Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 868

 

 

 

 

 

 

 

      2020           10           06                                         2020/ШЦТ/868

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн,

улсын яллагч: С.Мөнхгэрэл, Э.Бадрал,

иргэдийн төлөөлөгч: С.А,

хохирогч Б.Дгийн өмгөөлөгч Л.О /ҮД:2439/ Г.С /ҮД: 2439/,

шүүгдэгч: Г.Г, түүний өмгөөлөгч Ц.Т /ҮД: 2361/ Б.Б /ҮД: 1057/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б овогт Г-гийн Г-т холбогдох эрүүгийн 1902007800323 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1976 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг багш дасгалжуулагч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн  хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Нархан хотхоны 51 дүгээр байрны 47 тоотод оршин суух, улсын  харцага цолтой, алтан гадас одонтой,  

            -Урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 261 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн,

            - Хан-Уул дүүргийн шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 283 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн,

            - Сүхбаатар дүүргийн шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 389 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар нийтийн албанд ажиллах эрх хасч, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, ЧР76042171 регистрийн дугаартай, Б овогт Г-гийн Г.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

Яллагдагч Г.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан суманд “Эко хэлхээ” ХХК-ийн үйл ажиллагааны улмаас байгаль орчин бохирдуулсан хэмээн бичлэг хийж, мэдээлэл тарааж сүрдүүлсэн, тус компанийн ерөнхий захирал Б.Эаас 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 30.000.000 төгрөг авсан,

Хохирогч Б.Дг “Босоо Хөх Монгол” төрийн бус байгууллагын хөдөө орон нутагт байрлах салбарт автомашин авч өгөхийг шаардаж, өгөхгүй бол 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тулга” зочид буудлын 303 тоот өрөөнд түүний гар утаснаас хуулбарлан авсан эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь сөрөг үр дагавар бий болохуйц баримт, мэдээллийг ашиглан олон нийтийн сүлжээгээр тараан сүрдүүлж, бусдыг эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг шаардсан,

Мөн 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Г.Г гэх фейсбүүк буюу нүүр хуудастай хаягаас олон нийтийн цахим хуудсанд “…Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд муугаар нөлөөлж халдварт өвчин тараахаас өгсүүлээд, бусдыг садар самуунд уруу татаж, хөвгүүд залуусыг гаж буруу чиг хандлагатай болгох зэрэг их хор хөнөөлтэй хүмүүс учир бид цаашдаа муу сайн нийгмийн хог шааруудыг хэлж байгаад янзлаад өгнө, илчилж ил гаргана…” гэх мэдээллийг байршуулж Б.Дг хүйс, үзэл бодол, бэлгийн хүйсийн чиг баримтаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхаж, эрх, эрх чөлөөг хязгаарласан гэмт хэрэгт холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар         

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эсэх  талаар

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан суманд “Эко хэлхээ” ХХК-ийн үйл ажиллагааны улмаас байгаль орчин бохирдуулсан хэмээн бичлэг хийж, мэдээлэл тарааж сүрдүүлсэн, тус компанийн ерөнхий захирал Б.Эаас 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 30.000.000 төгрөг авсан,

 

Хохирогч Б.Дг “Босоо Хөх Монгол” төрийн бус байгууллагын хөдөө орон нутагт байрлах салбарт автомашин авч өгөхийг шаардаж, өгөхгүй бол 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тулга” зочид буудлын 303 тоот өрөөнд түүний гар утаснаас хуулбарлан авсан эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь сөрөг үр дагавар бий болохуйц баримт, мэдээллийг ашиглан олон нийтийн сүлжээгээр тараан сүрдүүлж, бусдыг эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг шаардсан,

 

мөн 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Г.Г гэх фейсбүүк буюу нүүр хуудастай хаягаас олон нийтийн цахим хуудсанд “…Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд муугаар нөлөөлж халдварт өвчин тараахаас өгсүүлээд, бусдыг садар самуунд уруу татаж, хөвгүүд залуусыг гаж буруу чиг хандлагатай болгох зэрэг их хор хөнөөлтэй хүмүүс учир бид цаашдаа муу сайн нийгмийн хог шааруудыг хэлж байгаад янзлаад өгнө, илчилж ил гаргана…” гэх мэдээллийг байршуулж Б.Дг хүйс, үзэл бодол, бэлгийн хүйсийн чиг баримтаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхаж, эрх, эрх чөлөөг хязгаарласан гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар талуудын хүсэлтээр шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Гийн өгсөн  “ …Би “Босоо Хөх Монгол” ТББ тэргүүний ажлыг өмнө хийж байсан. Одоо энэ ажлаа хийхгүй байгаа. Босоо Хөх Монгол ТББ-ийн тэргүүнээр өөр хүн ажиллаж байгаа. Босоо Хөх Монгол ТББ нь нийтдээ 27.000 хүнийг гишүүнтэй. Босоо Хөх Монгол ТББ нь газар нутгийг бохирдуулсан байгууллагыг олон нийтэд харуулдаг байгаа. Ард түмнээс манай байгууллагад хамгаалж өгөөч байгаль орчин бохирдуулаад байна гэсэн хүсэлт ирсэнтэй холбогдуулаy манай байгууллагынхан телевизийнхнийг дагуулаад газар нутаг бохирдуулж байгаа газар очиход маш хортой бодис асгасан байсан. Мөн тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг уурхайнуудаас УИХ гишүүн н.Энхтүвшин хувь авдаг учраас орон нутгийн албан байгууллагууд нь хөдөлж чаддаггүй байсан. Тэгээд орон нутгийн хүмүүсээс манай байгууллагад энэ үйл явдлыг зогсоогооч гэсэн хүсэлтээр хандсан. Босоо Хөх Монгол ТББ-ийнхэн орон нутгийн иргэд хандсаны үндсэн дээр тухайн газар очсон. Мөн Босоо Хөх Монгол ТББ чуулган болоход нийтдээ 160.000.000 төгрөгийг төсөв цугларч зардал гарсан. Харин тухайн төсвийг бүрдүүлэхдээ ямар нэгэн хүнээс дарамталж мөнгөн авсан зүйл бол байхгүй. Босоо Хөх Монгол ТББ-ын ивээн тэтгэдэг байгууллага болон найз нөхдөөсөө тухайн төсвийг бүрдүүлж бүрдүүлж авсан байгаа. Намайг яагаад яллах гээд байгаа гэхээр Баянхонгор аймагт байрлах Францын маш том ураны олборлолт явуулдаг компани байдаг. Уг компанитай манай төрийн том том албан хаагчид холбоотой. Босоо Хөх Монгол ТББ-ын зүгээс тухайн компани үйл ажиллагааг зогсоох талаар удаа дараа арга хэмжээ аваад, сүүлдээ шүүхэд хандсан. Уг хэргийн талаарх шүүх хуралдаан нийтдээ 40 удаа хойшилсон. 30.000.000 төгрөгийг хувьд манай байгууллага аваад санхүүдээ тушаасан. Харин санхүүгийн тайлан дээрээ тухайн мөнгийг юунд яаж зарцуулсан талаараа тодорхой бичигдсэн. Уг санхүүгийн тайлан хавтас хэрэгт авагдсан байгаа. “Босоо Хөх Монгол” ТББ-ийн Баянгол дүүргийн салбараас “Дамдинсүрэн гэх трансжендэрийн барьсан, телевизийнхэнтэй хамт явж байна” гэж надтай холбоо барьсан. Миний зүгээс Баянгол дүүргийн Босоо Хөх Монгол ТББ-ын салбарт ажилладаг хүмүүстээ трансжендэрийг бариарай гэж заавар өгсөн зүйл байхгүй. Дамдинсүрэн, Солонго гэх трансжендэр нараас миний дугаар луу удаа дараа холбогдож намайг болон миний хүүхдүүдийг хэл амаар доромжилдог байгаа. Эрэгтэй хүн байж хиймэл хөх биедээ суулгаж бие үнэлдэг нь хүний ёсонд байж боломгүй. А.Алтанхуяг шүүгчийн захирамжаар намайг Увс аймагт явж байхад Увс аймгийн цагдаагийн газрынхан бие бүрэлдэхүүнээрээ ирж намайг барьж нисдэг тэргээр Улаанбаатар хот руу авчирсан. Намайг хотод тээврийн хэрэгсэлд явж байхад тусгай хүчнийхэн хүч хэрэглэж намайг барьж миний гарыг удаан хугацааны туршид өчсөнөөс үүдэлтэй миний мөр мултарсан. Би удахгүй мөрний хагалгаанд орох гэж байгаа. Солонго гэдэг хүн над руу 12 удаа залгасан, Дамдинсүрэн над руу 10 удаа залгаж дарамталсан гэв ” гэх мэдүүлэг,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 6-8/,

Шүүгдэгч Г.Гийн цахим орчинд оруулсан пост /1хх 11-13/

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 19-20/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх 21/

Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 22-26/,

Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэлийг буулгасан бичлэг бүхий CД

Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, нэгжлэгээр хураан авсан баримт бичиг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 202-211, 212-214/

Титан Бамбай ХХК-ийн рапортын дэвтрийн хуулбар /3хх 211-215, 4хх 117-122/

 СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 136-137, 138-140, 141-143/

Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс  татгалзах тухай прокурорын 5000 дугаартай тогтоол болон мэдүүлгүүд /4хх 150-165/

 

Хохирогч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“....2019 оны 09 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байхад 86020672 гэсэн дугаараас миний 80470087 гэсэн дугаар руу залгаад зараас чиний дугаарыг авлаа гэсэн. Тэгэхээр нь би тэр хүнд транс хүмүүсийг ойлгодог биз дээ ойлгодог хүнтэй л уулзана хэрэв тийм бол уулзаж болно гэсэн юм.  Тэгээд уулзахаар болоод  гэрийнхээ ойролцоо байдаг “Тулга” нэртэй буудалд 303 тоот өрөөнд өрөө авчихлаа гэхээр нь уг өрөөнд нь яваад ортол тэр хүн намайг чи цагийн  хэдээр явдаг юм мөнгөө дансаар явуулна, чи дансаа хэлчих гээд яриад байж байтал гаднаас “ТВ-4” телевизийн хүмүүс болон “Босоо хөх Монгол” ТББ-н хүмүүс нийлсэн 10-аад хүн орж ирсэн......надад шууд тулгаж асуулт тавиад дарамтлаад эхэлсэн... Чамаас өөр хэдэн трансжендер байдаг вэ, тэднийг яаж олох вэ, та нарын цугладаг ямар ямар газар байдаг вэ гэж асуугаад,  хэлэх юм бол чамайг зүгээр явуулна гэж дарамтад оруулсан. Би тэдэнд хоёр байгууллагын байршил болон нэг трансжендер хүний дугаарыг хэлж өгсөн......тэгэхгүй бол тэр хүмүүс намайг явуулахгүй миний зургийг фейсбүүкээр тараана гэж айлган сүрдүүлж дарамталж байсан....2019.09.07-ны өглөө цагийг нь санахгүй байна фейсбүүк дээр Ганхуяг хүн трансжендерийн тухай айлган сүрдүүлсэн утгатай пост оруулсан байсан учир надтай урьд өдөр уулзах гэж байсан 86020672 гэсэн утас руу залгаж  Ганхуяг гэдэг хүний дугаарыг авсан тэгээд Ганхуягийн 99118033 гэсэн дугаар руу залгаад яагаад зураг хамаагүй тавиад байгаа юм бэ, гэрийнхэнтэйгээ уулзах нүүргүй боллоо гэх утгатай юм ярьж байтал дүүрэг орон нутагт Босоо Хөх Монгол ТББ-ийн  олон салбар байгаа. Нэг салбарт машин авч өг, авч өгч чадахгүй бол та нарыг шившиг болгоно ... гэсэн утгатай зүйл  ярьсан.... Ганхуяг гэх хүнтэй дахиж холбогдоогүй. Надаас машин нэхсэн машин бараг 10 орчим сая төгрөг болох байх гэж бодож байна...Би хоёр гар утастай юм, түүнтэй ярьж байхдаа нэг утсаараа яриад нэг утсаа видео дээрээ тавиад бичлэг хийсэн. Босоо Хөх Монгол ТББ-ийн тэргүүн Г.Гтай би өөрийн 80470087 гэсэн дугаараас ярьсан юм.... Би Г.Г гэх хүнтэй өөрөө утсаар дахин дахин холбогдож өөрийн зүгээс ямар эд зүйл өгөхийг хүсэж байгаагүй. Харин Г.Гтай ярьсан өдрийн  орой трансжендер Солонгоо над руу яриад Г.Г чамаас 10 сая төгрөг нэхэж байна уу гэж надаас асууж байсан…” гэх мэдүүлэг /1хх-ийн 31-39 тал/,

 

Гэрч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Би 2019.09.06-07-нд шилжих шөнө Ай макс кино театрт кино үзэж байхад 86020672  дугаартай утаснаас над руу залгасан....ингээд бид хоорондоо мессэж бичиж байгаад Баянгол дүүргийн шүүхийн замын ард байрлах  Тулга зочид буудалд  303 тоот өрөөнд уулзахаар болсон. 303 тоот  өрөөнд ороход нэг залуу байсан, удалгүй араас өрөөний хаалга тогшихгүйгээр  10 гаруй хүн орж ирсэн. Энэ орж ирсэн хүмүүсийн дунд 2 эмэгтэй бусад нь эрэгтэй хүмүүс байсан. Тэр эмэгтэй нь трансжендер хүмүүс уулзсан хүмүүсийнхээ талаар нотолгоо болгож бичлэг хийж шантааж хийж, заналхийлдэг, дох өвчин тараадаг гэж байна гэж тулгаж асуусан. Ингэж асуух үедээ бичлэг хийгээд байсан. Би ийм үйлдэл хийдэггүй гээд гарах гэтэл  ”Босоо хөх монголын” гэх эрэгтэй хүн миний утсыг булааж аваад кодоо гарга гэсэн. Би утсаа өгөөд ийм үйлдэл хийдэггүй үз гээд кодоо хийгээд нээж үзүүлсэн. Энэ үед миний гар утасны зураг байрладаг хэсгээс 10 орчим зургийг утсаараа дарж авсан. Тэр “Босоо хөх монгол “ ТББ бүлгэмийн гэх хүмүүс .... нүүрийг чинь угаана, үсийг чинь хусна шалдалж байгаад зургийг чинь цахим орчинд тавина гэж сүрдүүлсэн... Энэ үйл явдал болсны маргааш нь Г.Г гэх хүн миний зураг бусад трансуудын зургийг тухайн үед ажилласан хүмүүсийн зургийг нийтэд харахаар public тохиргоотой трансуудыг доромжилсон заналхийлсэн мессежтэй хамт байршуулсан байсан..... “Босоо хөх монгол “ТББ-ын тэргүүн Г.Г гэх хүний утсыг авч түүнтэй утсаар  холбогдож та яагаад ийм мэдээлэл тавьж байгаа юм бэ,  таны энэ үйлдлээс болж ар гэрийнхтэйгээ уулзах эрхгүй болж байна, гадуур явахад хүндрэлтэй байна та устгаад өгч болох уу гэхэд өөр зураг нэмээд тавьж өгч  болно шүү гэж хэлсэн Ингээд дахиад доромжлоод байхаар нь энэ яриаг нь бичлэг хийсэн байгаа.... Намайг та энэ үйлдлээ яавал болих юм бэ гэхэд манайх олон хөдөөгийн салбартай нэг салбарт машин авч өг тэгвэл та нарыг зүгээр орхиё. Хэрвээ авч өгөхгүй бол шившиг болгоно зүгээр орхихгүй гэсэн, тэгээд дахин холбогдоогүй...“Босоо хөх монгол “ТББ-н тэргүүн гэх Ганзоригийн Ганхуяг гэх хүний шалгаж өгнө  үү …” гэх мэдүүлэг /1хх-ийн 41-44 тал/,

 

Гэрч А.Ганчимэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би  2019 оны 09 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө  Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг “Тулга” зочид буудалд  ажил дээрээ байсан. Би  “Тулга” зочид буудалд ресепшн хийдэг юм... буудалд орж байгаа хүний бичиг баримтыг шалгаж бүртгэж оруулдаг юм. 303 тоот өрөөнд Дөлгөөн гэж хүн ганцаараа орсон...00:30 цагийн үед  Босоо хөх Монгол бүлгийн 10-аад хүн 303 тоот өрөөнд орсон. Энэ бүлгийн хүмүүс ирэхдээ ТВ-4 гээд телевизийн хүмүүстэй ирээд 01 цагийн үед буцаад бүгдээрээ гараад явсан. .. Намайг тэр өрөө рүү оруулаагүй болохоор өрөөнд юу болсныг мэдэхгүй байна. Намайг тэр өрөө рүү оруулаагүй би хальт хаалгаар нь шагайгаад харахад буланд шахаад зогсоосон юм асуугаад байх шиг байсан.....Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.…” гэх мэдүүлэг /1хх-ийн 45-47 тал/,

 

Гэрч Л.Баяржаргал мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Би “ТВ”-4 телевизийн сэтгүүлч редактораар 2015 оноос хойш ажиллаж байна. Би 2019 оны 09 дүгээр сарын 06-07-нд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Төмөр замд байрлах “Тулга” нэртэй зочид буудалд шөнийн сурвалжилгаар ажиллаж байсан. “Тулга” зочид буудалд шөнийн сурвалжилгаар ажиллахдаа зураглаач Дөлгөөний хамт ажиллаж “ Босоо хөх Монгол” төрийн бус байгууллагаас дэмжлэг хүсэж хамт ажилласан. “ Босоо хөх Монгол” төрийн бус байгууллагын Баянгол дахь салбар зөвлөлийн гишүүдтэй хамтарч ажилласан салбар зөвлөлийн тэргүүн нь бидэнтэй хамт ажилласан. ....2019 оны 09 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө “Тулга” зочид буудал дотор трансжендер иргэн байна гэх мэдээллийг Эх сурвалжаасаа олж авсан. ....гэх учир хамгаалах зорилготой хамт ажилласан....Гомдол гаргагчийн утсыг хүчээр хурааж аваагүй тийм зүйл байхгүй өөрөө утсаа өгч байсан…” гэх мэдүүлэг /1хх-ийн 50-53 тал/,

 

Гэрч Б.Нямдаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Би Сонгинохайрхан дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэр салонд үсчин хийж байгаа. Би “Босоо хөх Монгол” Баянгол салбарт 2019.07-р сарын эхээр газар шороо эх орныхоо төлөө явж хүмүүстэй нэгдэж эх орон байгаль дэлхийгээс хамгаалах зорилгоор элсэн орсон юм. ....манай Баянгол салбарын групп чаатанд “ТВ4” телевизийнхнийг  хамгаалах журмаар тэдний хүсэлтээр явах гэж байна завтай хүн байна гэсэн чат ирсэн байсан ... “Тулга” нэртэй зочид буудал руу очоод тэнд ... машинд хүлээгээд сууж байтал удалгүй 303 тоот руу ороод ир гэж байна гээд бид гурав машинаас буугаад буудал руу ороход “ТВ4” телевизийнхэн тэр Нандиа гэдэг хүнээс ярилцлага авч байсан.  Тэр нь цаашаа буруу хараад зогсож байсан удалгүй телевиз ярилцлагаа авч дуусаад гараад явцгаасан. Трансжендер иргэдтэй холбоотой мэдээллийг би сайн мэдэхгүй байна пост оруулаад устгасан байх. Трансжендер иргэний  гар утаснаас ямар нэгэн мэдээлэл хуулбарлан аваагүй…” гэх мэдүүлэг /1хх-ийн 70-73 тал/,

 

Гэрч М.Мөнхжин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Би хувиараа 7-н буудлын эцэст үсчин хийж байгаа. “Босоо хөх Монгол” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагад би элсэн орсон зүйл бол байхгүй ... яг ямар байгууллага юу хийдэг талаар сонирхож байгаа юм...“ Босоо хөх Монгол” Төрийн бус байгууллагын тэргүүн Г.Гтай уулзаж байгаагүй...Баянгол салбарын тэргүүн Т.Жаргалсайхан хамгаалалт явах завтай хүн байна уу гэсэн хүсэлтийн дагуу явсан. Тэр хүн өөрөө гар утсаа гаргаж ирээд Солонгоо биднийг ингэж дарамталдаг гээд яриа чагнуулаад байсан. Өөр хүнтэй утсаар яриад мөнгө нэхэж байгаа бичлэг сонсгоод байсан. Намайг анх буудлын өрөөнд ороход Т.Жаргалсайхан, трансжендер хүн, сурвалжлагч болон зураглаач залуу байсан бусдыг нь танихгүй. Бичлэг хийгээрэй гэж үүрэг чиглэл өгөөгүй. Г.Гийн фейсбүүк хаягийг мэдэхгүй…” гэх мэдүүлэг /1хх-ийн 85-88 тал/,

 

Гэрч У.Ариунболд мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Би одоо Наран супермаркетад хяналтын ажилтан хийдэг юм. Би “Босоо хөх Монгол” нийгэмд  үйлчлэх төрийн бус байгууллагад эх орон газар шороогоо хамгаалах зорилгоор одоогоор 5 сарын өмнө элсэн орсон юм. Хандив мөнгө өгсөн зүйл байхгүй татвар хураамж төлдөггүй. Би Баянгол дүүргийн салбарт харьяалагддаг....“ТВ-4” телевизтэй хамтарч ажиллах талаар Баянгол салбарын тэргүүн Т.Жаргалсайхан санал тавьж “ТВ4” телевизээс ярьж байна,  трансжендер иргэд хууль бусаар биеэ үнэлж байна,  биеэ үнэлэхдээ үйлчлүүлж байгаа иргэдийнхээ талаар бичлэг хийдэг, ар гэрт нь үзүүлнэ олон нийтэд цацна гэж дарамталдаг мөн согтуу ганц бие явж байгаа хүмүүсийг дээрэмдэж зоддог тэр талаар сурвалжилга хийх гэсэн юм. Баянгол дүүргээс хамгаалалтын чиглэлээр туслалцаа үзүүлээч гэсэн санал тавьсан байсан энэ хүсэлтийн дагуу буудал руу цуг орсон... Г.Г тэргүүний оруулсан постыг нь уншсан. Ямар нэгэн мэдээлэл хуулбарлан аваагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 92-95 тал/,

 

Гэрч Т.Жаргалсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би “Босоо хөх Монгол” НҮТББ-ын төлөөлөн удирдах зөвлөлийн Баянгол дүүргийн тэргүүнээр ажиллаж байгаа... 2019.09.06-ны орой 23 цаг өнгөрч байхад сэтгүүлч Азаа/Баянжаргал/-н дуудсанаар сэтгүүлч Азаатай уулзаад Баянгол салбарын 8 залууг чатаар дуудсан байсан юм тэр залуучууд ирээд бичил хорооллын нэг зочид буудал руу явцгаая гэсэн юм тэгээд утсаар болон замдаа явж байхдаа сэтгүүлч Азаагаас трансжендер, гомо нар ямар гэмт хэрэг хийж согтуу үйлчлүүлэгчээ зодож дээрэмддэг, ёс бус бэлгийн ажил хийгээд тэрнийхээ бичлэгийг шантаажны хэрэгсэл болгодог тухайн хүнээ шантаажилдаг  гэх талаар ярилцаж мэдэж авсан. “Тулга” зочид буудлын гадаа очоод цаг гаран хүлээж байгаад сэтгүүлч Азаа утсаар  яриад 303 тоотод ороод ирээ гэж хэлсэн тэгээд 303 тоот орсон гэтэл Дамдинсүрэн гэдэг залуу эмэгтэй хувцастай хүүхэн шиг хашхираад юу болоод байна гээд  байсан. Тэр үед сэтгүүлч түрүүлж ороод араас нь би ороод сэтгүүлч Азаа гар утсыг нь ав гэсэн би очоод утсыг нь аваад шууд сэтгүүлч Азаад дамжуулан өгсөн ийм л юм болсон...“Босоо хөх Монгол” нийгэмлэгд үйлчлэх төрийн бус байгууллагын тэргүүн Г.Гтай уулзаагүй....” гэх мэдүүлэг /1хх-ийн 100-108 тал/,

 

Гэрч М.Чингисийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би хотын төвд хувиараа экскаватор барьж үйлчилгээнд явдаг юм. “Босоо хөх Монгол” нийгэмлэгд үйлчлэх төрийн бус байгууллагад 2019.01-р сард элсэн орсон юм. Би үнэний төлөө, эх орныхоо төлөө явж байгаа учир элсэн орох нь зөв юм байна гэж бодоод орсон. “Босоо хөх Монгол” нийгэмд  үйлчлэх төрийн бус байгууллагын Баянгол салбарт харьяалагддаг юм... Бид нарыг  очиход 3 давхар руу ороод ир гээд  ороход “ТВ4” телевизийн зураглаач сэтгүүлч хоёр эрэгтэй, эмэгтэй нь мэдэгдэхгүй нэг хүнтэй хамт байж байсан.Сурвалжлагч ярилцлага аваад бид нар наана нь хараад зогсож байсан. Нэлээн удаан ярилцлага аваад дууссаны дараа бид нар яагаад ингээд явдаг юм гээд хэсэг ярилцсан юм энэ хугацаанд цагдаа дуудсан байсан юм цагдаа ирэхгүй байсан учир тэр хүнийг орхиод явцгаасан юм. Би ямар нэгэн мэдээлэл хуулбарлан аваагүй. “ Босоо хөх Монгол” ТББ-ийн тэргүүн Г.Гийг тэргүүн гэдгээр нь мэднэ өөр холбоо байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 113-116 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №12063 дугаартай шинжээчийн “1. Б.Д нь урьд өмнө бэлгийн харьцаанд орж байсан байна. 2. Б.Д нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. 3. Б.Д нь бэлгийн харьцаанд орох чадвартай эсэхийг тогтоолгохоос татгалзсан болно. 4. Б.Д нь эр хүйстэй байна. 5. Б.Д нь хиймэл хөх хийлгэсэн боловч хүйс солиулах мэс засал хийлгээгүй байна” гэх дүгнэлт /1хх-ийн 129 тал/,

 

Хохирогч Б.Дгийн иргэний үнэмлэхийн хуулбар /2хх 16/,

Хохирогч Б.Дгийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй гэсэн ЦЕГ, Эрүүгийн цагдаагийн албаны 334 дугаартай албан тоот /2хх 10/,

 

Гэрч Б.Билгүүн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Би 2019 оны намар Г.Г гэх хүний  хувийн фейсбүүк хаяг дээрээ трансжендер гэх хүмүүсийг нийгэмд байлгах ёсгүй гэх утгатай гутаан доромжлох өнгө аястайгаар миний зургийг зөвшөөрөлгүйгээр байрлуулсан байсан тул би тус зургийг устгах талаар фейсбүүк хаягаар Ганхуягтай холбогдож миний зургийг устга гэж хэлсэн. Удалгүй Ганхуяг миний 99902882 дугаарын утас руу 9911-тэй дугаараас залгаад ярихаар нь би Ганхуягт хандан та ямар учиртай миний зургийг фейсбүүк орчинд байршуулсан юм бэ гэж асуухад манай хүмүүс нэг трансжендэр биеэ үнэлэгчийг барьсан тус хүний утсыг шалгахад чиний зураг байсан гэж хэлсэн.Тэгэхээр нь би фейсбүүкт тавьсан зургаа устга гэж хэлэхэд та нарыг өмгөөлдөг цагдаа гэж байхгүй гэж хэлсэн.Би Г.Г гэх хүнээс мөнгө төгрөг огт нэхэж байгаагүй. Г.Гийг заналхийлсэн зүйл байхгүй…” гэх мэдүүлэг /4хх-ийн 154-155 тал/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай тогтоолыг танилцуулсан тухай тэмдэглэл /1хх, 132-134, 143-144/,

       

Яллагдагч Г.Гийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....Би Солонго гэх хүнийг танихгүй харин сүүлийн үед над руу яриад байдаг болсон фейсбүүк дээрээс харж байсан. Манай байгууллага дээр одоогоор тээврийн хэрэгсэл байхгүй бүгд хувийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаа. Манайх улсад бүртгэлтэй. Би Дамдинсүрэн гэх хүнийг танихгүй “ТВ4” телевизээр ярилцлагыг нь харсан. Оролцсон хүнийг мэдэхгүй байна олон гишүүнтэй,  би бүгдийн танихгүй. Манай төрийн бус байгууллага нь 27.000 гишүүнтэй үүнээс яг үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог гишүүдийн тоог хэлж мэдэхгүй байна. Удирдах зөвлөлийн дарга гишүүд хүртэл идэвхтэй оролцдог. Гишүүдэд би өөрөө гарын үсэг зурж үнэмлэх өгдөггүй юм ....Би өөрөө хувь хүний зүгээс трансжендерчүүд, гомо, лейсбичүүдийг нийгмийн гаж  үзэгдэл, нийгэмд хор нөлөөтэй жирийн залуучуудыг уруу татаж бэлгийн чиг хандлагыг нь өөрчилж ижил хүйстэн болгодог, биеэ үнэлж нийгмийн халдварт өвчин тараадаг гэж жигшиж ойлгодог. Миний фейсбүүк постын хувьд би өөрийн байнга ороод байх боломжгүй завгүй байдаг миний найз Мөнх-Эрдэнэ надтай хамт хөтөлдөг манай төрийн бус байгууллагын зөвлөх гэсэн албан бус орон тоон дээр явдаг. Энэ постыг Мөнх-Эрдэнэ тавьсан. Би зөв гэж дэмжиж байсан ч постын зарим үгийг устгаж найруулгыг  нь өөрчилсөн. Би үсийг нь хусна, хувцсыг нь урж нүцгэлж зургийг нь авна гэж бичсэн байсныг нь өөрчилсөн. Маргааш нь Нандиа гэдэг трансжендер над руу ярьсан тэр үед байгууллагын оффис дээрээ бид нар олуулаа байсан тэгээд тэр хүнийг шоглож тоглоомоор ярьсан хажуугаар манайхны нэг нь манай нэг салбарт машин аваад өг гээд хэлчих  тэгвэл яахын үзье 60000 төгрөгөөр биеэ үнэлж байгаа хүнд ямар мөнгө байх вэ дээ гэж бид нар инээж байсан тэгээд ч энэ бузруудаас юугаа авдаг юм гээд шоолж хөхрөлдөж байсан тоглоом шоглоомоор асуусан юм. Автомашин аваад өг гэж Б.Батбаяр тоглоомоор хэлсэн. Би 99118033 гэсэн дугаарыг ашигладаг өөр дугаар надад байхгүй…” гэх мэдүүлэг /1хх 135-141/,

 

Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд “…Би Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог багийн нутаг дэвсгэрт байрлах ‘Жонш баяжуулах үйлдвэр”-ийг түрээслэн ажиллуулдаг юм аа...... Бат-Ирээдүй утсаар над руу залгаад манай үйлдвэрийн хашаанд “Босоо хөх монгол” ТББ-ын гишүүд болон нутгийн иргэд дайраад орж ирлээ гэж хэлэхээр нь би холбогдох баримтаа үзүүлж харуулаарай, наад хүмүүс чинь явахгүй бол тараах арга хэмжээ авч хоолонд оруулаад байрлуулаарай гэж хэлсэн. 2019 оны 04 дүгээр сарын 15-ний шөнө 01 02 цагийн орчимд би үйлдвэр дээрээ ирэхэд манай үйлдвэр дээр гаднын хүмүүс байгаагүй тараад явчихсан байсан. Би үйлдвэрийн ажилчдынхаа авсан арга хэмжээтэй танилцаж, ажилтан нартайгаа уулзаж хурал хийж үүрэг тавьсан. Тус хурал дээр Бат-Ирээдүй надад “Босоо хөх монгол” ТББ-ын гишүүд манай үйлдвэрт орж фейсбүүкт  хаягт байрлуулсан лайвыг үзүүлсэн мөн тус төрийн бус байгууллагын гишүүдийг “Болор 2” нэртэй буудалд 4 өрөө авч байрлуулсан, хоолонд оруулсан гэж хэлсэн.....Удалгүй санай үйлдвэр дээр ирсэн хүмүүс тараад явахаар нь би “Босоо хөх монгол” ТББ-ын тэргүүн Г.Гтай уулзах санал тавьж ярилцсан. Г.Гт хандаж “та нар болсон асуудлыг арай дэндүү хэтрүүлэгтэйгээр цахим фейсбүүкт  байрлуулж олон нийтэд мэдээлээд байна. Тус бичлэгүүдээ устгаж өгөөч, дахин манай үйлдвэрийн талаар янз бүрийн бичлэг битгий хийгээч, хэрэв устгаж өгсөн тохиолдолд манай компанийн  зүгээс танай төрийн бус байгууллагад 30.000.000 төгрөг өгье” гэж хэлсэн” тэгэхэд Г.Г төрийн бус байгууллагынхаа удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзалдаж зөвлөлдөж байгаад хариу хэлнэ гэж хэлээд явсан. Тухайн өдөр “Босоо хөх монгол” ТББ-ын тэргүүн Г.Г, гишүүн Төмөрхуяг нартай үйлдвэрийн ойролцоо дахин уулзаж ярилцахад надад хандаж манай төрийн бус байгууллагын хурал зөвлөгөөн болох гэж байгаа тул чиний өгөх 30.000.000 төгрөгийг тус зөвлөгөөний зардалд зарцуулъя, бид нар интернэт орчинд  байрлуулсан танай үйлдвэртэй холбоотой бичлэгүүдээ устгана, одоо хүмүүсээ аваад хот руу буцлаа гэж хэлээд явцгаасан.... Би үйлдвэр дээрээ ажиллаж байгаад 3-4 хоногийн дараа Улаанбаатар хотод ирээд өөрийнхөө 99104438 дугаарын утаснаас “Босоо хөх монгол”  ТББ-ын гишүүн 88-тай /яаг хэд гэсэн дугаар байсныг одоо санахгүй байна/ дугаар луу залгаж Г.Гтай уулзаж, амласан мөнгөө өгье гэж хэлэхэд би Г.Гтай холбогдчихоод буцаагаад залгана гэж хэлээд утсаа салгасан удалгүй миний утас руу Төмөрхуяг залгахаар нь аваад ярихад “Наадам центр” төвийн ойролцоо уулзъя гэж хэлсэн. Би “Эко хэлхээ” ХХК-ний гүйцэтгэх захирал Нандинцэцэгийг 30.000.000 төгрөг бэлнээр аваад манай гэрийн гадаа хүрээд ир гэж дуудсан. Удалгүй Нандинцэцэг надад 30.000.000 төгрөг авч ирж өгсөн. Би тус мөнгийг аваад тохиролцсон газартаа ирэхэд Төмөрхуяг, Ганхуяг гар миний автомашин дотор орж ирээд надтай уулзаж 30.000.000 төгрөг аваад фейсбүүкт  байрлуулсан бичлэгээ устгаж байгаа санаа зоволтгүй гэж хэлээд явсан. Нэг хоногийн дараа  фейсбүүкт бичлэгүүд нь устсан байсан …” гэх мэдүүлэг /2хх-ийн 223-226 тал/,

 

Гэрчээр Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд “…манай үйлдвэрийн дарга Бат-Ирээдүй залгаад иргэд болон “Босоо Хөх Монгол” ТББ-ийн хүмүүс үйлдвэрт дайраад ороод ирлээ гэж мэдэгдсэн. Би үйлдвэр дээрээ шөнийн 01 билүү 02 цагийн үед ирсэн. Намайг очиход хүмүүс тарсан байсан. Тэгээд үйлдвэрийн дарга болон ажилчидтайгаа хуралдсан.  Тус хурал дээр Бат-Ирээдүй надад “Босоо хөх монгол” ТББ-ын гишүүд манай үйлдвэрт орж ирээд фейсбүүк  хаягт байрлуулсан бичлэгийг  үзүүлсэн. Өглөө 08 цагийн орчимд манай үйлдвэр дээр “Босоо хөх монгол”  ТББ ын тэргүүн Г.Г, гишүүдийн хамт, иргэдийн төлөөлөл ирж надтай уулзсан. Тухайн уулзалтаар “Босоо хөх монгол” ТББ-ын тэргүүн, гишүүд болон иргэдийн төлөөллийн зүгээс надаас нөхөн сэргээлтэй хэрхэн яаж хийх вэ, байгаль орчинд учруулсан хохирлоо барагдуулах уу, шүүрэл өгсөн хаягдлын далангаа хэрхэн засварлах талаар асууж тодруулахад нь би мэргэжлийн байгууллагууд ирж шалгалт хийнэ, өгсөн зааварчилгааг нь биелүүлэн ажиллана, нөхөн сэргээлтээ бүрэн хийж гүйцэтгэнэ, байгаль орчинд учруулсан хохирлоо  төлж барагдуулна гэж хэлсэн.  Удалгүй манай үйлдвэр дээр ирсэн хүмүүс тараад явахаар нь би “Босоо хөх монгол” ТББ-ын тэргүүн Г.Гтай уулзах санал тавьж ярилцсан. Г.Гт хандаж “та нар болсон асуудлыг арай дэндүү хэтрүүлэгтэйгээр цахим орчинд байрлуулж олон нийтэд мэдээлж  байна. Тус бичлэгүүдээ устгаж өгөөч, дахин манай үйлдвэрийн талаар янз бүрийн бичлэг битгий хийгээч гэж хэлсэн. Тэгэхэд Г.Г төрийн бус байгууллагынхаа удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзалдаж зөвлөлдөж байгаад хариу хэлнэ гэж хэлээд явсан....Тэр явдлаас хойш Улаанбаатар хотод  ирээд “Босоо Хөх Монголын” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүнтэй Төмөрхуягтай утсаар холбогдоод “ бичлэг устгаагүй байна. Би одоо мөнгийг чинь өгье Ганхуягт хэлээд бичлэг устгаад өгөөч” гэж ярьсан. Тэгсэн чинь “Босоо Хөх Монголын” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүнтэй Төмөрхуяг надад “гурвуулаа уулзъя “ гэж хэлсэн. Тэгээд тэр өдөртөө “Босоо Хөх Монголын” ТББ-ын тэргүүн Г.Г, “Босоо Хөх Монголын” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Төмөрхуяг нарт 30 сая төгрөг бэлнээр өгсөн. Намайг 30.000.000 төгрөг “Босоо хөх монгол”  ТББ-ын тэргүүн Ганхуяг, Төмөрхуяг нарт өгсөн талаар УИХ-ын гишүүн Дэлгэрсайхан, Дорноговь аймгийн засаг дарга Энхтүвшин нар мэдэж байгаа. Тус хүмүүстэй уулзахдаа болсон асуудлын талаар хэлсэн. Өөр хүн мэдэхгүй. Би “Эко хэлхээ” ХХК-ний бэлэн мөнгөний кассаас бэлнээр авсан. Босоо хөх монгол”  ТББ-ын тэргүүн Ганхуяг, Төмөрхуяг нарт  30 сая төгрөг өгсөн баримт нотолгоо надад байхгүй…” гэх мэдүүлэг /2хх-ийн 227-230 тал/,

 

Гэрч Б.Дэлгэрсайхан мөрдөн шалгах ажиллагаанд “...2019 оны 05 дугаар сард Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт жонш баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Эко Хэлхээ” нэртэй компани нь ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад бохирын хоолойны далан нь задраад байгаль орчин бохирдуулсан асуудал гаргаж уг асуудал тухайн аймгийн мэргэжлийн хяналтын хэлтэс ирэхээс өмнө “Босоо Хөх Монголын” ТББ-ийн тэргүүн Г.Г “Босоо Хөх Монголын” ТББ-ийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн О.Хэрлэн нар бусад гишүүдийн хамт ”Эко Хэлхээ” компанийн захирал Б.Энхболдыг дарамталж мөнгө авсан гэсэн мэдээлэл ирсэн......намайг дарамталж 30 сая төгрөгийг бэлнээр уг мөнгийг энхтайваны  гүүрний доор “Босоо Хөх Монголын” ТББ-ийн тэргүүн Г.Г өөрийн биеэр ирж авсан гэж хэлсэн…” гэх мэдүүлэг /2хх-ийн 231-234 тал/,

 

Гэрч С.Нандинцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд “…Би “Эко Хэлхээ “ХХК-нд 2018 оны 08 дугаар сард гүйцэтгэх захирлаар орсон....2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр “Эко Хэлхээ “ХХК-ний ерөнхий захирал Б.Э надад хандаж 30 сая төгрөг бэлнээр нь бэлдээд манай гэрийн гадаа аваад ир гэж  хэлсэн учир би кассаас  30 сая төгрөгийг аваад мөнгийг өгөөд ажил руу гаа явсан. Тус мөнгийг юунд хэрэглэх гэж байгаа талаар захирлаас асуугаагүй мөн энэ талаар мэдэхгүй...захиралд бэлнээр аваачиж өгсөн 30 сая төгрөгийг Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт байрлах “Жонш баяжуулах үйлдвэр”-ийн далангийн  хаягдлын зардал төлбөрт ашигласан гэж бүртгэж тооцоонд оруулсан…” гэх мэдүүлэг /2хх-ийн 235 тал/,

 

Гэрч А.Элбэгсайхан мөрдөн шалгах ажиллагаанд “…Би 2019 оны 052 сараас эхлэн “Эко Хэлхээ” ХХК-ний Дорноговь аймгийн Даланжаргалан сум дахь жонш баяжуулах үйлдвэр дээр үйлдвэр хариуцсан даргаар очсон юм. 2019 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр хаягдлын даланд шүүрэлт өгч, хаягдал ус гадагшилж үйлдвэрийн үйл ажиллагаа зогссон байсан. Энэ үед Босоо Хөх Монгол ТТБ-ын холбогдох удирдлагууд гишүүдийн хамт мөн ИТХ-ын дарга Н.Болдбаатар тэргүүтэй хүмүүс үйлдвэрт шалгалт үзлэг хийнэ гэх нэрийдлээр нэвтрэн орж байгууллагын үйл ажиллагааг тасалдуулсан.....Н.Болдбаатарыг ярьсны дараа Босоо Хөх Монгол ТТБ-ын удирдах зөвлөлийн гишүүн Пүрэвням танай үйлдвэр лүү бид ормоор байна “чи эрх мэдэлтэй хүмүүсийн  хөл гар болж яваад юманд хүрэхгүй шүү. Бид нар чамайг ямар явахыг чинь харна. ”Бид нар үйлдвэрийг чинь шалгана” гэж дарамталсан би өмнөх адил зөвшөөрөөгүй. Удалгүй зөвшөөрөлгүй Н.Болдбаатар Босоо Хөх Монгол ТТБ-ын тэргүүн Г.Г нар үйлдвэрийн хашааг машинаар мөргөөд дайраад орчихлоо гэж хэлсэн. Үүний дараа 15 минутын дараа Босоо Хөх Монгол ТТБ-ын тэргүүн Г.Г гэх хүн над руу 99118033 дугаарын утаснаас залгаад “Үйлдвэр чинь ажиллахгүйн байгаа юм байна. Нөхөн сэргээлтээ сайн хийсэн байна бид явлаа гэж хэлээд явсан. Н.Болдбаатар Босоо Хөх Монгол ТТБ-ын тэргүүн Г.Г, Пүрэвням гэх хүмүүсийг хуулийн дагуу шалгуулах хүсэлтэй байна…” гэх мэдүүлэг /2хх-ийн 236-239 тал/,

 

Гэрч Н.Болдбаатар мөрдөн шалгах ажиллагаанд “…Би 2017оноос хойш Даланжаргалант сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдоод одоог хүртэл ажиллаж байна. Би өөрөө сумынхаа иргэдийн хуралд “Эко Хэлхээ” ХХК-д хяналт шалгалт хиймээр байна гэж санал хүсэлтийг 2019 оны 07 дугаар сарын эхээр бичгээр гаргаад иргэдийн төлөөлөгчдийн хурлаар авч хэлэлцээд 2019 оны 07 дугаар сарын 29-ны өдөр дарга Г.Мэндсайханы А/13 захирамжаар Эко Хэлхээ ХХК-нд хяналт шалгалт хийхээр болж ажлын хэсгийн ахлагчаар миний бие бусад гишүүдээр ИТХ-ын тэргүүлэгч Б.Ганбат, Х.Ганболд, ИТХ-ын гишүүн А.Батмөнх, Д.Бэхбат, Саранчимэг болон багийн иргэдийн төлөөлөл хяналт шалгалт хийнэ гэж захирамж гаргасан. Уг захирамжийн дагуу би ИТХ-ын төлөөлөгч А.Батмөнх, тэргүүлэгч Б.Ганбат, сумын иргэн Б.Эрдэнэтуяа, Оюунцэцэг, Б.Мандахбаяр, П.Баасантуяа, Уранцэцэг зэрэг хүмүүс байсан. Мөн МЭДЭЭ.МН сайтын сурвалжлагч, аймгаас О.Хэрлэн гэх 3 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн байсан. Тэгээд бид нар орж шалгах гэтэл Эко Хэлхээ ХХК-нд үзүүлэх бичиг баримт байхгүй байсан тул бид 3 төрлийн шаардлага хүргүүлээд буцсан. Би анх 2019 оны 05 дугаар сард манай суманд ирэхэд нь уулзаж байсан. Сүүлд 2019 оны 09 дүгээр сард уулзаж байсан. Тэрнээс биш сайн танихгүй…” гэх мэдүүлэг /2хх 240-242 /,

 

Гэрч А.Цэнд-Аюуш мөрдөн шалгах ажиллагаанд “…Би титан бамбай хамгаалалтын албанд 2018-08-01-нд ажилд орсон......Тэгээд байж байтал “ “Босоо Хөх Монгол”ТББ-ын тэргүүн Г.Г 09-70 УНУ улсын дугаартай цагаан өнгийн Ланд-200 маркийн машинтай ирж зогссон. Ганхуяг иргэдтэй 10 орчим минут уулзаж байгаад машиндаа сууж машинаа асаагаад үйлдвэрийн хаалган дээр тулж ирж зогсоод шууд хөдөлж үйлдвэрийн хашааны хаалгыг  машинаараа түрж цоож гинжийг эвдэлж ороод араас нь нутгийн иргэд болон 08-22 УНЕ улсын дугаартай Ланд-200 маркийн машинтай Алтансүх дотогш орж Ганхуягийн машины араас явсан. Үйлдвэрийн хашаа руу нэвтэрсэн хүмүүс далан луу яваад далан дээр хэсэг байж байснаа бүгд буцаад гарсан. Хашаанаас гарахдаа Ганхуяг машинтайгаа зогсохдоо танайх далангаа нөхөн сэргээлт хийгээд зассан юм байна. Яагаад дотогш оруулдаггүй юм гэж хэлээд яваад өгсөн. Бидний дунд хэрүүл маргаан байгаагүй. Босоо Хөх Монгол”ТББ-ын тэргүүн Г.Г үйлдвэрийн хашаа руу дайрч нэвтэрсний улмаас “Эко Хэлхээ” ХХК-ны талбайд ямар нэгэн эвдэрч  хэмхэрсэн алга болсон асуудал байхгүй…” гэх мэдүүлэг /2хх 246-250/,

 

Гэрч Э.Төмөрхуяг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Би Г.Гийг танина “Босоо Хөх Монгол” ТББ-ын тэргүүн юм. Б.Э гэх хүнийг танихгүй. Хамаатан садан ураг төрлийн холбоо байхгүй. ” Босоо Хөх Монгол” ТББ нь эх орон газар шорооныхоо төлөө, эх орон ч залуу боловсон хүчин бэлтгэх , байгаль экологид хор хөнөөл хохирсон тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлэх, Монгол улсын үндсэн хуульд зааснаар байгалиа хамгаалах журамт үүргийг биелүүлэх чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. .....“Босоо Хөх Монгол” ТББ-ын тэргүүн Ганхуяг болон надтай “Жонш боловсруулах”  үйлдвэрийн захирал Энхбат гэх хүн надтай уулзах санал тавиагүй. Бид нар тус хүнтэй уулзаж байгаагүй.Мөн Улаанбаатар хотод ирснээс хойш уулзаагүй…” гэх мэдүүлэг /3хх-ийн 25-26 тал/,

 

“Эко Хэлхээ” ХХК-ийн Эрүүгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /2хх 197/,

Б.Эыг хохирогчоор тогтоосон тухай тогтоол /2хх 222/,

Г.Гийн утаснаас хуулбарласан мессеж /3хх 210/

Дорноговь аймгийн Даланжаргал сумын иргэдийн хүсэлт /4хх 103, 104, 110, 112, 114/,

Дорноговь аймгийн Даланжаргал сумын байгаль хамгаалах бүлгэмийн хүсэлт /4хх 118/,

Баянгол дүүргийн Ерөнхий прокурорт хүргүүлсэн  тоот /4хх 159/

 

Гэрчээр Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Би Б.Э гэх хүнийг танина.2017 оноос хойш найзуудаараа дамжуулан танилцаж хэд хэдэн удаа уулзаж байсан. Хамаатан садан ураг төрлийн холбоо байхгүй. Би 2018 оны 11 нэгдүгээр сараас хойш одоог хүртэл “Босоо Хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр ажиллаж байна.2019 оны 4 дүгээр сард Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог багийн нутаг дэвсгэрт байрлах “Жонш баяжуулах үйлдвэр”-ийн далан задарсан асуудлаар очсон.Намайг очиход  Дорноговь аймгийн “Босоо Хөх Монгол” ТББ-ын тэргүүн О.Хэрлэн нар мөн гишүүд нутгийн иргэд оччихсон байсан. Тэгээд бид нар үйлдвэрийн хашаанд орж  хаягдлын далан задарсан хэсэг буюу ослын байдалтай танилцаж баримтжуулж бичлэг хийж фейсбүүкээр лайв хийж олон нийтэд мэдээлсэн. Бид Дорноговь аймгийн мэргэжлийн хяналтын газарт дуудлага өгчхөөд Даланжаргалан суманд амарсан.Маргааш өглөө нь “Жонш баяжуулах үйлдвэр”-т ирж зөрчил дутагдлаа арилга, ард иргэдийг гомдолгүй болго гэж хэлээд Улаанбаатар хот руу буцсан. Миний бие 1998 2005 онуудад авто осолд орсон.2017 онд бусдад зодуулж тархиндаа гэмтэл авсан тул зарим зүйлийг мартаж санах тохиолдолд гарч нарийн санахаа больсон. Би “Жонш баяжуулах үйлдвэр”-т ирж зөрчил дутагдлаа арилга,гэж Б.Этай уулзаж байсан. Түүнээс хойш нэг сарын дараа “Босоо Хөх Монгол”ТББ-ын чуулга уулзалтыг зохион байгуулах талаар сонсож байгаад тусалцаа үзүүлэхээр болсон.Тэгээд Энхбат өөрөө манай гэрийн гадаа буюу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Нархан хотхоны гадаа авто машинтай ирж уулзаад чуулга уулзалтад  ашиглаарай, зөв зүйл хийж байгааг дэмжиж байна гээд 30.000.000 төгрөгийг надад бэлнээр өгсөн.Түүнээс хойш уулзаагүй.…” гэх мэдүүлэг /3хх-ийн 27-28 тал/,

 

Хохирогч Б.Э дахин мөрдөн шалгах ажиллагаанд “…  “Босоо Хөх Монгол”ТББ-н тэргүүн Г.Г Эко Хэлхээ ХХК-ний үйлдвэрийн хашааг мөргөж орсон үйлдэлд манай байгууллагад хохирол учраагүй. Эд зүйлийн үнэлгээ гаргуулахгүй. Цаашид хохирогчоос оролцох хүсэлгүй байна…” гэх мэдүүлэг /4хх-ийн 152-153 тал/,

 

Яллагдагч Г.Г дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…“Тулга” зочид буудалд болсон ажиллагааг би зохион байгуулаагүй,  би мэдээгүй ...Трансжендэрүүдийн дарамталж үсийг хусна хувцсыг нь урна гэсэн постыг би тавиагүй. Швейцар улсад амьдардаг манай найз миний фейсбүүк хаягийг давхар хөтөлдөг тэр найз энэ постыг бичсэн. Би өглөө босоод хүчирхийллийн хэлбэртэй пост байхаар нь устгасан. Тэр трансжендэр иргэн утсаар залгаж намайг дарамталсан. Над руу залгаж дарамталсан асуудлыг тогтоогоогүй байж миний ганц удаагийн яриа, машин нэхсэн яриаг хэрэг болгосонд гомдолтой байна .Түүнээс салахын тулд би машин нэхэж заль хэрэглэсэн.  “Эко Хэлхээ”компанийн захирал Энхбаттай найз нөхдийн холбоотой,  тэр үеэр манай “Босоо Хөх Монгол” нийгэмд үйлчлэх ТББ-н чуулган болох гэж байгаа чуулганыг дэмжиж өөрийн саналаараа 30 сая төгрөг авчирч өгсөн би баярлалаа гэж хэлээд авсан...Надад үүсгэгдсэн энэ хоёр зүйл анги УИХ-ын  гишүүн Дэлгэрсайхан гэдэг хүний захиалгаар ... намайг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх зорилготой гэж хардаж байна…” гэх мэдүүлэг /4хх-ийн 240-241 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Гийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 183 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 178 тал/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Э.Бадрал, С.Мөнхгэрэл нараас “шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар”,

Хохирогчийн өмгөөлөгч Л.О “  ...бэлгийн чиг баримжаа нэр томьёоны асуудал  олон улсын гэрээ конвенцод тусгагдсан,  хамгаалагддаг зүйл. Миний үйлчлүүлэгчийн эрх эрх чөлөөг хязгаарлаж учирсан хор уршиг байгаа эсэхийг ярих боломжгүй. Үндсэн хуульд заасан үндсэн эрх зөрчигдсөн. 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Ганзоригийн Ганхуягийн цахим хаяг дээр тухайн пост тавигдсанаар миний үйлчлүүлэгчийг ялгаварлан гадуурхсан байгаа. Уг постын доор байгаа хоёр зураг бол миний зураг байна  гэж  хохирогч Дамдинсүрэн  мэдүүлэг дээрээ тодорхой хэлдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  өмчлөх эрхийг бусдад шилжүүлэн өгөхийг заадаг. Заавал өмч байж түүнийг нь шаардсан байх албагүй, хохирогчоос машин авч өгөхийг шаардсан. Энэ нь хохирогчийн хууль ёсны эрх ашигт ноцтой хор уршиг учруулах, хүч хэрэглэж заналхийлсэн үйлдэл мөн.... шүүгдэгч Г.Гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэж,

Хохирогчийн өмгөөлөгч Г.С: “ …олон улсад бэлгийн болон хүйсийн чиг хандлагын талаар тодорхой зааж өгсөн байгаа. Хүйсийн  чиг баримжаа төрсний гэрчилгээтэйгээ нийцэж болон нийцэхгүй ч  байж болно. Хохирогч Дамдинсүрэн нь өөрийн хүйсийг өөрөө тодорхойлоод 2017 онд хиймэл хийх суулгасан байдаг. Харин шүүгдэгч Г.Гийн хувьд өөрийн цахим хаяг дээрээ трансжендэр хүмүүсийн талаар бичсэн нь түүний эрх, эрх чөлөөнд нь халдаж байгаа гэсэн үг. Энэ үйлдлийн улмаас хохирогч Дамдинсүрэн нийгэмд амьдрах байр суурь нь өөрчлөгдсөн. Тиймээс хохирогчийн эрх ашгийг хамгаалж Г.Гийн гэм буруутай гэж үзэж байна” . гэж,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Т “  ... Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж байгаа нь үндэслэлгүй байна....миний үйлчлүүлэгч гэм буруугүй ... “  гэж,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б:” ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн  14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ялгаварлан гадуурлах талаар тодорхой зааж өгсөн. Тодорхой зааж өгөхдөө “бэлгийн” гэдэг үг огт байдаггүй. Хохирогчийн хувьд нийгэмд эрэгтэй хүн байж эмэгтэй хүн болж гадуур яваад байгаа нь нийгэмд аюултай үйлдэл. Хохирогчийн ямар эрх зөрчигдсөн нь тодорхой биш байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эд хөрөнгө, эдийн бус хөрөнгийн эрхийг шилжүүлэн өгөхийг шаардаж, сүрдүүлсэн, заналхийлсэн,хүч хэрэглэсэн байхыг шаардана. Мэдээлэл аль хэдийн цахим орчинд тарсан байсан, миний үйлчлүүлэгч шэйр хийсэн....гэм буруугүй”  гэж,

 

Шүүгдэгч Г.Г:  “ Өмгөөлөгч нарынхаа саналыг дэмжиж байна. Хамгийн их хохирсон хүн нь бол би. Надад хүнд гэмтэл учирсан. Энэ жилийн наадмаар барилдах гэж байгаад мөрний асуудлаас болж чадаагүй. Би Хөвсгөл аймгаас сонгуульд нэр дэвших гэж байгаад саналаа татаж авсан...”  гэж  тус тус тайлбар, мэдүүлэг өгч оролцсон болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг  гэмт хэрэгт тооцно.

 

Гэмт хэрэг нь заавал байх үндсэн шинж буюу объектив, субъектив шинжийг агуулсан байхыг шаардах ба аль нэг шинж тогтоогдохгүй бол гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Эрх зүйн онолд гэмт хэргийн хэлбэрийн болон материаллаг шинжийг ангилсан бөгөөд хэлбэрийн шинжтэй  гэмт хэргийн хувьд хуулийн  диспозиц буюу тодорхойлох хэсэгт  заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг хийснээр төгссөн байхыг шаардах ба хор уршиг учирсан байхыг шаардахгүй. Харин материаллаг шинжтэй гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохирол, хор уршиг заавал учирсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч Г.Гт холбогдуулан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба шүүгдэгчийг яллаж буй  гэмт хэргийн зүйлчлэлүүд  нь  шинжийн хувьд хор уршиг учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ялгаварлан гадуурхах” гэмт хэргийн объектив шинжийг “Хүнийг.....ялгаварлан гадуурхаж эрх, эрх чөлөөг нь хязгаарласан бол....” гэж тодорхойлсон ба энэ гэмт хэргийн субъектив шинж буюу шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хүсэж үйлдэгдсэн, идэвхтэй хэлбэртэй, эрүүгийн хуулийг зөрчсөн үйлдэл байна.

 

Шүүгдэгч Г.Гийг “Ялгаварлан гадуурхах” гэмт хэргийг үйлдсэн буюу хохирогч Б.Дг хүйс, үзэл бодол, бэлгийн чиг баримжаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхаж, эрх, эрх чөлөөг нь хязгаарласан гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоохын тулд энэ гэмт хэргийн хуульд заасан дээрх шинжүүд хангагдсан эсэхэд шүүх хууль зүйн дүгнэлт хийх учиртай.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван дөрөвдүгээр бүлэгт “Хүний хувийн ...эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг”-г хуульчилсан ба энэ нь Монгол улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх агуулга бүхий эрүүгийн хуулийн зорилгыг шингээсэн хуулийн зохицуулалт юм.

 

Шүүх хэрэгт авагдаж,  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн талуудын мэтгэлцээнийг шинжлэн судлаад шүүгдэгч Г.Гийн “ 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн  фейсбүүк хаягаас олон нийтийн цахим хуудсанд “…Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд муугаар нөлөөлж халдварт өвчин тараахаас өгсүүлээд, бусдыг садар самуунд уруу татаж, хөвгүүд залуусыг гаж буруу чиг хандлагатай болгох зэрэг их хор хөнөөлтэй хүмүүс учир бид цаашдаа муу сайн нийгмийн хог шааруудыг хэлж байгаад янзлаад өгнө, илчилж ил гаргана…” гэх мэдээллийг байршуулж Б.Дг хүйс, үзэл бодол, бэлгийн хүйсийн чиг баримтаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхаж, эрх, эрх чөлөөг хязгаарласан” гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ялгаварлан гадуурхах” гэмт хэргийн шинжийг хангаагүй байна гэж дүгнэж,  шүүгдэгч Г.Гийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй байх тул түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ялгаварлан гадуурхах”  гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь ,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ялгаварлан гадуурхах” гэмт хэргийн тодорхойлох хэсэгт заасан “...эрх, эрх чөлөөг нь хязгаарласан бол...”   гэх объектив шинж тогтоогдохгүй,  хохирогч Б.Дг ялгаварлан гадуурхсанаар хохирогчийн  эрх, эрх чөлөөг хэрхэн хязгаарлагдсан үйл баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Г.Гийг эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хохирогч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ шүүгдэгчийг олон нийтийн сүлжээнд хүйс, бэлгийн чиг баримжаагаар ялгаварлан гадуурхсан гэх хэдий ч хохирогчийг ялгаварлан гадуурхаж,  түүний эрх, эрх чөлөөг хязгаарласан гэх үйл баримтыг  нотолж чадаагүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г.Гийг,  Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос 1) 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан суманд “Эко хэлхээ” ХХК-ийн үйл ажиллагааны улмаас байгаль орчин бохирдуулсан хэмээн бичлэг хийж, мэдээлэл тарааж сүрдүүлсэн, тус компанийн ерөнхий захирал Б.Эаас 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 30.000.000 төгрөг авсан;  2) Хохирогч Б.Дг “Босоо Хөх Монгол” төрийн бус байгууллагын хөдөө орон нутагт байрлах салбарт автомашин авч өгөхийг шаардаж, өгөхгүй бол 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тулга” зочид буудлын 303 тоот өрөөнд түүний гар утаснаас хуулбарлан авсан эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь сөрөг үр дагавар бий болохуйц баримт, мэдээллийг ашиглан олон нийтийн сүлжээгээр тараан сүрдүүлж, бусдыг эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг шаардсан буюу  үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “ Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэргийг үйлдсэн гэжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан                           “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх”  гэмт хэргийн объектив шинж болгон  гэмт халдлагаас Эрүүгийн хуулиар хамгаалсан эрх ашиг болох “бусдын эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрх ” –ийг тодорхойлсон байна.

 

Өөрөөр хэлбэл  бусдын буюу хэн нэгэн хүний энэ эрхийг гэмт этгээд өөрийн болгохыг хүсэж улмаар шилжүүлэн өгөхийг шаардаж, гэмт үйлдлээ хэрэгжүүлэхийн тулд хохирогчид хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн байхыг,  субъектив шинжид  гэмт этгээдийг  үйлдэл нь хүсэж үйлдэгдсэн, идэвхтэй хэлбэртэй, шунахайн сэдэлтэй  байхыг тодорхойлсон.

 

Шүүх хэрэгт авагдаж,  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн талуудын мэтгэлцээнийг шинжлэн судлаад шүүгдэгч  Г.Гийн “ 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан суманд “Эко хэлхээ” ХХК-ийн үйл ажиллагааны улмаас байгаль орчин бохирдуулсан хэмээн бичлэг хийж, мэдээлэл тарааж сүрдүүлсэн, тус компанийн ерөнхий захирал Б.Эаас 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 30.000.000 төгрөг авсан” гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх”  гэмт хэргийн шинжийг хангаагүй байна гэж дүгнэж, прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн энэ хэргээс шүүгдэгч Г.Гийг хохирогч Б.Эыг сүрдүүлсэн, түүнээс 30.000.000 төгрөг авсан  гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь хохирогчийн 30.000.000 төгрөгийг авахын тулд “ Эко хэлхээ” ХХК-ийн үйл ажиллагааны улмаас байгаль орчин бохирдуулсан хэмээн бичлэг хийж, мэдээлэл тарааж сүрдүүлсэн  гэх үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Г.Гийн мэдүүлэг /3хх 27-28/, хохирогч Б.Эын мэдүүлэг /2хх 223-226,  227-230, 4хх 152-153/ гэрч С.Н-гийн мэдүүлэг /2хх 235/, гэрч А.Э-ны мэдүүлэг /2хх 236-239/, “Эко Хэлхээ” ХХК-ийн Эрүүгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /2хх 197/,  Дорноговь аймгийн Даланжаргал сумын иргэдийн хүсэлт /4хх 103, 118/ зэргээр  тус үгүйсгэгдэж байна.

 

Мөн хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ “…Удалгүй манай үйлдвэр дээр ирсэн хүмүүс тараад явахаар нь би “Босоо хөх монгол” ТББ-ын тэргүүн Г.Гтай уулзах санал тавьж ярилцсан... Би үйлдвэр дээрээ ажиллаж байгаад 3-4 хоногийн дараа Улаанбаатар хотод ирээд ... залгаж Г.Гтай уулзаж, амласан мөнгөө өгье гэж хэлэхэд би Г.Гтай холбогдчихоод буцаагаад залгана гэж хэлээд утсаа салгасан … бичлэгүүдээ устгаж өгөөч, дахин манай үйлдвэрийн талаар янз бүрийн бичлэг битгий хийгээч гэж хэлсэн…” гэж мэдүүлсэн энэ мэдүүлгийг хохирогчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримт гэж үзэх бүрэн үндэслэлтэй ба шүүгдэгч нь  30.000.000 төгрөгийг хохирогчоос   шаардаж, өгөхгүй бол бичлэг хийж олон нийтийн сүлжээнд тавина гэж сүрдүүлсэн  үйл баримтыг мэдүүлээгүй байна.

 

Шүүх хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудыг шинжлэн судлахад Дорноговь аймгийн Даланжаргалан суманд “Эко хэлхээ” ХХК-ийн үйл ажиллагааны улмаас байгаль орчин бохирдуулсан гэх бичлэг 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хийгдэж, шүүгдэгч нь тус компанийн ерөнхий захирал Б.Эаас 30.000.000 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр авсан үйл баримт тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогч Б.Э нь шүүгдэгчид 30.000.000 төгрөгийг байгаль орчин бохирдуулсан гэх бичлэг хийгдсэнээс хойш 5 хоногийн дараа өгсөн болохыг дурдаж байна.

 

Тодруулбал, яллах дүгнэлтэд “ Яллагдагч Г.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан суманд “Эко хэлхээ” ХХК-ийн үйл ажиллагааны улмаас байгаль орчин бохирдуулсан хэмээн бичлэг хийж, мэдээлэл тарааж сүрдүүлсэн, тус компанийн ерөнхий захирал Б.Эаас 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 30.000.000 төгрөг авсан” гэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “  Бусдыг эд хөрөнгө, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж .....мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэмт хэргийн шинжид нийцэхгүй, шүүгдэгч нь хохирогчоос 30.000.000 төгрөгийг авахын тулд бичлэг хийж тараасан гэх  үйл баримт шинжлэн судалсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

Улсын яллагч нар шүүгдэгч Г.Гийг хохирогч Б.Эын эд хөрөнгийг буюу 30.000.000 төгрөгийн авахын тулд бичлэг хийж тараахаар сүрдүүлсэн гэж яллаж буй гэмт хэргийн үйл баримтыг болон хууль зүйн үндэслэлийг нотолж чадаагүй болно.

 

Шүүх, шүүгдэгч Г.Гийг хохирогч Б.Дг “Босоо Хөх Монгол” төрийн бус байгууллагын хөдөө орон нутагт байрлах салбарт автомашин авч өгөхийг шаардаж, өгөхгүй бол 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тулга” зочид буудлын 303 тоот өрөөнд түүний гар утаснаас хуулбарлан авсан эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь сөрөг үр дагавар бий болохуйц баримт, мэдээллийг ашиглан олон нийтийн сүлжээгээр тараан сүрдүүлж, бусдыг эд хөрөнгө шилжүүлэн өгөхийг шаардсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдыг эд хөрөнгө шилжүүлэн өгөхийг шаардаж, эрх  хууль есны  ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн”  гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэргийн хувьд шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тулга” зочид буудлын 303 тоот өрөөнд түүний гар утаснаас хуулбарлан авсан эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь сөрөг үр дагавар бий болохуйц баримт, мэдээлэл түүний эзэмшилд орсныг ашиглаж,  хохирогч Б.Дг “Босоо Хөх Монгол” төрийн бус байгууллагын хөдөө орон нутагт байрлах салбарт автомашин авч өгөхийг шаардаж, өгөхгүй бол уг мэдээллийг  олон нийтийн сүлжээгээр тараахаар  сүрдүүлж, хохирогчоос  эд хөрөнгө шаардсан энэ үйл баримт  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх”  гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан ба энэ нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн нотлох  баримт болох

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 6-8/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх 21/

Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 22-26/,

Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэлийг буулгасан бичлэг бүхий 1905036700988 гэж дугаарласан  CД

Шүүгдэгч Г.Гийн цахим орчинд оруулсан пост /1хх 11-13/,

хохирогч Б.Дгийн мэдүүлэг /1хх 31-39, 41-44/

гэрч А.Ганчимэгийн мэдүүлэг/ 1хх 45-47/,

гэрч Л.Баяржаргалын мэдүүлэг /1хх 50-53/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч Г.Гийг хохирогч Б.Дгээс авто машин авч өгөхийг шаардаж улмаар түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Бусдыг эд хөрөнгө шилжүүлэн өгөхийг шаардаж, эрх  хууль ёсны  ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн  ”  гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Г нь хохирогч Б.Дгээс эд хөрөнгө шаардсан гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй ба хохирогчоос эд хөрөнгө шаардаагүй гэдгээ нотолж чадаагүй, хэрэгт хохирогч Б.Дгээс машин авч өгөхийг шаардаж түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэх үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримт авагдаагүй болохыг дурдаж байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, үүнийг  буулгасан бичлэг бүхий CД-г /хохирогчийн гар утас дахь бичлэг/ нотлох баримтаас хасуулах хүсэлтийг гаргасан ба шүүх уг хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

 

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “ хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг гаргаж өгч хавтаст хэрэгт бэхжүүлж тусгуулах” эрхийг хохирогчид олгосон ба хохирогч Б.Д хуульд заасан энэ эрхээ эдэлж өөрийн гар утас дахь бичлэгийг нотлох баримтаар өгч, мөрдөгч  2019 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр тогтоолоор  /1хх 21/ бичлэгийг хэрэгт бэхжүүлсэн байх  тул өмгөөлөгчийн хүсэлтийг хангаагүй болно.

 

Шүүгдэгч Г.Г нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирогч Б.Дгийн хуулиар хамгаалагдсан эрхэнд  халдсан байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Г.Гийг, хохирогч Б.Дгээс  “ Босоо Хөх Монгол төрийн бус байгууллагын хөдөө орон нутагт байрлах салбарт автомашин авч өгөхийг шаардаж, өгөхгүй бол 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тулга” зочид буудлын 303 тоот өрөөнд түүний гар утаснаас хуулбарлан авсан эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь сөрөг үр дагавар бий болохуйц баримт, мэдээллийг ашиглан олон нийтийн сүлжээгээр тараан сүрдүүлсэн” буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд

 

Шүүхээс,  шүүгдэгч Г.Гийг хохирогч Б.Дгээс авто машин авч өгөхийг шаардаж улмаар түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх”  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба хохирогчийн зүгээс ямар нэгэн эд хөрөнгө эсхүл эд хөрөнгийн эрхийг шүүгдэгчид шилжүүлэн өгөөгүй байх тул шүүгдэгч Г.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Г.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Бусдыг эд хөрөнгө шилжүүлэн өгөхийг шаардаж, эрх  хууль ёсны  ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Э.Бадрал, С.Мөнхгэрэл нараас “…шүүгдэгч Г.Гт 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх…” саналыг гаргаж,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Т, Б.Б нараас шүүхийн хэлэлцүүлэгт “…шүүгдэгч Г.Гт хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү, хорих ял оногдуулахгүйгээр 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох торгуулийн шийтгэл оногдуулж өгнө үү…” гэж,

 

Хохирогчийн өмгөөлөгч Г.С, Л.Отгондорж нараас шүүхийн хэлэлцүүлэгт “…Тусгайлан гаргах саналгүй…” гэж  эрүүгийн хариуцлагын талаарх саналаа гаргаж оролцсон болно.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Гт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.Гт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 6 ширхэг СД, 2 ширхэг плаш дискийг хавтаст хэргийн хадгалах хугацаа дуустал хавсаргахаар тогтсон болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 9 хоногийг түүнд оногдуулсан  торгуулийн ялд оруулан тооцож, шүүгдэгч Г.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Г-гийн Г-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14. 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх  гэмт хэргээс “Эко Хэлхээ” ХХК-ийн захирал Б.Эыг заналхийлж 30.000.000 /гучин сая/ төгрөг авсан гэх үйлдлийг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх  гэмт хэргийг буюу хохирогч Д.Д-гээс эд хөрөнгө авахаар  заналхийлсэн гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийг 12.000 / арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 / арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийн  цагдан хоригдсон 9 /ес/ хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож,  торгох ялын хэмжээг  11.865 / арван нэгэн мянга найман зуун жаран тав / нэгж буюу 11.865.000 /арван нэгэн сая найман зуун жаран таван мянга / төгрөгөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт шүүхээс оногдуулсан 11.865 /арван нэгэн мянга найман зуун жаран тав / нэгж буюу 11.865.000  /арван нэгэн сая найман зуун жаран таван мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Г.Г нь хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 6 /зургаа / ширхэг СД, 2 /хоёр/ ширхэг плаш дискийг хавтаст хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэсэн болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ

 

  ШҮҮГЧИД                                  А.АЛТАНХУЯГ

 

Ц.ДАЙРИЙЖАВ