Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 805

 

Б.Норовсамбуу нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 181/ШШ2017/00416 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Норовсамбуу, Б.Цэцэнсамбуу, Ш.Гонгор, Г.Мөнхбат нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

            Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 150/68, 150/66 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2016 оны 8 дугаар сарын 17, 22-ны өдрийн 150/73, 150/74, 150/75, 150/78 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоол, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 10/374 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч              Б.Ариунцэцэг

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч   А.Бүднам

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Норвсамбуу нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Цэцэнсамбуу нь Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол Хасбаатарын гудамж, 56 байр 46 тоот үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч, Б.Норовсамбуу нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Роял Грийн Вила, Зайсангийн тойрог, 62/4 байрны А2-501, 601 тоот орон сууц 58, 59 зоорын давхар, авто зогсоолын хамтран өмчлөгч, Ш.Гонгор, Г.Мөнхбат нар нь Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, Баян Монгол хороолол, Их Монгол улсын гудамж 418 дугаар байрны 140 тоот орон сууцын хамтран өмчлөгч нар юм. Эдгээр орон сууцнуудыг "Монгол цэцэнс даймонд" ХХК-аас төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад битүүмжилж, хурааж, улмаар дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч нарт битүүмжилсэн, хураасан ажиллагаанд огт оролцож чадаагүй бөгөөд битүүмжилсэн хураасан актыг танилцуулаагүй болно. Ийнхүү битүүмжилж хураасан талаар мэдэгдээгүй бөгөөд үнийн санал авах тухай мэдэгдэл ирж бичгээр үнийн санал авсан юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд тухайн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үе шатуудад гомдол гарган шийдвэрлүүлэх хуульд заасан эрхийг эдлэх боломжгүй болгож шууд дуудлага худалдаа явуулах тогтоол үйлдсэн нь хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэж байна. Дуудлага худалдаа болох товыг 2016 оны 9 дүгээр сарын 22 буюу дуудлага худалдаа болохоос 8 хоногийн өмнө мэдэгдэж байгаа нь дээр дурьдсан хуулийн заалтуудыг зөрчсөн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Төрийн банкинд 854 900 314 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэхүү төлбөрийн үнийн дүнд бүхий л орон сууцыг дуудлага худалдаанд оруулж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 150/68 болон 150/66 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тоггоол, 2016 оны 8 дугаар сарын 17, 22-ны өдрийн 150/74, 150/73, 150/75, 150/78 тоот Эд хөрөнгө хураах тоггоол, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 10/374 тоот Үл хөдлөх эд хөрөнгийг анхны дууллага худалдаанд оруулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 03050 дугаар захирамжаар 'Монголцэцэнс даймонд" ХХК-аас 854 900 314 төгрөгийг гаргуулж Төрийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч "Монголцэцэнс даймонд" ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичгийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д хамтран өмчлөгч нар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох талаар хуульчилсан заалт байхгүй. Барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгч нар нэхэмжлэлдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд тухайн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үе шатуудад гомдол гарган шийдвэрлүүлэх хуульд заасан эрхийг эдлэх боломжгүй болгож шууд дуудлага худалдаа явуулах тогтоол үйлдсэн нь хуульд заасан журмыг зөрчсөн гэжээ. Шийдвэр гүйцэтгэх албанд 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгөнд үнийн саналаа ирүүлсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлыг тус албанд гаргаж байгаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах гүйцэтгэгчийн тогтоолыг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт болон төлбөр төлөгчид хүргүүлнэ" заасны дагуу төлбөр төлөгчид үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүргүүлсэн бөгөөд Иргэний хуулийн 197 дугаар зүйл заалт нь төлбөрт хураагдсан хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахтай холбоотой харилцааг зохицуулж байгаа тул үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамаарахгүй. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг төлбөр төлөгч "Монголцэцэнс даймонд" ХХК-д удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул шүүгчийн захирамжийн 2 дахь хэсэгт дурьдсан үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, албадан дуудлага худалдаанд оруулсан ажиллагаа нь хууль зөрчөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 34.4 дэх заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 150/68, 150/66 дугаартай Эд хөрөнгө битүүмжпэх тогтоол, 2016 оны 8 дугаар сарын 17, 22-ны өдрийн 150/73, 150/74, 150/75, 150/78 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоол, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 10/374 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Норовсамбуу, Б.Цэцэнсамбуу, Ш.Гонгор, Г.Мөнхбат нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбат давж заалдах гомдолдоо: ...Б.Цэцэнсамбуу миний бие Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, хасбаатарын гудамж 5б байр 46 тоот үл хөдлөх хөрөнгийн хамран өмчлөгч, Б.Норовсамбуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Роял Грийн Вила, Зайсангын тойрог 62/4 байрны A2-501, 601 тоот орон сууц, 58, 59 зоорын давхар, авто зогсоолын хамтран өмчлөгч, Ш.Гонгор, Г.Мөнхбат бид Баязүрх дүүрэг 16 дугаар хороо, Баян Монгол хороолол, Их Монгол улсын гудамж 418 дугаар байрны 140 тоот орон сууцны хамтран өмчлөгч нар билээ. Эдгээр орон сууцнуудыг "Цэцэнс Монгол Даймонд" ХХК-аас төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад битүүмжилж, хурааж, улмаар дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэжээ. Бидний хувьд битүүмжилсэн, хураасан ажиллагаанд огт оролцож чадаагүй бөгөөд ийнхүү бигүүмжилсэн хураасан актыг танилцуулаагүй болно. Ийнхүү битүүмжилж хураасан талаар мэдэгдээгүй бөгөөд улмаар үнийн санал авах тухай мэдэгдэл ирж бичгээр үнийн санал авсан юм. Шүүхийн шийдвэр гуйцэтгэх ажиллагаанд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд тухайн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үе шатуудад гомдол гарган шийдвэрлүүлэх хуульд заасан эрхийг эдлэх боломжгүй болгож шууд дуудлага худалдаа явуулах тогтоол үйлдсэн нь хууль заасан журмыг зөрчсөн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, Иргэний хуулийн 175 дугаар зүйлд зааснаар олон нийгэд 14-с доошгүй хоногийн өмнө мэдэгдэх ёстой. Дуудлага худалдаа болох товыг 2016 оны 9 дүгээр сарын 22 буюу дуудлага худалдаа болохоос 8 хоногийн өмнө мэдэгдэж байгаа нь дээр дурьдсан хуулийн заалтуудыг зөрчсөн байна. Иргэний хуулийн 197 дугаар зуйлийн 197.26-т "Энэ хуульд заасан журам шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар явуулах дуудлага худалдаанд нэгэн адил хамаарна" мөн хуулийн 197 дугаар зүйлийн 197.24-т "хуулиар тогтоосон журам зөрчиж явуулсан үнэ хаялцуулах ажиллагаа хүчин төгөлдөр бус байна" гэж заасныг анхан шатны шүүх анхаарч үзээгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Нэхэмжлэгч Б.Норовсамбуу, Б.Цэцэнсамбуу, Ш.Гонгор, Г.Мөнхбат нар нь  хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд холбогдуулан тус албаны 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 150/68, 150/66 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2016 оны 8 дугаар сарын 17, 22-ны өдрийн 150/73, 150/74, 150/75, 150/78 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоол, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 10/374 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч эс зөвшөөрөн маргасан байна.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Баянзүрх, Чингэлтэй, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 101/ШШ2016/03050 дугаар захирамжаар Төрийн банк ХХК-ийн 852 689 615 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Монголцэцэнс даймонд” ХХК хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 /хэргийн 60-61 дүгээр тал/ 

 

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр захирамжийн 2 дахь заалтад зээлийн барьцаанд Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Роял грийн вилла /17027/ Зайсангийн тойруу 62/4 дүгээр байрны А2-501, 601 тоот, зоорийн давхрын 58, 59 тоот 365 м.кв талбайтай орон сууц, авто зогсоол, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Стадион Оргил /17027/ Зайсангийн гудамж 52 дугаар байрны 49 тоот 127.78 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Баянгол дүүрэг 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол 5Б байрны 46 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Баянмонгол хороолол /13311/ Их Монгол улсын гудамж 418 дугаар байрны 140 тоот 1 өрөө 43.2 м.кв талбайтай орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалагдсан болохыг дурьджээ.

 

Нэхэмжлэгч Төрийн банкны хүсэлтээр 101/ШШ2016/03050 дугаар захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байх бөгөөд уг гүйцэтгэх хуудсанд “Монголцэцэнс даймонд” ХХК-аас 852 689 615  төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 2 210 699 төгрөгийн хамт гаргуулаар шийдвэрлэсэн ажиллагаанд гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.  

                                                                                              /хэргийн 58-59 дүгээр тал/

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 16280685 дугаар тогтоолоор төлбөр төлөгч “Монголцэцэнс даймонд” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн явуулсан байна.  

                                                                                                  /хэргийн 63 дугаар тал/  

 

            Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахаар заасан.

 

             Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шүүхийн хүчин төгөлдөр захирамжид дурьдсан өмчлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар албадан борлуулахаар эрх үүсээгүй байхад бусдын өмчлөлийн барьцааны зүйлийг дуудлага худалдаа явуулахаар битүүмжилж, хураасан нь Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг Иргэний хууль болон энэ хуульд заасан журмаар явуулна гэсэн заалтыг зөрчсөн байна.

 

            Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар Шүүх барьцааны тухай зүйлийг худалдах тухай үүрэг гүйцэтгэгчийн нэхэмжлэлийг хангасан бол уг зүйлийг Иргэний хууль, Шүүхийн шййдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу албадан дуулага худалдаагаар худалдахаар зохицуулжээ.

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь иргэний болон захиргааны хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр эрүүүгийн хэргийн талаар гарсан шүүүхийн шийтгэх тогтоол, хуульд заасан тохиолдолд бусад байгууллагын шийдвэр байна” гэж заасан бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь шүүхийн гүйцэтгэх хуудсанд заагдаагүй ажиллагааг хууль зөрчиж явуулсан байх тул шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 181/ШШ2017/00416 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 150/68, 150/66 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2016 оны 8 дугаар сарын 17, 22-ны өдрийн 150/73, 150/74, 150/75, 150/78 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоол, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 10/374 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг тус тус хүчингүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Г.Мөнхбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

  

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ                     

                          ШҮҮГЧИД                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ                                     

                                                                          Ц.ИЧИНХОРЛОО