Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1092

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

хохирогч Н.Д,

шүүгдэгч Ч.А, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т Н овогт Ч.Ат холбогдох 2003003660284 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т Н овогт Ч.А /РД:.../,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

2020 оны 6 дугаар сарын 20-ны 21 цаг 45 минутын үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны урд талын замд гэрлэн дохиотой явган хүний гарцан дээр шүүгдэгч Ч.А нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтыг зөрчиж, согтуурсан үедээ, мөн дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: a/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” гэсэн заалтыг зөрчиж, ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэлтэй “Toyota Corolla” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, мөн дүрмийн 16.3-т заасан “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Дыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан, мөн дүрмийн 3.5.а-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын -зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;...” гэсэн заалтыг зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.А шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Би согтуугаар жолоо барьсан” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Хохирогч Н.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “...2020 оны 6 дугаар сарын 20-ны орой гарцаар гарах үед урдаас хоёр хүн ирж байсан, би ногоон гэрэл цагаан шугамаар гарч байсан. Намайг гарах үед 2, 3 дугаар эгнээний машинууд зогссон байсан. Тэгээд би урагшаагаа 2-3 алхах үед нүдний буланд машин ирж байгаа нь мэдрэгдэхээр нь хамаг хурдаараа урагшилсан боловч миний зүүн хөл өртсөн. Би юу болсныг мэдээгүй. Намайг мөргөсөн машин маш хол явсан байсан. Автобусны буудал дээр байсан найз минь ирээд тусламж дуудаж өгсөн, би эмнэлэгт хүргэгдсэн. Эмчид үзүүлэхэд хөл мултарсан, савхан яс хугарсан гэж хэлсэн. Түргэн тусламжийн эмч үзээд хагалгааны заалттай юм байна, шагайгаа засуулна шүү гэж хэлсэн. Намайг мэс засалд оруулах эмч өвдөгөө хүртэл гипсдүүлээд гарч болно гэхэд нь би эмчээсээ “би авто осолд орсон, та сайн үзээд өгөөч” гэж гуйсан. Би бүжиглэдэг, нугардаг, биеэрээ хөдөлмөр эрхэлдэг гэж зөндөө гуйсан. Тэгээд эмч намайг томографикт харуул гэхээр нь харуулахад миний шагайг хугарсан байна гэсэн. Эмч чиний хөл гипсдүүлээд ямар ч нэмэргүй, хагалгаанд орох юм байна гэсэн. Тэгээд би хагалгаанд орсон, би хагалгаанаас хойш маш их өвдөлтийг мэдэрсэн. Маш их зүйлээр хохирсон. Одоог хүртэл миний шок арилаагүй байна. Би машинд сууж чадахгүй, гарцаар гарч чадахгүй, байнгын айдастай байна. Зүгээр байсан хөлөө ийм болгосондоо харамсаж байна. Намайг эцэг эх минь эрүүл саруул өсгөж өгсөн байхад гадны архи ууж согтуурсан хүний үйлдлийн улмаас ингэж хохирсондоо харамсаж байна. Энэ хүн хагалгаанд орохоос өмнө над дээр ирж уулзчихаад надад мөнгө байхгүй гэсэн. Би зүгээр явж байгаад мөргүүлсэн. Урдаас дандаа зовлон тоочоод байгаа нь хэцүү байна. Над руу ганц удаа залгаад биеийн байдал ямар байгааг асуугаагүй. Би өөрөө нугардаг, бүжиглэдэг, Монголд төдийгүй би Солонгост нугарч бүжиглэж хоолоо олж иддэг. Би өөрөө өөрийгөө болгоод, эцэг эхээсээ гуйдаггүй байсан. Осол гарснаас хойш 3 сар өнгөрчхөөд байхад би тэгшхэн явж чадахгүй байна. Би энэ чигээрээ доголон болчихвий гэж айж байна. Би дөнгөж 20 настай. Би энэ хүн рүү өөрөө залгаад “та миний биеийн байдлыг асуухад яадаг юм бэ” гэхэд “чи надаас мөнгө авах сонирхолтой байгаа биз дээ, чи мөнгө авах гэж л баахан зовлон тоочиж байгаа биз дээ” гэж хэлдэг байсан. Гэрч тэр ослын дараа надад  чамайг мөргөсөн хүн найзтайгаа утсаар “би хүн мөргөчихлөө шүү дээ, би нээрээ хүн мөргөчихлөө” гэж ярьж байхыг сонссон гэсэн. Би үнэхээр гомдолтой байна. Би өдийг хүртэл маш их зүйлээр хохирч байна. Би өдий том болчихоод ээжээрээ тэжээлгэж байна. Яагаад энэ хүний хийсэн үйлийг миний ээж үүрэх ёстой юм бэ. Миний ээж амьдралаа дээшлүүлэх гэж Солонгос явсан болохоос биш хэн нэгний балмад үйлдлээс болсон зүйлийг хийх гэж яваагүй. Би хөлөө зүгээр болгомоор байна. Би тэгшхэн явдаг болмоор байна. Би өдий зэрэгт хүрэхийн тулд маш их хөдөлмөр, цаг хугацааг зориулсан. Осол гарснаас хойш 3 сарын хугацаа өнгөрсөн. Ослын улмаас хөлийн савхан яс далий хугарсан. Тэгширч эдгэх боломжгүй гэсэн учраас хагалгаанд орсон. Би маш их гомдолтой байна. Бүх зардлаа нэхэмжилнэ. Би шүүгдэгчээс 10 сая төгрөг нэхэмжилж байна” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хэргийн газарт үзлэг  хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн  үзүүлэлтүүд  /хх-ийн 5-7х, 8-10х, 13-14х/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 11х/, хохирогч Н.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-20х/, гэрч Ө.Бийн мэдүүлэг /хх-ийн 35х/, гэрч Л.Жийн мэдүүлэг /хх-ийн 32х/, гэрч Ш.Эийн мэдүүлэг /хх-ийн 36х/, гэрч Д.Нын мэдүүлэг /хх-ийн 65х/, гэрч Б.Оийн мэдүүлэг /хх-ийн 65х/, иргэний хариуцагч Б.Ггийн мэдүүлэг /хх-ийн 26х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 7304 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40х/, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 35473 дугаартай дүгнэлт /хх-ийн 46-49х/, 80 дугаартай мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 52-53х/, “...” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 96х, хохирлын баримтууд /хх-ийн 100-103х, 105-108х/, шүүгдэгч Ч.Аийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66х/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 69х/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 70х/, оршин суух хаягийн лавлагааны хуулбар /хх-ийн 71х/, гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 72х/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагааны хуулбар /хх-ийн 73х/, шүүгдэгч Ч.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 63х/, улсын яллагчаас гаргаж өгсөн 27 хуудас баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.А нь 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 21 цаг 45 минутын үед “Toyota Corolla” маркийн ... улсын дугаартай бүрэн бус тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон явж улмаар Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны урд талын зам, гэрлэн дохиотой явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Н.Дыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан зам тээврийн осол гаргасан, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт нь:

2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7х, 8-10х, 13-14х/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан: “...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Ч овогтой А гэх хүнийг драйгер багаж ашиглан шалгахад 2.19% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл /хх-ийн 11х/,

 

Хохирогч Н.Дын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 32 дугаар байрны урд талын замд автобусны буудлын зүүн талын явган хүний гэрлэн дохиотой гарцаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа гарах гээд ногоон гэрэл хүлээж байгаад ногоон гэрэл асах үед замын зорчих хэсэг рүү цагаан шугамаар ороход машин байхгүй харагдсан боловч 2 алхаад хартал машин миний зүүн талаас тулаад ирсэн. Тэгээд буцвал дайруулна гээд урагшаа гүйсэн, тэгтэл хажуу тал руу орж ирээд ташаа зүүн хөл хэсэг рүү мөргөсөн. Би мөргүүлээд өнхөрч унаад өндийхөд тэр машин зугтаагаад бүр хол явчихсан байсан. Тэр үед гарцаар миний урдаас ирж явсан хүмүүс машины дугаарыг харсан байж таарч тэд нар цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн. Эмчид үзүүлэхэд хөл мултарсан, савхан яс хугарсан гэж хэлсэн. Түргэн тусламжийн эмч үзээд хагалгааны заалттай юм байна, шагайгаа засуулна шүү гэж хэлсэн. Намайг мэс засалд оруулах эмч өвдөгөө хүртэл гипсдүүлээд гарч болно гэхэд нь би эмчээсээ “би авто осолд орсон, та сайн үзээд өгөөч, би бүжиглэдэг, нугардаг, биеэрээ хөдөлмөр эрхэлдэг гэж зөндөө гуйсан. Тэгээд эмч намайг томографикт харуул гэхээр нь харуулахад миний шагайг хугарсан байна гэсэн. Эмч чиний хөл гипсдүүлээд ямар ч нэмэргүй, хагалгаанд орох юм байна гэсэн. Тэгээд би хагалгаанд орсон, би хагалгаанаас хойш маш их өвдөлтийг мэдэрсэн. Маш их зүйлээр хохирсон. Одоог хүртэл миний шок арилаагүй байна. Би машинд сууж чадахгүй, гарцаар гарч чадахгүй, байнгын айдастай байна. Зүгээр байсан хөлөө ийм болгосондоо харамсаж байна. Намайг эцэг эх минь эрүүл саруул өсгөж өгсөн байхад гадны архи ууж согтуурсан хүний үйлдлийн улмаас ингэж хохирсондоо харамсаж байна. Энэ хүн хагалгаанд орохоос өмнө над дээр ирж уулзчихаад надад мөнгө байхгүй гэсэн. Над руу ганц удаа залгаад биеийн байдал ямар байгааг асуугаагүй. Би өөрөө нугардаг, бүжиглэдэг, Монголд төдийгүй би Солонгост нугарч бүжиглэж хоолоо олж иддэг. Би өөрөө өөрийгөө болгоод, эцэг эхээсээ гуйдаггүй байсан. Осол гарснаас хойш 3 сар өнгөрчхөөд байхад би тэгшхэн явж чадахгүй байна. Би энэ чигээрээ доголон болчихвий гэж айж байна. Би дөнгөж 20 настай. Би энэ хүн рүү өөрөө залгаад “та миний биеийн байдлыг асуухад яадаг юм бэ” гэхэд “чи надаас мөнгө авах сонирхолтой байгаа биз дээ, чи мөнгө авах гэж л баахан зовлон тоочиж байгаа биз дээ” гэж хэлдэг байсан. Гэрч тэр ослын дараа надад  чамайг мөргөсөн хүн найзтайгаа утсаар “би хүн мөргөчихлөө шүү дээ, би нээрээ хүн мөргөчихлөө” гэж ярьж байхыг сонссон гэсэн. Би үнэхээр гомдолтой байна. Би өдийг хүртэл маш их зүйлээр хохирч байна. Би өдий том болчхоод ээжээрээ тэжээлгэж байна. Яагаад энэ хүний хийсэн үйлийг миний ээж үүрэх ёстой юм бэ. Миний ээж амьдралаа дээшлүүлэх гэж Солонгос явсан болохоос биш хэн нэгний балмад үйлдлээс болсон зүйлийг хийх гэж яваагүй. Би хөлөө зүгээр болгомоор байна. Би тэгшхэн явдаг болмоор байна. Би өдий зэрэгт хүрэхийн тулд маш их хөдөлмөр, цаг хугацааг зориулсан. Осол гарснаас хойш 3 сарын хугацаа өнгөрсөн. Ослын улмаас хөлийн савхан яс далий хугарсан. Тэгширч эдгэх боломжгүй гэсэн учраас хагалгаанд орсон. Би маш их гомдолтой байна. Бүх зардлаа нэхэмжилнэ. Би шүүгдэгчээс 10 сая төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Гэрч Ө.Бийн: “...Би тухайн өдөр 21 цаг 45 минутын үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар байрны урд талын замын явган хүний гарцанд урд талаасаа ирээд гэрэл дохио хүлээж зогсож байгаад ногоон гэрэл асахаар нь 2-3 секундийн дараа замын зорчих хэсэг рүү орсон. Тэгээд баруунаас зүүн тийш чиглэлийн зорчих хэсгийг өнгөрөөд зүүнээс баруун чиглэлийн зорчих хэсэг рүү ороод 2 дугаар эгнээнд орох үед зүүнээс баруун чиглэлд явж байсан ... улсын дугаартай машин миний урд талд явж байсан эмэгтэй хүнийг зорчих хэсгийн 1 дүгээр эгнээ рүү ортол миний сонссоноор нэг тоормос гишгээд тэгээд мөргөчихсөн. Тэгээд тэр жолооч нь тухайн газар зогсоогүй цааш явж байгаад автобусны буудал өнгөрөөгөөд хурдаа хасаад зогсож байгаад зогсолгүй хөдлөөд явчихсан. Тэгээд тэнд зам хөндлөн гарч байсан хүмүүсийн хамт тэр мөргүүлсэн эмэгтэйг замаас өргөж гаргаад би ...дугаарын утсаар 103-т дуудлага өгсөн тэгээд байж байтал 102-с миний дугаар луу залгаж нөхцөл байдлын талаар асууж бүртгэж авсан. ...явган хүний гарцан дээр 3-4 машин улаан гэрэл дээр зогсчихсон байхад тэр ... улсын дугаартай машин улаан гэрлээр хурдтай орж ирсэн. Барагцаагаар 40 км/цагийн хурдтай явж байсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 35х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 7304 дугаартай шинжээчийн: “...Н.Дын биед зүүн шагайн гадна, дотор хавчаар ясны далд хугарал, шагайн үеийн мултрал, зүүн гарын сарвууны эрхий хуруу, зүүн ташаа, баруун шилбэ, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 39-40х/,

Иргэний хариуцагч Б.Ггийн: “...Тус тээврийн хэрэгсэл нь миний төрсөн ах Б.Б гэх хүний эзэмшилд байж байгаад миний ах 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өвчний улмаас нас барсан юм. Түүнээс хойш би хариуцаад эзэмшээд явж байгаа, нэр шилжүүлэх гэтэл миний ах Б.Б нь эхнэрээсээ салаад 3-4 жил болж байгаа боловч гэрлэлтийн бүртгэлээ салгаагүй, одоо эхнэр нь хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа болохоор шилжүүлж чадахгүй байгаа. Ахыг нас барахаас өмнө ч одоо ч даатгал нь хамтрангаар явж байдаг юм. Би тухайн үед гадуур ажилтай явж байсан. Ч.А нь ойр зуур гарахдаа унаад явдаг байсан. Тэр өдөр 11 цагийн үед унаад гарсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26х/,

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 35473 дугаартай: “...Toyota маркийн Corolla Ceres загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Зүүн хойд оврын гэрэл ажиллахгүй, урд салхины шил доод хэсэг цуурсан, хойд буфер халцарсан гэх эвдрэл гэмтлүүдтэй байна. Toyota маркийн Corolla Ceres загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ABS шингэн дамжуулагч системтэй, урд тоормозны ажиллагаа стандартын шаардлага хангахгүй байна. Уг тээврийн хэрэгсэл нь ABS шингэн дамжуулагч тоормозны системтэй. Замын гадаргуугаас хамааран тоормозны мөр зам дээр үүснэ. Уг тээврийн хэрэгслийн спидометр хэвийн ажиллагаатай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 46-49х/,

2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 80 дугаартай мөрдөгчийн магадалгаа: “...Toyota маркийн Corolla Ceres загварын ... улсын дугаартай автомашины жолооч Ч.А нь /2020.06.20-ны өдрийн “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам”-ыг баримтлан драйгер багаж ашиглан шалгахад 2.19% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо гэх тэмдэглэлийг үндэслэн /Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ .... согтууруулах ундаа ... хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; /“автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн №35473 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэн /3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; /Гэрч Ө.Бийн мэдүүлгийг үндэслэн/ 16.3. Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ, Хохирогч Н.Д, гэрч Ө.Бийн нарын мэдүүлгүүдийг үндэслэн /3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Н.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэх /хх-ийн 52-53х/,

Шүүгдэгч Ч.Аийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 20-ны Хилчин хотхон дахь гэрээсээ өглөө 11 цагийн үед гараад Налайхад 12 цаг 30 минутын үед арван жилийнхээ ангийнхан дээрээ очиж уулзсан. Тэгээд тэндээс 16 цагийн үед гарч ажил хөөцөлдөж байгаад 19 цагийн үед буцаж очоод 20 цаг өнгөрч байхад Налайхаас автобустай Офицерын буудал дээр ирж буугаад тэндээсээ такси барьж Сансарт өглөө нь үлдээсэн байсан машин дээрээ ирээд машинаа авч жолоодон Хилчин хотхон руу явж байсан. Тэгээд нэгдүгээр хорооллын урд талын замын явган хүний гарц руу ойртоод хөдөлгөөнөө үргэлжлүүлээд явж байхад гэрлэн дохио солигдоод ногоон гэрэл ассан. Тэгээд хүмүүс урд талаас хойд зүг рүү гараад ирсэн. Тэгэхэд нь явган зорчигч нарыг хойд талаар нь тойроод гарчихлаа гэж бодсон. Тэгээд цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлээд нэгдүгээр хороолол руу эргээд явж байтал замын хаалт тавьсан байсан дээр зогссон. Тэгсэн 1 машинтай 3 залуу ирээд та хүн мөргөчихлөө гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэд нарт би юу гэж хүн мөргөж байдаг юм бэ, мөргөсөн бол би зогсоод наад хүн амьтантай чинь уулзана шүү дээ гэж хэлээд эргээд очиход хохирогч түргэн дуудлагын машинд суучихсан замын цагдаагийнхан ирчихсэн хэмжилт хийж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 63х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, Тухайн зам тээврийн осол нь гэрлэн дохиогоор зохицуулагддаг явган хүний гарцтай хэсэгт үйлдэгдсэн байх бөгөөд явган зорчигч Н.Д нь ногоон гэрлээр буюу зөвшөөрөгдсөн гэрлэн дохиогоор гарч явах үед нь шүүгдэгч Ч.А нь 2.19 хувийн согтолттойгоор Toyota Corolla” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хориглосон гэрлэн дохиог зөрчин нэвтэрч, явган зорчигчийг мөргөн, хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон, хохирогч Н.Дд учирсан гэмтэл нь өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр үүссэн байх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд түүний биед учирсан гэмтэл нь шүүгдэгч Ч.Аийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Мөн хохирогч Н.Дын мэдүүлэг, гэрч Ө.Бийн мэдүүлснээс үзвэл, шүүгдэгч Ч.А нь осол гаргаснаа мэдсэн байх боломжтой байх  бөгөөд тэрбээр осол гаргасан даруйдаа тээврийн хэрэгслээ зогсоож, холбогдох арга хэмжээг авах үүрэгтэй атал энэхүү буруутай үйл ажиллагаагаа мэдсээр байж холбогдох арга хэмжээг авалгүйгээр ослын газрыг зориуд орхин явсныг хариуцлагаас зайлсхийх санаа зорилгоор хэргийн газрыг зориуд санаатай орхиж зугтаасан идэвхитэй үйлдлээр илэрсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ч.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нь “шүүгдэгч Ч.А нь өөр хэд хэдэн төрлийн гэмт хэрэг үйлдэж улмаар хэргүүд нь Налайх дүүргийн шүүх, Сэлэнгэ аймгийн шүүхэд шилжүүлээд байгаа. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь Налайх дүүргийн шүүхэд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Сэлэнгэ аймгийн шүүхэд шилжиж ирээд байгаа юм. Иймээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй тулд буцааж дээрх хэргүүдийг нэгтгэн нэг мөр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авч хангах шаардлагагүй гэж үзсэн.

Учир нь, шүүгдэгч Ч.Аийн холбогдсон хэргүүдийн талаарх баримт нь тус хэрэгт авагдаагүй, мөн өмгөөлөгчийн саналд дурдсан дээрх зүйл анги нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн хэд хэдэн бүлэгт заасан гэмт хэргийн төрөлд хамаарч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан шийдвэрлэж болохоор байна. Ингэж шийдвэрлэснээр шүүгдэгчийн эрхзүйн байдал дордох үндэслэл болохгүй гэж үзсэн.

Хохирол төлбөрийн тухайд: Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Дын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирогч нь хийлгэсэн эмчилгээ, цаашид хийлгэх эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний зөрүү, түрээсийн төлбөр, таксигаар үйлчлүүлсэн төлбөр зэрэгт нийт 10 сая төгрөг нэхэмжилж байна гэх боловч хэрэгт 865.891 төгрөгийн эмчилгээ, шинжилгээ хийлгэсэн тухай баримтыг гаргаж өгсөн /хх-ийн 101х, 102х, 106х, 107х/, мөн шүүхийн хэлэлцүүлэгт 231.800 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн тул шүүгдэгч Ч.Аээс 1.098.691 төгрөгийг гаргуулж хохирогчид олохоор тогтож, хохирогчийн түрээсийн төлбөр гэж нэхэмжилж буй 1.960.000 төгрөгийг тус хэрэгт хамааралгүй зардал байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.А нь завсарлага авсан хугацаанд хохирогч Н.Дд 1.200.000 төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтаар тогтоогдсон тул шүүгдэгч нь энэ тогтоолоор төлөх төлбөргүй байна.

Харин хохирогч Н.Дын нэхэмжилж буй бусад зардал болох  дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, цаашид хийлгэх эмчилгээний зардлаа холбогдох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ч.А, иргэний хариуцагч Б.Г нараас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагч нь “...шүүгдэгч Ч.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэх” тухай дүгнэлтийг,

-Хохирогчоос “...гомдолтой” гэж,

-Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Шүүгдэгч Ч.А нь хийсэн хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрч ирсэн, гэмшиж байгаа байдал, хохирлыг баримтын хүрээнд төлж барагдуулсан, түүний үйлдсэн хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа. Ч.Аийн үйлдсэн 2 хэргийн 1 нь болгоомжгүй гэмт хэрэгт, нөгөө нь санаатай гэмт хэрэгт хамаарч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэхэд харшлахгүй зүйлгүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт нь торгох ялыг доод хэмжээгээр нь оногдуулж өгнө үү” гэж,

Шүүгдэгч “...өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Аийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, мөн хуулийн 2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь санаатай хэлбэрээр үйлдэгдсэн,  дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн” гэсэн үндэслэлд хамаарахгүй байгаа боловч тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл нь үүрэг болгосон зохицуулалт биш бөгөөд  хэрэглэх тохиолдолд ... гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзахаар байна.

Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар, шүүгдэгч Ч.Аийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тодруулбал, тэрбээр согтуугаар, хориглосон гэрлээр нэвтэрч явган зорчигчийг мөргөж гэмтэл учруулсан, улмаар хэргийн газрын зориуд орхиж зугтаасан идэвхитэй үйлдлүүдийг хийсэн нь нийлмэл гэмт хэргийн шинжтэй, тус хэргийн улмаас хохирогчид хүндэвтэр хохирол учирсан, хохирогч нь биеийн байдлын хувьд зовиуртай, хэвийн байдалд орох эсэх, ороход хэдий хугацаа шаардлагатайг урьдчилан илэрхийлэх боломжгүй гэх буюу хор уршгийн шинж чанар, мөн шүүгдэгч Ч.Аийн зүгээс өмнө нь хохирогчид хохирол төлбөр төлөх талаар ямар нэгэн санаа санаачилга гаргаж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон тул шүүгдэгч Ч.Аийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж үзсэн.

Мөн шүүгдэгч Ч.А нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, түүний орлоготойг илэрхийлсэн баримтгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан сонгох санкцуудаас торгох ялыг хэрэглэх нь зохимжгүй, биелэгдэх боломжгүй юм.

Иймд дээрх нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн шүүхийн шатанд хохирогчоос гаргаж өгсөн баримтын хүрээнд хохирлыг төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал /түүний ар гэрийн нөхцөл байдал/ зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг тус тус журамлан шүүгдэгч Ч.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 сарын  хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын 8 цагийг нэг хоногоор тооцон 320:8=40 хоногийг нэмж, нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг 7 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Ат оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор тогтоож шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

                                                                                                                                ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т Н овогт Ч.Аийг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, автотээврийн хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Аийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 (гурван зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,  2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг тус тус журамлан шүүгдэгч Ч.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын 8 цагийг 1 хоногоор тооцон нэмж, нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг 7 (долоо) сар 10 (арав) хоногийн хугацаагаар тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ат оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ч.Ат оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Ч.Аээс 1.200.000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийг хохирогч Н.Дд төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжилж буй түрээсийн төлбөр 1.960.000 /нэг сая есөн зуун жаран мянга/  төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид эмчилгээтэй холбогдуулан гарах зардлууд, дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоо нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ч.А, иргэний хариуцагч Б.Г нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ч.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.АЛТАНЦЭЦЭГ