Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрпүрэвийн Жаргалсайхан |
Хэргийн индекс | 133/2016/0002/и |
Дугаар | 12 |
Огноо | 2017-03-23 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 12
М.Цэцэгээгийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Л.Нямдорж, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 09-ны өдрийн 61 дугаар шийдвэртэй,
Говь-Алтай аймгийн Төгрөг сумын иргэн Урианхай овогт Мягмардоржийн Цэцэгээгийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын тамгын газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор, нийгмийн даатгалын шимтгэл гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Б.Мянганбаярын давж заалдах гомдлоор 2017 оны 03 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Цэцэгээ, хариуцагчийн төлөөлөгч Б.Мянганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын тамгын газрын төрийн сангийн мэргэжилтний ажилд 2015 оны 03 дугаар сарын 19-ний Б/05 тоот тушаалаар түр томилогдоод 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл төсөв төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байсан. Би ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй. Гэтэл Төгрөг сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/10 тоот тушаал гарч намайг төсөв төрийн сангийн мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлсөнийг хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Түүнээс өмнө 2014 оны 10 дугаар сарын 21-ний Б/11 тоот тушаалаар төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/02 тоот тушаалаар улс төрийн буюу намын харьяаллаар ажлаас чөлөөлсөнийг хууль бус гэж үзэж холбогдох газарт нь хандаад 2015 оны 03 дугаар сарын 19-ны өдөр ажилдаа эгүүлэн томилогдсон. Ингэж ажилд авах үедээ тухайн ажлын байрын сонгон шалгаруулалт болох хүртэл гэж хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Түүнээс хойш төрийн албаны сонгон шалгаруулалт 2 удаа зарлагдаж, миний ажлын байр 1 удаа зарлагдсан боловч би шалгалтанд амжилтгүй дүн үзүүлсэн. 2016 оны 5 сард төрийн албаны шалгалт болох үед миний энэ ажлын байрыг зарлаагүй боловч би өөр ажлын байран дээр шалгалт өгөөгүй мөн тэнцээгүй. Өөрөөр хэлбэл миний энэ ажлын байрны сонгон шалгаруулалт 2015 оны 11 сард нэг удаа зарлагдсан байгаа. Миний ажил хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагддаг тул ажлаас халсан тушаалд
Төрийн албаны тухай хуулийн 11.6 дахь заалтыг үндэслэсэн байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дүгээр зүйлийн 37.1.4-т зааснаар хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан гэсэн үндэслэлээр халсан нь надад хамааралгүй, миний ажлын байр босоо тогтолцоогүй, хэт улс төржиж намын харьяаллаар төрийн албыг төрлийн алба болгож хууль зөрчиж байна. Мөн аймгийн төрийн албаны салбар зөвлөлөөс тамгын газрын ажилд оролцож улс төржин хүнийг ажлаас халах нь үндэслэлгүй гэж үзэж байна. Төрийн албаны салбар зөвлөл нь хуульд тогтоомжид заасан эрх бүхий байгууллага биш гэж үзэж байна. Ажлаас халсан тушаалд заасан Захиргааны ерөнхий хуулийн 40.1, 40.2, 40.3 гэсэн заалт нь надад ямар ч хамааралгүй. Төрийн албаны шалгалт өгөөгүй гэдэг нь ажлаас халах үндэслэл болохгүй бөгөөд Төрийн албаны хуульд шалгалтад ороогүй хүн ажиллаж болохгүй гэсэн заалт байхгүй. Хууль зөрчсөн тушаалаа халхавчлах гэж намайг шүүхэд хандсаны дараа өөрийнхөө алдааг засах гэж үндэслэлгүйгээр тушаалдаа 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дахин нэмэлт өөрчлөлт оруулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 гэсэн заалт нэмсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн намайг ажил мэргэжлийн хувьд хийж байгаа ажилдаа тэнцэхгүй гэсэн байгууллагын дүгнэлт гараагүй, ажиллах хугацаандаа үр дүнгийн гэрээгээ хангалттай үнэлүүлж дүгнүүлж байсан. Миний оронд ажилд авсан Л.Энхцэцэг нь Засаг даргын хамаатан садан нь байгаа. Урьд нь очоод шуудангаас буцааж авсан гээд байгаа албан бичгийг би мэдэхгүй. Сүүлд нь сонсоход намайг ажилд ороогүй байхад тэр бичиг очсон гэсэн. Би төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Итэшмаагаас яагаад миний ажлын байр зарлагдаагүй талаар асуухад нөөцөөс нөхөгдсөн гэсэн. Миний ажлын байр зарлагдаагүй шалгалт өгөөгүй байхад нөөцөөс нөхөгдсөн байсан тиймдээ ч 2016 онд төрийн албаны шалгалт болох үед миний ажлын байр зарлагдаагүй. Иймд хууль зөрчсөн Засаг даргын тамгын газрын даргын Б/10 тоот тушаал, 2017 оны 01 сарын 10-ны өдрийн Б/01 тоот тушаалуудыг хүчингүй болгож намайг буцааж ажилд эгүүлэн тогтоож, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, ажилгүй байх хугацааны цалинг олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус сумын Засаг даргын тамгын газарт 2014 онд төсөв төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байсан Хандсүрэн өндөр насны тэтгэвэрт гарч тухайн ажлын байр сул болсон. Энэ төрийн сангийн мэргэжилтэн гэдэг албан тушаал бол төрийн жинхэнэ албан тушаал юм. 2014 оны 04 сарын 04-ний өдөр 01/506 албан тоотоор М.Цэцэгээг төрийн сангийн төлөөлөгчөөр, төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт хүртэл томилуулах тухай аймгийн Засаг даргын тамгын газрын албан тоот ирсэн. Уг нь төрийн албаны салбар зөвлөлөөс ирэх ёстой гэтэл аймгийн Засаг даргаас ирсэн. Үүнийг дагуу 2014 оны 11 сарын 21-ний өдрийн Б/11 тоот тушаалаар М.Цэцэгээг төрийн сангийн мэргэжилтнээр томилж ажиллуулсан. 2015 онд сумын тамгын газрын бүтэц өөрчлөгдөж санхүүгийн алба шинээр бий болж, санхүүгийн албаны төсөв төрийн сангийн мэргэжилтнээр М.Цэцэгээг ажиллуулсан. Ингэж ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээг тухайн ажлын байрны сонгон шалгаруулалт болж, төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэр гарах хүртэл гэж байгуулсан. Манай тамгын газарт сул орон тоо 2014 онд бий болсноос хойш 5 удаа тухайн ажлын байрны зар буюу захиалгыг аймагт хүргүүлж 2015 онд тухайн ажлын байрын сонгон шалгаруулалт болсон. Энэ сонгон шалгаруулалт нэхэмжлэгч М.Цэцэгээ ороод унасан. Дараа нь 2016 онд төрийн албан хаагчийн шалгалт болох үед манай ажлын байр зарлагдаагүй. Энэ нь ямар учир шалтгаантай гэхээр тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлаас болсон. Учир нь 2015 онд манайх төрийн сангийн мэргэжилтны орон тооны захиалгыг хүргүүлэх үед тэр үеийн нөөцөд байгаа хүмүүсээс томилуулах тухай П.Золжаргалын гарын үсэг бүхий албан бичиг манай тамгын газарт очсон байдаг. Тэр үед би цэрэг татлагын ажлаар аймагт явж байсан. Улс төрийн өнцгөөс харж наад бичиг чинь худлаа бичиг явчихлаа гэсээр манай Засаг дарга цохолт хийж өгөх үед дараа нь шуудан хүргэгч наадах чинь буруу бичиг гээд байна гээд манай бичиг хэргээс буцааж авсан тухай сумын шуудан хүргэгчид очоод буцаан өгсөн нотлох баримтыг гаргаж өгсөн байгаа.
Төсөв төрийн сангийн мэргэжилтэн гэх орон тоо бол төрийн жинхэнэ албан тушаал юм. Төрийн албаны үндсэн зарчим төрийн алба мэргэшсэн тогтвортой байх ёстой иргэд хууль журамд заасны дагуу төрийн албанд орох боломж нь адил тэгш байх ёстой. Төрийн жинхэнэ албанд Төрийн албан тухай хуулийн 17.1, 17.4-т заасны дагуу орох ёстой. М.Цэцэгээ нь энэ шаардлагыг хангаагүй түр ажиллаж байсан. 2016 онд төрийн албаны салбар зөвлөлөөс 120 дугаартай албан бичиг ирж, уг бичигт энэ хүнийг ажлаас нь чөлөөл гэсэн байсан. Манай байгууллагын албан тушаал нь төрийн жинхэнэ албан тушаал учраас төрийн албаны салбар зөвлөл шийдвэр гаргах бүрэн эрхтэй. Мөн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 8 дугаар тогтоолын 4-д хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-д заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг сул орон тоо гэдэгт хамааруулж үзнэ гэж заасан. М.Цэцэгээ нь 2015 оноос хойш төрийн жинхэнэ албаны шалгалтад 2 удаа орж тэнцээгүй нь Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шаардлагыг хангаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтуудыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т төрийн жинхэнэ албан хаагчийг мөн хуулийн 17.1, 17.4-т заасныг зөрчиж иргэнийг төрийн жинхэнэ албанд томилсон бол буруутай этгээдэд хариуцлага тооцно гэсэн байгаа. Ингээд М.Цэцэгээг авч ажиллуулж байгаагаар би буруутай болж байгаа учраас энэ алдаагаа засаж төрийн албаны шалгалтад орсон хүнийг авч ажиллуулбал зөв гэсэн байр суурьтай байна. Төрийн албаны салбар зөвлөлийн заавар нэг биш удаа ирсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Урианхай овогт Мягмардоржийн Цэцэгээг Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын тамгын газрын төсөв, төрийн сангийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 49 хоногийн олговорт 1.072.463 /нэг сая далан хоёр мянга дөрвөн зуун жаран гурван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Цэцэгээд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх хугацааны олговороос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, М.Цэцэгээгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын тамгын газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамж 30.289 /гучин мянга хоёр зуун наян есөн/ төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын тамгын газраас гаргуулан улсын орлогод оруулахыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Мянганбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 9-ны өдрийн дугаар 61 тоот шийдвэрийг 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдөр гардан аваад эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:
1.Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт....." нэхэмжлэт нэхэмжлэлээ 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хэтрүүлээгүй байна"...гэжээ. Гэтэл тус хуулийн дээрх заалт нь ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлын талаар хуульчлан тогтоож өгсөн хугацаа байх ба тус маргаан нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тухай маргаан юм. Үүнийг ялгаж салгалгүй тус хуулийн зохицуулалтыг шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт оруулан шийдсэн байна.
2.Шүүх үндэслэх хэсэгтээ Хөдөлмөрийн тухай хуулийн 23.3-д заасан гэрээний хугацааны талаар дүгнэлт хийсэн байх бөгөөд гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сард дуусахаар байсан. Мөн нэхэмжлэгч М.Цэцгээ нь гэрээгээр тохирсон ёсоор төрийн албаны шалгалт өгч тэнцэх ёстой боловч тэнцээгүй, тухайн ажлын байранд нэхэмжлэгч М.Цэцгээтэй байгуулсан гэрээ нь болзолтой гэрээ байсан мэт ухагдахууныг төрүүлэх дүгнэлт хийсэн байна. Гэвч тус заалтад аль нэг тал нь гэрээг сунгах, цуцлах талаар санал гаргаагүй бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заасан бөгөөд шүүх Хөдөлмөрийн гэрээнд анх заасан хугацаа байхгүй байтал хийсвэрээр 2015 оны 11 сард дуусах мэтээр дүгнэсэн нь хуулийн зохицуулалт болон нотлох баримттай зөрүүтэй дүгнэлт хийсэн. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хугацааны талаар дурдахдаа "Тухайн ажлын байрны сонгон шалгаруулалт болж Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэр гарах хүртэл" гэж гэрээний хугацааг зааж өгсөн байна. Хэрэгт авагдсан нотлох баримт болон хэлэлцүүлгээс үзэхэд шүүхийн дүгнээд байгаа, зохиомлоор би болгоод байгаа хугацаа гэрээнд харагдахгүй харин гэрээнд заасан хугацаа нь гэрээнд оролцогч талуудын эрх тэгш, гэрээний нөхцлүүдийг хүлээн зөвшөөрч илэрхийлсэн илэрхийлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2 заасан зохицуулалтыг зөрчөөгүй ямар нэг байдлаар тухайн гэрээний хугацаа 2015 оны 11 сард дуусаагүй хуулийн шаардлагад нийцсэн, зохих шалгалтад орж тэнцсэн хүн тухайн ажлын байранд ирснээр гэрээний хугацаа дууссан байтал шүүх хуулийг буруу ойлгож, хэрэглэн, гуравдагч этгээд буюу хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаа хүний эрхийг зөрчсөн, хөдөлмөрлөх эрхэд нь халдсан шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна.
З.Мөн шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.4 заасан зүйл баримт тогтоогдоогүй гэж үзсэн байх бөгөөд талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хөдөлмөрийн гэрээнд заасан гэрээний хугацаа зэргээс дүгнэж үзэхэд Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, тухайн ажлын байранд хуулийн дагуу, болзол шаардлага хангасан хүн томилогдсон холбогдох байгууллагын санал дүгнэлт ирсэн зэрэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3-т заасан үндэслэл бүрдсэн байна гэж үзнэ.
4.Хавтас хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримт болох 2015 онд ажлын байрны сонгон шалгаруулалт зарлагдаж нэхэмжлэгч М.Цэцэгээ орсон боловч хоёр удаа тэнцээгүй нь Монгол Улсын Дээд Шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 8 дугаар тогтоолын 4-д "Хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг "сул орон тоо гарсан" гэдэгт хамааруулж үзнэ. "Гэдэгтэй нийцэж байгаа нь нотлогдсон. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т "...Улсын Дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ" гэж зааснаас үзэхэд дээрх тайлбар нь хуулийг харшилсан гэж үзэх үндэслэлгүй байх тул дагаж мөрдөх нь зүйтэй байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг зөрчсөн.
5.Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т "төрийн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал юм" гэх мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т ".....хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй. "Гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч хоёр удаа сонгон шалгаруулалтад оролцож тэнцээгүй нь мэдлэг, туршлага, ур чадвар муутай буюу Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан ерөнхий шаардлагыг хангахгүй байна гэж үзэхээр байна.
6.Хэргийн баримт, материалтай танилцах явцад тухайн нэхэмжлэл нь ямар журмаар шүүгч Д.Янжиндулам шийдвэрлэх болсон нь тодорхойгүй, ИХШХШ тухай хуулийн 5.4-т энэ талаар тодорхой заасан байх ба хэрэгт тус хэргийг ямар журмаар хуваарилж, шүүгчийг тогтоож өгсөн зүйл байхгүй байгаа нь хууль хэрэгжүүлээгүй, алдаа гарсан гэж үзэж байна.
Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 9-ны өдрийн дугаар 61 тоот шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын тамгын газар нь нэхэмжлэгч М.Цэцэгээг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3, 40.4 дэх заалт, хөдөлмөрийн гэрээний 6.3 дахь заалтуудыг үндэслэн тус сумын төсөв, төрийн сангийн мэргэжилтний ажлаас чөлөөлжээ.
Нэхэмжлэгч М.Цэцэгээ нь дээрх шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл зэргийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхэд хариуцагч байгууллага нь ажлаас чөлөөлсөн тушаалынхаа үндэслэлийг М.Цэцэгээг аймгийн Засаг даргын албан бичгийн дагуу түр томилж ажиллуулж байсан. Ингэж ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээг тухайн ажлын байрны сонгон шалгаруулалт болж, төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэр гарах хүртэл гэж байгуулсан. Төрийн сангийн мэргэжилтний орон тооны захиалга хүргүүлэхэд 2015 онд нэг удаа зарлагдсан бөгөөд тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлаас болоод уг орон тоог дахин зарлаагүй. Энэ орон тоо төрийн жинхэнэ албан тушаал тул Төрийн албаны тухай хуулийн 17.1, 17.4 дэх хэсэгт заасан шаардлага хангаагүй тул төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж тайлбарлажээ.
Хариуцагчийн ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалдаа баримталсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуулиас Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалт нь зохигчдын хооронд үүссэн маргаанд хамааралтай бөгөөд хариуцагчийн уг тушаалдаа заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх заалт нь хэргийн үйл баримттай нийцээгүй байна.
Мөн хариуцагч нь давж заалдах гомдолдоо нэхэмжлэгчийг 2015 онд ажлын сонгон шалгаруулалтанд 2 удаа орсон боловч тэнцээгүй нь Төрийн албаны тухай хуулийн 10.1,17.3-д заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг сул орон тоо гарсан гэдэгт хамааруулна гэдэгтэй нийцэж байна. М.Цэцэгээ нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан ерөнхий шаардлагыг хангахгүй байна гэжээ.
Хэрэгт авагдсан баримтаар ажил олгогч нь ажлын байрны сул орон тоо гараагүй буюу өөрөөр хэлбэл сумын төсөв, төрийн сангийн мэргэжилтний сул орон тооны захиалга, мөн нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс сонгон шалгаруулж авах саналаа төрийн албаны салбар зөвлөлд ирүүлсэн гэдэг нь баримтаар нотлогдохгүй байна.
Нөгөөтэйгүүр хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэнийг ажлаас чөлөөлөх тухай асуудлыг төрийн албаны салбар зөвлөлийн бүрэн эрхэд хуульчилж заагаагүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 17.4-д заасан сул орон тоо гараагүй байхад сул орон тоо гаргаад ажилд өөр хүн авсан байгааг буруу гэж үзнэ.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалдаа өөрчлөлт оруулж, түүнийг үнэлсэн нь буруу юм.
Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал, талуудын эрх ашиг, гэм бурууг харгалзан үзэж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан заалтыг зөрчөөгүй байна.
Иймд М.Цэцэгээг Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын тамгын газрын төсөв, төрийн сангийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин, хөлс тодорхойлох журам-ын дагуу тооцож олгохоор тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн 61 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14хоногийн доторшүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ
Т.ЖАРГАЛСАЙХАН