| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/1074/Э |
| Дугаар | 1128 |
| Огноо | 2020-10-26 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.А |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 1128
2020 10 26 2020/ШЦТ/1128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Н,
Улсын яллагч Ц.А,
Шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч А.Б оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Б-ын Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908 05701 0574 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол улсын иргэн, 1995 оны 09 сарын 22-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Төв аймгийн Цээл сум муурын байшин 3-70 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 1 удаагийн ял шийтгэл, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар шийтгүүлсэн ба 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр суллагдсан, Б овгийн Б-ын Б , РД:.............,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, “Дэлгэр” төвд байрлах пабд байж байхдаа иргэн Т.М-аас “утсаараа нэг яриулчих” гэж хэлэн түүний 350.000 төгрөгийн үнэн бүхий Самсунгийн фирмийн глакси А-10 эс маркийн гар утсыг зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч, залилан авсан,
Мөн 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бурхант” нэртэй караокейд Х.Б-ын “утсаараа яриулаач яаралтай ярих гэсэн юм” гэж хэлэн түүний самсунг жи-7 маркийн гар утсыг зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч, залилан авсан буюу үргэлжилсэн 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
1. Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, “Дэлгэр” төвд байрлах пабд байж байхдаа иргэн Т.М-аас “утсаараа нэг яриулчих” гэж хэлэн түүний 350.000 төгрөгийн үнэ бүхий Самсунгийн фирмийн глакси А-10 эс маркийн гар утсыг зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч, залилан авсан болох нь :
- иргэн Т.М-ийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл:... /хх-ийн 6/
- хохирогч Т.М-гий“...2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ажлаа тараад 21 цагийн үед гэртээ байж байтал Б.Б гэх миний танил над руу яриад би зүүн салааны хуучин эцэс дээр хүрээд ирчихсэн байна та над дээр хүрээд ирээч гэж хэлсэн. Би очиж уулзаад юм яриад сууж байгаад Дэлгэр төвд байрлах паб руу орж 1 шил 0.75 литрийн Соёрхол нэртэй архи авч уусан. Тэгээд архиа ууж дуусаад байж байтал Б.Б агаа утас чинь нэгжтэй юу гэхээр нь байгаа гэсэн чинь утсаар чинь ярья гэж хэлээд авсан. Тэгээд утсаар ярьж байгаад гараад явсан, буцаж ирээгүй тэр чигтээ яваад өгсөн байсан...Би пабын ажилтны утсаар өөрийнхөө утас руу залгасан чинь Баасанжаргал ойрхон байна одоо очлоо гэж хэлээд тэр чигтээ алга болсон...Б.Б ын ээж Бадамцэцэг нь 2019.12.22-ны өдөр манай дүү Алтантуяагийн Хаан банкны 5897186065 тоот данс руу 430,000 төгрөгийг шилжүүлсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, би өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан гэх мэдүүлэг /х-ийн 10, 11-14/,
- эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан ; Самсунг Галакси А10 эс загварын гар утсыг 350,000 төгрөг /х-ийн 26/,
- шүүгдэгчийн:....би 2019 оны 10 дугаар сарын 30-ны орой 20 цаг өнгөрч байхад ганцаараа СХД-ийн 25 дугаар хороо Зүүнсалааны хуучин эцэс дээр очоод нэг нутгийн ах болох Мөнгөншагай руу утсаар залгаж танай гэрийн доод талын автобусны буудал дээр ирчихсэн байна. Та гараад ирэх үү гэж асуутал тэгье гэж хэлээд гэрээсээ ганцаараа гарж ирсэн юм. Тэгээд бид хоёр Дэлгэр нэртэй караоке паб руу орж нэг шил 0.75 литрийн Соёрхол нэртэй архи ус ундаатай авч хоёулаа хувааж ууж дуусгаад Мөнгөншагай ахаас та дүүдээ гар утасаа өгж байгаач хүнтэй ярьчихаад өгье гэж асуутал тэг тэг гэж хэлээд надад өөрийнхөө Самсунг глакси А-10 эс маркийн цэнхэр өнгийн гар утсаа өгөхөөр нь тухайн утсыг нь аваад, Баянхошууны хуучин эцэс ороод хүнтэй уулзах гэсэн боловч уулзаж чадаагүй тэгтэл над руу араас танихгүй дугаараас залгахаар нь автал Мөнгөншагай ах нь байна чи хаана байна ах нь гар утасаа авмаар байна гэх хэлэхээр нь ойрхон байна удахгүй очлоо санаа зоволтгүй гэж худлаа хэлээд утсаа салгаад зам дээрээс такси бариад 3-4 хороолол орж Өргөө кино театрийн доод талд байрлах 24 цагын ломбарданд Мөнгөншагай ахаас авсан гар утсыг 100.000 төгрөгөөр барьцаанд тавьсан...гэх мэдүүлэг /xx-ийн 74-75/ зэрэг нотлох баримтуудаар,
2. Мөн шүүгдэгч Б.Б 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бурхант” нэртэй караокейд Х.Б-ын “утсаараа яриулаач яаралтай ярих гэсэн юм” гэж хэлэн түүний самсунг жи-7 маркийн гар утсыг зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч, залилан авсан болох нь :
- иргэн Х.Б-ын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 96/
- таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл “хохирогч Х.Батболор нь зураг №01 дугаартай этгээдийг таньж байна гэж Б.Б ыг зургийг заасан “/хх-ийн 97-106/,
- хохирогч Х.Б-ын :...2018.11.25-ны өдөр БГД-н 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Бурхант нэртэй караокейд ажлаа хийж байтал 19 цаг 50 минутын орчим үл таних 2 эрэгтэй орж ирээд ширээн дээр пиво захиалаад суусан...21 цаг 30 минутын үед нөгөө 2 залуугийн нэг нь болох цагаан эрээн өнгийн цамц өссөн 170 см орчим өндөр нуруутай харааны бололтой шил зүүсэн эрэгтэй хүн тейкин дээр ирээд эгчээ утсаараа яриулаач яаралтай ярих гэсэн юм гэж хэлэхээр нь би итгээд утсаа өгсөн. Гэтэл тэр залуу миний гар утсыг аваад шууд гараад зутаасан...Миний утсыг залилж авсан залууг би урьд танихгүй гэх мэдүүлэг /хх-108, 113-114/,
- эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан : алдагдсан гар утасны үнэлгээ 280,000 төгрөг /хх-121-123/,
- шүүгдэгч Б.Б ын:…Тухайн үед би согтчихсон байсан ба утсаар чинь нэг яриад өгье гэж хэлээд гар утсыг нь авсан...гэх мэдүүлэг /хх-145/ болон шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч тухайн гэмт хэргүүдийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.
Тус хэргийн зүйлчлэлийн хувьд “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх” шинжийг хэрхэн ялган зааглаж тайлбарлан хэрэглэх тухайд талууд зөрүүтэй байр суурь илэрхийлээгүй байх ба шүүхээс тус хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан дүгнэхгүйгээр буюу хэргийг прокурорт буцаахгүйгээр тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэснийг тэмдэглэв.
Шүүгдэгч нь залилах гэмт хэргийг тус тус 2 удаа үйлдсэн үйлдлүүд нь залилах гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүний шинжийг хангасан харин хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцсон нь зөв болно.
Иймд шүүгдэгч Б.Б ыг үргэлжилсэн 2 удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Тус гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Б нь хохирогч Т.Мөнгөншагайд 430,000 төгрөг, Х.Батболорт 280,000 төгрөгийг тус тус төлсөн /хх-10, 11-14/, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүгдэгч урьд нь эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн / байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссан /хх-32-34-37/ байх тул тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч нь ам бүл 6, эцэг, эх, 3 дүүтэй, хувийн хөрөнгө орлогогүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг түүний амьдрал бусад хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж /х-30-31, 45-46, 53, 60-63, 57-59, шүүх хуралдааны тэмдэглэл/ хэрэгт авагджээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б нь 2020.8.04-ны өдрөөс хойш тасралтгүй цагдан хоригдсон /х-200, 211, 227/ байх ба шүүх хуралдаан хийсэн 2020.10.26-ны өдрийн байдлаар цагдан хоригдсон нийт 83 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б.Б ыг залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ыг 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ын эдлэх 10 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Б.Б ын цагдан хоригдсон 83 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.
5. Тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Б.Б ыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР