Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/01572

 

Ш.Н-ийнэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2018/01075 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1307 дугаар магадлалтай,

Ш.Н-ийнэхэмжлэлтэй

“Т Т” ХХК-т холбогдох

Дутуу олгосон цалин хөлс нийт 524 929 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болдсайханы гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болдсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: Миний бие тус байгууллагад 2016 оны 09 дүгээр сарын 01-нд худалдааны зөвлөхөөр ажилд орж, ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй. Манай байгууллага Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 7 хоногт 40 цаг ажиллах ёстой гэж хөдөлмөрийн гэрээ байгуулдаг боловч бямба, ням гаригуудад ажиллуулж, нөхөн амраадаггүй. Илүү цагийн хөлсийг бодохдоо ажлын өдрүүдээр ажилласан илүү цагийг илүү цагт тооцдоггүй мөн амралтын өдөр илүү цаг ажилласан бол нэг хувиар тооцон олгож байгааг хууль зөрчиж байна гэж үзэж байна. Би 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хооронд ажиллах хугацаандаа зуны цагийн хуваарьт 05 дугаар сарын 01-нээс 09 дүгээр сарын 30-ны хооронд өглөө 09 цагаас орой 19 цаг хүртэл ажилласан, өвлийн цагийн хуваарьт 10 дугаар сарын 01-нээс 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 09 цагаас 18 цаг хүртэл ажилласан. Зуны цагийн хуваарийн дагуу ажиллахад ажлын өдрүүдэд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 8 цаг ажиллахаас 9 цаг ажиллаж, 1 цаг илүү ажиллахаас гадна бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баярын өдөр ажиллаж байсан болно. Тухайн байгууллагад Хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй болохоор Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд гомдол гаргахад Зөвлөмж гаргасан боловч цалин өгөхгүй байна. Ажилласан хугацааны хуваарийг үзэхэд: - 2016 оны 09 дүгээр cap ажлын 22 хоногтой ба өдөрт 1 цаг илүү ажилласан гэвэл 22 цаг илүү ажиллаж, нэг цагийн ажлын хөлс 2 272 төгрөгийг 1,5 хувиар үржүүлэхэд 3 408 төгрөг буюу илүү ажилласан 22 цагаар тооцоход 74 976 төгрөг, - 2017 оны 05 дугаар cap ажлын 23 хоногтой ба өдөрт 1 цаг илүү ажилласан гэвэл 23 цаг илүү ажиллаж, нэг цагийн ажлын хөлс 2 174 төгрөгийг 1,5 хувиар үржүүлэхэд 3 261 төгрөг буюу илүү ажилласан 23 цагаар тооцоход 75 003 төгрөг, -2017 оны 06 дугаар cap ажлын 20 хоногтой ба өдөрт 1 цаг илүү ажилласан гэвэл 20 цаг илүү ажиллаж, нэг цагийн ажлын хөлс 2 500 төгрөгийг 1,5 хувиар үржүүлэхэд 3 750 төгрөг буюу илүү ажилласан 20 цагаар тооцоход 75 000 төгрөг, - 2017 оны 07 дугаар cap ажлын 16 хоногтой ба өдөрт 1 цаг илүү ажилласан гэвэл 16 цаг илүү ажиллаж, нэг цагийн ажлын хөлс 3 125 төгрөгийг 1,5 хувиар үржүүлэхэд 4 688 төгрөг буюу илүү ажилласан 16 цагаар тооцоход 75 000 төгрөг, - 2017 оны 07 дугаар сарын 14-ний бүх нийтийн амралтын өдөр 8 цаг илүү ажиллаж, нэг цагийн ажлын хөлс 3 125 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар 2 дахин нэмэгдүүлэн бодоход 6 250 төгрөгийг илүү ажилласан 8 цагаар тооцоход 50 000 төгрөг, - 2017 оны 07 дугаар сарын 15-ны бүх нийтийн амралтын өдөр 8 цаг илүү ажиллаж, нэг цагийн ажлын хөлс 3 125 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар 2 дахин нэмэгдүүлэн бодоход 6 250 төгрөгийг илүү ажилласан 8 цагаар тооцоход 50 000 төгрөг болно. Ажил олгогч энэ өдрийн ажлын хөлсийг 1 хувиар бодож 25 000 төгрөгийг дутуу олгосон тул үлдэгдэл 25 000 төгрөгийг гаргуулах, - 2017 оны 08 дугаар cap ажлын 23 хоногтой ба өдөрт 1 цаг илүү ажилласан гэвэл 23 цаг илүү ажиллаж, нэг цагийн ажлын хөлс 2 173 төгрөгийг 1,5 хувиар үржүүлэхэд 3 260 төгрөг буюу илүү ажилласан 23 цагаар тооцоход 74 980 төгрөг, -2017 оны 09 дүгээр cap ажлын 21 хоногтой ба өдөрт 1 цаг илүү ажилласан гэвэл 21 цаг илүү ажиллаж, нэг цагийн ажлын хөлс 2 380 төгрөгийг 1,5 хувиар үржүүлэхэд 3 570 төгрөг буюу илүү ажилласан 21 цагаар тооцоход 74 970 төгрөг тус тус болж байна. Иймд 2016 оны 09 сар, 2017 оны 5, 6, 7, 8, 9 саруудад ажлын өдрүүдэд илүү ажилласны 449 929 төгрөг, 2017 оны 07 сарын 14, 15-ны баярын өдрүүдэд ажилласны 75 000 төгрөг нийт 141 цаг илүү ажилласны цалин хөлс нийт 524 929 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани иргэн Ш.Нтэй 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 16/26 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулж, BIG барилгын материалын худалдааны төв дэх борлуулалтын салбарт худалдааны зөвлөхөөр ажилд томилсон. Компани нь ажилтантай Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт Долоо хоногийн ажлын цагийн үргэлжлэл нь 40 цаг гэж заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж, цалин хөлсийг бодож олгодог. BIG худалдааны төв нь амралтын өдрүүдэд ажилладаг тул амралтын өдрийн цалинг ажлын нэг өдрийн цалингаар бодож олгож байсан ба ажилтны гаргасан өргөдлийн дагуу ажилласан хугацаан дахь илүү цагийн үлдэгдэл 0,5 хувийн цалин хөлсийг 2017 оны 10 дугаар сард нөхөж олгосон. Мөн Ш.Н-ийг удирдлагаас 19 цаг хүртэл илүү ажиллах үүрэг өгөөгүй ба ажилтан илүү цагаар ажиллаж байгаа тухайгаа холбогдох албан тушаалтанд мэдэгдээгүй болно. Иймд ажлын өдрүүдийн илүү нэг цагийн хөлсийг олгох боломжгүй, мөн 2017 оны 07 дугаар сарын 15-нд ажилласан гэж хэлсний дагуу харилцан итгэлээр 25 000 төгрөг олгосон. Хариуцагч нь Бармон трейд ХХК-тай 2015 оноос талбай түрээслэн, хамтран ажилласан. Нэхэмжлэгч Тэнгэр ХХК-д ажиллаж байгаад хүүхэд асрах чөлөө авч, уг чөлөө дуусахад “Т Т” ХХК-д ажиллуулсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2018/01075 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 52 дугаар зүйлийн 52.1, 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар хариуцагч Тэнгэр таур ХХК-иас 471 972,98 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 52 956,02 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 14 809 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1307 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2018/01075 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т Т” ХХК-д холбогдуулан дутуу олгосон цалин хөлс нийт 524 929 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Нандин-Эрдэнийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 810 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болдсайхан хяналтын гомдолдоо: Магадлалтай танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. 1. Магадлалдаа ... өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу илүү цагаар ажиллавал 1 хувиар тооцож цалин олгох ёстой” гэх агуулгатай гомдол гаргасан болохоос ажлын өдөр илүү цагаар ажиллуулсан буюу илүү цагаар ажиллуулсны хөлсийг олгоогүй гэх гомдол гаргаагүй байна гэжээ. Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага анх гаргахдаа Иймд нэхэмжлэгч миний бие 2016 оны 09, 2017 оны 5, 6, 7, 8, 9 сарууд болон 2017 оны 07 сарын 14,15-ны өдрүүдэд нийт 157 цаг илүү ажилласан цагийн хөлс болох 524929 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгч надад олгуулахаар шийдвэр гаргаж өгнө үү гэж гаргаад байхад үүнийг ч гэсэн Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороо ч гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 50.2, 53.1.2-т заасныг зөрчсөн байна илүү цагаар ажилласан хугацаанд ноогдох хөлсийг олгохыг зөвлөмжилсөн байгаа нь ямар өдөр ажиллах нь хамаагүй ганцхан хуульд зааснаар ажиллах ёстой цагаасаа илүү ажилласан л бол илүү цагийн хөлсөө авах хуулийн зохицуулалт зөрчигдөж байна гэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзсэнгүй. 2. Магадлалдаа ... 2016 оны 09 дүгээр сар, 2017 оны 5, 6, 7, 8, 9 дүгээр сарын цалин хөлсийг дутуу олгосон хэсэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ гэжээ. - Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 53.1-т “Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно” гэж зааснаас үзэхэд нөхөн амруулаагүй бол гэсэн болохоос хэдний өдөр нөхөн амруулаагүй бол өгөх тухай зохицуулалт байхгүй болно. Нэхэмжлэгч 2016 оны 09 дүгээр сард нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан орсон ч 2017.10.16- ны өдөр хүртэл ажилласан бөгөөд энэ хугацаанд дээрх хуульд зааснаар нөхөн амруулаагүй тул ажлаас гарсан өдөр болох 2017.10.16-ны өдрөөс шаардах эрх үүссэн гэж үзээд байгууллагын захиргаанд удаа дараалан хандсан боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул Нийслэлийн хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороонд хандаж гомдлоо 2017.11.01-ны өдөр гаргаснаар тус хорооноос 2017.11.07-ны өдөр 20 тоотоор зөвлөмж гаргасан. Үүнийг ажил олгогч биелүүлэхгүй байгаа тул 10 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргасан боловч анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг 3-4 удаа хүлээж авахгүй гээд буцаасан шүүхийн захирамж гарсан тул шүүхийн захирамжид заасан зөрчлөө арилгаад ахиад тус шүүхэд хандсан болохоос шууд 2018.02.07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа гаргаагүй болно. -Энэ нь ИХ-79.3, 79.4-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж шаардлага гаргах хугацааг шинээр эхлэн тоолох гэдгээр тооцох ёстой атал давж заалдах шатны шүүх ингэж үзсэнгүй. Зөвхөн нэг талыг бариад дан ганц нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байсан юм шиг үзсэнд гомдолтой байна. - Мөн хариуцагчаас нэхэмжлэгчтэй 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан №16/26 тоот хөдөлмөрийн гэрээнд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана гэсэн үг үсэг нэг ширхэг ч байхгүй болно. -Хариуцагчаас нэхэмжлэгчтэй 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан №16/26 тоот хөдөлмөрийн гэрээний үндсэн нөхцөл буюу үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ 3.1 дээр ажилтны сарын үндсэн цалин 400 000 /дөрвөн зуун мянган/ төгрөг. Харин хөдөлмөрийн гэрээний 3.3-т илүү цагийн нэмэгдэл нэмж олгоно гэж тусад нь зааж өгснөөрөө ямар ч тохиолдолд илүү цагаар ажиллуулсан л бол илүү цагийн хөлсийг нь олгох ёстой гэж үзэж байна. -Тэгвэл Тэнгэр ХХК нь 2015 онд Биг худалдааны төвд салбар нээн ажиллуулахдаа цагийн хуваарийн өөрчлөлтийг нь өөрсдөө мэдэж байсан. Өмнөх ажилтан П.Ариунаа маргаан үүсгээгүй нь дараагийн ажилтан маргаан үүсгэхгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Тухайн ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар өөрийнхөө эрх ашгийг хамгаалан илүү цагаар ажилласан тул түүнийгээ л нэхсэн болохоос үндэслэлгүйгээр нэхээгүй. -Хэрвээ нэхэмжлэгч БИГ худалдааны төвийн цагийн хуваариар ажиллаагүй бол аль хэдийн ажлаасаа халагдчихсан байгаа болно. Илүү цагийн хөлсөө нэхэж ажил олгогчтой маш олон удаа уулзаж шаардахад өмнөх ажилчид чинь нэхдэггүй байхад чи яасан ядаргаатай юм гээд хүлээж авдаггүй байсан бөгөөд давж заалдах гомдолдоо үүнийгээ бичсэн байгаагаар нотлогдоно. Иймд шүүх хэргийн материалд цугласан нотлох баримтын хүрээнд шударга шийдвэрлэсэн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болдсайхан миний бие үзэж байгаа болно. Иймд магадлалыг хүчингүйд тооцон шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

           Давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн харилцаанаас үүдсэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн үндэслэл бүхий болжээ. Магадлалыг хүчингүй болгуулж шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Ш.Н нь “Т Т” ХХК-ийн маркетинг-борлуулалтын албанд худалдааны зөвлөхөөр ажиллаж байхдаа 2016 оны 09 дүгээр сар, 2017 оны 5, 6, 7, 8, 9 дүгээр саруудад илүү цагаар болон нийтээр амрах баярын өдрүүдэд ажилласны хөлс нийт 524 929 төгрөгийг хариуцагч “Т Т” ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн, хугацааг сэргээх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй талаар давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтын хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг тусгайлан заасан. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гомдол гаргаж, тус хорооноос 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хариу өгөхдөө “хуульд заасны дагуу илүү цагаар ажиллавал 1,5 дахин, түүнээс дээш хэмжээгээр бодож цалин хөлс олгох ёстой гэсэн зөвлөмж хүргүүлжээ.  Дээрх байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхэд нэхэмжлэгч Ш.Н нь илүү цагаар болон амралтын өдрүүдэд ажилласан болохыг нотлох баримт хэрэгт байхгүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын мэтгэлцэх эрхийг хязгаарлаагүй, давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул магадлалыг хэвээр үлдээв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1307 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14 820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА