Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 631

 

 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ц.Ганчимэг, шүүгдэгч Б.М-э, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б- овогт Б-ын М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2010014350801 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 409 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 03 жил 01 сар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, Б- овогт Б-ын М-э,  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.М-э нь 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 5-87 тоотод иргэн Б.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний зүүн мөр рүү гараараа цохих, аяга авч шидсэнээс толгойн хэсгийг нь онож эрүүл мэндэд нь тархи доргилт, чамархай, мөрөнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.М-э: “...2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Б.Б-гаас мөнгөө авах гээд гэрт нь очоод ажил явдал гарсан тухай ярихад чиний эмээг би алчихсан юм уу гэхээр нь миний уур хүрээд шилэн аяга авч шидсэн нь үнэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, гэмшиж байна...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Б.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр гэртээ ээж Жаргал, найз Энхтүвшин, түүний эхнэр Энхгэрэл нарын хамт байсан. Тухайн үед би хоёр найзтайгаа байшингынхаа гадна талыг дөнгөж оохордож дуусаад хашаан дотроо байж байхад хуурай дүү М-э ганцаараа орж ирсэн. ...Тэгээд М-эд машин дотор чинь орж ярилцах уу гэхэд чам шиг луйварчинтай хаана ч ярилцсан яадаг юм гэхээр нь би за тэгвэл манайх руу орьё гээд бид хоёр манай байшинд орсон. Гэр дотор ороход ээж болон хоёр найз байсан. Гэрт оронгуутаа М-э манай хоёр найзад хандаж энийгээ ямар луйварчин гэдгийг мэдэх үү гэж орилсон бөгөөд манай ээж түүнд хандаж сууж байгаад тайван ярилцчих гэж хэлсэн. ...Энэ үед би хоёр найзыгаа та хоёр гэр рүүгээ явж байхгүй юу даа гэхэд тэр хоёр гарч явсан бөгөөд гарахдаа найз Энхтүвшин утсаа ширээн дээр үлдээчихсэн байсан. Тэрнийг М-э ломбарданд тавьж мөнгө болгоно гэхээр нь би утсыг булааж авсан. Тэгтэл М-э миний зүүн мөр рүү гараараа цохисон. Энэ үед ээж түүнд хандан чи тайван ярилц, эсхүл манай гэрээс гараад ярилц гэхэд ээж рүү хэл амаар дайраад байсан. Би М-ийг хоёулаа гарч байгаад ярилцья гэхэд тэрээр ширээн дээр байсан шар иштэй хутгыг барьж шүүрч авсанаа буцаагаад ширээ рүү шидсэн. Тэгсэнээ ширээн дээр байсан шилэн аягыг авч над руу шидсэн бөгөөд миний зүүн чихний ард оносон. Тэгэхээр нь би цагдаа дуудлаа гэхэд гараад явсан...” /хх-ийн 19-20 гэсэн,

 

Гэрч Я.Жаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 7 дугаар сарын 07-ны орой 20 цагийн үед манайд зүс таних М-э ирсэн. Тэгээд манай охин Б-гаас мөнгөө нэхээд дайраад байхаар нь чи суугаад тайван ярилцаач дээ гэхэд тоохгүй байсан. Тэгсэнээ тэр залуу ширээн дээр байсан хутгыг гартаа барихаар нь би түүн рүү ухасхийхэд хутгаа шидсэн. Тэгсэнээ дахин ширээн дээр байсан аяга авч охин Б- руу шидсэн. Тэгээд тэр залуу охин Б-гийн мөр рүү нь гараараа цохисон. Тэгээд л гэрээс гараад явсан бөгөөд би түүнийг зогсож бай гэхэд та нар миний эгчийг ямар хүн болохыг хараарай гэж хэлсэн...” /хх-ийн 21/ гэсэн,

 

Гэрч Ц.Энхгэрэл мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ...нөхөр бид хоёр Б-гийн гэрт орж ирээд байж байхад тэр залуу гэрт орж ирчихээд “миний эгчийг мэдэх үү, яагаад гар утсаа авахгүй байгаа юм, мөнгөө өг л дөө” гээд орилоод байсан. Тэгтэл Б- нь байшингаа зарах гээд зар өгчихсөн байгаа, чи мэдэж байгаа биз дээ гэсэн. Тэгсэнээ Б- нөхөр бид  хоёрт хандаж та хоёр явж байхгүй юу гэхээр нь бид хоёр гэр рүүгээ явсан. Гэртээ очоод байж байхад Б- залгаад найз нь нөгөө залууд зодуулчихлаа, та хоёр хүрээд ирээч гэж ярьсан. ...Б-гийн толгойн зүүн хэсэг хавдчихсан, нэг талын мөр нь хөхөрчихсөн байсан...” /хх-ийн 22/ гэсэн,

 

Гэрч Ж.Энхтүвшин мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Энхгэрэл бид хоёр найз Б- дуудаад байхаар нь тэднийд очиж байшинг цэнхэр өнгөөр оохортож өгсөн. ...Тэгээд оохортож дуусаад байшингийн зургийг утсаараа аваад байж байхад хашааны хаалган дээр нэг залуу ирж зогссон. Тэгтэл Б- тэр залуу дээр очиж уулзсан. Тэгээд эхнэр бид хоёр Б-гийн гэрт ороод сууж байхад Б- тухайн залуутай хэл ам хийгээд орж ирсэн. ...Тэр залуу Б-г хэл амаар доромжлоод чи миний эгчийг мэдэх үү, муу гуйлгачин, луйварчин, хулгайчингууд гээд хуруугаараа заагаад мөнгө өг гээд байсан. Тэгтэл Б- бид хоёрт хандан та хоёр гэртээ харьж байхгүй юу даа гэхээр нь чи зүгээр юм уу гэхэд зүгээр ээ, гайгүй гэж байсан. ...Ингээд гэртээ ирээд байж байхад Б- над руу залгаад би нөгөө залууд зодуулчихлаа, та хоёр хүрээд ирээч гэж ярихаар нь буцаад очсон...” /хх-ийн 22/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.М-э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би зүс таних Б-гийнд мөнгөө нэхэх гэж очсон. Тэгээд тэдний хашааны хаалгыг тогшиход тэрээр хүрч ирээд байж бай, хүнтэй байна гэж хэлчихээд хашаа руугаа буцаад орсон. Тэгтэл тэдний хашаанаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн сугадалцаад гараад явсан. Тэгтэл удалгүй Б- гарч ирээд машинд орж уулзья гэхээр нь би үгүй ээ, гадаа уулзья гэсэн. Тэгтэл Б- гудамжинд хэрүүл хиймээргүй байна, гэр рүү орьё гэхээр нь гэрт нь ороход ээж нь байсан. Тэгээд би Б-д хандан ажил явдал болчихоод байхад хэдэн төгрөг явуулья гэсэн яасан бэ гэхэд би чиний эмээг алчихаа юу гэсэн. Тэгэхээр нь би түүнээс мөнгөө авья гэхэд чиний мөнгийг өгөх албатай юу, чи надаас юм олж долоох уу, чиний амьдралыг өөрийн чинь гараар хөмрүүлж чадна шүү гээд нулимсан. Тэгэхээр нь би ширээн дээр байсан цагаан өнгөтэй сэнжтэй аягыг авч түүн рүү далайхад тэрээр чи чаддаг юм бол шидчихээч гэхээр нь би айлгах гээд гал тогооны тавилга руу шидсэн. Тэгтэл Б- хоёр гараараа толгойгоо хамгаалаад доошоо болсон, тэгэхдээ миний шидсэн аяганд оногдсон. Тэгтэл Б- нь над руу хашхираад дайраад ирсэн бөгөөд бид хоёр зууралдаж байхад түүний ээж нь ирж бид хоёрыг салгасан...” /хх-ийн 38-39/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн №7899 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.Б-гийн биед тархи доргилт, чамархай, мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг бослон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /хх-ийн 27-28/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4/,

- Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 17/,

- Шүүгдэгч Б.М-ийн хувийн байдалтай иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 42/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 43/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 44/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 52-55/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.М-эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.М-э нь 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 5-87 тоотод иргэн Б.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний зүүн мөр рүү гараараа цохих, аяга авч шидсэнээс толгойн хэсэгт онож, эрүүл мэндэд нь тархи доргилт, чамархай, мөрөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Б-гийн “...2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ...гэртээ байхад М-э ирэхэд би машин дотор чинь орж ярилцах уу гэхэд чам шиг луйварчинтай хаана ч ярилцсан яадаг юм гэхээр нь би за тэгвэл манайх руу орьё гээд бид хоёр манай байшинд орсон. ...Гэрт оронгуутаа М-э манай хоёр найзад хандаж энийгээ ямар луйварчин гэдгийг мэдэх үү гэж орилсон бөгөөд манай ээж түүнд хандаж сууж байгаад тайван ярилцчих гэж хэлсэн. ...Тэгтэл М-э миний зүүн мөр рүү гараараа цохисон. Энэ үед ээж түүнд хандан чи тайван ярилц, эсхүл манай гэрээс гараад ярилц гэхэд ээж рүү хэл амаар дайраад байсан. Би М-ийг хоёулаа гарч байгаад ярилцья гэхэд тэрээр ширээн дээр байсан шар иштэй хутгыг барьж шүүрч авсанаа буцаагаад ширээ рүү шидсэн. Тэгсэнээ ширээн дээр байсан шилэн аягыг авч над руу шидсэн бөгөөд миний зүүн чихний ард оносон. Тэгэхээр нь би цагдаа дуудлаа гэхэд гараад явсан...” /хх-ийн 19-20/ гэсэн, гэрч Я.Жаргалын “...2020 оны 7 дугаар сарын 07-ны орой 20 цагийн үед манайд зүс таних М-э ирсэн. Тэгээд тэрээр манай охин Б-гаас мөнгөө нэхээд дайраад байхаар нь чи суугаад тайван ярилцаач дээ гэхэд тоохгүй байсан. Тэгсэнээ ширээн дээр байсан аяга авч охин Б- руу шидсэн. Тэгээд тэр залуу охин Б-гийн мөр рүү нь гараараа цохисон...” /хх-ийн 21/ гэсэн, гэрч Ц.Энхгэрэлийн “...2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ...гэртээ очоод байж байхад Б- залгаад найз нь нөгөө залууд зодуулчихлаа, та хоёр хүрээд ирээч гэж ярьсан. ...Б-гийн толгойн зүүн хэсэг хавдчихсан, нэг талын мөр нь хөхөрчихсөн байсан...” /хх-ийн 22/ гэсэн, гэрч Ж.Энхтүвшингийн “...2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ...эхнэр бид хоёр Б-гийн гэрт ороод сууж байхад Б- тухайн залуутай хэл ам хийгээд орж ирсэн. ...Тэр залуу Б-г хэл амаар доромжлоод чи миний эгчийг мэдэхүү, муу гуйлгачин, луйварчин, хулгайчингууд гээд хуруугаараа заагаад мөнгө өг гээд байсан. Тэгтэл Б- бид хоёрт хандан та хоёр гэртээ харьж байхгүй юу даа гэхээр нь чи зүгээр юм уу гэхэд зүгээр ээ гайгүй гэж байсан. ...Ингээд гэртээ ирээд байж байхад Б- над руу залгаад би нөгөө залууд зодуулчихлаа та хоёр хүрээд ирээч гэж ярихаар нь буцаад очсон...” /хх-ийн 22/ гэсэн, шүүгдэгч Б.М-ийн “...Би Б-д хандан ажил явдал болчихоод байхад хэдэн төгрөг явуулья гэсэн яасан бэ гэхэд би чиний эмээг алчихаа юу гэсэн. Тэгэхээр нь би түүнээс мөнгөө авья гэхэд чиний мөнгийг өгөх албатай юу, чи надаас юу олж долоох уу, чиний амьдралыг өөрийн чинь гараар хөмрүүлж чадна шүү гээд нулимсан. Тэгэхээр нь би ширээн дээр байсан цагаан өнгөтэй сэнжтэй аягыг  авч түүн рүү далайхад тэрээр чи чаддаг юм бол шидчихээч гэхээр нь би айлгах гээд гал тогооны тавилга руу шидсэн. Тэгтэл Б- хоёр гараараа толгойгоо хамгаалаад доошоо болсон бөгөөд тэгэхдээ миний шидсэн аяганд оногдсон. Тэгтэл Б- нь над руу хашхираад дайраад ирсэн бөгөөд бид хоёр зууралдаж байхад түүний ээж нь ирж бид хоёрыг салгасан...” /хх-ийн 38-39/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны №7899 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Б.Б-гийн биед тархи доргилт, чамархай, мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 27-28/ гэсэн дүгнэлт, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 17/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хохирогч Б.Б-гийн биед учирсан “...тархи доргилт, чамархай, мөрөнд цус хуралт...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.М-э  түүн рүү аяга шидсэн үйлдлээс үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.М-ийн хохирогч Б.Б-гийн биед хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.М-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.М-э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-гийн эрүүл мэндэд тархи доргилт, чамархай, мөрөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой төлбөр нэхэмжлээгүй байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Б.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.М-э торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2010014350801 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.М-э бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Б- нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б- овогт Б-ын М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын М-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.М-эд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-э торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2010014350801 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.М-э бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Б- нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.М-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР