Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
Хэргийн индекс | 148/2017/00040/И |
Дугаар | 83 |
Огноо | 2017-01-20 |
Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 83
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би “Скайтел” ХХК-ий нэхэмжлэлтэй Д.Бат-Эрдэнэд холбогдох “Утасны төлбөр 103.977 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад:
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч: “Скайтел” ХХК-наас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэлийн утга: Д.Бат-Эрдэнэ нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2012 оны 06 дугаар сарын 01-ний өдөр дараа төлбөрт “Postpaid VIP” үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 91111278 дугаарын эзэмшигч болсон.
Гэтэл Д.Бат-Эрдэнэ нь гэрээний үүргээ үл биелүүлж 91111278 дугаарын 2014 оны 12 сарын байдлаарх төлбөр 149.977 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 5.1.5-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Д.Бат-Эрдэнэд төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.
Иймд Д.Бат-Эрдэнээс төлбөрийн үлдэгдэл болох 149.977 төгрөг үүнээс гэрээний 5.1.6-д заасны дагуу барьцаа 50.000 төгрөгийг хасч үлдэгдэл 99.977 төгрөг, нотариатын зардалд 4000 төгрөг, нийт 103.977 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү! гэжээ.
Нэхэмжлэгч: “Скайтел” ХХК-ий Сэлэнгэ салбарын захирал Д.Адъяа 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“Скайтел” ХХК нь 91111278 дугаарын 104.000 төгрөгийн төлбөр гаргуулах нэхэмжлэх Довдон овогтой Бат-Эрдэнэд гаргасан. Хариуцагч Д.Бат-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлага болох 104.000 мянган төгрөгийг төлсөн. Иймд хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг биелүүлсэн тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү! гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-наас хариуцагч Д.Бат-Эрдэнэд холбогдуулан “Утасны төлбөр 103.977 төгрөг гаргуулахаар хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Д.Бат-Эрдэнэ нь
нэхэмжлэлийн шаардлага болох 103.977 төгрөгийг бүрэн хэмжээгээр төлж барагдуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхолыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгний тал хувь буюу 2275 төгрөг хариуцагчаас, үлдэх тал хувь буюу 2275 төгрөгийг Сүхбаатар сумын төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар “Скайтел” ХХК-ий нэхэмжлэлтэй Д.Бат-Эрдэнэд холбогдох “Утасны төлбөр 103.977 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгний тал хувь буюу 2275 төгрөг хариуцагчаас, үлдэх тал хувь буюу 2275 төгрөгийг Сүхбаатар сумын төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ