Шүүх | Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрийн Балжинням |
Хэргийн индекс | 140/2017/00092/И |
Дугаар | 098 |
Огноо | 2017-03-14 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 098
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Д.******* нарын оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Д.*******ийн нэхэмжлэлтэй 1985 оны 06-р сарын 05-ны өдөр Завхан аймаг дахь Техник туслалцааны барилгын тавдугаар трестэд тоног төхөөрөмжийн бригадад засварчнаар ажилд орж, 1990 оны 12-р сарын 31-нд чөлөөлөгдсөн болохыг, мөн 1991 онд 4-р цуваа буюу Улиастай сумын *******-д тоног төхөөрөмжийн засварчнаар ажилд орж, 1999 оны 12-р сарын 31-нд тус ажлаас чөлөөлөгдсөн болохыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестэд 1985 оны 06-р сарын 05-ны өдөр тоног төхөөрөмжийн засварчнаар анх ажилд орж ажиллаж байгаад 1990 оны 12-р сарын 31-нд тус ажлаас чөлөөлөгдөж, 1991 онд 4-р цуваа болж 1991 оны 12-р сарын 31-нд ******* болж тус компанид 1999 оны 12-р сарын 31-н хүртэл ажилласан юм.
Миний хөдөлмөрийн дэвтэрт засвар орсон, ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа юм.
Иймд намайг 1985 оны 06-р сарын 05-ны өдрөөс 1990 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестэд тоног төхөөрөмжийн засварчнаар, 1991 оны 01-р сарын 01-нээс 4-р цуваанд ажиллаж байгаад сүүлдээ *******-д болоход 1999 оны 12-р сарын 31-нийг хүртэл тоног төхөөрөмжийн засварчнаар тус тус ажиллаж байсан болхыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь 1985 оны 06-р сарын 05-ны өдөр Завхан аймгийн Техник туслалцааны барилгын тавдугаар трестэд тоног төхөөрөмжийн засварчнаар ажилд орж, 1990 оны 12-р сарын 31-ний өдөр тус ажлаас чөлөөлөгдөж, улмаар 1991 оны 01-р сарын 01-нд 4-р цуваа болон *******-д тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллж байгаад 1999 оны 12-р сарын 31-нд тус ажлаас чөлөөлөгдсөн болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Д.******* нь 1985 оны 06-р сарын 05-ны өдөр Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестэд тоног төхөөрөмжийн засварчнаар ажилд орсон болох нь Завхан аймаг дахь Техник туслалцааны барилгын тавдугаар трестийн даргын 1985 оны 06-р сарын 13-ны өдрийн ******* дугаартай Ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай тушаалаар нотлогдож байна.
Харин 1990 оны 12-р сарын 31-нд Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестэд тоног төхөөрөмжийн засварчны ажлаас чөлөөлөгдсөн гэх боловч энэ талаарх баримт байхгүй байна.
Гэвч нэхэмжлэгчийг 1990 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестэд тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллаж байсан нь 1986 оны 01-р сарын 30-н өдөр нээлгэж бичилт хийлгэсэн ******* дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1987 оны 02-р сарын 25-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний ******* дугаартай бат илэрхийлэх зэргээр нотлогдож байна.
Хэдийгээр нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн он засвартай байгаа ч тэрээр 1986 оны 01-р сарын 30-ны өдөр хөдөлмөрийн дэвтэр нээлгэж бичилт хийлгэж, тамга тэмдэг дарагдсан байдлаар хүчинтэй байна.
Мөн тэрээр 1991 оны 01-р сарын 01-ний өдөр 4-р цуваа руу тоног төхөөрөмжийн засварчнаар ажилд орж ажилласан бөгөөд 4-р цуваа нь 1991 оны 12-р сард ******* болж өөрчлөгдхөд үргэлжүүлэн тоног төхөөрөмжийн засварчны ажлыг 1999 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан гэж байгаа боловч энэ талаарх тушаалууд хавтаст хэрэгт байхгүй байна.
Нэхэмжлэгчийн дээрх жилүүдэд ажиллаж байсан талаар 1986 оны 01-р сарын 30-н өдөр нээлгэж бичилт хийлгэсэн ******* дугаартай хөдөлмөрийн дэвтэр, ажиллаж байх хугацаандаа шагнуулж байсан баярын бичгүүд зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Д.*******ийг дээрх онуудад ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Ж.*******ы ...1980 онд Барилгын яамны сайдын тушаалаар баруун таван аймгийн үйлдвэрийн баазыг угсрах тоног төхөөрөмжийн ангийг байгуулсан юм. Тэгэхэд намайг тоног төхөөрөмж угсралтын ангийн дарга буюу инженерээр тавьж ажиллуулсан. 1985 оны 06-р сарын эхээр л юм даа /5-ны хавьцаа боловуу даа/ ТМС төгссөн хүүхдүүд ирж тэдгээр хүүхдүүдээс *******ийг мэргэжлийн дагуу би шилж авч байсан юм. Тоног төхөөрөмжийн цахилгаан, бага механикжилтийн засварчнаар авч байсан юм. Тэгээд энэ хүүхэд Увс, Говь-Алтай, Хөвсгөл, Завхан зэрэг аймгуудад ажилласан. ******* Барилга трестийн харъяа тоног төхөөрөмжийн ангид 1999 оны 12-р сарыг дуустал надтай хамт ажиллаж байсан юм. Хамгийн сүүлд 1999 оны 12-р сарын 27-ны өдөр Төв аймгийн Атрын сангийн аж ахуйн үрийн агуулахыг ашиглалтанд өгөөд тэгээд ирээд тарцгаасан юм даа. Манай трест бие дааж компани болоогүй, компаниуд мэргэжлийн дагуу ажилчдыг хувааж авч байсан юм. Д.******* тус газар тасралтгүй ажилласан. Зөвлөлтийн мэргэжилтэн ******* гэдэг хүний дагалдан байсан юм. Трестийн талаарх баримтууд болон тушаал тогтоолууд архивт байх л ёстой. Зарим нь байхгүй юм шиг байгаад байх юм... гэсэн,
гэрч С.*******гийн ... ******* бид нар хамт ажиллаж байсан юм. Хуучнаар Барилга трест гэж байхад ******* 1985 онд төгсөж манайд ирээд тоног төхөөрөмжийн засварчин, угсрагч хийж байсан. Тэгээд Барилга трест гэж байж байгаад компаниуд болж хуваагдаад явсан юм. Барилгын компаниуд болоод аймгийн төв болон хөдөө сумуудаар барилга барьж байсан. Шар тал, аймгийн эмнэлэг, баазын сургууль, Баянтэс суманд эмнэлэг зэрэг барилгууд барьж байсан юм. Барилга трест сүүлд нь Алтан харш гэж компани болсон юм. 1991 онд Барилга трест тараад цуваа болж байсан юм. Трестийн дарга ******* дарга байсан. Компанийн захирал , сүүлдээ байж байгаад одоо захирлаар ажиллаж байна. Д.******* 1999 он хүртэл бол тасралтгүй ажилласан. Одоо хувиараа юм хийж байгаа байх, Алтан харш компанид засал, чимэглэл зэрэг янз бүрийн л ажил хийж байсан. Д.******* 1985 оны 5-6 сард л ажилд орж байсан санагдаж байна... гэсэн,
гэрч Д.ын ... Би 1984 онд цэргээс ирээд Завхан аймаг дахь Техник туслалцааны барилгын тавдугаар трестэд гагнуурчнаар орж ажилласан. Тэгэхэд ******* 1985 оны 6-р сард байна уу манай трестэд тоног төхөөрөмжийн засварчнаар ирж байсан. Манай бригад үйлдвэрийн бригадуудын тоног төхөөрөмжүүдийг суулгаж өгдөг байсан. Тэгээд техник машин механизм засвар үйлчилгээний газар, шар талын 400 гаруй үнээний фермер зэргийг бид анх барьж байсан. Тэгэхэд хамт ажилласан юм. 2000 онд хамгийн сүүд халуун усны барилгыг барьсан, мөн холбооны 27 айлын барилга болон эрүүл мэндийн төвийн барилгуудыг барьж байхад бид хамт цуг ажиллаж байсан. Яг хэдэн онд ажлаасаа гарсныг сайн мэдэхгүй байна. Трестийн дарга ******* гэж хүн байсан. Трест сүүлдээ компани болж 4-р цуваа гэж гарч ирж байсан. Алтан харш ХХК болж байсан. 1993 онд Алтан харш компани болсон шиг санагдаад байна. 1990 онд 4-р цуваа болоод 2, 3 жил явсан санагдаж байна. Тэгээд Алтан харш ХХК болж байсан. Алтан харш ХХК-ны захирал байж байгаад Отгонбилэг, дараа нь байсан юм. Д.*******ийг шагнуулж байсан талаар сайн мэдэхгүй. Манайхан их л шагнуулдаг байсан. Лав л цалингийн 10 хувиар шагнуулдаг байсан. Би болохоор аймгийн аварга болж байсан. Манайхан их шагнуулдаг байсан. Шагнал бол байх л ёстой. ******* трест болон Алтан харш компанид засварчин, слесарын ажил хийдэг байсан. Зах зээл эхлээд янз бүрийн л ажил хийх болсон. ******* тасралтгүй ажилласан. 1991, 1993 оны хавьцаа хүүхэд төрүүлж л явж байснаас ажлаа хийх явцад бол тасалдаагүй... гэсэн,
гэрч Л.ийн ... Би 1980 онд Завхан аймаг дахь Техник туслалцааны барилгын тавдугаар трестэд нормчноор анх орж ажилласан юм. Тэгэхэд ******* 1985 онд манай трестэд бетон цехийн өргөтгөл барьж байхад түүн дээр ирж ажиллаж байсан. Тэгээд 1990 онд манай трест тараад 4-р цуваа болж бид нар 27 айлын барилгыг барьж байгаад хамгийн сүүлд 1999 онд баазын халуун усны барилгыг бариад тарцгаасан даа. Тэгээд тэрнээс хойш манайхан алданги ононг хувиараа голдуу ажил хийсэн. Трест тараад 1, 2, 3, 4-р цуваа болоход бид нар 4-р цуваанд орж ажилласан. Тэгээд цуваа сүүлдээ Алтан харш компани болсон. Энэ компани одоо хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Хэдэн онд цуваа компани болж байсныг нь сайн санахгүй байна. Трестийн дарга ******* дарга байсан. 4- р цувааны даргаар , сүүлдээ байж байгаад бурхан болж, болоод энэ хүн одоо хүртэл ажиллаж байна. ******* 1999 он хүртэл бол тасралтгүй ажилласан. Түүнээс хойш хувьд гарсан болохоор хамт ажиллаагүй. ******* трест болон 4-р цуваа, Алтан харш компаниудад тоног төхөөрөмжийн засварчин, слесариар ирж байсан. Бид нарын тоног төхөөрөмжүүдийг янзлаж засдаг их мундаг том хүн ирж байсан. Бид нар чинь барилгынхаа шавар шохойтой зууралдсан л хүмүүс байсан. ******* 1985 оны 5 билүү, 6 сард л ирж байсан санагдаж байна. 1999 оны намар хурал хийгээд тарцгаасан санагдаж байна... гэсэн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.
Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар гийн *******ийг 1985 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Техник туслалцааны барилгын тавдугаар трестэд тоног төхөөрөмжийн слесариар буюу засварчнаар ажилд орж, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тус ажлаас чөлөөлөгдсөн болохыг, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улиастай сумын Сүмбэр пүүсийн 4-р цуваанд тоног төхөөрөмжийн слесариар ажилд орж, 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тус ажлаас чөлөөлөгдсөн болохыг, 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улиастай сумын *******-д тоног төхөөрөмжийн слесарь буюу засварчнаар ажилд орж, 1999 оны 12-р сарын 31-ний өдөр тус ажлаас чөлөөлөгдсөн болохыг тус тус тогтоосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ