| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2020/1040/Э |
| Дугаар | 1097 |
| Огноо | 2020-10-14 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | О.Пүрэвсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 1097
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч О.Пүрэвсүрэн, шүүгдэгч Р.О, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Р.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 00000 1310 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овгийн Р.О, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1975 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл хоёр, нөхрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Р.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 24 дүгээр гудамжны *** тоотод байрлах “***” нэртэй Хиамны цехийн хашаанд байсан *** Портер машины салхины шил онгорхой байхад нь иргэн М.М-ын “Самсунг Эс-8 Плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 330,000 /гурван зуун гучин мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овгийн Р.О нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 24 дүгээр гудамжны ** тоотод үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй Хиамны цехийн онгорхой хашаанд байсан *** улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгслийн онгорхой цонхоор гараа оруулан хохирогч М.М-ын “Samsung Galaxy S8 plus” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 330,000 (гурван зуун гучин мянган) төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Р.О-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гар утсыг танихгүй хүнд зараад мөнгөөр нь архи ууж, хоолонд орсон...” гэсэн мэдүүлэг;
2. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 6-8 дугаар хуудас), “Мастер үнэлгээ” ХХК-ний 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 121 дугаартай эд хөрөнгөний үнэлгээ (хх-ийн 33-34 дүгээр хуудас);
3. Хохирогч М.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 09-ний өглөө 07 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 24 дүгээр гудамж *** тоотод байрлах “***” нэртэй Хиамны үйлдвэр буюу ажил дээрээ хүрч ирээд байгууллагын *** улсын дугаартай цагаан өнгийн Портер машиныг аваад хиамаа тараачхаад 09 цагийн үед буцаж ажил дээрээ ирээд хиамаа ачих гээд цех рүүгээ орчхоод буцаж гарч ирээд машиндаа суугаад хүнтэй утсаар ярих гэтэл урд салон дээр байсан гар утас байхгүй болсон байсан. Хар өнгийн нүүртэй бүдэг ягаан өнгийн Самсунг Эс-8 плас гар утас байсан. Тэгэхээр нь байгууллагын камер шүүж үзэхэд 50 орчим насны эмэгтэй байгууллагын хашаагаар орж ирээд миний машины жолоочийн эсрэг талаар орж 30-40 секунд болж байгаад гарсан бичлэг байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Би хулгайд алдсан Самсунг Эс-8 Плас загварын гар утсаа 2020 оны 07 дугаар сарын дундуур Хархорин захын хойд талын гар утас зардаг газраас 450,000 төгрөгөөр авч байсан болохоор авсан үнээрээ үнэлж байна. Өмнө нь гэрчээр өгч байсан мэдүүлэгт ломбард гээд андуураад биччихсэн байна лээ. Миний гар утас ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй, ажиллагаа хэвийн, нүүр хэсэг нь хар өнгөтэй, ар тал нь ягаан өнгөтэй байсан. Тухайн үед манай байгууллагын хашааны хаалга онгорхой байсан. Мөн гар утас байсан машины хаалга цоожгүй, цонх нь онгорхой байсан. Өөр эд зүйл алдагдаагүй, би өөрт учирсан хохирлоо барагдуулж аваагүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14-17 дугаар хуудас);
4. Гэрч С.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнөөдөр 08 цаг өнгөрч байхад Р.О танихгүй дугаараас залгаж “би эрүүлжүүлэхэд байна, гар утас хулгайлсан хэргээр орсон” гэж хэлсэн. Өөртэй нь уулзахад Ханын материалын эцэст согтуу ганцаараа явж байгаад хиамны цехийн хашаанд байсан машин байсан дотроос гар утас хулгайлсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 23-24 дүгээр хуудас);
5. Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт албаны *** улсын дугаартай хар өнгийн Аксент машинтай Ачит 115 дугаар чиглэлд цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Н.Э-ын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байтал, Ачит-10 буюу жижүүрийн албанаас 09 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын эцэс Халамжийн төвийн хажууд хиамны цехийн хашаан дотор байсан машинаас гар утас хулгайд алдагдсан байна гэх дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад Тоосгоны 24 дүгээр гудамж 1 тоотод байрлах “***” нэртэй хиамны цехийн хашаанд байсан *** улсын дугаартай цагаан өнгийн Портер машин дотроос Самсунг Эс-8 маркийн гар утсаа хулгайд алдлаа гэж тус машины жолооч М.М гэх залуу хэлсэн. Уг залуутай уулзахад машиных нь хаалга, цонх онгорхой байхад гаднаас 50 орчим насны эмэгтэй хүн орж ирээд гар утас аваад гарч байгаа бичлэг нь байгаа гэсний дагуу камерын бичлэг шалгаж үзэхэд Ханын материалын эцсээр архи ууж явдаг мэнгэ хочтой О ганцаараа хашааны хаалга түлхэн орж ирээд хоёр машины дундуур ороод 30 орчим секунд болж байгаад буцаад гараад явж байгаа бичлэг үлдсэн байсан. Тэгээд О-ийг хайж эрэн сурвалжилж байгаад өдөр 14 цагийн орчимд Ханы материалын эцсийн 64 дүгээр байрны гадна талд согтуу ганцаараа явж байхаар нь барьж аваад машиндаа суулгаж уулзахад Хиамны цехийн хашаанаас гар утас хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч, танихгүй явуулын хүнд 100,000 төгрөгөөр зарсан, тухайн хүнээ олж өгч чадахгүй гэж хэлэхээр нь Төмөр зам дахь цагдаагийн газрын эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх байранд саатуулсан. Оийг эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгөхөд биед нь ямар нэгэн эд зүйлс байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 25-26 дугаар хуудас);
6. Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Р.О эгч өчигдөр надтай Ханы материалын эцэс дээр тааралдаад эгч нь гар утас хулгайлсан хэргээр Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэж хэлэхээр нь яасан юм гэж асуухад мөнгө хэрэг болоод байхаар нь Хиамны цехийн хашаанд цонх, хаалга онгорхой байсан Портер машины урд салон дээр нь байсан гар утсыг хулгайлж аваад танихгүй хүнд 100,000 төгрөгөөр зарсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 27-28 дугаар хуудас)’
7. Гэрч Ц.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 09-ний Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханы материалын эцсийн Тоосгоны 24 дүгээр гудамж ** тоотод байрлах *** нэртэй Хиамны үйлдвэрт буюу ажил дээрээ 09 цагийн орчимд байж байтал надтай хамт борлуулалтад явдаг жолооч М.М эгчээ миний гар утсыг харсан уу гэж асуухаар нь хараагүй гэж хэлсэн чинь машины салон дээр байсан гар утас маань алга болчихсон байна гэж хэлэхээр нь өөрийнхөө *** гэсэн дугаараас түүний *** гэсэн дугаар руу залгаж үзтэл холбогдох боломжгүй байхаар нь ажлын камер шүүж үзтэл 50 орчим насны эмэгтэй ганцаараа манай байгууллагын хашааны хаалгаар орж ирээд хоёр Портер машины дундуур ороод 30-40 секунд болж байгаад гараад явж байгаа бичлэг байхаар нь цагдаад ханд гэж хэлсэн. Би тухайн камерын бичлэг дээр бичигдсэн эмэгтэйг танихгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 29-30 дүгээр хуудас);
8. Шүүгдэгч Р.О-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 39 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 57 дугаар хуудас);
9. Шүүгдэгч Р.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Ханын материалын эцсийн 6 дугаар байрны орцонд хоночхоод маргааш өдөр нь буюу 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өглөө 06 цаг өнгөрч байхад орцноос гарч Ханы материалын эцэс хавиар явж байгаад тэр хавьд архи ууж тэнэдэг хүмүүстэй нийлж 0.75 литрийн “Сэржим” нэртэй архи нэг шилийг гудамжинд хувааж уучхаад таньдаг айлдаа очтол эзэнгүй байхаар нь 09 цагийн үед ганцаараа гудамжаар уруудаж явж байгаад Халамжийн төвийн ойролцоох Тоосгоны 24 дүгээр гудамжны Хиамны цехийн хашааны хажуугаар гартал хашаа нь онгорхой байхаар нь яваад орсон. Ороход цагаан өнгийн 2 ширхэг ачааны портер машин зэрэгцээд зогсож байхаар нь дундуур нь явж ортол хойд талд нь зогсож байсан машины цонх нь онгорхой байхаар нь урд салон дээр байсан хар өнгийн мэдрэгчтэй гар утсыг аваад хармаандаа хийгээд хашаанаас гарч яваад Ханы материалын эцэс ороод танихгүй залууд 100,000 төгрөгөөр зараад цайны газар орж хоол авч идэж, архи авч ууж дуусгасан. 14 цагийн орчимд Ханын материалын эцэс дээр согтуу явж байсан чинь цагдаа хүрч ирээд намайг барьж авч явсан. Гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. Би гар утас зарсан хүнээ танихгүй, урьд өмнө нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Хохирлоо төлж барагдуулаагүй байгаа, удахгүй төлж барагдуулах болно...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 68-69 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайн эд зүйл болох “Samsung galaxy S8 plus” загварын гар утсыг 330,000 төгрөгөөр үнэлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бага хэмжээнээс дээш буюу 330,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд энэ нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангаж байна.
Гэр хороолол дунд байрлах “***” нэртэй хиамны цехийн хашааны дааман хаалга нээлттэй, үүдэндээ харуул хамгаалалтгүй байсан бөгөөд шүүгдэгч Р.О тус хашаан дотор байрлуулсан тээврийн хэрэгслийн онгорхой цонхоор бусдын гар утсыг нууцаар, хууль бусаар авч явсан байх тул “хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
Түүнчлэн, шүүгдэгч Р.О нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрээгүй болох нь хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар үйл баримтын эргэлзээгүй, талуудын маргаан, мэтгэлцээнгүйгээр тогтоогдсон болно. т
Шүүгдэгч Р.О-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Р.О нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй гээд шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Р.О-ийг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Р.О-ээс 330,000 төгрөгийг гаргуулан хохирогч М.Мт олгохоор тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Р.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Р.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүний цагдан хоригдсон 9 хоногийг эдлэх ялаас хасаж тооцох саналтай байна. Мөн шүүгдэгчээс 330,000 төгрөг гаргуулж хохирогч М.М-т олгуулах, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий компакт дискийг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг ангиллын хувьд хөнгөн гэмт хэрэгт хамаарна. Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргах зүйлгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Харин хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй тул 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү...” гэв.
Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг тал бүрээс нь харгалзан өмгөөлөгчийн санал болгосон эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, тайлбарыг хүлээн авах боломжтой гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.О-т гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ...нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, ...тооцож эдлэх ялаас хасна.” гэж тус тус зааснаар шүүгдэгч Р.О-ийн цагдан хоригдсон ес хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож (9х8=72), түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 300 цагаас хасаж (300-72=228) биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг 228 цагаар тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээв.
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Р.О-т урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авч, уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Р.О-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овгийн Р.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.О-т гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.О-ийн цагдан хоригдсон 9 (ес) хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 300 (гурван зуу) цагаас хасаж, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг 228 (хоёр зуун хорин найм) цагаар тогтоосугай.
4.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Р.О-т сануулсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.О-ээс 330,000.00 төгрөгийг гаргуулан хохирогч М.М-т олгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.
7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Р.О-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Р.О-т урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Р.О-т авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА