Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 11

 

 

У.Мөнхбатын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Л.Нямдорж, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар шийдвэртэй,

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Урианхай овогт Ухнаагийн Мөнхбатын нэхэмжлэлтэй, Монгол шуудан ХК-ний Говь-Алтай аймгийн шуудангийн үйлчилгээний газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, дутагдуулсан эд хөрөнгийн үнэ 1.105.200 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч У.Мөнхбатын гомдлоор 2017 оны 02 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч У.Мөнхбат, түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэл, анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1987 оноос хойш энэ байгууллагад ажиллаж байна. Ингэж ажиллах хугацаанд аймгийн хөдөлмөрийн аварга, онц тээвэрчин болж байсан. 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр манай байгууллага ахмадын баяр тэмдэглэж ахмадуудаа хүлээж авсан бөгөөд Алтай чуулгад болсон концерт үзээд байгууллагын өндөр настан Дариймаа, Ичинхорлоо нар 17 цаг өнгөрч байхад ажил дээр орж ирэхэд касс Нарангэрэл үйлчлэгч Баасанхүүгийн амралтын идээ гээд нэг шил архи гаргаж 2 өндөр настанд хүндэтгэл үзүүлж бүх ажилчид бүгд тойруулж амссан. Тухайн үед дарга В.Мөнхчимэг хүртэл өөрөө амссан. Түүний дараа дарга дахин орж ирээд ажлын байранд архи уулаа гээд бид нар тарсан. Ажил тараад хуруугаар цагаа бүртгүүлсний дараа дарга В.Мөнхчимэгтэй таарч ажлын талаар маргалдсан. Гэтэл 2016 оны 10 сарын 03-ны өглөө ажилдаа ирэхэд ажлаас халах тушаал гарсан байсан бөгөөд өдөр 14 цагийн үед хамт олны хурал хийж даргатай маргалдсан байдлыг ажлын байранд архи уусан гэж ажлаас халсан тушаал гаргасныг буруу гэж үзэж байна. Дарга надад хэлэхдээ ...чамайг яагаад халж байна гэхээр чамайг дөвчигнөсөн учраас ажлаас халсан... гэж хэлсэн. Дөвчигнөсөн юм бол дөвчигнөсөн маркаар нь шүүхэд өгвөл зүгээр байна гэж хэлсэн. Мөн дотоод журмын 4.1а-д зааснаар ажлын байранд гэхээр миний ажлын байр биш, манай шуудан үйлчилгээний газар дарга, касс, нягтлан бодогчийн 3 өрөөтэй, тэр архийг няравын өрөөнд гаргаж амссан. Миний ажлын байр бол 4 гарааш, машин техникүүд л байгаа. Манай байгууллага цаг хугацаатай ажил байхгүй хүргэлт хийгээд өдөр 15 цагт ч гэсэн дуусдаг бөгөөд хурууны бүртгэлээ хийх гээд бүгд хүлээж байсан гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.3, 135 дугаар зүйлийн 135.4, 136 дугаар зүйлийн 136.1-д заасныг тус тус баримтлан Монгол шуудан ХК-ний Говь-Алтай аймгийн шуудангийн үйлчилгээний газрын механик жолоочийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Урианхай овогт Ухнаагийн Мөнхбатын нэхэмжлэл, дутагдуулсан хөрөнгө буюу 6 ширхэг дугуй, 2 ширхэг акумляторын үнэнд 1.105.200 /нэг сая нэг зуун таван мянга хоёр зуун/ төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч Монгол шуудан ХК-ний Говь-Алтай аймгийн шуудангийн үйлчилгээний газрын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.б, 2.2.а-д заасныг үндэслэн нэхэмжлэгч У.Мөнхбатаас Монгол шуудан ХК-ний Говь-Алтай аймгийн шуудангийн үйлчилгээний газрын автомашинуудын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ашиглалтын дэвтэрүүдийг гаргуулан хариуцагч Монгол шуудан ХК-ний Говь-Алтай аймгийн шуудангийн үйлчилгээний газарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгөөс 31.075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар илүү төлсөн 39.125 төгрөгийг Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн 5315640052 тоот данснаас буцаан гаргуулж хариуцагч Монгол шуудан ХК-ний Говь-Алтай аймгийн шуудангийн үйлчилгээний газарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч У.Мөнхбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: У.Мөнхбат миний бие нь 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Үүнд: Миний бие 2016 оны 9 сарын 30-ны өдөр архи ууж согтуугаар ажил үүргээ гүйцэтгээгүй, ажлын байранд согтуу байгаагүй тул уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг хүчингүй болгож миний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч У.Мөнхбат нь хариуцагч Монгол шуудан ХК-ний Говь-Алтай аймгийн шуудан үйлчилгээний газарт холбогдуулан тус газрын шуудан үйлчилгээний жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Монгол шуудан ХК-ний Говь-Алтай шуудан үйлчилгээний газар нь У.Мөнхбатаас дутагдуулсан эд хөрөнгийн үнэ 1.105.200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, У.Мөнхбатыг ажлаас чөлөөлөх болсон үндэслэлээ ажлын байранд, ажлын цагаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, бусадтай маргаж, хэл амаар доромжлох зэрэг зохисгүй байдал гаргасан, өмнө сануулж байхад үл ойшоох байдал гаргаж, хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар У.Мөнхбат нь 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тус шуудангийн үйлчилгээний газрын хамт олон өндөр настнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлж, архи гаргаж тойруулан ууцгааж, улмаар үйлчлэгч, хүргэгч Д.Баасанхүүгийн амралтын гэх архи, мөн дараа Д.Баяраагийн гаргаж өгсөн архи гэх зэргээр архи уусан болох нь хариуцагч байгууллагын төлөөлөгч В.Мөнхчимэгийн хамт олны хурлын тэмдэглэлд авагдсан тайлбар /х/х-ийн 95 дугаар хуудас/, зохигчдын тайлбар зэргээр тогтоогджээ.

 

...Зохигчдын хооронд байгуулсан түгээмэл мэргэжлийн ажилтны хөдөлмөрийн гэрээний 5.4.1-д ...ажлын байранд ...согтууруулах ундаа хэрэглэсэн,... бол ноцтой зөрчилд тооцохоор талууд тохиролцсон, маргааны зүйл нь ажилтаныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал тул уг тушаалын үндэслэл болсон хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг нэхэмжлэгч У.Мөнхбат гаргасан гэх үйл баримт нотлогдон тогтоогдож байх тул У.Мөнхбатыг урьд эрхэлж байсан Монгол шуудан ХК-ний Говь-Алтай аймгийн шуудангийн үйлчилгээний газрын механик жолоочийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулан олгох хууль зүйн үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Ажил олгогч нь У.Мөнхбатыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 зааснаар нэхэмжлэгч У.Мөнхбатын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

Т.ЖАРГАЛСАЙХАН