Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2022/0336

 

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2022/0336

 

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    “Х ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй 

     захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Х ББСБ” ХХК

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 152 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Э.З

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2021/0400/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Х ББСБ” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 152 дугаар шийдвэрээр: 

“...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6 дахь заалт, 40.2 дахь хэсэгт заасныг тус тус заасныг баримтлан “Х ББСБ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3 дахь хэсэгт заасан үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчээс 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр итгэмжлэл авсан бөгөөд тухайн өдрөө хэргийн материалтай танилцсан. Хэргийн материалтай танилцахад шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримт,  мэдээлэл дутуу байсан тул нэмэлт нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүх хуралдаан болохоос өмнө шүүхэд гаргасан.

Гэтэл шүүхээс уг хүсэлтийг заавал үндсэн хуралдаан буюу 2022 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг заасныг баримтлан бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, процессийн алдаа гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана” гэж заасан, гэвч шүүхээс тухайн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай ямар нэгэн захирамж гараагүй нь дээрх хуульд үл нийцнэ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ хуулийн ...дахь хэсэгт заасан болон гуравдагч этгээдийг оролцуулахаас татгалзсан тухай шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол бичгээр гарсан өдрөөс хойш долоо хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно”, 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 111.1-д заасны дагуу гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол илт үндэслэлгүй бол уг захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжих зорилгоор өөрөө олж авч чадахгүй баримтыг гаргуулах захирамжид гомдол гаргаж тэдгээрийг хүчингүй болгох, өөрчлөх боломжтой байсан.

Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ захирамжаа бичгээр гаргаагүй улмаас Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6-д заасан “давж заалдах гомдол гаргах эрх”-ээ эдэлж чадаагүй. Өөрөөр хэлбэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 34 дүгээр зүйлийн 34.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хавтаст хэрэгт байгаа нотлох баримтыг хөдөлбөргүй үнэн гэж үзэж шийдвэр гаргасан нь буруу болсон. Мөн шинээр ирэх нотлох баримтыг үгүйсгэж байгаа нь хэргийг тал бүрээс бүрэн бодитой шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлсөн.

3.2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4 дэх хэсэгт заасан үндэслэл бий болсон тухайд:

Байгаль орчин, аялал жуулчлалын яам төрийн захиргааны төв байгууллага болохын хувьд шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу “Сонсох ажиллагаа” явуулах ёстой байсан. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалыг гаргахдаа сонсох ажиллагаа хийж “Х ББСБ” ХХК-д урьдчилан мэдэгдсэн гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байхад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх “...Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 10/7593 тоот албан бичгээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захиргааны акт гарах гэж байгаа талаар урьдчилан мэдэгдэж байжээ” гэж дүгнээд хэргийг шийдвэрлэсэн.

Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...А/79 дүгээр тушаал гарж байгаа, тухайн тушаалд авагдсан бүх иргэн, аж ахуйн нэгжүүдэд 2020 оны 11 дүгээр сард мэдэгдлүүдийг хүргүүлсэн. Энэхүү мэдэгдлийг манайд бүртгэлтэй хаягаар нь шууданд хийж хүргүүлсэн. Цар тахал гарсан байсан учраас шуудангаар, бичгээр тайлбарлан ирүүлээрэй гээд сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн байгаа” гэх тайлбарыг өгдөг. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна”, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэж заасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны үеэр гаргасан “мэдэгдлийг шууданд хийсэн” гэх тайлбар нь нотлох баримтад үндэслэгдээгүй, өөрөөр хэлбэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “сонсох ажиллагаа хийсэн” талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Хэрэв Байгаль орчин, аялал жуулчлалын яам Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа хийгээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

3.3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.5-д заасан үндэслэл бий болсон тухайд:

Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасныг тус тус буруу хэрэглэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангахгүй шийдвэрлэсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д “Шинэ нотлох баримт цуглуулах болон хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой бусад асуудлын талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүгч, шүүх бүрэлдэхүүн даруй шийдвэрлэнэ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн асуудлаар шүүх хуралдаан дээр дахин хүсэлт гаргах эрхгүй” гэж заасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтээ өмнө нь урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр огт гаргаж байгаагүй. Үүнийг 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 128/ТМ2021/1936, 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ТМ2021/2363 дугаартай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлүүдээс харж болно.

Өөрөөр хэлбэл шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Мөн шүүхээс “...Газрын тухай тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар өөр бусад гуравдагч этгээдэд газар ашиглах эрх олгох үндэслэлгүй” гэж үзсэн нь Газрын тухай хуулийн нарийвчилсан заалтыг буруу тайлбарласан гэж үзэж байна.

Учир нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй” гэж заасан.

 “Х ББСБ” ХХК нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар “газар ашиглагч” юм. Харин Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газар эзэмшигч”-д холбогдох зохицуулалт юм. Гэтэл шүүхээс Газрын тухай хуулийг буруу тайлбарлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангахгүй шийдвэрлэсэн.

Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтэд хайхрамжгүй хандан хүсэлтийг шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтдээ “...2021 оны 3 дугаар сарын 12-ноос мөн оны 11 дүгээр сарын 23-ны хооронд бусад этгээдэд ашиглуулах тухай шийдвэр гарсан байх магадлалтай тул...” гэж хугацааг маш тодорхой, ойлгомжтой бичсэн байхад шүүх “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар өөр бусад этгээдэд газар ашиглах эрх олгох үндэслэлгүй буюу шүүхээс маргаж буй захиргааны актын биелэлтийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг түдгэлзүүлэн шийдвэрлэсэн тул тухайн газрыг өөр гуравдагч этгээдэд ашиглуулах шийдвэр гаргасан эсэхийг хариуцагчаас тодруулах шаардлагагүй...” гэж буруу дүгнэсэн.   

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 152 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангав.

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-т “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал” тухайн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах зохицуулалттай.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бийн 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр бичгээр гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг 2-ны өдрийн шүүх хуралдааны явцад шийдвэрлэхдээ түүний хуулиар олгогдсон гомдол гаргах эрхийг олгоогүй, өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасныг баримтлан гомдол гаргах эрхгүй захирамж гарган, шүүх хуралдааныг цааш нь үргэлжлүүлсэн, мөн шүүхийн шийдвэрт хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар дүгнэсэн нь дээрх хуульд заасан нөхцөлийг бий болгожээ.

2.Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас маргаан бүхий газрын одоогийн төлөв байдлын талаар, Авлигатай тэмцэх газраас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль зөрчсөн үйлдэлд холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн эсэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эсэх, хяналт шалгалтын үр дүнг яаманд мэдэгдсэн эсэх, баримт бичгийн үзлэг хийлгэх, холбогдох албан бичгийг гаргуулах зэрэг хүсэлтүүд нь хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй байхыг үгүйсгэхгүй ч энэ нь шийдлээс хамаарч хүсэлт гаргагчийн гомдол гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

Хуулийн 96.1-ийн зохицуулалт нь гомдол гаргах эрхийг хязгаарлахтай холбоотой бус харин шүүх хуралдааны явцад хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг ямар хугацаанд шийдвэрлэх харилцааг зохицуулсан заалт тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

3.Маргаан бүхий захиргааны акт гаргах үндэслэл болсон холбогдох байгууллагаас ирүүлсэн саналыг гаргуулах талаар өмнө гаргасан хүсэлтийг шүүгчийн захирамжаар шийдвэрлэхдээ гомдол гаргах эрхийг олгож, давж заалдах шатны шүүхээр захирамжийг хянуулж байсан атлаа шүүх хуралдааны явцад гаргасан захирамждаа гомдол гаргах эрхийг олголгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлснээр хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасан “Гомдол гаргаж болох шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд энэ хуульд заасан холбогдох заалтыг бус хуулийн өөр зүйл, заалтыг баримталсан нь тухайн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхийг хязгаарлахгүй” гэснийг зөрчсөн, уг зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй.

Мөн давж заалдах гомдлын үндэслэл нь шийдлээс илүүтэй процесстой холбоотой, иймд гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөөгүй болохыг тэмдэглэв.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 152 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                                                        

 

 

ШҮҮГЧ                                                         А.САРАНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                        Т.ЭНХМАА

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН