Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 482

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Э” ХХК         

Хариуцагч: БОАЖС ад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “БОАЖС ын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/290 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Ш, Л.Н, Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоож, С.Э нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Э” ХХК нь 2006 онд байгуулагдсан ба Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-491 дүгээр “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” тушаалаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, Залаатын богинын амны хязгаарлалтын бүсэд 3.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй болсон. Сайдын тушаалын дагуу манай компанид 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 2011/151 дүгээр “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ” олгогдож, 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга нартай 2011/151 дүгээр “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-г 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан.

            Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “Эт” ХХК-ийн зүгээс: “...ашиглаж байгаа төсөл хэрэгжүүлэх газар, кадастрын зураглалтай давхцуулан БОАЖС ын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-491 тоот тушаалаар “Э” ХХК-д газар ашиглах зөвшөөрлийг олгосон хууль бус шийдвэр гаргаж, түүнийгээ хүчингүй болгох арга хэмжээ авахгүй байгаа нь манай компанийн газар ашиглах эрхээ цаашид хэрэгжүүлэхэд саад учруулж байна...” гэх үндэслэлээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “...2005 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “Байгаль орчны яамны тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах” 1/175 тоот гэрчилгээг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, БОАЖС ын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/491 дүгээр тушаалын “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах...” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Мөн манай компанийн зүгээс тухайн хэрэгт гуравдагч этгээдээр оролцож, “...Бидний зүгээс хуулийн дагуу иргэн Д.Ц******* аялал жуулчлалын чиглэлээр 2005 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1/178 дугаар гэрчилгээтэй 3 га газар ашиглах эрхийг шилжүүлэн авч өнөөдрийг хүртэл газрын төлбөрийг төлж, үүргээ биелүүлсээр ирсэн тул “Эт” ХХК-ийн 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А-4914 дүгээр тушаалын “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй... Харин Д.Ц*******ын эзэмшилд байх хугацаанд “Эт” ХХК-д давхцуулан 20 га газар олгосон байдаг...” гэх үндэслэлээр “...БОАЖС ын 2007 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 242 дугаар тушаалын “Эт” ХХК-д холбогдох хэсгийг “Э” ХХК-ийн ашиглах газартай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах...” бие даасан шаардлагыг гаргасан байна.

            Дээрх хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр “...нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын газар ашиглах эрхийг хэн хэнийх нь эрх, ашгийг зөрчихгүйгээр, өөрөөр хэлбэл тухайн аманд нь газрын давхцалыг арилгах байдлаар дахин шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэн дээрх маргаан бүхий захиргааны актыг дахин шинээр захиргааны акт гартал түдгэлзүүлэх нь зүйтэй...” гэх дүгнэлтийг хийж, “...” ЭШБ трейд” ХХК-ийн гаргасан “2005 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Байгаль орчны яамны улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах” 1/175 тоот гэрчилгээг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, харин нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болон гуравдагч этгээд “Э” ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагын хүрээнд “БОАЖС ын 2007 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 242 дугаар тушаалын “Эт” ХХК-д холбогдох хэсгийн “Э” ХХК-ийн ашиглах газартай давхцал бүхий хэсгийг” мөн “2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-491 дүгээр тушаалын “Э” ХХК-д холбогдох хэсгийг” тус тус дахин шинээр акт гартал түдгэлзүүлж...” шийдвэрлэсэн.

            Улмаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлээд тус шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2016/0304 дүгээр магадлалаар “...”Э” ХХК хууль журамд заасан үүргийнхээ дагуу газар ашигласны төлбөрөө тухай бүр төлж байсан болох нь хэрэгт авагдсан 2007-2013 оны төлбөрийн даалгавруудаар тогтоогдож байх тул түүнд газар ашиглах эрх олгосон БОАЖС ын тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй болно...” гэх дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

            Дээр дурдсан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа шийдвэрийг үндэслэн Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд нь холбогдох хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр А/225 дугаар “Орц гарц гаргах, давхцал арилгах тухай” тушаал гарган “Эт” ХХК-ийн жуулчны бааз байрлаж буй 0.69 га газрыг манай компанийн ашиглах эрхтэй 3 га газартай давхцуулахгүйгээр тус жуулчны баазын цаад тал руу 2.01 га болгож өргөтгөж, манай компанийн ашиглах эрхтэй 3 га газрыг хэвээр үлдээхээр шийдвэрлэж, 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ******* дүгээр “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ”, 5 жилийн хугацаатай олгогдсон.

            Манай компани нь дээрх дурдсан 3 га газартаа аялал жуулчлалын цогцолбор байгуулах төсөл хэрэгжүүлэх санхүүжилтийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, аялал жуулчлалын цогцолборын барилгын ажил эрхлэх зөвшөөрөл олгохыг хүссэн албан бичгийг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн.

            Тус хүсэлтийн хариуд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10/708 тоот албан бичгээр БОАЖС ын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/290 дугаар тушаалаар БОАЖС ын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-491 тоот тушаалын “Э” ХХК-д холбогдох 3 га газрын 1.64 га газрыг хүчингүй болгож 1.36 га газрыг ашиглах эрх олгож шийдвэрлэснийг мэдэгдэж, газар ашиглах гэрээг Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай шинэчлэн байгуулж, Тусгай хамгаалалттай газрын нутгийн удирдлагын газрын даргаар батлуулах талаар дурдсан байсан.

            Иймд манай  компанийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн дээрх тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль бусад хууль тогтоомжид нийцүүлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу БОАЖС  Газрын тухай хуульд нийцүүлэн үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 36 дугаар зүйлийн 36.1 “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” 36 дугаар зүйлийн 36.2 “Тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийнэ” 36 дугаар зүйлийн 36.3 “Аялал, жуулчлал эрхлэх зориулалтаар газар ашиглах тухай хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын аялал, жуулчлалын үйл ажиллагаа явуулах материаллаг баазыг олон улсын стандарт, төвшинд хүргэсэн байдлыг нь харгалзан сонголт хийнэ” гэж заасны дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд Эзэнт ХХК, ЭШБ ХХК-д тушаал гарган газар ашиглах эрх олгогдсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэв.

            Гуравдагч этгээд “Эт” ХХК-ийн захирал Д.Шгээс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус компани 18 жилийн өмнө 2000 онд энэхүү маргаад байгаа давхацсан газар, уулын амыг бүхэлд нь өмнөх ашиглалтын явцад үүссэн хог хаягдлыг зөөж цэвэрлэх, модны хулгайтай тэмцэх үүднээс байнгын харуул хамгаалалт гаргаж ажиллуулах үүрэгтэйгээр анх авч аялал жуулчлалын зориулалтаар ашиглан гэрээгээр хүлээсэн үүрэг, газрын төлбөрөө цаг тухайд төлж ирсэн билээ.

            Энэ хугацаанд олон арван сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж АЖ-ын бааз, амралтын газар байгуулан сүүлийн жилүүдэд ахмад настанд амралтын үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд цаашид тухайн аманд орчин үеийн хүмүүсийн эрэлт хэрэгцээ шаардлагад нийцсэн иж бүрэн үйлчилгээтэй Аялал жуулчлалын цогцолбор барих зураг төсөл хийлгээд байна.

            Газар давхцуулж олгосон түүх, түүнийг шийдвэрлэж ирсэн явц байдлын талаар дараах тайлбар гаргаж байна.  Үүнд:

  1. 2005 онд тухайн үед Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.А******* эрх мэдлээ хэтрүүлэн иргэн Д.Ц*******ын газар газар ашиглах гэрээ баталж газар давхцуулан олгосон зөрчлийг тус компани тухайн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандан шалгуулж Улсын байцаагчийн 13/373/3123 тоот дүгнэлт гарсны дагуу Байгаль орчны яам 2007 онд манай газрын гэрчилгээний хавсралтыг нөхөн олгож ашиглах газрыг шинэчлэн баталгаажуулж өгснөөр газрын маргаан, давхцалын асуудлыг үндсэнд нь шийдсэн билээ.
  2. Гэтэл иргэн Д.Ц******* дээрх газраа өөрийн компанийн нэр дээр шилжүүлэх нэрийдлээр залилан мэхэлж 2011 онд “Э” ХХК-д хууль зөрчин газар худалдаж А-491 тоот шийдвэр гаргуулсан байдаг. Энэ нь дээрх сайдын тушаалын хавсралтад дурдсан тэмдэглэл, шүүхээс гаргуулсан аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн лавлагаа, тухайн газрыг мөнгө өгч авсан гэх ..................- иагаар нотлогддог.
  3. Энэхүү газрын давхцалын асуудал дахин гарч тус компани энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр удаа дараа Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хандахад 2015 оны 2 сард дээрх асуудлыг хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж хариу өгсний дагуу шүүхэд холбогдох нэхэмжлэл гаргасан билээ. Нэхэмжлэлийн шаардлагад Байгаль орчны яамнаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “Эт” ХХК-ний газар ашиглах эрхийг зөрчиж “Э” ХХК-д газар ашиглах зөвшөөрөл давхардуулан олгосон байх тул Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2011 оны А-291 дүгээр тушаалын “Э” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг хүлээн зөвшөөрч  байна гэжээ. Энэ нөхцөлд шүүхээс өөрийн эрхлэх асуудлын хүрээнд яам түүгээрээ энэ асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэн дахин шинээр захиргааны акт гартал талуудын газар ашиглах эрхийн актыг түдгэлзүүлсэн шийдвэр гарсан билээ.
  4. Гэтэл 2016 оны 07 сард Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайд байсан Н.Б******* ажлаа өгөх үедээ хууль дүрэм зөрчин бодит нөхцөл байдал, өмнө нь яам /сайд/-ын шүүхэд албан ёсоор хүргүүлсэн хариу тайлбартай нийцүүлээгүй, эрх мэдэл албан тушаалаа ашиглан зөвхөн  нэг талын эрх ашигт илт үйлчлэн яаран сандарч гаргасан шударга бус Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын А/225 тоот тушаалыг тус компани эс зөвшөөрч, энэ асуудлаар Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан юм.
  5. Уг гомдлыг Авилгатай тэмцэх газар шалгаад дээрх А/225 тоот тушаал гаргахдаа газар ашиглах эрх эхэлж үүссэн “Эт” ХХК-ийн эрх ашгийг зөрчиж шийдвэрлэсэн нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц нөхцөл байдлыг бий болгосон гэж үзэж уг тушаалыг хууль тогтоомжид нийцүүлэн дахин хянан шийдвэрлүүлэхээр гомдлыг Байгаль орчин аялал жуулчлалын сайдад шилжүүлж манайд энэ тухай хариу мэдэгдсэн билээ.

            Мөн тус компани 2017 оны 01 сард энэ асуудлаар шүүхэд дахин хандахад өмнө нь энэ асуудалтай холбогдож гарсан шүүхийн шийдвэр, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Улсын байцаагчийн дүгнэлт, Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын шүүхэд удаа дараа гаргаж байсан албан ёсны хариу тайлбар, Авлигатай тэмцэх газрын шаардлага зэргийг үндэслэн Захиргааны хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу Байгаль орчин аялал жуулчлалын сайд уг асуудлыг түүгээрээ эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэн шүүгчийн холбогдох захирамж гарсан тул энэхүү асуудлыг хууль журмын дагуу шударгаар эцэслэн шийдвэрлүүлэхээр 2017 оны 04 сард дахин Байгаль орчин аялал жуулчлалын сайдад хандсан юм.

            Үүний дагуу холбогдох хууль, энэ асуудлаар өмнө нь гарсан шүүх, хууль, хяналтын байгууллагуудын дүгнэлт, шаардлага, Богдхан уулын дархан цаазат газрын  хамгаалалтын захиргааны санал зэргийг үндэслэн Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2017 оны А/290 тоот тушаалаар өмнөх газар олгосон тушаалын холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, 2 компанийн ашиглах газрын хэмжээг шинэчлэн тогтоож, үүний дагуу яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас газар ашиглах гэрчилгээ олгогдож, гэрээ хийгдээд байна. /тушаал, гэрчилгээ хуулбар хавсаргав/

            Дээр дурдсан нөхцөл байдал, хариу тайлбараас үзэхэд “Э” ХХК нь холбогдох хууль дүрэм зөрчин үндэслэлгүй газрын маргаан хийж, бусдын ажилд саад учруулан олон жил хүч хөдөлмөр, зардал гарган хамгаалж, зориулалтаар нь ашиглаж ирсэн манай байгууллага хамт олны хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж байгаа тул “Э” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, Ц.Ц нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...”Эт” ХХК нь 1998 онд тухайн газрын хогийг цэвэрлэж, янзалсны үндсэн дээр хүсэлт гарган 2000 онд  хүсэлтийг дэмжиж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар нэхэмжлэгч компанийн ашиглаж байсан газар дээр “Эт” ХХК нь газар ашиглах эрх авсан зүйл байхгүй. Газрыг 2000 оноос хойш “Эт” ХХК ашиглаж байсан.

2005 онд н.Ц******* газрыг давхцуулж олгосон байдаг. Уг этгээд өөрийн “Э” ХХК-д газар ашиглах эрхээ 2011 онд шилүүлсэн байдаг. Үүнтэй холбогдуулан манай зүгээс төрийн байгууллагад хандаж байсан. Уг маргаан шүүхэд шилжин 2015 онд шийдвэрлэгдсэн. Тухайн үед хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч 2000 оноос “Эт” ХХК нь газрыг хууль ёсны дагуу ашиглаж байсан. Гэтэл хууль зөрчин “Э” ХХК-д газрыг давхцуулан олгосон юм байна. Бид үүнийг хүлээн зөвшөөрч байна гэдгээ илэрхийлсэн байдаг. Шүүхээс “Э” ХХК-ийг хууль ёсны дагуу газрыг эзэмших ёстой юм гэж дүгнээгүй. Харин газрын төлбөрийг төлж байсан учраас шударга ёсны үүднээс шууд газар эзэмших эрхгүй гэж үзэлгүй давхцуулалгүй газрыг олгох нь зүйтэй юм байна гэж дүгнэсэн. Энэ нь шүүхийн шийдвэр, магадлалд бичигдсэн байгаа.

Авилгатай тэмцэх газар, мэргэжлийн хяналтын байгууллага зэрэг олон байгууллагад хандсаны үндсэн дээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өөрийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгон зөвтгөж захиргааны акт гаргасан. БОАЖС ын А/290 дүгээр тушаал нь хууль тогтоомжийн дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлж өмнө гаргасан хууль бус шийдвэрээ хүчингүй болгохоор гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

“Өмнөх шүүхийн шийдвэрт одоо маргаж буй 3 га газартай холбоотой асуудлыг л дүгнэж шийдвэрлэсэн. Шүүхээс хэн хэнийх нь эрх ашгийг бодож давхцалыг нь арилгах ёстой гэж үзсэн. Нэхэмжлэгчийн маргаж буй актаар хэн хэнийх нь эрх ашгийг бодож газрыг хуваан олгосон. Энэ нь шүүхийн шийдвэрийг биелүүлж гарсан захиргааны акт юм. “Э” ХХК-д 3 га газрыг олгож, “Эт” ХХК-д ашиглах боломжгүй газрыг олгосноор шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны талаар тайлбар байна өгч байна. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд сонсох ажиллагааг явуулахгүй байж болно гэж заасан. “Эт” ХХК нь 3 га газрыг “Э” ХХК-д олгосон буруу гэж маргаж байсан. Хариуцагч байгууллага өөрийн эрх хэмжээ, шүүхийн шийдвэрийн дагуу газрыг хуваан олгосон. Газрыг хуваан олгосноор нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж байна гэж байгаа боловч ямар эрх ашгийг зөрчөөд байгаа нь тодорхойгүй байгаа. Хэрэгт авагдсан баримтаар “Э” ХХК нь уг газар дээр ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Зөвхөн газрын төлбөрийг төлсөн гэдэг. Иймд хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөхгүй байна. Шүүхийн шийдвэрийг биелүүлж, эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан тушаал учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч “Э” ХХК-иас “БОАЖС ын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/290 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...А/290 дүгээр тушаалаар манай 3 га газрын 1.64 га газрыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй, актын хууль зүйн үндэслэл буруу гарсан, газар эзэмших эрхийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байхад нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн актыг гаргасан” гэх агуулгаар тайлбарлан маргасан бол, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “... БОАЖС  нь бүрэн эрхийнхээ хүрээнд шүүхийн шийдвэрийг биелүүлэн мөн Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн “Эт” ХХК-ийн эрх, ашгийг зөрчсөн ашиг сонирхлыг зөрчилтэй тушаалаа хүчингүй болго гэсний дагуу хуульд нийцүүлэн гаргасан акт” гэх агуулгаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн үндэслэлийг үгүйсгэсэн болно.

Шүүхээс хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргээлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

            1. Хэргийн үйл баримтын талаар дараахь нөхцөл байдлууд тогтоогдож байна.          Анх Монгол Улсын Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А-491 дүгээр тушаалаар[1] нэхэмжлэгч “Э” ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар Баянзүрх дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, Залаатын богинын аманд 3.0 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгожээ.

Үүний дараа 2015 онд гуравдагч этгээд “ЭБШ” трейд ХХК-иас шүүхэд хандсан ба “Э” ХХК-д олгосон 2005 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/175 тоот гэрчилгээг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, БОАЖС ын 2011 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн А-491 дугаар тушаалын “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах “Эт” ХХК-ийн үндсэн шаардлагатай, тухайн захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон “Э” ХХК-ийн мөн сайдын 2007 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 242 дугаар тушаалын “Эт” ХХК-д холбогдох хэсгийн “Э” ХХК-ийн ашиглах газартай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах” тухай бие даасан шаардлагатай захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийн “Тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтад “Эт” ХХК-ийн гаргасан “2005 оны 21 дугаар сарын 11-ний өдрийн “Байгаль орчны яамны улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах” 1/175 тоот гэрчилгээг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, харин үндсэн шаардлага болон гуравдагч этгээд “Эзэнт ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагын хүрээнд “БОАЖС ын 2007 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 242 дугаар тушаалын “Эт” ХХК-д холбогдох хэсгийн “Э” ХХК-ийн ашиглах газартай давхцал бүхий хэсгийг, мөн 2011 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн А-491 дүгээр тушаалын “Э” ХХК-д холбогдох хэсгийг” тус тус дахин шинээр захиргааны акт гартал түдгэлзүүлэхээр” заажээ.

Уг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...Сайдын ямар шийдвэрийг үндэслэн гуравдагч этгээд иргэн Д.Ц-д 2005 онд газар ашиглах гэрчилгээ олгосон нь тодорхойгүй гэж маргадаг боловч Байгаль орчны сайдын 2007 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 242 дугаар тушаалаар дээрх байршилд 2.0 га газрын ашиглуулах гэрчилгээ олгохоос өмнө буюу 2000-2007 онд нэхэмжлэгчийн тухайд мөн л адил Сайдын ямар нэгэн шийдвэргүйгээр зөвхөн гэрээ, гэрчилгээгээр газар ашиглаж байсан нь тогтоогддог, үүнийг ч нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг тул энэ тохиолдолд хуулийн дээрх зохицуулалтыг нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн аль нэгэнд давуу байдлаар тайлбарлан хэрэглэх боломжгүй юм.

Үндсэндээ Байгаль орчны сайдын 2007 оны 242 дугаар тушаал гарч, уг тушаалыг үндэслэж “Эт” ХХК-д олгосон 2007 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 421 дугаар газар ашиглах гэрчилгээн дээр нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий 2 га газрын байршлыг Залаатын богины аманд 2 тусдаа солбицолд буюу амны баруун талд 0.68 га, зүүн талд 1.32 га байхаар тогтоосон нь 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/04 тоот “Газар ашиглах тухай” гэрээний хавсралтад тусгагдсан талбайн булунгийн цэгүүдийн солбилцол, хариуцагчаас гаргасан өгсөн нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын ашиглах газрын давхцлыг харуулсан зурган мэдээллээр батлагддаг.

Харин үүнээс өмнөх нэхэмжлэгчид олгосон 2003 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 029 тоот гэрчилгээнд ашиглах газрын захын цэгийг тодорхойлсон солбилбол, газар ашиглалтад орсон өөрчлөлтийг тэмдэглэх гэрчилгээний хавсралт байдаггүй байсан нь Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 13/373/8123 тоот дүгнэлтээр тогтоогджээ.

Эндээс дүгнэхэд 2000 оноос хойш нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий 2 га талбайн солбилцол 2009 оныг хүртэл тодорхойгүй байсан байх бөгөөд энэ тохиолдолд гуравдагч этгээд Д.Ц*******ын “Аэрогеодези” ХК-иар 2004 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хийлгүүлсэн эдэлбэр талбайн хил хязгаарын цэгүүдийн солбилцол тодорхойлсон акт, 2005 онд “Тэкол” ХХК-иар хийлгүүлсэн Богдхан уулын Залаатын богино аманд байрлах “Аялал жуулчлалын бааз” төслийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, хяналт шинжилгээний хөтөлбөр /Байгаль орчны яамны ерөнхий шинжээч Я.А******* баталж, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Түмэнхүү танилцсан/ болон Байгаль орчны яаманд 2005 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөр огноолж гаргасан “Богдхан уулын Залаатын богины аманд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах” хүсэлт зэргийн үндэслэн Д.Ц*******тай улсын тусгай хамгаалалттай, газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2005 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 1/175 тоот гурвалсан гэрээг байгуулж, мөн 02 дугаар сарын 11-ний өдөр 1/175 дугаар гэрчилгээ олгосныг буруутгах үндэслэлгүй юм.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана” гэж заасан хэдий ч Б.Ц*******аас газар ашиглах хүсэлтээ ийнхүү Байгаль орчны яаманд гаргасан гэх эсхүл газар ашиглуулах талаар Сайдын ямар нэгэн шийдвэр гараагүй гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан 2005 оны 02 дгуаар сарын 11-ний өдрийн 1/175 тоот гэрчилгээг итл хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Харин цаг хугацааны хувьд БОАЖС ын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-491 дүгээр тушаалаар иргэн Б.Ц*******аас “Э” ХХК-д уг газрыг шилжүүлэн ашиглуулахаар шийдвэрлэж, мөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр газар ашиглах тухай 2011/151 тоот гэрчилгээ олгох үед Б.Ц*******ын ашиглах 3 га газар нэхэмжлэгчийн ашиглах 2 га газрын 1.32 га-тай бүхэлдээ давхцалтай болохыг мэдэх бүрэн боломжтой, өөрөөр хэлбэл ийнхүү “Э” ХХК-д шилжүүлэхдээ газрыг давхцлыг арилгах боломж хариуцагчид бүрэн байжээ.

Учир нь шүүхийн үзлэг, үзлэгийн явцад авсан фото зурагт нэхэмжлэгчийн олон жилийн турш үйл ажиллагаа явуулж байгаа аман дахь жалганы баруун хэсэгт 0.68 га-аас ихийг, тухайлбал 2 га болон түүнээс ч ихийг нэхэмжлэгчид нэмж ашиглуулах боломж бүхий нөхцөл байдал харагддаг. Мөн үзлэгээр газрын давхцал бүхий хэсэг болох жалганы зүүн талд ямар ч барилга, байгууламж баригдаагүй болох нь тогтоогдсон.

Хэдийгээр байгаль хамгаалагч Т.Гомбосүрэн, Г.Бариашар нарын тодорхойлолт, бодит нөхцөл байдалд иргэн Д.Ц******* болон “Э” ХХК нь 3 га газартаа өнгөрсөн хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй ч Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, газар ашиглах гэрээнд заасан үүргийнхээ дагуу 2005-2015 оны газрын төлбөрийг бүрэн төлсөн болох нь банкны төлбөрийн даалгавар, гэрээний талуудын тооцоо нийлсэн актаар тус тус батлагддаг.

Түүнчлэн “Э” ХХК-ийн тухайд газрын төлбөрийг төснөөс гадна улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2011/151 тоот гурвалсан гэрээг Баянзүрх дүүргийн Засаг дарга, Бодхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай байгуулсан байх тул хуулийн хүрээнд үүссэн “Э” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна”;

“...Мөн иргэн Д.Цэрэннадмадтай байгуулсан гэрээний хугацаа 2010 оны 2 дугаар сарын 12-ны өдөр дуусан байсан эсэхээс үл хамааран түүний 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Байгаль орчин, аялал жуучлалын яамны тусгай хамгаалаттай нутгийн удирддлагын газарт гаргасан “Э” ХХК-д газар ашиглах эрхээ шилжүүлэх тухай хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх нь хариуцагчийн хуулиар олгогдсон бүрэн эрхэд хамаарах бөгөөд нэгэнт “Э” ХХК-д газар ашиглах эрхийг шилжүүлж, холбогдох гэрээ, гэрчилгээ олгогдсон байх тул нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр БОАЖС ын 2011 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн А-491 дүгээр тушаалын “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох;

2000 оноос хойш тухайн амыг хамгаалж, зохих хэсэгт нь тогтвортой үйл ажиллагаа эрхэлж байгаа, мөн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2005 оны дүгнэлтэд дурдсанаар “...хуучин мөсөн зоорь болон түүний аж ахуй байрлаж байсан барилга байгууламжийн эвдэрсэн суурь дээр байсан их хэмжээний үнс, тхог хаягдлыг цэвэрлэж, зарим эвдэрсэн газрыг тэгшилж, уул руул гарсан олон салаа замыг хааж, байнгын харуул хамгаалалт ажиллуулах...” зэрэг ажилыг хийж байсан нэхэмжлэгчийн тухайд одоогийн ашиглах эрх бүхий 2 га, магадгүй төслөө хэрэгжүүлэх хүрээнд нэмж газар ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломжифйг бие даасан шаардлагад дурдсан үндэслэлээр хязгаарлаж, өөрөөр хэлбэл Сайдын 2007 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 242 дугаар тушаалын “Эт” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох үндэслэлгүй”;

“...харин дээрх нөхцөл шалтгаан, анх газар ашиглах эрх хэрхэн үүссэн болох, хэргийн болон шүүхийн үзлэгийн явцад тогтоогдсон бодит байдал, Залаатын богины аманд ашиглуулах газрын бодит боломж, газрын хэмжээ зэргээс тус тус үзэхэд нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын газар ашиглах эрхийг хэн хэнийх нь эрх, ашгийг зөрчихгүйгээр, өөрөөр хэлбэл тухайн аманд нь газрын давхцлыг арилгах байдлаар дахин шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэн дээрх маргаан бүхий захиргааны актыг дахин шинээр захиргааны акт гартал түдгэлзүүлэх нь зүйтэй...” гэж хэргийн оролцогчдын тайлбар, татгалзлын талаар тус тус дүгнэсэн[2] байдаг ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2016/0304 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хэвээр үлдээснээр, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Иймээс “нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэнд нь газар ашиглах эрх хэрхэн үүссэн болох, газар ашиглах эрхтэй, эрхгүй” гэх үйл баримт нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар шүүхээс дахин дүгнэлт хийхгүй, мөн нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар буюу газар ашиглах эрхийг хууль бусаар эсхүл хууль ёсны дагуу олж авсан эсэхийг нотлохгүйг дурдах нь зүйтэй.

2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг[3] үндэслэсэн гаргасан хариуцагч Байгаль орчин, Ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Орц, гарч гаргах, давхцал арилгах тухай” А/225 дугаар тушаалд[4] “Эт” ХХК-ийн ашиглах газрын солбилцлыг өөрчлөн 2.0 га газрыг эзэмшүүлэхээр заасан ба өөрөөр хэлбэл уг тушаалаар нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн ашиглах газрын давхцлыг арилгахдаа нэхэмжлэгч “Э” ХХК-ийн 3.0 га газрыг хөндөхгүйгээр зөвхөн “Эт” ХХК-ийн ашиглах газрын солбилцлыг өөрчилж шийдвэрлэсэн байдаг.

Ийнхүү хариуцагчаас хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт “... нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын газар ашиглах эрхийг хэн хэнийх нь эрх, ашгийг зөрчихгүйгээр, өөрөөр хэлбэл тухайн аманд нь газрын давхцлыг арилгах байдлаар дахин шийдвэрлэх бүрэн боломжтой” гэж заасныг хэрэгжүүлэн захиргааны акт гаргасан хэдий ч 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох, эрх олгох тухай” А/290 тушаалыг[5] дахин гаргахдаа “2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Орц, гарч гаргах, давхцал арилгах тухай” А/225 дугаар тушаалын “Эт” ХХК-д холбогдох хэсгийг болон “БОАЖС ын 2011 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн А-491 дугаар тушаалын “Э” ХХК-д /3.0 га газар ашиглуулах/ холбогдох, мөн сайдын 2007 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 242 дугаар тушаалын “Эт” ХХК-д /2.0 га газар ашиглуулах/ холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгон, Богдхан уулын дархан цаазат газрын Залаатын амны хязгаарлалтын бүсэд “Эт” ХХК-д ашиглах газрын хэмжээг 2.0 га-аас 2.84 га болгон нэмэгдүүлэн, “Э” ХХК-ийн ашиглах 3.0 га газрын хэмжээг 1.36 га болгон багасган олгосон байх ба энэхүү маргаан бүхий А/290 актын улмаас нэхэмжлэгч “Э” ХХК-ийн “тусгай хамгаалалттай газар нутагт гэрээнд заасан зориулалтын дагуу газар ашиглах” эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь дараахь байдлаар тогтоогдож байна. Үүнд:

Хариуцагчаас маргаан бүхий акт болох 2017 оны А/290 дугаар тушаалдаа “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2016/0304 дугаар магадлал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 24 дүгээр шийдвэр, Авилгатай тэмцэх газрын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 05/8782 дугаар албан бичиг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 959 тоот санал зэргийг тус тус үндэслэсэн байдаг.

Захиргааны ерөнхий хуулийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно” гэж заасан ба нэхэмжлэгч “Э” ХХК-ийн хувьд хариуцагчийн гаргасан маргаан бүхий 2017 оны А/290 дугаар тушаал нь түүний газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарлаж, хөндсөнөөрөө сөрөг нөлөөлөл бүхий акт болох юм. Хариуцагч нь мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, “26.2-т Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж тус тус заасныг хэрэгжүүлээгүй буюу маргаан бүхий А/290 дугаар захирамжийг гаргахдаа “Сонсох ажиллагаа”-г явуулаагүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...сонсох ажиллагааг явуулсан эсэх талаар мэдэхгүй” гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан ба, харин гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс “...иргэн хуулийн этгээдийн өргөдөл гомдлыг хангаж шийдвэрлэж байгаа тохиолдолд сонсох ажиллагаа явуулахгүй байх хуулийн зохицуулалттай нийцсэн” гэж тус тус тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Зүй нь хариуцагчаас нэхэмжлэгч Эзэнт” ХХК-д сонсох ажиллагааг явуулах журам, явуулах он сар, өдөр, цаг байрлал, дараалал, захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт, захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэлийг тус тус тусгасан мэдэгдлийг нэхэмжлэгчийн зүгээс тайлбар, санал гаргах боломжит хугацаанд гарт нь хүргүүлсэн, улмаар сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаарх мэдээллийг бэлтгэж баримтжуулсан тохиолдолд захиргааны зүгээс хуульд заасан оролцогчийн эрхийг хангах үүргээ буюу сонсох ажиллагаа явуулсан гэж үзэх ба харин Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д “иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд” сонсох ажиллагаа хийхгүй байж болно гэж заасныг “...эсрэг нөлөөлөл бүхий шийдвэрт” хамааруулан ойлгохыг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагчаас шүүхийн шийдвэрийг биелүүлэн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Орц, гарч гаргах, давхцал арилгах тухай” А/225 дугаар тушаалыг гаргасан атлаа, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн А/290 дүгээр тушаалыг дахин гаргасныг зөвтгөх боломжгүй, нэгэнт шүүхийн шийдвэрийг биелүүлээд гаргасан акт байхад дахин акт гаргаж үүнийгээ “хэн нэгнийх нь эрхийг зөрчихгүйгээр дахин акт гаргах” тухай шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хариуцагчаас захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлээд гаргасан гэх маргаан бүхий А/290 дугаар акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасан зарчимд нийцээгүй бөгөөд мөн уг акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах”, 40.4-д “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэх захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүй байна.

Түүнчлэн маргаан бүхий актыг гаргахдаа мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д “заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авах”, 15.1.4-т “заасан захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх”, 92 дугаар 92.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй” гэж заасан нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийг зөрчсөн, түүнчлэн мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Захиргааны байгууллага өөрийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэх, тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй оролцогч, түүний төлөөлөгчид танилцах боломж олгоно” гэж заасныг тус тус хэрэгжүүлэн ажиллах хуулиар тогтоосон журмыг зөрчин мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан “сонсох ажиллагаа”-г явуулах үүргээ захиргааны зүгээс биелүүлээгүй байна гэж үзлээ.

Түүнчлэн маргаан бүхий 2017 оны А/290 дугаар тушаалд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 2, 3, 40 дүгээр зүйлийн 40.1-ийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэсэн байх ба мөн хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 36 дугаар зүйлийн 2-т “Тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийнэ”, 36 дугаар зүйлийн З-д “Аялал, жуулчлал эрхлэх зориулалтаар газар ашиглах тухай хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын аялал, жуулчлалын үйл ажиллагаа явуулах материаллаг баазыг олон улсын стандарт, түвшинд хүргэсэн байдлыг нь харгалзан сонголт хийнэ” гэж тус тус заасан нь нэхэмжлэгч “Э” ХХК, гуравдагч этгээд “Эт” ХХК-иудад хамааралгүй шинээр газар ашиглах эрх олж авахаар хүсэлт гаргах тохиолдлыг ойлгохоор байна.

Мөн маргаан бүхий актад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 /хуулийн зүйл заалтыг буруу бичсэн/ дэх зүйлийг үндэслэсэн ба мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно”, 40 дүгээр зүйлийн 1-ийн 1-д “Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр” гэж заасныг байх ба Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд Газар эзэмших эрх дуусгавар болох тохиолдлыг хуульчилсан байна. Тэрээр 39 дүгээр 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй”, 39.1.2-т “газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан”, 39.1.3-д “эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан”, 39.1.4-т “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон”, 39.1.5-д “газрыг тусгай хэрэгцээнд авч нөхөх олговрыг газар эзэмшигчид бүрэн төлсөн” гэж тус тус заасан байх ба “Э” ХХК-ийн хувьд газар эзэмших эрх болон эрхийн хугацаа дуусаагүй, ийнхүү дууссан байхад хүсэлт гаргаагүй, мөн газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон, төрөөс газрыг тусгай хэрэгцээнд авсан гэх нөхцөл байдал бий болоогүй буюу өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн газар эзэмших эрх Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар дуусгавар болоогүй байхад газар ашиглах эрхийг нь хүчингүй болгосон нь хууль бус болжээ.

Захиргааны байгууллага, албан тушаалтаны гаргасан захиргааны акт нь эрх зүйд үндэслэсэн байх ёстой бөгөөд зөвхөн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд аливаа этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах учиртай.

Гэтэл Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дуусгавар болоогүй, ашиглах эрхийг хөндөх үндэслэл тогтоогдоогүй байхад захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд баримтлах хуульд заасан журмыг зөрчин, хуульд нийцээгүй актыг гарган нэхэмжлэгчийн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул шүүхээс Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-дТөрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол...шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасныг баримтлан хариуцагч БОАЖС ын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/290 дүгээр тушаалыг хүчингүй хүчингүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1-ийн 1, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж БОАЖС ын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/290 дүгээр тушаалыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Эзэнт” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БОАЖС ааас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ОТГОНТУЯА


[1] 2 дугаар хавтаст хэргийн 48 дугаар тал

[2] 2 дугаар хавтаст хэргийн 38 дугаар тал

[3] 3 дугаар хавтаст хэргийн 30-37 дугаар тал

[4] 2 дугаар хавтаст хэргийн 46 дугаар тал

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 74 дүгээр тал