Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 912

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Н.Мөнхбат,

иргэний нэхэмжлэгч Г.У,

шүүгдэгч Б.М, Б.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Б-ийн М, Б овогт Б-ийн Снарт холбогдох эрүүгийн 2005003260000 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймагт төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, дүү, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо 4 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух,

-урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 320 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Ө овогт Б-ийн М,

2. Монгол Улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймагт төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баянбаян-Уулын 5 дугаар гудамж, 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Б-ийн 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.М, Б.С нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 103 дугаар байрны 000 тоотод оршин суух хохирогч Н.М-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 4 ширхэг мөнгөн аяга хулгайлж, түүнд 420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Н.М-өөс цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 8-р хуудас/,

2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-12-р хуудас/,

3. Хохирогч Н.М-ийн:

“...Манай найз охин болох А Өмнөговь аймгаас Улаанбаатар хотод ирээд ажлынхаа хүмүүстэй Манжуур явах зорилготой ирсэн байсан. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өглөө 06 цагийн үед манай найз охин А над руу утсаар яриад “намайг манай найзын гэрээс ирээд авчих” гэсэн. Тэгэхээр нь би тэгий гээд найз охин А болон түүний найз М-г аваад буцаад Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 105 байрны 000 тоот гэртээ ирсэн. Би Аас “танай энэ найз чинь яах гэж ирсэн юм бэ” гэсэн чинь А надад “намайг Манжуур луу явахад хамт хотоос хувцас хунар бэлдэж өгч туслахаар хамт явж байгаа юм” гэсэн. Тэгээд бид 3 унтацгаагаад тэр өдрийнхөө орой 16 цагийн үед сэрцгээсэн. А найз охин М-тай хорооллын дэлгүүр лүү явж хувцас авна гэж хэлээд явсан. Би тэр хоёрыг явсны дараа гэрээ цэвэрлээд хоолоо хийгээд байж байтал тэр 2 орой 22 цагийн үед буцаж манайд ирсэн. Тэгэхээр нь би буцаж дэлгүүр лүү гараад дэлгүүрээс 0,5 литрийн Алтан Чингис нэртэй архи болон ундаа аваад бид 3 хувааж уугаад унтацгаасан. Маргааш нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө би ажилруугаа 07 цаг 30 минутын үед явахад А болон түүний найз М- нар унтаад үлдсэн. Тухайн өдөр манай найз охин Манжуур явах унаандаа суух гээд манай гэрээс найз М-гийнхаа хамт 10 цагийн үед гараад 11 цагийн үед Чингис зочид буудлын урд ажлынхаа хүмүүсийг хүлээж байгаад өдөр 13 цагийн үед автобусандаа суугаад явахдаа найз М-д манай гэрийн түлхүүрийг үлдээгээд “М-ийн гэрийг нь очоод цэвэрлэчихээрэй” гээд гэрийн түлхүүрийг орхиод над руу залгаад “манай найз М-г гэрт нь дөхүүлээд өгчихөөрэй” гэж хэлсэн. Тэгээд би тухайн өдөр нь 2 өдөр хийдэг ажлаа нэг өдөр бүгдийг нь хийсэн болохоор ядраад гэртээ харьсан чинь манай найз охины найз болох М- гэх эмэгтэй манай гэрт гэр цэвэрлээд хоол хийчихсэн байсан. Тэгээд би хоол ундаа идчихээд ядраад байсан болохоор унтсан. Маргааш нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө 07 цагт ажилдаа явах гээд нөгөө М- гэх эмэгтэйг замаараа гэр лүү нь дөхүүлж өгсөн. Тухайн үедээ би А-ны үлдээсэн түлхүүрийг М-гаас авахаа мартсан байсан. Орой нь ажлаа тараад 18 цагийн үед гэртээ ирсэн чинь гэрийн сервантан дотор байсан 4 ширхэг мөнгөн аяга алдагдсан байсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаа нар ирээд манай байрны хяналтын камерыг үзсэн чинь манай найз охины найз гэх М- өөр танихгүй охинтой хамт манай байр луу орж байсан. Би М-г хулгайлсан гэж бодсон...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 15-16-р хуудас/,

4. Иргэний нэхэмжлэгч Г.У-ийн:

“...2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Батжаргал гэх залуу хүрч ирээд Б.С-ын тавьсан 4 ширхэг мөнгөн аягыг “хулгайн эд зүйл авсан байна” гэж хэлээд прокурорын зөвшөөрлөөр хураан авсан. ...нийтдээ 140.530 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 21-р хуудас/,

5. Гэрч И.А-ны:

“...Манжуур явчихаад 2020 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 02 цагийн үед найз залуу М-ийн гэрт очсон чинь “танай найз М- чамайг Манжуур явдаг өдөр чинь хамт гэрт хоноод маргааш нь гэрт нь хүргэж өгсөн юм, чиний үлдээсэн гэрийн түлхүүрийг аваагүй буулгачихсан байна лээ. Тэгээд маргааш нь ажилдаа явчихаад ирэхэд гэрийн сервантан дотор байсан 4 ширхэг мөнгөн аяга алдагдсан байна. Байрны камер шүүж үзсэн чинь танай найз М- нэг танихгүй охинтой хоёулаа ирээд авч явсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 24-25-р хуудас/,

6. Гэрч А.Б-ийн

“...Тухайн эмэгтэй өөрийнхөө гадаад паспортоор буюу регистрийн дугаартай Б овогтой С гэж нэртэй бичиг баримтаар тухайн мөнгөн аягануудыг барьцаанд тавьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

7. “Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 35-36-р хуудас/,

8. Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, /хх-ийн 63-р хуудас/,

9. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /хх-ийн 64-р хуудас/,

10. “Начинзаан” ХХК-ны барьцаат зээлийн гэрээ, /хх-ийн 50-р хуудас/

11. Яллагдагч Б.М-гийн:

“...хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-71-р хуудас/,

9. Яллагдагч Б.С-ын:

“...хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 76-78-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.М, Б.С нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.М, Б.С-нар нь хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасныг шүүгдэгч нар мэтгэлцээгүй.

Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгч нарын “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.М, Б.С-нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.М, Б.С-нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 103 дугаар байрны 000 тоотод оршин суух хохирогч Н.М-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 4 ширхэг мөнгөн аяга хулгайлж, түүнд 420.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Н.М-ийн “...Тухайн үедээ би найз А-ны үлдээсэн түлхүүрийг М- гэх эмэгтэйгээс авахаа мартсан байсан. Тэгээд орой нь ажлаа тараад 18 цагийн үед гэртээ ирсэн чинь гэрийн сервантан дотор байсан 4 ширхэг мөнгөн аяга алдагдсан байсан. ...цагдаа нар ирээд манай байрны хяналтын камерыг үзсэн чинь манай найз охины найз гэх М- өөр танихгүй охинтой хамт манай байр луу орж байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 15-16-р хуудас/,

-Иргэний нэхэмжлэгч Г.У-ийн “...Б.С-ын тавьсан 4 ширхэг мөнгөн аягыг “хулгайн эд зүйл авсан байна” гэж хэлээд прокурорын зөвшөөрлөөр хураан авсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 21-р хуудас/,

-Гэрч И.А-ны “...Н.М- надад “байрны камер шүүж үзсэн чинь танай найз М- нэг танихгүй охинтой хоёулаа ирээд авч явсан байна” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 24-25-р хуудас/,

-Гэрч А.Б-ийн “...Тухайн эмэгтэй өөрийнхөө гадаад паспортоор буюу АЮ92061802 регистрийн дугаартай Б овогтой С гэж нэртэй бичиг баримтаар тухайн мөнгөн аягануудыг барьцаанд тавьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

-Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 35-36-р хуудас/, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, /хх-ийн 63-р хуудас/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /хх-ийн 64-р хуудас/, “Начинзаан” ХХК-ны барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 50-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хууль зүйн хувьд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Түүнчлэн хүн байнга амьдрах орон байранд хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр гэх зэргийг хамааруулна. Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Б.М, Б.С-нар нь мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр хүн байнга амьдрах орон байранд буюу хохирогчийн эзэнгүй байсан гэрт нь нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг нь хулгайлсан байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.М, Б.С-нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

-Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Хохирогч Н.М- алдагдсан 4 ширхэг мөнгөн аягыг хүлээн авсан бөгөөд иргэний нэхэмжлэгч Г.У шүүгдэгч нараас 000.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Б.М мөрдөн байцаалтын шатанд 140.000 төгрөгийг төлсөн. Шүүгдэгч Б.С шүүхийн шатанд 130.000 төгрөгийг тус тус төлсөн тул тэднийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.М, Б.С нарт тус бүрт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Б.С нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байна. Харин шүүгдэгч Б.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар хоёр удаа ял шийтгүүлж байсан байх ба түүнд нэмж нэгтгэх ялгүй байна. 

Шүүхээс шүүгдэгч Б.М, Б.С нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзахаар хуульчилсан.

Иймд шүүгдэгч Б.М, Б.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан” шүүх хорих ялыг хөнгөрүүлж болох талаар заасан.

Иймд шүүгдэгч Б.М, Б.С нарыг  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хувийн байдлыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.М, Б.С нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний энэ хэрэгт цагдан хоригдсон 3 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М “Би 3-4 насны 2 хүүхэдтэй, хүүхдүүдийг миний төрсөн эх Ё.Бямбасүрэн харж байгаа”, шүүгдэгч Б.С“Миний бие 3 сар 28 хоног, 5 настай 2 хүүхэдтэй, хүүхдүүдийг миний төрсөн эх Б.Э харж байгаа” гэж мэдүүлсэн бөгөөд хүүхдүүдийн бичиг баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул шүүх энэ талаар хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.  

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2005003260000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Б.М, Б.С-нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.