны 06 дугаар сарын 22, 27-ны өдрүүдэд хянан хэлэлцээд Татварын Ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.2, 47 дугаар зүйлийн 47.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.9, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйл, 26 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн татварын улсын байцаагчийн 2017 оны 04 сарын 19-ний өдрийн 320010117 тоот актын тогтоох хэсгийн 1,4,5 дах хэсгийг хүчингүй болгож, актын 3 дах буюу 2015 оны жилийн эцсийн суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татварын тайлангаар дутуу тайлагнасан зөрчилд ногдуулсан нийт 11,538,980.41 төгрөгийн  төлбөр тогтоосон заалтыг хэвээр үлдээж, шийдвэрийг эс зөвшөөрвөл Татварын Ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн баримт хэрэгт авагдсан, хариуцагч Ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаагүй байна.

Хариуцагч “М ” ХХК нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.4, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6, 26 дугаар зүйлийн 26.1.4, 26.2, 26.3-т тус тус зааснаар татвараа үнэн зөв тодорхойлох, тогтоосон хугацаанд төлөх, зөрчлийг арилгах талаар татварын албанаас тавьсан шаардлагыг биелүүлэх, татварын орлогыг олгох тухай бүрт ногдуулах, суутгасан татварыг төсөвт шилжүүлэх зэрэг үүргээ биелүүлээгүйгээс татварын улсын байцаагчийн актаар тогтоосон 11,835,152.20 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж  анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Татварын улсын байцаагчийн актаар тогтоосон татварыг хувь хүнд олгосон орлого биш шатахууны зардал гэж хариуцагч мэтгэлцсэн, түүнчлэн энэ үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан байна.

Хэргийн 9-13 дугаар талд авагдсан улсын байцаагчийн актаар тогтоогдоогүй буюу суутгагчийн орлогыг дутуу тайлагнаж тээврийн хөлс гэж олгосон нь татварын хяналт шалгалтаар тогтоогдсон байх тул Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6, 26 дугаар зүйлийн 26.1.4, 26.2, 26.3, 27 дугаар зүйлийн 27.2-т тус тус заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй үндэслэлээр татвар ногдуулсан нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийг хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Татварын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167.1.1-д нийцжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 134/ШШ2018//00020 дугаар шийдвэр, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 216/МА2018/00005 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Хариуцагч “М ” ХХК-иас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 204,312 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.УНДРАХ

  ШҮҮГЧ                                                       Д.ЦОЛМОН