Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2022/0293

 

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2022/0293

 

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     З.Г, Г.Ч нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч З.Г,

Нэхэмжлэгч Г.Ч,

Хариуцагч А.Ц,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.У,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Ц нар

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч З.Г, Г.Ч,

Хариуцагч Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, хуралдаан даргалагч А.Ц, Ч.Д нар

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Ч.Т, Ю.Д, Ч.Д, Ж.Б, Я.Д, Г.А, Д.Б-Э, А.М, С.Ц, Г.Г, Ж.Б, Б.Ж, У.Д, Д.Д, Ц.А, А.Т нар

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Б.У, Б.Э, Ө.Ц, Б.Ц, Б.Г нар

Нэхэмжлэгч З.Гын нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хуралдсан анхдугаар хуралдааныг хүчин төгөлдөр болохыг тогтоолгон хүлээн зөвшөөрүүлэх, Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчдөөс зохион байгуулж явуулсан 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох, уг хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгуулах,

Нэхэмжлэгч Г.Чийн нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр явагдсан анхдугаар хуралдааныг болон уг хуралдаанаас гаргасан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоолгох,

Гуравдагч этгээд Б.Уын бие даасан шаардлага: Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн анхдугаар хуралдааныг болон уг хуралдаанаас гаргасан тогтоолуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,

Гуравдагч этгээд Ө.Ц, Б.Э нарын бие даасан шаардлага: Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн анхдугаар хуралдааныг болон уг хуралдаанаас гаргасан тогтоолуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,

Гуравдагч этгээд Б.Цын бие даасан шаардлага: 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр явагдсан анхдугаар хуралдааныг болон уг хуралдаанаас гаргасан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоолгох,

Гуравдагч этгээд Б.Гын бие даасан шаардлага: 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хуралдсан гэх анхдугаар хуралдааныг болон уг хуралдаанаас гаргасан тогтоолуудыг хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 45 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч З.Г, түүний өмгөөлөгч О.М, Г.П,

Нэхэмжлэгч Г.Ч, түүний өмгөөлөгч Т.Ц,

Хариуцагч А.Ц, түүний өмгөөлөгч Э.Б,

Гуравдагч этгээд Ч.Т, Б.У, Ж.Б, Б.Э, Б.Г, Ө.Ц, Г.Г, Б.Ж, У.Д нар

Гуравдагч этгээд Б.Уын өмгөөлөгч Б.А,

Гуравдагч этгээд Б.Ц, А.М, Б.Г, Б.Э, Ө.Ц нарын өмгөөлөгч О.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 118/2021/0025/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч З.Г болон Г.Ч нараас Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, хуралдаан даргалагч нарт холбогдуулан нэхэмжлэгч З.Гаас “Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хуралдсан анхдугаар хуралдааныг хүчин төгөлдөр болохыг тогтоолгон хүлээн зөвшөөрүүлэх, Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчдөөс зохион байгуулж явуулсан 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох, уг хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгуулах, харин нэхэмжлэгч Г.Чоос “2020 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр явагдсан анхдугаар хуралдааныг болон уг хуралдаанаас гаргасан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор тус тус маргасан байна.

2.Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 45 дугаар шийдвэрээр: 

2.1.“...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч З.Гын нэхэмжлэлээс Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр явагдсан анхдугаар хуралдааныг хүчин төгөлдөр болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр явагдсан хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг, нэхэмжлэгч Г.Чийн нэхэмжлэлээс Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр явагдсан анхдугаар хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг, гуравдагч этгээд Д.У, Ө.Ц, Б.Э, Б.Ц, Б.Г нарын бие даасан шаардлагаас Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр явагдсан анхдугаар хуралдааныг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлагыг тус тус хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

2.2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан гуравдагч этгээд Б.Уаас шүүх хуралдаан дээр нэмэгдүүлэн гаргасан "Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаан, уг хуралдаанаас гаргасан 41 дүгээр, 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаан, уг хуралдаанаас гаргасан 42 дугаар, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаан, уг хуралдаанаас гарсан 44 дүгээр тогтоолуудыг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох" тухай бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж,

2.3.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 11.4, 23 дугаар зүйлийн 23.4, 23.6, 23.7, 23.8, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Чийн Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Хуралдааны дэг батлах тухай 01 дүгээр, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга сонгох тухай 02 дугаар, Тэргүүлэгчдийг сонгох тухай 03 дугаар, Сумын Засаг даргыг сонгох тухай 04 дүгээр, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай /дугааргүй/ тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг, гуравдагч этгээд Д.У, Ө.Ц, Б.Э, Б.Ц, Б.Г нарын Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Хуралдааны дэг батлах тухай 01 дүгээр, Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга сонгох тухай 02 дугаар, Тэргүүлэгчдийг сонгох тухай 03 дугаар, Сумын Засаг даргыг сонгох тухай 04 дүгээр, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай /дугааргүй/ тогтоолуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах" тухай бие даасан шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,

2.4. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 11.4, 23 дугаар зүйлийн 23.4, 23.6, 23.7, 23.8, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч З.Гын нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсгийг хангаж, Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 01 дүгээр, “Хуралдааны дэг батлах тухай” 02 дугаар, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга сонгох тухай” 03 дугаар, “Ажлаас чөлөөлөх тухай” 04 дүгээр, “Тэргүүлэгчдийг сонгох тухай” 05 дугаар, “Сумын Засаг даргыг уламжлах тухай” 06 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгож” тус тус шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч З.Г дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Анхан шатны шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгч З.Г миний гаргасан нэхэмжлэлийн 2 шаардлагын 1 дэх шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, 2 дахь шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шийдлийн хувьд З.Г миний талд буюу 2020 оны 11 сарын 30-ны өдөр хуралдсан Завхан аймгийн Апдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг хууль зөрчөөгүй гэж тогтоосон боловч нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь нэхэмжлэлийн 1 дэх шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-т “нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг” хүссэн нэхэмжлэл бөгөөд тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх” шүүхийн шийдвэр гаргуулахыг хүссэн болно. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны ерөнхий хууль, захиргааны эрх зүйгээр зохицуулагдах эрх зүйн харилцаа үүссэн байгаа эсэхийг тогтоолгох буюу тогтоох төрлийн нэхэмжлэлийн шаардлага тул ямарваа нэгэн захиргааны акт байхыг шаардахгүй юм.

3.2.Өөрөөр хэлбэл энэхүү шаардлага нь ямар нэгэн захиргааны акттай маргаагүй, харин 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулиар сонгогдсон Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн анхдугаар хуралдааныг хүчин төгөлдөр гэдгийг шүүхийн журмаар тогтоохыг хүссэн болно. Нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох гэдэг нь эрх зүйн харилцаа үүсэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэсэн аливаа үйлдэл, эс үйлдэхүй байсан, байгаа эсэхийг шүүхээр тогтоолгохыг ойлгох бөгөөд бидний зүгээс хуульд огт байхгүй, эсхүл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заагаагүй шаардлага гаргаагүй, харин ч тус хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3, 106 дугаар зүйлийн 106.3.5-д зааснаар шууд тусгагдсан байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарласан учир нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 45 дугаар шийдвэрт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.3-т заасны дагуу өөрчлөлт оруулж, З.Г миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Г.Ч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн оролцогчдын эрхийг ноцтой зөрчсөн тухайд:

Уг захиргааны хэргийн нэхэмжлэгч нар нь хэргийн хариуцагчийг буруу тодорхойлсныг анхан шатны шүүх тодруулаагүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон, харин хариуцагч бус этгээдүүдэд холбогдуулан маргаж байгаа захиргааны актуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд үл нийцнэ.

Тухайлбал анхан шатны шүүхээс хариуцагчийн талаар дүгнэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдаан даргалагч тус тус гарын үсэг зурна” гэж заасны дагуу анхдугаар хуралдааныг даргалж, хуралдаанаас гаргасан тогтоолууд дээр гарын үсэг зурж баталгаажуулсныхаа хувьд дээрх хуралдаан даргалагч, төлөөлөгч нар хариуцагчаар тодорхойлогдсон байна” гэж дүгнэсэн нь буруу бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” гэсэнтэй нийцэхгүй байна.

Учир нь анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчийг Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, хуралдаан даргалагч нар /Ч.Д, А.Ц/ гэж тодорхойлсон, харин нэхэмжлэгч нарын хувьд нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн болон 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаануудаас гаргасан тогтоолуудыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар харилцан эсрэг гаргасан бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Сум, дүүргийн Хурал нь ... харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ”, 18.1.1-д “Хурлын зохион байгуулалт, хяналт шалгалтын талаар”, а/“Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн тухай асуудал”, б/“Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх”, г/“3асаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг нийслэлийн Засаг даргад уламжлах” гэж тус тус зааснаас үзэхэд хурлын дарга дээрх асуудлуудыг дангаараа шийдвэрлэх эрх хэмжээгүй бөгөөд үүнээс үүсэх үр дагаврыг ч дангаар хариуцах хууль зүйн чадваргүй тул ганц төлөөлөгч болоод даргалагчид холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, хурлаас гаргасан тогтоолуудын хууль зүйн үндэслэлийг хянаж, шийдвэрлэх нь хуульд нийцэхгүй.

Түүнчлэн захиргааны хэргийн шүүхээс захиргааны хэрэг үүсгэхдээ нэхэмжлэгч З.Гын нэхэмжлэлээр А.Ц, Г.Ч нарт холбогдуулан, нэхэмжлэгч Г.Чийн нэхэмжлэлээр З.Г, Ч.Д нарт холбогдуулан тус тус захиргааны хэрэг үүсгэн, тэдгээр хэргүүдийг хооронд нь нэгтгэн шийдвэрлэхдээ хариуцагч Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг ахмад настай гэдгээрээ хуулийн дагуу даргалж, гаргасан шийдвэрийг албажуулсан төлөөлөгч, хуралдаан даргалагч Ч.Д, А.Ц нарт холбогдуулан хэргийг шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Гуравдагч этгээд Б.Уын эрхийг зөрчиж, бие даасан шаардлагаа нэмэгдүүлснийг огт хянан шийдвэрлэлгүй орхигдуулсан, бусад оролцогч нарт гардуулах, танилцуулах ажиллагааг хийлгүйгээр шийдвэрлэсэн.

Тодруулбал өмнөх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 41 дүгээр “Хуралдаан хойшлуулах тухай”, 44 дүгээр “Хуралдаан зарлах тухай” тогтоолуудыг хүчин төгөлдөр эсэхийг шүүхээр хянуулан, шийдвэрлүүлэхээр бие даасан шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд энэхүү захиргааны актуудыг шүүхээс хянан шийдвэрлэсний үндсэн дээр 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаан хууль ёсны эсэх асуудлыг дүгнэхэд чухал ач холбогдолтой нөхцөл байдал бий болгох атал энэ асуудлыг хүлээн авах эсэх асуудлыг огт хэлэлцэлгүйгээр, гомдол гаргах эрхийг нь хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, тэр тусмаа энэ нь шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлөхөөр байна гэж үзэж байна.

Мөн миний бие өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага болон 3.Гончигбалын нэхэмжлэлтэй хэргийн хариуцагчийн хувьд татгалзлын үндэслэлээ өмнөх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Хуралдаан хойшлуулах тухай” 41 дүгээр тогтоол хүчин төгөлдөр, хэн ч энэхүү тогтоолыг хууль бус гэж өнөөдрийг хүртэл маргаагүй, түүнчлэн тухайн өдрийн хуралдааныг энэхүү хүчин төгөлдөр тогтоолоор хойшлуулсан тул 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаан болоогүй, болсон ч хууль бус гэж, мөн энэ үндэслэлээр 2020 оны 12 дугаар сарын 30-ны           өдрийн хуралдаан хуулийн дагуу болсон гэж тус тус маргадаг.

Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 23 дугаар зүйлийн 23.4-т тус тус заасны дагуу анхдугаар хуралдааныг бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Хурлын Тэргүүлэгчид зарлаж, зохион байгуулахаар хуульчилсан тул өмнөх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь шинээр байгуулагдсан боловч бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан хэзээ, ямар журмаар зохион байгуулахыг шийдвэрлэж тогтоол гаргах бүрэн эрхтэй гэж үзнэ.

Гэтэл ийнхүү хэлэлцэхгүйгээр орхиж байгаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 21 дүгээр зүйлийн 21.1.2, 122 дугаар зүйлийн 122.1-д тус тус заасныг зөрчиж, хэргийн оролцогчдын эрхийг ноцтой зөрчихийн зэрэгцээ, гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлтэй.

4.2.Хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна” гэж заасан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж тус тус зааснаас үзэхэд Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан бол төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны үндсэн хэлбэр байх бөгөөд зөвхөн хуралдаанаараа дамжуулан захиргааны актуудыг гаргадаг, харин хуралдааныг хэрхэн зохион байгуулж явуулах, хэрхэн хуралдаан болон хуралдааны шийдвэр хүчин төгөлдөр болох журмыг нь хүртэл хуулиар зохицуулсан байх тул иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан нь захиргааны байгууллагын захирамжилсан үйл ажиллагаанд хамаарна гэж үзэж байна.

Гэтэл анхан шатны шүүх “...захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх нийтийн эрх зүйн маргаанд хамаарахгүй, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох шаардлагад хамаарч байгаа хэмээн тодруулан тайлбарласан нь уг тогтоолгохыг хүсэж байгаа эрх зүйн харилцаа нь тухайн захиргааны байгууллагын гадагш чиглэсэн шийдвэр үйл ажиллагаатай хамааралтай бус зөвхөн дотогш чиглэсэн дотоод зохион байгуулалтын үйл ажиллагаатай холбоотой, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдаан нь бие даасан дангаараа шууд үр дагавар бий болгодоггүй бөгөөд тухайн Хурлын дотоод зохион байгуулалтын хэлбэр буюу зөвхөн Хурлын шийдвэр гаргах ажиллагаа юм” гэх зэргээр үндэслэлгүйгээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн зарим шаардлага, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн шаардлагын зарим хэсгийг, мөн гуравдагч этгээд Б.Уын бие даасан шаардлагаа нэмэгдүүлснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй гэж үзэн, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль бус юм.

Хэрэв хурлаас гаргасан тогтоол нь захиргааны актад хамаарна гэж дүгнэсэн бол гуравдагч этгээд Б.Уын бие даасан шаардлагаа нэмэгдүүлэн гаргасан Тэргүүлэгчдийн Хурлын тогтоолууд нь тодорхой үр дагаврыг бий болгож байхад ямар шалтгаанаар захиргааны актад хамаарахгүй, харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй гэж үзсэн нь ойлгомжгүй, хэдий дотоод зохион байгуулалтын шинжтэй гэж дүгнэсэн байх боловч тодорхой үр дагаврыг бий болгосон, тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан, захирамжилсан шинжтэй, сумын нийт ард иргэдийн төлөөлөл болон сонгогдсон иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн анхдугаар хуралдааны асуудлыг шийдвэрлэсэн шинжээрээ гадагш чиглэсэн гэх зэргээр Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актын бүх шинжийг агуулж байхад анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэвэл зохих Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нарын зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасны дагуу гаргасан “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх”, 106.3.1, 106.3.2-т тус тус заасны дагуу захиргааны актыг хүчингүй болгуулах болон илт хууль бус болохыг тогтоолгох” буюу 2020 оны 11 дүгээр сарын 30, мөн оны 12 дугаар сарын 30-ны өдрүүдийн хуралдаануудыг хүчин төгөлдөр болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлагуудыг харилцан эсрэг гаргасан нь мөн л Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актын шинжийг агуулсны зэрэгцээ зөвхөн дотоод зохион байгуулалтын асуудал бус сумын нийт ард иргэдийн төлөөлөл болон сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх болон ирэх 4 жил сумын ард иргэдийг удирдан чиглүүлэх Засаг даргыг сонгох зэрэг асуудлуудыг анхдугаар хуралдаанаар шийдвэрлэсэн байхад үүнийг гадагш чиглэсэн гэж дүгнээгүй анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хэрхэвч хангахгүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаас үзэхэд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь аливаа асуудлыг зөвхөн хуралдаанаараа шийдвэрлэдэг бөгөөд иргэдийн төлөөлөгч болон дарга, тэргүүлэгч нар нь хэзээ ч дангаараа шийдвэр гаргадаггүй, харин ч бүх асуудлыг хуралдаанаараа шийдвэрлэдэг. Энэхүү хэргийн хувьд 2 удаа анхдугаар хуралдаан болж, мөн тэдгээр хуралдаанууд нь ирцийн хувьд маргаантай байхад аливаа асуудалд анхдугаар гэдэг бол ганц болох ёстой байхад бодит байдал дээр 2 анхдугаар хуралдаан болсон байгаа асуудлыг аль нь хууль ёсны гэдгийг шүүх дүгнэж шийдвэрлэх бүрэн боломжтой, ийнхүү асуудлаас зайлсхийж байгаа мэт энэ хэсгийг хүлээн авахаас татгалзаж байгаа нь хуульд нийцэхгүй.

Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр болсон гэх анхдугаар хуралдаанд Монгол Ардын намын 2 төлөөлөгч цахимаар оролцуулсныг хуульд нийцсэн мэтээр дүгнэсэн, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаас гаргасан тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа нь хэт нэг талыг баримталсан, хуульд нийцэхгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Учир нь Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг өмнөх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн зүгээс анх 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр болохоор товлосон боловч тухайн үед Корона вирусийн улмаас улс орон даяар хөл хорио тогтоосон байсан, мөн Монгол Ардын намын 2, Ардчилсан намын 1 төлөөлөгч Улаанбаатар хотод хөл хорионд орж, хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, түүнчлэн намуудаас тус бүр хурлын дарга болон Засаг даргад төлөөлөгч нэр дэвшүүлэхээ мэдэгдээд байсны зэрэгцээ 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор “Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааны дэг”-т зааснаар Хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулах боломжгүй нөхцөл байдлууд байсан зэрэг нөхцөл байдлуудыг өмнөх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс харгалзан үзсэний үндсэн дээр 41 дүгээр тогтоолыг гаргаж хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан, энэхүү хойшлуулсан тогтоолтой хэн ч маргаагүй, хүчин төгөлдөр байгаа юм.

Гэтэл анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасныг зөрчиж өмнөх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 41 дүгээр анхдугаар “хуралдааныг хойшлуулах тухай” тогтоолд дүгнэлт хийсэн, түүнийг ямар баримтад үндэслэсэн нь тодорхойгүйгээр хууль бус гэж дүгнэсэн байна. Уг тогтоолыг мөн Тэргүүлэгчдийн анхдугаар хуралдаан зарласан 2020 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолуудыг хэргийн оролцогчийн хэн ч хууль бус болохын тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шүүх өөрийн санаачилгаар хууль бус гэж дүгнэн бидний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байна.

Гуравдагч этгээд Б.Уын хувьд шүүх хуралдаан дээр бие даасан шаардлагаа нэмэгдүүлэн, улмаар “анхдугаар хуралдааныг хойшлуулах тухай” 41 дүгээр тогтоолыг хүчинтэй эсэхийг тогтоолгох талаар бие даасан шаардлага гаргасныг шүүхээс хүлээж авахаас татгалзсан хэрнээ өөр бусад хэргийн оролцогчдын хэн нь ч хууль бус гэж маргаагүй байгаа захиргааны актыг хууль бус гэж өөрийн санаачилгаараа дүгнэж байгаа нь хуульд нийцэхгүйн зэрэгцээ хэт нэг талыг барьж нэхэмжлэгч З.Гын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхийн тулд аргагүй эрхэнд ийнхүү хүчээр дүгнэсэн гэж үзэхээр байна.

Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх” гэж Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийг хуульчилсны дагуу дээр дурдсан намуудаас хурлын дарга болон Засаг даргад тус бүр нэр дэвшүүлэхээ мэдэгдсэн тул түүнд нь нийцүүлэн анхдугаар хуралдаанаас гарах шийдвэрийн төслийг нь бэлтгэх, мөн үүнтэй холбоотойгоор нууц санал хураалт явагдахаар, мөн хуулийн 11.4-т заасан нөхцөл бүрдсэн зэргийг харгалзан хуралдааны зохион байгуулалтыг зөвхөн танхимаар зохион байгуулахаар болсон боловч бүх гишүүд хуралдаанд оролцох боломжгүй, 21 төлөөлөгчийн 10 төлөөлөгч ирсэн нь хуульд заасан хуралдаан хүчин төгөлдөр байх төлөөлөгчдийн олонх нь оролцсон тохиолдолд хүчинтэй болно гэсэн шаардлагыг хангахгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан, ийнхүү 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдааныг хойшлуулахаар шийдвэрлэсэн нь зүйтэй болно.

Гэтэл Монгол Ардын намын төлөөлөгч нар нь дээрх Тэргүүлэгчдийн тогтоолыг зөрчиж, мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8, 20 дугаар зүйлийн 20.1.1-д тус тус заасныг зөрчсөн, үүнээс гадна иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үндсэн хэлбэр нь хурлын хуралдаан байна гэж заасан бөгөөд тухайн хуралдааны зохион байгуулалтын хэлбэрийг зөрчиж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байхгүй өөрсдийн техник тоног төхөөрөмжийг урьдчилан бэлтгэн, цахимаар зөвхөн өөрийн намын 2 гишүүдийг оролцуулан хуралдсаныг хуульд нийцнэ гэх байдлаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцэхгүй, хэрэглэвэл зохих хуулийн дээрх заалтуудыг хэрэглээгүй, бусад хуулийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 45 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

5.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч А.Ц дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

5.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн оролцогчдын эрхийг ноцтой зөрчсөн тухайд:

Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т заасан үндэслэлээр шүүхэд “шүүх хуралдаан хойшлуулах” хүсэлтийг нотлох баримтын хамт гаргаж байсан. Учир нь миний бие Алдархаан суманд оршин суух бүртгэлтэй, гэвч 2012 оноос хойш Завхан аймгийн Улиастай суманд түр оршин суугчаар одоог хүртэл амьдарч байгаа. Миний эрүүл мэндийн байдал үе үе мууддаг, иймд шинжилгээ өгч хэвтэн эмчлүүлдэг тул шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулдаг байсан болно. 

Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралд би Завхан аймгийн Улиастай сумаас очиж оролцсон, гэтэл тухайн өдөр олон цаг үргэлжилсэн хуралдсанаас болж миний даралт ихдэх, зүрхний хэм алдагдсан. Улмаар орой хурал тараад гэрт ирэхэд бие муудсан тул тухайн шөнө яаралтай эмнэлгийн тусламж дуудсан, харин дуудлагаар ирсэн эмч миний эрүүл мэндийн карт, өмнөх шинжилгээний хариуг хараад “та угаасаа хэвтэх заалттай юм байна, одоо шууд эмнэлэгт хэвтэх үү” гэж асуухад би “маргааш чухал шүүх хуралтай, хуралдаа оролцчихоод эмчилгээгээ хийлгэмээр байна” гэхэд эмч “өглөө заавал өрхийн эмнэлэгтээ үзүүлж байгаад хуралдаа орох эсэхээ шийдээрэй” гэж хэлээд явсан.

Улмаар өглөө гэхэд миний биеийн байдал сайжраагүй тул өөрийн багийн өрхийн эмнэлэг рүү хүүхдээрээ хүргүүлж эмчид үзүүлсэн, харин эмч “та одоо юун хуралд оролцох зүрхний хэм алдсан, даралт чинь өндөр байна, хамаагүй явж байгаад харвах эрсдэлтэй, бөөр чинь муу байна, хамаагүй явж хөдлөх хэрэггүй, эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэх шаардлагатай, та эмнэлэгт хэвтэх боломжгүй тохиолдолд гэрээр эмчилгээ бичиж өгье” гээд акт бичиж өгсөн.

Миний бие шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх зайлшгүй шаардлагатай байсан учраас шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг дээрх эмчийн бичиж өгсөн актын хамт шүүх рүү хүргүүлсэн боловч намайг “Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багийн иргэн тул Алдархаан сумын Эрүүл мэндийн (тухайн харьяалалтай газраасаа акт аваагүй байна үнэн гэхэд эргэлзээ төрж байна гэх шалтгаанаар) төвд очиж үзүүлж акт авах ёстой байсан” хэмээн бодит амьдралд нийцэхгүй шийдвэр гарган миний хүсэлтийг хүлээж аваагүй нь хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн. Миний хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-т заасан хүсэлтийг гаргаагүй, 91.2-т заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд хүрэлцэн ирэхгүй байх нөхцөл байдлыг үүсгээгүй атал шүүх хуулийн 91.3-91.6-д заасны дагуу хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

5.2.Хуулийг буруу тайлбарласан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд:

Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн анхдугаар хуралдаанд Монгол Ардын намын 2 төлөөлөгчийг цахимаар оролцуулсныг зөв, харин мөн оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаас гаргасан тогтоолуудыг хүчингүй болгон шийдвэрлэж байгаа нь хэт нэг талыг баримталж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Учир нь Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг өмнөх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн зүгээс анх 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр товлосон боловч тухайн үед Ковид-19 цар тахалтай холбоотойгоор улс орон даяар хөл хорио тогтоосон тул Монгол Ардын намын 2, Ардчилсан намын 1 төлөөлөгч Улаанбаатар хотод хөл хорионд орсон тул хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байсан.

Мөн Монгол Ардын нам, Ардчилсан намаас тус бүр хурлын болон Засаг даргад төлөөлөгч нэр дэвшүүлэхээ мэдэгдсэн тул 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор баталсан “Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааны дэг”-т зааснаар хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулах боломжгүй нөхцөл байдлууд байсан эдгээр нөхцөл байдлыг өмнөх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс харгалзан үзсэний үндсэн дээр 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 41 дүгээр тогтоолыг гаргаж хуралдааныг хойшлуулсан байна. Хэрэв Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид бидний хүсэлтийг хүлээж аваагүй байсан бол бид хуралдаанд оролцох байсан.

Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 45 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

6.Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд Б.У дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

6.1.Анхан шатны шүүх миний нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь надад хуулиар олгогдсон эрх, үүргийг эдлүүлээгүйд гомдолтой байна.

Учир нь шүүх миний нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч хуулиар олгогдсон бүх эрхийг эдлүүлэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Анхдугаар хуралдааныг хойшлуулах тухай” 41, мөн оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 42, мөн тухайн сарын 28-ны өдрийн “Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох 8 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааныг хуралдуулах тухай” 44 дүгээр тогтоолуудыг тус тус хууль ёсны эсэхийг шүүхээр хянуулсны үндсэн дээр 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хурал хууль ёсны эсэх асуудлыг дүгнэхэд чухал ач холбогдолтой нөхцөл байдал бий болох байсан боловч шүүх энэ асуудлыг хүлээн аваагүй. Хэрэв хүлээн авахаас татгалзсан бол гомдол гаргах эрхийг хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, энэ нь шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлсөн гэж үзэж байна.

6.2.Нэхэмжлэгч З.Г “2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр анхдугаар хуралдаан болсон тул 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаан нь хууль бус” гэж, харин нэхэмжлэгч Г.Ч “өмнөх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Хуралдаан хойшлуулах тухай” 41 дүгээр тогтоол хүчин төгөлдөр эсэхэд, эсхүл тогтоолыг хууль бус эсэхэд хэн ч маргаагүй. Харин дараагийн хурал 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр товлогдон хуралдсан байх тул энэ өдрийн хурал мөн хүчинтэйд тооцогдоно. 

Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 23 дугаар зүйлийн 23.4-т тус тус заасны дагуу анхдугаар хуралдааныг бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Хурлын Тэргүүлэгчид зарлаж, зохион байгуулах”-аар хуульчилсан тул өмнөх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь шинээр байгуулагдаж эхлээгүй, бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдөөгүй, хуралдааны дэгээ шинэчлэн тогтоогоогүй байгаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан хэзээ, ямар журмаар зохион байгуулахыг шийдвэрлэж тогтоол гаргах бүрэн эрхтэй гэж үзнэ.

6.3.Өөрөөр хэлбэл дээрх хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна” гэж заасан тул Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан нь төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны үндсэн хэлбэр байх бөгөөд зөвхөн хуралдаанаар захиргааны актуудыг гаргадаг, угтаа хуралдааныг хэрхэн зохион байгуулах, явуулах, хуралдаан болон хуралдааны шийдвэр хүчин төгөлдөр болох журмыг хуулиар зохицуулсан байх тул иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны шийдвэр захирамжилсан шинжийг агуулсан гэж үзэж байна.

Шүүх хурлаас гаргасан тогтоол захиргааны акт гэж дүгнэсэн атлаа ямар шалтгааны улмаас миний бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл тодорхой үр дагаврыг бий болгосон, тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан. захирамжилсан шинжтэй, сумын нийт ард иргэдийн төлөөлөл болон сонгогдсон иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн анхдугаар хуралдааны асуудлыг шийдвэрлэсэн шинжээрээ гадагш чиглэсэн гэх зэргээр Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу гаргасан захиргааны актууд гэж үзэх үндэслэлтэй.

6.4.Мөн Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг анх 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хуралдуулахаар товлосон тогтоолыг Тэргүүлэгчдийн Хуралдаанаас гаргасан байсан боловч тухайн үед Корона вирус цар тахалтай холбоотойгоор улс орон даяар хөл хорио тогтоож, улсын болон аймгийн Онцгой комиссын шийдвэр гарч. халдвар хамгааллын дэглэм баримталж ажиллах үүрэг, чиглэлийг өгсөн бөгөөд Монгол Ардын намын 2, Ардчилсан намын 1 төлөөлөгч Улаанбаатар хотод хөл хорионд орж, хуралдаанд биечлэн оролцох боломжгүй энэ тохиолдолд намууд тус бүр хурлын дарга болон Засаг даргад төлөөлөгчид нэр дэвшүүлэх гишүүдээ урьдчилан бичгээр Тэргүүлэгчдийн Хуралдаанд мэдэгдсэн байсан, иймд 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор “Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааны дэг”-т зааснаар Хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулах журмыг зохицуулсан журам байхгүй байсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шуурхай байдлаар хуралдуулж “Анхдугаар хуралдааныг хойшлуулах тухай” 41 дүгээр тогтоолыг гаргасан, улмаар анх хуралдаан товлосон 40 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан болно.

Гэтэл анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна, 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасныг зөрчиж, өмнөх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг хууль бус хэмээн ямар ч үндэслэлгүйгээр дүгнэсэн байна.

6.5.Би 41, 42 дугаар тогтоолуудыг хүчинтэй эсэхийг тогтоолгох талаар бие даасан шаардлага гаргасныг шүүхээс хүлээн авсан атлаа хэлэлцэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан нь хууль бус, түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх” гэж Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийг хуульчилсны дагуу намуудаас хурлын болон Засаг даргад тус тус нэр дэвшүүлэхээ мэдэгдсэн тул түүнд нь нийцүүлэн анхдугаар хуралдаанаас гарах шийдвэрийн төслийг нь бэлтгэх, мөн үүнтэй холбоотойгоор нууц санал хураалт явагдахаар мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т заасан нөхцөл бүрдсэн зэргийг харгалзан хуралдааны зохион байгуулалтыг зөвхөн танхимаар зохион байгуулахаар болсон боловч бүх гишүүд хуралдаанд оролцох боломжгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдааныг хойшлуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцнэ.

Гэтэл Монгол Ардын намын төлөөлөгч нар нь дээрх Тэргүүлэгчдийн тогтоолыг зөрчиж, мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8, 20 дугаар зүйлийн 20.1.1-д тус тус заасныг, мөн зохион байгуулалтын хэлбэр зэргийг зөрчин, өөрсдийн техник, тоног төхөөрөмжийг бэлтгэн цахимаар өөрийн намын 2 гишүүнээ оролцуулсан, харин Ардчилсан намын 1 гишүүнийг Улаанбаатар хотод байсныг үл харгалзан оролцуулахгүйгээр хуралдсаныг зөв мэт дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцэхгүй.

6.6.Мөн шүүхээс 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Монгол Ардын намын бүлгийн хуралдаанаас гаргасан Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар 3.Гончигбалыг томилсон тогтоолыг хүчинтэй хэмээн үзсэн нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой халдаж байна. Учир нь тухайн Монгол Ардын намын бүлгийн хуралдаанаар Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.У намайг чөлөөлсөн тогтоол шийдвэр гаргаагүй, чөлөөлөөгүй байж шууд 3.Гончигбалыг томилсон нь шударга ёсны зарчимд нийцэхгүй.

6.7.Би Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар томилогдсон, харин 2020 оны 11 сарын 30-ны өдрийн тогтоолоор намайг чөлөөлөөгүй, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны 4 дүгээр тогтоолоор чөлөөлсөн тул би нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авсан.

6.8.Харин Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 сарын 30-ны өдрийн анхдугаар хуралдаанаар намайг чөлөөлсөн ч тухайн хуралдаан ирцийн хувьд шаардлага хангаагүй байсан тул дээрх хоёр хурлуудыг тус бүр хууль зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нараас хариуцагчийг буруу тодорхойлсныг тодруулах шаардлагатай байсан, гэвч хариуцагч бус этгээдүүдэд холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

Учир нь шүүх “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдаан даргалагч тус тус гарын үсэг зурна” гэж заасны дагуу анхдугаар хуралдааныг даргалж, хуралдаанаас гаргасан тогтоолууд дээр гарын үсэг зурж баталгаажуулсныхаа хувьд дээрх хуралдаан даргалагч, төлөөлөгч нар хариуцагчаар тодорхойлогдсон байна” гэж дүгнэсэн нь хууль бус бөгөөд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” гэж заасан хуулийн зохицуулалтад үл нийцэх дүгнэлтийг гаргасан байна.

6.9.Мөн хуулийн дээрх шаардлагаас үзвэл хурлын даргад дангаараа шийдвэр гаргах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй, гагцхүү Хурлаас гаргасан шийдвэрийг албажуулдаг, мөн хуралдааны хэлэлцэх асуудалд оролцдог этгээд атал дангаар нь хариуцагчаар татан хэргийг шийдвэрлэж байгаа нь буруу юм.

Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 45 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

7..Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд Б.Ц дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

7.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн сонгуульд би Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Ардчилсан намаас нэр дэвшин Төлөөлөгчөөр сонгогдсон.

7.2.Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хурлыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж заасны дагуу өмнөх Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн “...анхдугаар хуралдааныг хуралдуулах тухай” 40 дүгээр тогтоолоор хурлыг тухайн сарын 30-ны өдрийн 11 цаг 00 минутад хуралдуулахаар товлосон.                                                                            

7.3.Миний хувьд 2020 оны 11 дүгээр сарын эхэнд Улаанбаатар хот руу явсан, энэ үед Ковид-19 цар тахал гарч улс орон даяр хөл хорио тогтоогдсон тул Завхан аймаг руу явж чадаагүй. Улмаар үүссэн нөхцөл байдлыг хурлын дарга Б.Ут утсаар мэдэгдсэн, ингэхдээ 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр товлогдсон хуралдааныг хойшлуулах хүсэлтийг гаргасан тул хурал хойшилсон. Хөл хорионы дэглэм буурсан өдөр би Завхан аймгийн Алдархаан суманд ирсэн.

7.4.Гэтэл Монгол Ардын намын 10 төлөөлөгч хууль зөрчин өөрсдөө хуралдааны бэлтгэл, дэг гарган иргэний танхимд өөрсдийн техник, тоног төхөөрөмжийг суурилуулж Улаанбаатар хотоос зөвхөн Монгол Ардын намын 2 төлөөлөгчийг цахимаар оролцуулан хуралдаан хийсэн, үүнийгээ шүүхэд хурал хийсэн хэмээн тайлбарласан нь хуульд нийцэхгүй.

7.5.Хэрэв онлайн хурлаар төлөөлөгчдийг оролцуулж болох тохиолдолд тухайн үед намайг оролцуулах арга хэмжээ авах боломжийг олгоогүй нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, тэр тусмаа надад онлайнаар оролцох боломжтой эсэх талаар хэн ч мэдэгдээгүй.

7.6.Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга надад онлайнаар оролцох боломжтой гэж хэлсэн бол би анхдугаар хуралдаанд онлайнаар оролцох бүрэн боломжтой байсан. Мөн онлайнаар оролцох боломжтой талаар 3.Гончигбал, Д.Дайриймаа нарын хэн аль нь надад мэдэгдээгүй зөвхөн өөрийн Монгол Ардын намын 2 төлөөлөгчийг онлайнаар оролцуулсан энэ үйл баримтыг үл харгалзан анхан шатны шүүх 2020 оны 11 сарын 30-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг хүчинтэй хэмээн шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.

7.7.Албан ёсны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь анхдугаар хуралдааныг хойшлуулсан байхад тэр тогтоолыг үл биелүүлснээс гадна надтай адилхан Улаанбаатар хотод хөл хорионд байсан өөрийн       2 төлөөлөгчдөө давуу байдал олгон онлайнаар оролцуулж надад огт мэдэгдэлгүй, өөрөөр хэлбэл намайг онлайнаар хуралд оролцуулалгүй, хуульд заасан бүрэн эрхийг эдлүүлээгүйд гомдолтой байна.

7.8.Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны хуучин дэгт онлайнаар оролцох талаар, тэр тусмаа онлайнаар санал хураалтад оролцох, санал өгөх зохицуулалт тусгагдаагүй байхад шууд өөрийн намын хүмүүсийг өөрсдийн бэлдсэн техник хэрэгслээр оруулж байгаа нь миний эрхийг ноцтой зөрчсөн энэ байдлыг анхан шатны шүүх ямар ч дүгнэлт хийгээгүй, хэлэлцээгүйд гомдолтой байна.

Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 45 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан шийдвэрийн Тогтоох хэсгийн 6-д зохих өөрчлөлт оруулав.

1.Маргаан бүхий актууд гарах үед үйлчилж байсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 оны/ 23 дугаар зүйлийн 23.4-т “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, … зарлан хуралдуулна” гэж заасан, орон нутгийн ээлжит сонгууль 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр улс орон даяар нэгэн зэрэг явагдсан нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй өмнөх Хурлын Тэргүүлэгчдээс 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 40 дүгээр тогтоолоор сонгуулийн үр дүнд бий болсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдааныг мөн оны 11 дүгээр сарын 30-ны өдийн 11.00 цаг хийхээр товлосон нь дээрх хуульд нийцжээ.

Мөн өдрийн хуралдаанд МАН-аас сонгогдсон 10 төлөөлөгч биечлэн, 2 төлөөлөгч цахимаар оролцсоноор ирцийн хувьд нийт 21 төлөөлөгчтэй Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн олонх бүрдсэнээр хуулийн 23.7-д заасан шаардлагыг хангасан байх тул анхдугаар хуралдаанаар хэлэлцэх ёстой хуульд заасан Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, Хурлын дарга болон Хурлын Тэргүүлэгчдийг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэн баталсныг буруутгах үндэслэлгүй.

Нэгэнт шинээр сонгогдсон Хурлын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг ийнхүү хүлээн зөвшөөрснөөр хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д заасны дагуу өмнөх Хурлын Төлөөлөгчдийн, тухайлбал энэхүү хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй Хурлын даргаар ажиллаж байсан Б.Уын бүрэн эрх мөн адил дуусгавар болох бөгөөд өмнөх Хурлын төлөөлөгчдөөс анхдугаар хуралдааны товыг хойшлуулах, дахин товлох эрхгүй. 

2 төлөөлөгч анхдугаар хуралдаанд цахимаар оролцох хүсэлтээ гаргасан, ийнхүү оролцохыг зөвшөөрсөн болон цар тахлын хорио цээртэй холбогдуулан холбогдох мэргэжлийн байгууллагаас анхдугаар хуралдааныг аль болох цахимаар, зайнаас, хосолсон хэлбэрээр явуулах чиглэл өгч байсан талаарх нотлох баримтыг шүүхийн шийдвэрт хангалттай зөв дүгнэсэн байна.

Түүнчлэн анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн хамгийн ахмад болох Ч.Д нээж, удирдсан нь мөн л хуулийн 23.6-д заасны дагуу явагдсан, үндсэндээ анхдугаар хуралдааны процесс, хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрүүд бүхэлдээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцжээ.

2020 оны 11 дүгээр сарын 30-ын өдрийн анхдугаар хурлын зарыг Хурлын ажлын алба болон сумын Ардчилсан намын хороонд тус тус хүргүүлсэн байхад Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон 9 төлөөлөгч товлосон анхдугаар хуралдаанд оролцоогүй нь хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-д “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно”, 23.9-д “Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна” гэж тус тус заасныг зөрчиж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. 

2.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 оны/ 23 дугаар зүйлийн 23.13-т “Ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 50 хоногийн дотор анхдугаар хуралдаан хуралдуулж Хурлын дарга сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэж чадаагүй бол тухайн Хурлыг тарсанд тооцож дахин сонгууль явуулна” гэж заасан, өөрөөр хэлбэл 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаан цаг хугацаа, ирц, хуульд заасан процессийн хувьд бүхэлдээ хууль бусаар явагдсан байх тул уг “анхдугаар хуралдаан” гэгчээс гарсан бүхий л шийдвэр мөн адил хууль бус болно. 

Түүнчлэн анхдугаар хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 30-ны товлосон өдрөө хуралдаж байхтай зэрэгцэн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон өмнө хурлын Тэргүүлэгчид уг хурлыг тодорхой үндэслэлээр хойшлуулахаар шийдвэрлэснийг хуулиар олгогдоогүй эрхийг хууль бусаар эдэлсэн гэж үзнэ.

3.Дээрх хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан, өөрөөр хэлбэл энэхүү хуралдаан буюу процесс нь дангаараа захиргааны актын шинжийг агуулахгүй, иймд 2020 оны 11 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 30-ын өдрүүдэд нэгэнт хийгдсэн хуралдаануудыг хүчин төгөлдөр болохыг, илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Нэгэнт хуралдаан бие даасан захиргааны акт биш тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасан “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх” шаардлагын хүрээнд 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Анхдугаар хуралдааныг ч хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргах боломжгүй.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Г.Чийн нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, үлдсэнийг тус тус хэрэгсэхгүй болгосон, мөн З.Гын нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан атлаа тэдгээрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн талыг буцаан олгохоор шийдвэрлэсэн буруу. 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 45 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 5, 6 дахь заалтыг нэгтгэн “5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч З.Г, Г.Ч, нэр бүхий гуравдагч этгээд нараас урьдчилан төлсөн улсын тэмдэгийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээсгүгэй”, 7 дахь заалтын дугаарыг “6” гэж тус тус өөрчлөн, нэхэмжлэгч З.Г, Г.Ч, хариуцагч А.Ц, гуравдагч этгээд Б.Ц, Б.У нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдол гаргахдаа тус тус төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, харин Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                         А.САРАНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН