Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 19

 

Ч.Азжаргалд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                                             Даргалагч,

                                             Ерөнхий шүүгч                 Б.Батзориг

                                             Шүүгчид                            Я.Туул                                       

                                                                                       Д.Буянжаргал

                                             Оролцогчид:

                                             Прокурор                          Э.Гантулга

                                              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн  2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан “Хэргийг прокурорт буцаах тухай” 15 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Тайж овогт Чулуунбаатарын Азжаргалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1733000680046  дугаартай, 150/2018/0008/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг 15-р байр 31 тоотод оршин суух, ял шийтгэлийн талаар урьд

-2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сонгино Хайрхан дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,

-2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгино Хайрхан дүүргийн шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 970 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ялаар,

-2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 64 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шийтгүүлж байсан гэх, Тайж овгийн Чулуунбаатарын Азжаргал, /Регистрийн дугаар: ЧБ80093071/.

Холбогдсон хэргийн талаар:

Ч.Азжаргал нь 2017 оны 10 дугаар сарын 29-ний шөнө 01 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ

Цагдаагийн дэслэгч Ц.Төмөрбатын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн улмаар нүүрэн тус газар нь мөргөн биед нь хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Ч.Азжаргалд холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд 15 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д заасан боломжгүй тул Тайж овогт Чулуунбаатарын Азжаргалд холбогдох эрүүгийн 1733000680046 тоот хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан №5/03 дугаартай эсэргүүцэлдээ:

      ...хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Учир нь:

     1. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан, мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд буюу шүүгдэгчид ял оногдуулах шүүх хуралдаанд улсын яллагчаас Ч.Азжаргалын урьд эдлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх 608 цагийн ялыг эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногт тооцон нийт 76 хоног хорих ял оногдуулах саналыг гаргасан байхад шүүх Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно" гэсэн хуулийн заалтыг баримтлалгүйгээр орхигдуулж шийдвэрлэсэн байна.

     2. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №15 дугаартай шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг баримтлалгүйгээр хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33-р бүлэг буюу яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа болох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарласан тохиолдолд мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцааж болох хуулийн зохицуулалт байхад шүүх Ч.Азжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

      Иймд Ч.Азжаргалд холбогдох Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №15 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Тодорхойлох нь:

Шүүгдэгч Ч.Азжаргал нь 2017 оны 10 дугаар сарын 29-ний шөнө 01 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ Цагдаагийн дэслэгч Ц.Төмөрбатын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн улмаар нүүрэн тус газар нь мөргөн биед нь хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч тус хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд 15 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д заасан боломжгүй тул Тайж овогт Чулуунбаатарын Азжаргалд холбогдох эрүүгийн 1733000680046 тоот хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газрын  прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 5/03 дугаартай эсэргүүцлийн дагуу Ч.Азжаргалд холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн яллагдагч Ч.Азжаргалд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг танилцуулсан тэмдэглэлд /хх-ийн 78-р ху/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх саналыг  яллагдагч Ч.Азжаргал, хохирогч Ц.Төмөрбат нарт танилцуулсан байна.

Гэвч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газрын  прокурорын саналд яллагдагч Ч.Азжаргалын үйлдсэн гэмт хэрэг тус бүрд ял оногдуулах саналаа яллагдагч, хүсэлт гаргасан хохирогч нарт танилцуулсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоогоогүй, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлд зааснаар Ч.Азжаргалд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоогоогүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд прокурорын зүгээс цаашид энэ талаар анхаарах шаардлагатайг дурдах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Хэдийгээр прокурорын саналд яллагдагчид оногдуулсан ялыг нэмж нэгтгэн   нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоогоогүй боловч анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хэргийн хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д “...Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно...”, 6.9 дүгээр зүйлийн 1-д “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...”, 6.9 дүгээр зүйлийн 2-д “...Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр зааж болно...” гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэх боломжтой байжээ.

Түүнчлэн анхан шатны шүүх хуулийн зүйл, хэсгийг Хууль тогтоомжийн тухай хуулийн 28.6 дугаар зүйлд

28.6.Хуулийн төслийн бүтцийн хэсгийг дараах байдлаар дугаарлана:

28.6.1.анги, хэсгийг ром тоогоор, эсхүл бичгээр;

28.6.2.бүлгийг бичгээр;

28.6.3.зүйлийг араб тоогоор, ард нь “дүгээр”, эсхүл “дугаар” зүйл гэж бичгээр /1 дүгээр_зүйл.г.м/;

28.6.4.зүйлийн доторх хэсгийг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1.1. г.м./;

28.6.5.зүйлийн доторх хэсгийн доторх заалтыг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1.1.1. г.м/;

28.6.6.заалтын доторх дэд заалтыг үсгээр /1.1.1.а. г.м/...  гэж заасны дагуу дугаарлаж бичих нь зүйтэй байна.

Иймд  Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 15 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн  1.2., 39.7 дугаар зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 15 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Ч.Азжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                                        ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                             Я.ТУУЛ

                                                                                      Д.БУЯНЖАРГАЛ