Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1084

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч Б.Энэрэл,

шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Х а овогт О.Тыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2008005100411 дугаар хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Завхан аймгийн Их- Уул сум ... дүгээр баг, ... гэх газар хаягийн бүртгэлтэй боловч одоогоор Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо долоон буудал зээлийн ... тоот хаягт түр оршин суух, урьд

2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 460 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Х а овогт О.Т /РД:.../,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч О.Т нь 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Бага Нарангийн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух иргэн А.Бы байнга амьдрах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, Тошиба загварын 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-ийн 4х/, дуудлагын лавлагааны хуудас /1хх-ийн 5х/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 6-9х/, мөрдөгчийн илтгэх хуудас /1хх-ийн 10х/, насанд хүрээгүй Б.Хгийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /1хх-ийн 20х, 85х/, насанд хүрээгүй Б.Хгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-ийн 209-211х/, гэрч Д.Аын мэдүүлэг /1хх-ийн 88х, 208х/, гэрч Х.Эын мэдүүлэг /1хх-ийн 91х/, гэрч Ц.Оын мэдүүлэг /1хх-ийн 94х/, гэрч М.Жгийн мэдүүлэг /хх-ийн 1хх-ийн 114-115х, 214-215х/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 41-47х/, Хас Үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 637 дугаартай тайлан /1хх-ийн 229х/, “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 627 дугаартай тайлан /1хх-ийн 96-97х/, сэжигтэн О.Тын мэдүүлэг /хх-ийн 24-25х/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 124х/, гэрч Ц.Тын мэдүүлэг /1хх-ийн 219х/, гэрч С.Цын мэдүүлэг /1хх-ийн 221х/, шинжээч Д.Агийн мэдүүлэг /1хх-ийн 222х/, шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч М.Эын 3248 дугаартай дүгнэлт /1хх-ийн 243-250х/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЗ/1318 дугаартай А.Быг хохирогчоор тогтоосон захирамж /1хх-ийн 178х/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /1хх-ийн 179-188х/, шүүгдэгч О.Т нь хохирлын 310.000 төгрөгийг төлсөн талаарх баримт /1хх-ийн 192х/, хохирогч А.Бы Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд хохирогчоор өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 12-18х/, Хан-Уул дүүргийн прокурорын 750 дугаартай “Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” тогтоол /1хх-ийн 142-143х/, шүүгдэгч О.Тын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /1хх-ийн 70х, 72-75х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 107х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Т нь 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Бага Нарангийн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух иргэн А.Бы монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, Тошиба загварын 32 инчийн зурагтыг нууцаар, хууль бусаар хулгайлсан болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 6-9х/,

Хохирогч А.Бы: “...Би тухайн үед хөдөө байсан болохоор он сарыг нь санахгүй байна. Зурагт нь эхнэр бид хоёрын  дундын эзэмшлийн  хөрөнгө байгаа юм. Манай 2 хүүхэд хотод сурдаг болохоор  зурагт худалдаж авч өгсөн юм. Манай охин гаднаас орж ирэхэд  хаалганы цоож эвдээд зурагтаа алдсан гэж над руу утсаар ярьсан. Алдагдсан зурагт нь 32 инчийнх байсан, хохирлоо барагдуулж авсан” гэх мэдүүлэг /1319 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Насанд хүрээгүй Б.Хгийн гэрчээр өгсөн: “...Манай зурагтыг албан ёсоор үнэлсэн. Уг нь аав, ээж бид нар ярилцаад манай гэрээс хулгай хийсэн хүнийг өрөвдсөн, гэтэл шүүх хурал дээр манай зурагтыг хулгайлаагүй гэсэн. Хулгай хийгээд явж байхыг нь дэлгүүрийн камерын бичлэгт байгаа, бас манай ээж дэлгүүрийн бичлэгийг үзсэн. Манай гэрээс зурагт хулгайд алдагдсаны дараа цагдаа дээр анх мэдүүлэг өгсөн, би яг хэзээ гэдгийг он сар өдрөөр нь хэлж мэдэхгүй байна. Цагдаад мэдүүлэг өгснөөс хойш хэд хэдэн удаа мэдүүлэг өгсөн, хэд хэдэн тэмдэглэлд гарын үсэг зурсан. Шүүх дээр ч очоод гарын үсэг зурсан. Ээж бид хоёрт танилцуулж байгаа хуудаснуудад байгаа бичгүүд бас гарын үсгүүдийг би өөрийн гараар бичсэн. Манай гэрээс хулгай орж зурагт хулгай хийсний дараа цагдаа, прокурор, шүүх дээр очиж уулзаж байсан. Би хичээлийн хажуугаар цагийн ажил хөдөлмөр эрхэлж байсан, мөн хөдөө аав ээждээ мал дээр очиж туслахаар явсан үед намайг дуудсан тухайн цаг хугацаанд мэдүүлэг өгсөн, тэмдэглэлд гарын үсэг зурсан. Би овгийн Б үсэг, нэрний X үсэг, Ж үсэг, Д үсгийг өөр, өөр биччихдэг юм. Тэгээд энгийн нүдээр харахаар өөр, өөр харагдаж магадгүй. Таны танилцуулсан мэдүүлэг, тэмдэглэлд миний гарын өөр хүн зурсан гэхээр зүйл алга. Би өөрөө гарын үсгээ зурсан учраас би өөрийн үсгийг таньж байна. Надад хэн ч элдэв янзаар харьцаагүй. ...Миний гарын үсгийг өөр хүн зурсан, өөр өөр байна гэж хэлээд байгааг ойлгохгүй байна. Яаж ч байсан миний гарын үсэг бүгд мөн гэдгийг би баталгаатай хэлж чадна. Би бүгдийг үнэн зөв ярьсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 209-211х/,

Гэрч М.Жгийн: “...Тэр хашаанд хоёр айл байдаг. Нэг нь манай охиных, нөгөөх нь тэр хашааны эзэн байдаг. ...Тэр өдөр би зээ нарынхаа хамт гэртээ байж байтал манай зээ хүү “эмээ хашаанд хүн яваад байх шиг байна” гэж хэлэхээр нь би хаалгаар шагайгаад хартал манай гэрийн довжоон дээр нэг хүн зогсож байсан. Тэгэхээр нь би айгаад гэрийнхээ хаалгыг түгжээд суучихсан юм. Би тэр хүнийг одоо харвал танихгүй. Ямар ч байсан ганцаараа явж байсан. Муухай хар царайтай, хар бараан хувцастай хүн байсан. Тэгээд л би айгаад хаалгаа хаагаад түгжчихсэн. Би царай зүсийг нь сайн тогтож хараагүй... ... Би тухайн үед айсандаа сайн царайг нь тогтож хараагүй учраас одоо харсан ч таньж чадахгүй ээ. Хөгшин настай болохоор юмыг амархан мартана шүү дээ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 115х, 214-215х/,

Гэрч Х.Эын: “...би ... дугаарын эзэмшигч байгаа юм. Энэ дугаарыг 2018 онд өөрийн нэр дээр худалдан авсан. Сонгинохайрханд дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн баруун талд би 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 17 цаг 40 минутын үед явж байсан чинь үл таних бохир заваан хувцастай эрэгтэй хүн хурдан, хурдан алхаад хар өнгийн зурагт тэвэрсэн сэжиг бүхий явж байхаар нь би цагдаагийн байгууллагаар шалгуулах гээд цагдаагийн 102 дугаарт дуудлага өгсөн. Зурагт тэврээд явж байсан хүн ганцаараа явж байсан. Зурагт тэврээд явж байсан хүний өмссөн хувцас нь хар өнгийн малгай өвлийн куртик, бараан өнгийн ноосон малгай өмссөн байсан, бараан өнгийн хувцастай, бараан өнгийн царайтай хүн шиг харагдсан. Би зурагт аваад явж байсан хүнийг хаашаа явсныг хараагүй. Би 102 дуудлага өгчхөөд явсан юм. Зурагт аваад явсан үл таних хүн ганцаараа 65 дугаар сургуулийн баруун талд зам дагаад доошоо уруудаад явж байсан. Миний харсан хүн нь /камерын бичлэг үзүүлэн асуухад/ бараан өнгийн хувцастай, бараан өнгийн  малгайтай хүнтэй адилхан харагдаж байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 91х/,

Гэрч Д.Аын: “...Би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг юм. 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр манай дэлгүүрт нэг эмэгтэй хүн орж ирээд “танай дэлгүүр хяналтын камертай юу, бичлэгээ хэд хоног хадгалдаг юм бэ, манайх зурагтаа хулгайд алдсан танай камерыг шүүж үзэх гэсэн юм” гэхээр нь би цагдаагийн зөвшөөрөлгүй хяналтын камераа шүүж өгөхгүй, чи цагдаагаа авч ирээд манай хяналтын камерыг шүү гэж хэлээд зурагт алдсан эмэгтэйг явуулсан юм. Ингээд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр зурагтаа хулгайд алдсан гэх эмэгтэй Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч Т.О гэх хүнийг дагуулан ирээд 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хяналтын камерын бичлэгийг CD  дээр хуулбарлан аваад явсан юм. Ингээд Т.О гэх эрүүгийн мөрдөгч намайг цагдаагаас дуудахаар ирж мэдүүлэг өгнө шүү гэж хэлээд явсан. 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ...  нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрт би өөрөө худалдагчаар ажиллаж байсан. Би дэлгүүрийнхээ гадна талын хяналтын камерыг шалгаж үзэхэд манай дэлгүүрийн хяналтын камерт бичигдсэн зурагт тэврээд орж байгаа залуу ганцаараа зүүн талаас зурагт тэврээд манай дэлгүүрийн үүдэн дээр үл таних саарал ноосон малгай өмссөн хүнтэй таараад манай дэлгүүрт орж ирээд саарал ноосон малгай өмссөн хүн энэ зурагтыг тогонд залгаад өг гэхээр нь би гаднаас орж ирж байгаа хүйтэн зурагтыг тогонд залгаж болохгүй гэсэн чинь зурагт тэврээд явж байсан ногоон малгайтай залуу нь зурагтаа тэврээд буцаад дэлгүүрээс гараад явсан. Одоо манай гадна талыг харсан хяналтын камерын бичлэг байхгүй, бичлэгээ 1 сар хадгалдаг. Эрүүгийн мөрдөгч Т.О манай дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг авсан. Зурагт аваад явж байсан ногоон малгайтай хүн ганцаараа явж байсан. Дэлгүүрийн үүдэн дээр зогсож байсан ногоон куртиктэй залуутай ямар нэгэн юм ярьж байгаа харагдаагүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 88х, 208х/,

 

Гэрч С.Цын: “...Би Төв аймгийн Баянцагаан суманд өөрийн малаа маллаж амьдардаг юм. Манай нэг гэр хотод буюу Сонгинохайрхан дүүргийн ... хороо Баганарангийн ... тоот хашаанд 5 ханатай монгол гэрт байдаг. Тэнд миний төрсөн охин Б.Х амьдардаг. Охин маань 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө над руу залгаад “хэд хоногийн өмнө гэрт хулгай ороод зурагт алга болсон, цагдаа ирээд шалгаж байгаа” гэхээр би 12 хоногийн дараа хөдөө гэрээсээ хотын гэр лүүгээ ирэхэд манай гэрийн 2014 онд 499.000 төгрөгөөр худалдан авч байсан Тошиба загварын 32 инчийн зурагт хулгайд алдагдсан болохыг мэдсэн. Маргааш нь буюу 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэрийн ойролцоо байдаг 65 дугаар баруун талын “... ” нэртэй дэлгүүрийн хүнээс нь дэлгүүрийнхээ хяналтын камерыг шалгах гэсэн чинь цагдаа дууд манайх шалгаж өгөхгүй гээд үзэж чадаагүй. Тэгэхээр нь би Б.Хгаас зурагт алдсан хэргийг ямар байцаагч шалгаж байгааг асуухад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын байцаагч ... гэдэг цагдаа шалгаж байгаа гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би ... гэдэг цагдаад хэлээд “...” нэртэй дэлгүүрийн хяналтын камерыг хамт шүүж үзэхэд 65 дугаар сургуулийн зүүн хойд талаас үл таних нэг эрэгтэй хүн зурагт тэврээд “...” хүнсний дэлгүүрийн үүдэн дээр ирээд хүнсний дэлгүүрт орж ирээд манай зурагтыг бусдад зарах гээд зогсож байгаа бичлэг бичигдсэн байсан. Би тэгэхээр нь манай зурагтыг хулгайлсан хүний зургийг өөрийн утсан дээрээ дарж авсан юм. Тэгээд ... цагдаа дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг хуулбарлан аваад явсан. Ингээд ... байцаагч 03 дугаар сарын 10-ны үеэр байх манай охин Хд танай гэрээс зурагт хулгай хийсэн хүнийг олсон гэж байсан юм. ...Намайг “...” хүнсний дэлгүүрийн хяналтын камерыг үзэхэд 65 дугаар сургуулийн зүүн талаас ганцаараа зурагт тэврээд ... хүнсний дэлгүүрийн үүдэн дээр хүнтэй уулзаж байгаад, хамт дэлгүүрт орж ирж байгаа бичлэг бичигдсэн байсан. Зурагт тэврээд явж байсан хүн ганцаараа явж байсан "...” дэлгүүрийн хяналтын камерыг ... цагдаа, худалдагч нар үзсэн. Би “...” дэлгүүрийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэлийг харлаа, манай зурагтыг 65 дугаар сургуулийн зүүн хойд талаас тэврээд "... ” дэлгүүрийн гадаа хүнтэй уулзаад дэлгүүр дотор орж ирээд бусдад зарах гэж байсан эрэгтэй хүн бол эсгий түрийтэй гутлын түрийг эргүүлэн өмссөн, хар бараан куртиктэй ногоон малгайтай хүн байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 221х/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 17 цаг 59 минут 51 секундэд гаднаас хар өнгийн куртиктэй ногоон өнгийн малгайтай, хар өнгийн өмдтэй, саарал өнгийн түрийтэй хар өнгийн гуталтай үл таних хүн дэлгүүрт хар өнгийн зурагт тэврэн орж ирж байгаа бичлэг үлдсэн байв. ... тус гэрэл зургийн үзүүлэлт, зурагт хийсэн тайлбараас үзвэл, ....зурагт тэврэн зогсох сэжиг бүхий этгээд нь үл таних хүнд зурагтаа зарах гэж үзүүлж байгаа бичлэг, үл таних хүн зурагтыг харж байгаа байдал, худалдагчид зурагтыг шалгуулах гэж залгуурыг өгч байгаа дүрс,...үл таних хүн зурагтыг хулдаж авалгүй үлдээгээд гарч явсан, сэжигтэй этгээд зурагтыг аваад ганцаараа дэлгүүрээс гарч байгаа дүрс буугдсан, уг камерын бичлэгт зурагтыг авах гэж үзэж буй хүн, зурагтыг худалдах гэж байгаа хүмүүсийн дүр төрх тодорхой тусгагдсан...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 41-47х/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх-ийн 124х/,

Хохирогч А.Бы Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд хохирогчоор өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 12-18х/

Шүүгдэгч О.Тын сэжигтнээр өгсөн: “...тухайн өдөр би нэлээн согтуу явж байсан, нэг хашаа руу ороход хашаан дотор 2 монгол гэр байсан ба намайг  ороход 1 эмэгтэй хүн урд талын гэрээс нь гарч ирж намайг харчхаад буцаад орчихсон юм. Тэгээд би ар талын айл руу орсон ба нэг мэдэхэд 21 зурагт тэвэрчихсэн явж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 24-25х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Дээрх хэргийн баримтуудад дүгнэлт хийвэл, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Бага Нарангийн ... дугаар гудамжны ... тоотод хашаанд 2 айл  оршин суудаг, нэг айл нь хулгайн гэмт үйлдэгдсэн гэх хохирогч А.Бы монгол гэр, нөгөө айл нь гэрчээр мэдүүлэг өгсөн М.Жгийн гэр байрладаг байх бөгөөд тус хэргийн гэрч нарын мэдүүлгээр хулгайн гэмт хэрэг гарсан хашаанд явсан хүний хувцас, дүр төрх нь гудамжинд зурагт тэврээд явж байсан хүний хувцас, дүр төрхтэй таарсан төдийгүй дэлгүүрт зурагт тэврэн орж ирсэн хүний хувцас, дүр төрхтэй тохирсон, уг зурагт тэвэрсэн хүн нь шүүгдэгч О.Т болох нь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр нотлогдсон, мөн шүүгдэгчийн өөрийнх нь “энэ зурагт тэвэрсэн хүн бол би мөн” гэх мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч О.Тын хохирогчийн орон байрыг эзэнгүй, хүнгүй сул байдлыг далимдуулан хууль бусаар нэвтэрч, бусдын эзэмшлийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэсэн шинжээр хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болох бөгөөд О.Т нь шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсаныг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.

Иймээс шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч нараас гаргасан “...хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн хүсэлтийг хангах, хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч О.Тыг “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно. 

Харин прокуророос тус хэргийн хохирлын хэмжээг 300.000 төгрөгөөр тогтоож ирүүлснийг шүүхээс хэргийн үйл баримт, үнэлгээнүүд дээр тулгуурлан хохирогчид 200.000 төгрөгийн хохирол учирсан байна гэж дүгнэсэн болно. Учир нь,

-“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 222 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд 32 инчийн Тошиба маркийн зурагтыг 200.000 төгрөгөөр үнэлсэн. /1хх-ийн 34-35х/, 

-“Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 627 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тошиба загварын 32 инчийн зурагт-300.000 төгрөг” гэх /1хх-ийн 96-97х/,

-Хас Үнэлгээ ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 637 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тошиба загварын 32 инчийн зурагт-200.000 төгрөг” гэх /1хх-ийн 229х/ гэж гарснаас гадна,

хохирогч А.Бы мэдүүлэгт “... уг зурагт нь эхнэр С.Ц бид хоёрын өмч хөрөнгө юм, эхнэр худалдаж авч байсан гэж, гэрч С.Цын мэдүүлэгт “... тухайн зурагтыг  2014 онд 499.000 төгрөгөөр худалдан авч байсан” гэж мэдүүлсэн зэргээс үзвэл, тухайн зурагтыг худалдаж авсан огноо, элэгдэл хорогдол, ашиглалтын хугацаа, загвар хийц гэх мэт шинж байдал дээр тулгуурлан гаргасан  Хас Үнэлгээ ХХК-ийн 637 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан нь үндэслэлтэй гарсан байна гэж дүгнэхээр байна.

Хэдийгээр улсын яллагч нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирлын хэмжээг 300.000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлтэй хэмээн үзэж, шинжээч Д.Агийн мэдүүлгээс иш татсан ч хэрэгт авагдсан Тэнцвэр эстимэйт ХХК-иас хийсэн 2 удаагийн үнэлгээнд шинжээч Д.А оролцож үнэлгээ гаргасан, тэрбээр алдагдсан зурагтыг өөр өөр байдлаар үнэлсэн нь учир дутагдалтай байх тул түүний оролцож гаргасан хөрөнгийн үнэлгээнүүдийн тайланг үнэлэх боломжгүй, шүүхээс үнэлээгүй болохыг тэмдэглэв.

Хохирол төлбөрийн тухайд: Хас Үнэлгээ ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 637 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд  “...Тошиба загварын 32 инчийн зурагт -200.000 төгрөгөөр” үнэлсэн /1хх-ийн 229х/ байх бөгөөд шүүгдэгч О.Т нь хохирогчид 310.000 төгрөг төлсөн байна. /1хх-ийн 192х/

Иймээс шүүгдэгч О.Тыг хохирогчид төлөх төлбөргүй байх бөгөөд илүү төлсөн мөнгөө нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Тад 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...шүүгдэгч нь хохирогчид хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул энэ байдлыг харгалзан оногдуулах ялын хэмээг багасгаж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч О.Тад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу тэрбээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдын өмчлөх эрхэд халдсан, хохирогчид бага хэмжээнээс доогуур хохирол учирсан байдал, хор уршгийн шинж чанар, хохирогчид хохирол төлж барагдуулсан байдал, шүүгдэгчийн хувийн байдал /өмнө нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчилд холбогдон, ял шийтгэгдэж, шийтгэл оногдуулж байсан/ зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Тад 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч О.Т нь 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 48 цаг сэжигтнээр баривчлагдсан /1хх-ийн 21х/, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 79 хоног цагдан хоригдсон /1хх-ийн 29х, 123х, 147, 158-159, 171х/ буюу нийт 81 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж хадгалахаар шийдвэрлэж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Тын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

         ТОГТООХ нь:

1. Х а овогт О.Тыг “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Тад 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тын цагдан хоригдсон 81 (наян нэг) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тоолсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Тын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч О.Тад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Тад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.АЛТАНЦЭЦЭГ