Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/001570

 

Д.Огийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/00784 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1128 дугаар магадлалтай,

Д.Огийн нэхэмжлэлтэй

Б.Б д холбогдох

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 6 580 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Огийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч А.Кадырбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие машин зарна гэсэн зарын дагуу хариуцагч Б.Бтай холбогдож, түүний Хонда сивиг маркийн 10-61 УНЯ тоот улсын дугаартай машиныг 6 500 000төгрөгөөр авахаар тохирч, гэрээ байгуулан, мөнгийг төлсөн. 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр уг машиныг унаад явж байтал хянах дэлгэц дээр гэрэл асаад байсныг хариуцагчаас лавлахад аккумляторын толгойн холбогчийг зэсээр ороосон учраас асдаг, солиход асуудалгүй гэхээр нь засварлахад зүгээр болсон. Гэтэл 2-3 хоноогүй байтал нөгөө автомашины мотор, хропоос тос гоожиж, өгсүүр газар хүч авахгүй, гэрлэн дохио дээр унтрах, хааз авахад тасалдах, орилох зэрэг доголдол илэрсэн бөгөөд энэ талаар Б.Бд хэлж байсан. Миний бие тус автомашиныг 2017 оны 04 дүгээр сараас хойш ашиглаагүй, одоо буцааж өгөхөд эдгээр доголдлоос өөр ямар нэгэн асуудал байхгүй. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээнээс татгалзаж, автомашины үнэ 6 500 000 төгрөг, оношлуулахад гарсан зардал 80 000 төгрөг, нийт 6 580 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг машиныг 2016 оны 11 дүгээр сард бусдаас худалдан авч, ажил гэрийн хооронд унаж хэрэглэж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгчид худалдсан. Тухайн үед нэхэмжлэгч Д.О автомашиныг 2 хүнтэй хамт ирж шалгаж хүлээн авсан. Уг автомашин гадна өнгө үзэмж сайтай, засвар хийх шаардлага байгаагүй, эд ангид дуу ороогүй байсныг нэхэмжлэгч тал шалгасан. Нэхэмжлэгч автомашины мотор, хропоос тос гоожсон, өгсүүр газар хүч авдаггүй, гэрлэн дохио дээр хааз салдаг гэж тайлбарладаг боловч үүнийгээ баримтаар нотлоогүй. Мөн Анд засварын оношилгооны хуудаст энэ тухай тодорхой дурдаагүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06 -ны өдрийн 101/ШШ2018/00784 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 болон 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1128 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/00784дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 120 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.О хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч дараах хяналтын гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийн хэрэглэсэн тул зөвтгүүлэхээр дараах гомдлыг гаргаж байна. Бидний хороонд үүссэн маргааны агуулга, гэрээнээс татгалзах болсон шалтгаанаа нотолсон баримтаа шүүхэд гаргаж өгсөн, гэрээнээс татгалзах тухайгаа нөгөө талдаа мэдэгдсэн байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.О нь худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, автомашины үнэд шилжүүлсэн 6 500 000 төгрөгийг засвар үйлчилгээ хийлгэсэн 80 000 төгрөгийн хамт гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч Б.Бд холбогдуулан гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хэрэгт авагдсан баримтад үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээгээр Б.Б нь Honda Civic маркийн 10-61 УНЯ дугаарын автомашиныг худалдан авагч Д.Огийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь автомашины үнэд 6 500 000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн, талууд гэрээний үүргээ харилцан биелүүлж, гэрээ дуусгавар болсон байна.

Д.О нь машины моторын хайрцагнаас тос гоождог, өгсүүр газар явахад хүч алддаг, доголдолтой гэж үзэж, гэрээнээс татгалзсан боловч эд хөрөнгийн доголдлыг баримтаар нотлоогүй, тухайн машиныг байгаа байдлаар нь анхнаасаа худалдан авсан тул гэрээнээс татгалзах эрхгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад тулгуурласан, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг тухайн маргаанд хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/00784 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1128 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 122 154 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА