Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0437/З |
Дугаар | 221/МА2022/0320 |
Огноо | 2022-05-11 |
Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2022/0320
2022 оны 05 сарын 11 өдөр | Дугаар 221/МА2022/0320 | Улаанбаатар хот
|
“Э Э Ж Ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Э Э Ж Ю” ХХК
Хариуцагч Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс
Гуравдагч этгээд Ж.Т
Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хорооллын 310 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах 871 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үйл хөдлөх эд хөрөнгийг Ж.Тын нэр дээр бүртгэсэн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн Ү-22030321481 дугаарт бүртгэсэн бүртгэл, 000742074 дугаар Ж.Тын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 162 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна
Хэргийн индекс: 128/2020/0437/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Э Э Ж Ю” ХХК-иас Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хорооллын 310 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах 871 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үйл хөдлөх эд хөрөнгийг Ж.Тын нэр дээр бүртгэсэн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн Ү-22030321481 дугаарт бүртгэсэн бүртгэл, 000742074 дугаар Ж.Тын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 162 дугаар шийдвэрээр:
“...2.1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.4.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э Э Ж Ю” ХХК-иас Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хорооллын 310 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах 871 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үйл хөдлөх эд хөрөнгийг Ж.Тын нэр дээр 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн Ү-22030321481 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
2.2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “Э Э Ж Ю” ХХК-ийн “...000742074 дугаартай Ж.Тын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1...“Анхан шатны шүүх нь маргаан бүхий актад хамааралгүй бусад үйл баримтад дүгнэлт хийсэн тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй, өөрөөр хэлбэл хэдийгээр маргаан бүхий бүртгэлээс өмнөх иргэн, захиргааны хэргийн үйл баримтууд нь хамааралтай байгаа боловч тухайн бүртгэлийн талаар дүгнэх цар хүрээг зөв тодорхойлохгүй нь шүүхийг буруу дүгнэлт хийхэд хүргэсэн гэж үзэж байна.
3.2.Хариуцагч маргаан бүхий бүртгэлийг хийхдээ юуг, хэрхэн үндэслэсэн нь ойлгомжгүй, угтаа тухайн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй. Өөрөөр хэлбэл шүүх хариуцагчийн хийсэн бүртгэлийг бодит байдлаас өөрөөр тайлбарлан “хувийг өөрчилсөн бүртгэл, өмчлөгчийг өөрчлөөгүй” гэх агуулгаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Мөн энэ талаар дүгнэлт хийхдээ хариуцагчийн хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосныг үндэслэн бүртгэлээ хийсэн байхад энэхүү нөхцөл байдлыг бодитоор дүгнэж чадаагүй, түүнчлэн агуулгын хувьд ч зөрчилдөөнтэй, үндэслэл муутай дүгнэлтийг хийснээс шалтгаалж шийдвэр үндэслэлгүй гарсан.
3.3.Шүүх маргаан бүхий бүртгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсныг үндэслэн бүртгэсэн бүртгэл болох талаар буруу дүгнэсэн бөгөөд шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээг мэдсэн атлаа энэ талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Улмаар дээрхийг зөвтгөн тайлбарлахдаа шүүхийн шийдвэрт хэрэгт авагдаагүй хэмжээнд үндэслэсэн, энэ тохиолдолд шүүхийн дүгнэлт, шийдэл нь өөрөө иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг шууд үгүйсгэсэн, харин иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүд хоорондоо тодорхой асуудлаар зөрчилдсөн шийдлийг гаргаж байгаа нь хууль бус юм.
3.4.Шүүх дээрх байдлаар бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийж, үүгээрээ нэхэмжлэгчийн эзэмшилд тодорхой хэмжээний хохирол, үр дагаврыг бий болгосон тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 162 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.
5.Гуравдагч этгээд давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.
ХЯНАВАЛ:
Хэргийг үндэслэлтэй, зөв шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
1.Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 2376 дугаар захирамжаар одоогийн нэхэмжлэгч “Э Э Ж Ю” ХХК-ийн захирал Ч.С болон гуравдагч этгээд Ж.Т нарын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээг баталж, иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан мөн оны 5 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11-р хороо, 7-р хороолол, 310 дугаар байрны 1 давхрын 70 хувийн гүйцэтгэлтэй, 871 м.кв талбайтай дуусаагүй барилгын өмчлөгчөөр Ж.Тыг бүртгэсэн, энэхүү бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шат шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул уг барилга бүрэн дууссантай холбогдуулан 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 70 хувийн гүйцэтгэлтэй гэснийг “100 хувь” болгон өөрчлөлт оруулсан бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, энэ талаар шүүхийн шийдвэрт хангалттай дүгнэжээ.
Иймд “...маргаан бүхий бүртгэлтэй хамааралгүй үйл баримтын талаар дүгнэлт хийсэн, түүндээ хэт хөтлөгдсөн...” гэж шүүхийг буруутгах боломжгүй, харин ч шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримтууд нь хэрэгт шууд хамааралтай байна.
2.70 хувийн гүйцэтгэлтэй байх үеийн бүртгэл хийх үндэслэл болсон дээрх шүүгчийн захирамж хүчинтэй, түүнчлэн Ж.Тын өмчлөгчөөр бүртгэсэн эхний бүртгэл хуульд нийцсэн болохыг шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор эцэслэн дүгнэсэн энэ тохиолдолд барилгын гүйцэтгэл 100 хувь дууссантай холбогдуулан өмчлөгч Ж.Тын гаргасан мэдүүлгийн дагуу өөрчлөлт оруулсныг хуульд нийцсэн гэж үзнэ.
Хэдийгээр Ж.Таас талбайн хэмжээг 860 м.кв гэж мэдүүлэгтээ бичсэн ч анх 70 хувийн гүйцэтгэлтэй байхдаа бүртгэгдсэн 871 м.кв-ыг хөндөхгүйгээр зөвхөн гүйцэтгэлийн хувийг 100 гэж өөрчилснөөр нэхэмжлэгчийн эрх зөрчигдөхгүй.
Учир нь одоогийн бүртгэл тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд анхных биш, нөгөөтэйгүүр өмчлөгчийг өөрчлөөгүй байх тул мэдүүлгээс ихээр буюу 17 м.кв-ыг нэмж бүртгэсэн гэж дүгнэх, мөн энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй, шүүхийн шийдвэрт дүгнэсэнчлэн Ж.Таас дахин мэдүүлэг гаргаж талбайн хэмжээг ч өөрчлүүлэх шаардлагагүй.
3.Нэхэмжлэгчээс үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй энэ мэтээр маргахаас илүүтэй дээрх эвлэрлийн гэрээгээр тохиролцсон үүргээ бүрэн биелүүлэх, улмаар өмчлөгчийг өөрчлүүлэх хүсэлтээ шийдвэрлүүлэх нь зүйтэй.
4.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д “үл хөдлөх эд хөрөнгийн гүйцэтгэл өөрчлөгдөх тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна” гэж заасны дагуу одоогийн маргаан бүхий бүртгэл хийгдсэн, өөрөөр хэлбэл өмчлөгчөөс гаргасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл хариуцагчийн хувьд байхгүй байжээ.
Давж заалдах шатны шүүхээс гомдлын хүрээнд хянахад тусгай тэмдэглэл хийгдсэн эсэхээс үл хамааран өмчлөгчийг бус зөвхөн гүйцэтгэлийн хувийг өөрчилсөн бүртгэлийг хууль бус гэж үзэх, тэр тусмаа нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн ямар ч үндэслэл тогтоогдсонгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 162 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Нгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН