Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 13

 

Т.Туулын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Л.Нямдорж, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 53 дугаар шийдвэртэй,

Төрийн банкны Говь-Алтай салбарын Харзат тооцооны төвд захирал ажилтай, Жалиар овогт Төмөрийн Туулийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Төрийн банкны Говь-Алтай салбарт холбогдох, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 8.304.000 төгрөг, 2016 оны ээлжийн амралтыг биеэр эдэлж, амралтын олговорт 988.000 төгрөг тус тус гаргуулахыг хүссэн иргэний хэргийг Төрийн банкны Говь-Алтай салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дамдины давж заалдах гомдлоор 2017 оны 03 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Туул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Туул нэхэмжлэл, анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 сарын 13-ны өдөр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан. Энэ асуудлаар шүүхэд хандаж явсаар 2016 оны 9 сарын 13-ны өдөр ажилдаа эргэж орсон. Говь-Алтай, Завхан аймгийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 12 тоот магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 548 тоот тогтоолоор үндэслэлгүй хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан нь тогтоогдсон. Энэ цагаас хойш байгууллагатайгаа эв зүйгээ олох гэж амаар болон бичгээр цахим шуудангаар хүсэлт удаа дараа гаргасан боловч удирдлагын зүгээс зохих байгууллагад ханд гэсэн хариу амаар болон бичиг, цахим шуудангаар өгсөн. Ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргахдаа ажлаас чөлөөлсөн тушаал гарснаас хойш шүүхэд хандсан өдөр хүртэлх хугацааны цалинг нэхэмжилсэн байгаад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй. Одоо анхан шатны шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс ажилд эргэж орсон 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 8.304.000 төгрөг нэхэмжилж байна. Би сарын 800.000 төгрөгийн цалинтай

ажилладаг. Мөн хэрвээ ажил олгогч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөөгүй байсан бол би хэвийн ажлаа хийгээд ээлжийн амралтаа аваад явах боломжтой байсан.

 

Гэвч намайг ажилд авахгүй байсаар байгаад 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ажилд авсан тул 2016 оны ээлжийн амралтыг биеэр эдэлж, амралтын олговорт 988.000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна. Би нийтдээ гурван шаардлага буюу ажилгүй байсан хугацааны цалинд 8.304.000 төгрөг гаргуулах, 2016 оны ээлжийн амралтын биеэр эдлэх, ээлжийн амралтын нөхөн олговорт 988.000 төгрөг гаргуулах гэсэн шаардлага гаргаж байгаа. Миний энэ шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Туулын нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Т.Туул нь Төрийн банк ХХК-ний Говь-Алтай салбарын харьяа Харзат тооцооны төвийн захирлаар 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаад салбарын захирлын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 15/169 тоот тушаалаар чөлөөлөгдсөн. Т.Туулыг 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 001/хт2016/00548 тоот тогтоолын дагуу салбарын бүс хариуцсан захирлын 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 16/109 тоот тушаалаар Харзат тооцооны төвийн захирлаар томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг банкнаас олгосон.

Цалингийн тодорхойлолт хуулбар байгаа тул нотлох баримт болохгүй гэж үзэж байна. Уг нь анхан шатны шүүхийн шийдвэр 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гарч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатны шүүхэд шинэ нотлох баримт болох эмнэлгийн бичгийг гаргаж өгснөөр давж заалдах шатны шүүхийн магадлал гарах дээд шүүхийн тогтоол гарах үед үнэлэгдэж процессын алдаа гарч нэхэмжлэгчийн талд шийдвэр гарсан тул хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Т.Туул нь цалингаа яаж бодсон бодолт нь, сард хэдэн төгрөгийн цалин авдаг нь нотлогдохгүй байна гэж үзэж байна. Ээлжийн амралтын олговор авах, биеэр эдлэх гэж яриад байгаа. Ээлжийн амралтын тооцоогоо 2015 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хийгээд ээлжийн амралтаа аваад явсан. Түүнээс хойш өвчтэй гэх шалтгаанаар 10 сарын 13-ны өдрийг хүртэл ажилдаа ирээгүй. Тэгээд манайх ажлаас чөлөөлсөн. Өмнө нь ээлжийн амралтаа аваад явсан тул одоо ээлжийн амралт гэж яриад байгааг хүлээн зөвшөөрөхгүй, ээлжийн амралтын олговор, цалинг олгох боломжгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Төрийн банкны Говь-Алтай салбараас ажилтаны ажилгүй байсан 213 өдөрт ногдох олговорт 8.304.000 /найман сая гурван зуун дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Жалиар овогт Төмөрийн Туул /РД-ДЮ63030522/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны ээлжийн амралт биеэр эдлэх, ээлжийн амралтын олговорт 988.000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Туулын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Төрийн банкны Говь-Алтай салбараас 147.814 /нэг зуун дөчин долоон мянга найман зуун арван дөрвөн/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч,

хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй зэргийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Төрийн банкны Говь-Алтай салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дамдин давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 6-ны өдрийн 53 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Т.Туул нь 2015 онд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалт Хөдөлмөрийн гэрээний 7.4.1 дэх заалт Төрийн банк" ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.28.1 дэх заалтыг тус тус зөрчсөн тул салбарын захирлын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. 2016 онд Давж заалдах шатны шүүхийн магадлал болон Дээд шүүхийн тогтоолын дагуу Т.Туулыг ажилд нь томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгосон.

Иргэний хэргийн анхан шатны шүүх хурал дээр Т.Туул нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд 38.7 Нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө, гэж заасан байхад нотлох баримтаа хурал эхлэхийн өмнө гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй. гэж заасан байхад нотлох баримтаа хурал эхлэхийн өмнө гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй. Т.Туулын цалингийн тодорхойлолт нотлох баримтын шаардлага хангахгүй, мөн хэзээ ажилд томилогдож, ямар хугацааны цалин нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байхад шүүгч процессын алдаа гаргаж, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг үнэлэн нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах шийдвэр гаргасан.

Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 53 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Туул ажилгүй байсан хугацааны цалингийн олговор 8.304.000 төгрөг, 2016 оны ээлжийн амралтыг биеэр эдэлж, ээлжийн амралтын олговор 988.000 төгрөг гаргуулах тухай нэмэжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Төрийн банкны Говь-Алтай салбар эс зөвшөөрч маргажээ.

Т.Туул нь Говь-Алтай, Завхан аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2016/00548 дугаар тогтоолоор Төрийн банкны Говь-Алтай салбарын Харзат тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоогджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгэр зүйлийн 69.1-д ...энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор... олгохоор заажээ.

Т.Туулыг Төрийн банкны Говь-Алтай салбарын Харзат тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2016/00548 дугаартай Улсын Дээд шүүхийн хяналтын шатны тогтоол гарснаар хүчин төгөлдөр болсон байна.

Хариуцагч Төрийн банкны Говь-Алтай салбар нь Т.Туулыг 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн авч шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байна.

Т.Туул нь ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс түүнийг ажилд эгүүлэн авсан 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд ажилгүй байсан байх ба тэрээр дээрх бүх хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар олговор авах эрхтэй байжээ.

Харин ээлжийн амралтын олговор шаардах болон ээлжийн амралтыг биеэр эдлээгүй гэх шаардлагын тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт ...ажилтанд жил бүр ээлжийн амралтыг биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг ...гэрээгээр болон ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр олгоно... гэж заасан байгаагаас, нэхэмжлэгч нь 2016 онд ажиллаагүй, ажил олгогчтой тохиролцсон гэрээ зэрэг байхгүй нь амралтын олговор шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй юм.

Хариуцагчаас ...Т.Туулын цалингийн тодорхойлолт нотлох баримтын шаардлага хангахгүй, мөн хэзээ ажилд томилогдож, ямар хугацааны цалин нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байхад шүүгч процессын алдаа гаргаж, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг үнэлэн нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин олгуулах шийдвэр гаргасан... гэж давж заалдах гомдолдоо дурдсан нь үндэслэлгүй бөгөөд энэ нь нэхэмжлэгчийг ажилд томилж, чөлөөлсөн тухай Төрийн банкны Говь-Алтай салбарын захирлын гарын үсэг, тамга бүхий нийгмийн даатгалын дэвтэр /х/х-ийн 3,4 дүгээр тал/, түүнд бичигдэж, нотариатаар баталгаажуулсан ажлаас чөлөөлөгдөхийн өмнө авч байсан дараалсан 3 сарын цалингийн дундажыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д зааснаар тооцож гаргасан нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл тооцож, нийт 8.304.000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж Т.Туулд олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйл болон холбогдох хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 6-ны өдрийн 53 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147.814 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

Т.ЖАРГАЛСАЙХАН