Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 00119

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа

Улсын яллагч Я.Амарзаяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Я.Амарзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн А.Ад холбогдох 2032001130110 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1978 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхэд нарын хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан

-2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн № 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялаар

-2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн № 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссэн, бие эрүүл ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ончуул овогт Амарын А. /*/

 

Шүүгдэгч А.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Номтын № 22 тоот хашааны гадна зогсож байсан иргэн Ц.Эийн эзэмшлийн 43-88 СБА улсын дугаартай Соната загварын тээврийн хэрэгсэлд байсан нүдний шил 1 ширхэг, Apple загварын ай пад 1 ширхэг, Өд нэртэй нойлын цаас 1 ширххэг зэргийг хулгайлан авч 1633750 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Тод нэртэй хүнсний дэлгүүрийн арын хашааны буланд хамтран амьдрагч М.Эстай маргалдан арматурын төмрөөр түүний зүүн гарын шуу хэсэгт цохин эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Агийн өгсөн ......... 2020 оны 07 дугаар сард айлын гадаа зогсож байсан машины урд талын хаалгыг татаж үзсэн чинь онгорхой байхаар нь 2 суудлын хоорондох голын хайрцагнаас нь том гар утас, нойлын цаас, нүдний шил зэргийг авсан. Нүдний шилийг нь хүнд 3000 төгрөгөөр зарсан. Нойлын цаасыг нь хэрэглээд дууссан. Гар утсыг нь бас 50000 төгрөгөөр зарсан. Хэнд зарснаа мэдэхгүй байна. 2020 оны 08 дугаар сард хамтран амьдрагч Эстай архи ууж байхдаа цохисон байсан. Тухайн үед согтуу байсан болохоор яаж цохисноо санахгүй байна. Угаасаа би Эсаас хариугаа авах ёстой гэж шийдсэн байсан юм. Намайг Эс 5 жил зодож дарамталж байгаа юм. Миний толгой руу байнга цохиж зоддог. Миний чихийг хугалж боовон чихтэй болгосон. Мөн миний уруулыг сэтэлж байсан. Би Эст зодуулаад нэг ч удаа цагдаад өгч байгаагүй гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Ц.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .......  Би 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас Мандал сумын 1 дүгээр баг, Номтын 22 тоот хашааны гадна өөрийнхөө 43-88 СБА улсын дугаартай машинаа зогсоогоод дүүгийндээ орж мах хөлдөөгчинд нт хийгээд 5 минут орчмын дараа гарч ирсэн. Тэгээд дүүгийнхээ хашааны тэндээс хөдлөөд Номтын 19 тоот хашаандаа орж зогссон. Тэгээд тэр өдрийнхөө 22 цагийн орчим машиндаа үлдээсэн байсан ай падаа цэнэглэх гээд авах гэсэн чинь миний ай пад, нүднийшил, нойлын цаас зэрэг эд зүйлс алга болсон байсан. Тэгээд энэ талаараа цагдаагийн байгууллагад 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хандсан.... Ай падыг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас албан хэрэгцээнд зориулж үнэгүй өгч байсан. Энэ алдагдсан ай пад 1600000 төгрөгийн үнэлгээтэй. Би одоо 1400000 төгрөгөөр үнэлж байна. Нүдний шилийг 2019 оны 05 дугаар сард Улаанбаатар хотын Метро мол дэлгүүрээс 180000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би одоо энэ нүдний шилээ 150000 төгрөгөөр үнэлж байна. Алдагдсан нойлын цаасаа үнэлэхгүй гэх мэдүүлэг /Хх-н 20-21 дүгээр хуудас/

Гэрч Б.Бхгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ........ 2020 оны 07 дугаар сарын эхээр байх хэдний өдөр байсан гэдгийг санахгүй байна. Намайг зах дээр ногоо зарж байхад 18 цаг өнгөрч байхад Эс, А хоёр хүрч ирээд надад нэг нүдний шил үзүүлээд та энэ нүдний шилийг 3 мянган төгрөгөөр авчих хоолны мөнгө болгох гэсэн юм гэж хэлэхээр нь би тэр нүдний шилийг нь 3000 төгрөгөөр авсан. Тэгээд мөнгийг нь Ад өгсөн шиг санаж байна гэх мэдүүлэг /Хх-н 28 дугаар хуудас/

Хохирогч М.Эсын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .... Тэгээд харсан чинь зүүн гарын шууны дотор талаас цус гоожиж байснаа олгойдоод дээшээ цус шүүрээд цацраад эхлэхээр нь би цамцаа тайлаад боосон. Чи яаж байгаа юм бэ гэсэн чинь хохино хохино энэ бол эхлэл нь шүү би чамаас хариугаа авч байна, би тэртээ тэргүй шоронд орох гэж байгаа шийдсэн хүн, ялтай хулгайч шүү би луусангийн шорондоо очно гэх зэргээр элдэв юм яриад байсан. Миний гар өвдөөд зарим яриаг нь сонсоогүй... Тохойн чинээ урт зэвэрчихсэн арматурын төмөр байсан. Гарнаас цус их хэмжээгээр гоожоод өвдөөд тогтохгүй урсаад байсан болохоор цамцаараа боогоод тонгойгоод сууж байсан болохоор намайг цохисон төмрөө яасныг нь сайн хараагүй барьчихсан зогсож байх шиг байсан. Хаана хаясныг нь мэдэхгүй байна гэх мэдүүлэг /Хх-н 75 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр № 136 ....... Дүгнэлт:

1.М.Эсын биед зүүн гарын шуунд шарх, булчин, 2-5-р хурууны тэнийлгэгч шөрмөс бүрэн тасарсан гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх /Хх-н 86 дугаар хуудас/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 11-12 дугаар хуудас/

Алдагдсан Apple загварын ай падыг 1443750 төгрөгөөр, нүдний шилийг 190000 төгрөгөөр, нийт 1633750 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /хх-н 31 дүгээр хуудас/

А.Агийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 46 дугаар хуудас/

Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 95 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч А.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Номтын № 22 тоот хашааны гадна зогсож байсан иргэн Ц.Эийн эзэмшлийн 43-88 СБА улсын дугаартай Соната загварын тээврийн хэрэгсэлд байсан нүдний шил 1 ширхэг, Apple загварын ай пад 1 ширхэг, Өд нэртэй нойлын цаас 1 ширххэг зэргийг хулгайлан авч 1633750 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Тод нэртэй хүнсний дэлгүүрийн арын хашааны буланд хамтран амьдрагч М.Эстай маргалдан арматурын төмрөөр түүний зүүн гарын шуу хэсэгт цохин эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Аг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан  гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэлтэй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч А.А нь бусдын хөрөнгийг хулгайлахдаа нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр үйлдсэн байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, хохирогч М.Эсын биед зүүн гарын шуунд шарх, булчин, 2-5-р хурууны тэнийлгэгч шөрмөс бүрэн тасарсан хүндэвтэр гэмтэл тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиудаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...... Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно ..... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч А.Агийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохилоо нөхөн төлөөгүй учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тэнсэх боломжгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.А нь 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, 36 дугаар байрны гадна талбайд байрлах авто машины зогсоолд байсан иргэн Б.Нанзаддоржийн 69-19 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслээс Самсунг Нөт-8 загварын гар утас хулгайлж 400000 төгрөгийн хохирол учруулсан, А.А нь М.Эстай бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, 45 дугаар байрны гадна талбайд байрлах авто машины зогсоолд байсан иргэн Ц.Батболдын эзэмшлийн 91-97 УБД улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслээс иргэн Ц.Болормаагийн эзэмшлийн эд зүйл хулгайлж 530000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн № 64 дугаартай шийтгэх тогтоолоор бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа  хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тогтоож шийдвэрлэсэн байна.

Гэтэл шүүгдэгч А.А нь тэнссэн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Номтын № 22 тоот хашааны гадна зогсож байсан иргэн Ц.Эийн эзэмшлийн 43-88 СБА улсын дугаартай Соната загварын тээврийн хэрэгсэлд байсан нүдний шил 1 ширхэг, Apple загварын ай пад 1 ширхэг, Өд нэртэй нойлын цаас 1 ширххэг зэргийг хулгайлан авч 1633750 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Тод нэртэй хүнсний дэлгүүрийн арын хашааны буланд хамтран амьдрагч М.Эстай маргалдан арматурын төмрөөр түүний зүүн гарын шуу хэсэгт цохин эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн № 64 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт заасан тэнссэн болон албадлагын арга хэмжээ тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Аг 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгч А.Ад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450000 төгрөгийн торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хорих ялыг нэмж нэгтгэн А.Агийн эдлэх ялыг 01 жил 01 сарын хугацаагаар тогтоох, эдлэх ялыг нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч А.Агаас Ай пад хулгайлсны хохиролд эд зүйлийн үнэлгээгээр тогтоосон 1443750 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 7 дугаар баг, 7 дугаар байрны № 03 тоотод оршин суух, хохирогч Монгол овогт Цээлхаажавын Эт /РД:МЗ63092801/ олгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нүдний шил 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ц.Эт буцаан олгох,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, таньж олуулах ажиллагаа явуулсан 1 минут 45 секундын бичлэг бүхий Сиди 1 ширхгийг хавтаст хэрэгт нь үлдээхийг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1.Шүүгдэгч Ончуул овогт Амарын Аг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн № 64 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт заасан тэнссэн болон албадлагын арга хэмжээ тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Аг 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. А.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 06 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Ад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450000 төгрөгийн торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хорих ялыг нэмж нэгтгэн А.Агийн эдлэх ялыг 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан А.Ад оногдуулсан 01 жил 01 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн шар өнгийн нүдний шил 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ц.Эт /РД:МЗ63092801/ буцаан олгох, таньж олуулах ажиллагаа явуулсан 1 минут 45 секундын бичлэг бүхий Сиди 1 ширхгийг хавтаст хэрэгт нь үлдээх, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, А.А нь цагдан хоргидсон хоноггүй болохыг дурьдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Агаас 1443750 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 7 дугаар баг, 7 дугаар байрны № 03 тоотод оршин суух, хохирогч Монгол овогт Цээлхаажавын Эт /*/ олгосугай.

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН.