Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 80

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй С.Солонгод холбогдох “Зээл, зээлийн хүү, алданги, нотариатын хөлс бүгд 6.430.004 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад:

                                                      Тодорхойлох  нь:

            Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            Нэхэмжлэлийн үндэслэл: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур хээрийн 8 дугаар багийн 2 дугаар хэсэг, 081 тоотод оршин суугч Сүнжидмаа овогтой Солонго  нь  2013 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас “Үсчиний салон байгуулах” төсөл хэрэгжүүлэхээр 6000.000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан.

            Иргэн С.Солонгын зээлийн хугацаа 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дууссан бөгөөд одоо болтол зээлээ төлж дуусаагүй байна.

  Иймд иргэн С.Солонгоос үндсэн зээл болох 6000.000 төгрөг, зээлийн хүү 269.760 төгрөг,  алданги 156.744 төгрөг, нотариатын үнэ 3500 төгрөг, нийт 6430.004 төгрөгийг гаргуулан манай сумын төрийн сангийн 131455401 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү!  гэжээ.

 

Хариуцагч С.Солонго 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

       ... Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Тамгын газрын нэхэмжлэлтэй С.Солонго  надад холбогдуулан 6.430.004 төгрөг нэхэмжилснийг маргаангүй төлж барагдуулна. Уг мөнгийг  2017 оны 05 дугаар сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулна. Улсын тэмдэгтийн хураамж төлөхийг ойлголоо. Тайлбар гаргасан С.Солонго... гэжээ.

 

                                                         Үндэслэх нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газар  нь С.Солонгод холбогдуулан “Зээл, хүү, алданги, нотариатын үнэ   бүгд 6.430.004 төгрөг гаргуулах”-ыг хүссэн  нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

 

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч С.Солонго нь нэхэмжлэлийн шаардлага болох 6.430.004 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний дотор бүрэн хэмжээгээр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.   

            Хариуцагчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 117830 төгрөг төлөхөөс  чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч С.Солонгоос 6.430.004 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 117.830 төгрөгний тал хувь буюу 58915 төгрөгийг гаргуулан Сүхбаатар сумын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.  

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй С.Солонгод холбогдох “Зээл, зээлийн хүү, алданги, нотариатын хөлс бүгд 6.430.004 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 117830 төгрөг төлөхөөс  чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч С.Солонгоос 6.430.004 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 117.830 төгрөгний тал хувь буюу 58915 төгрөгийг гаргуулан Сүхбаатар сумын төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

                                               ШҮҮГЧ                          Д.МӨНХЦЭЦЭГ