Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 17

 

Г.Батзоригт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                                Даргалагч,

                                Ерөнхий шүүгч                     Б.Батзориг

                                Шүүгчид                                Я.Туул                                       

                                                                              Д.Буянжаргал

                                Оролцогчид:

                                Прокурор                            Д.Нямдэлэг

                                Хохирогчийн өмгөөлөгч     Л.Доржпүрэв

                                Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 409 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Гантөгсийн Батзоригт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1731001480095  дугаартай, 148/2017/0192/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Г.Батзориг нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” буудалд Б.Энхтүвшинг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Г.Батзоригт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд 409 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Боржигон овогт Гантөгсийн Батзоригт холбогдох 1731001480095 дугаартай Эрүүгийн хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

      Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан №01 дугаартай эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ:

...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлгүй байна. Үүнд: Г.Батзоригийн үйлдсэн хэрэг тогтоогдсон ба түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан журмын дагуу яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана.”, мөн хуулийн 9 дэх хэсэгт “Шүүхийн тогтоол нь цагаатгах, эсхүл шийтгэх хэлбэртэй байна” гэж заасны дагуу шийдвэрлэх ёстой байтал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5, 4.6-д заасан үндэслэлээр шүүгчийн захирамж гарган хэргийг мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ...” гэж заасан байхад гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй байна.

Иймд Г.Батзоригт холбогдох хэрэгт Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 409 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүгдэгч хохирлыг төлбөл хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй. Г.Батзориг өөрөө хүсэлт гаргаж шүүх хуралдаанд оролцсон. Прокурорын саналыг дэмжиж байна гэв.

Тодорхойлох нь:

 Г.Батзориг нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” буудалд Б.Энхтүвшинг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд  409 дугаартай шүүгчийн захирамжаар Боржигон овогт Гантөгсийн Батзоригт холбогдох 1731001480095 дугаартай эрүүгийн хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцааж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Сэлэнгэ аймгийн прокурорын газарт очтол хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №01 тоот эсэргүүцлийн дагуу Г.Батзоригт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн хэрэгт ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5-д заасан шаардлага хангаагүй, 17.4 дүгээр зүйлийн 4.6-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхэд эргэлзээтэй байна... гэсэн дүгнэлт хийж прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 409 дугаартай  шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсгийн  1.3., 2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 409 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр  шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Г.Батзоригт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                         ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                              Я.ТУУЛ

                                                                                      Д.БУЯНЖАРГАЛ