Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1098

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч О.Пүрэвсүрэн,

шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн Х овогт Б.Хт холбогдох 2008000001370 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилга дээр ажилладаг гэх, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо Булгын ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х овогт Б.Х /РД:.../,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-нд харуулын ажилтай С.Бын толгойн тус газар нь цохиж биед “тархи доргилт, хуйханд шарх, хоёр хацарт зулгаралт, нуруунд цус хуралт, цээж, баруун тохой, зүүн шуунд зулгаралт, цус хуралт” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: хохирогч С.Бын мэдүүлэг /хх-ийн 4-8х, 54-55х/, гэрч Л.Огийн мэдүүлэг /хх-ийн 14х/, гэрч Л.Агийн мэдүүлэг /хх-ийн 15-16х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 10365 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19х/, шүүгдэгч Б.Хын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 23х/, байнга оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 24х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26х/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 61-69х/, хохирогч С.Бын хүсэлт /хх-ийн 70х/, шүүгдэгч Б.Хын мэдүүлэг /хх-ийн 50-51х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-нд харуулын ажилтай С.Бын толгойн дагз, нүүр, нуруу, цээж зэрэг газарт нь цохиж зодон  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч С.Бын: “...Би 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... ХХК-нд манаачаар гарч байх үед А, С, Т нар архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь би ажил дээр архи уухаа боль, наад архиа ууж дуусчихаад болиорой гэж хэлсэн. Тэгсэн төд удалгүй У /Х/ хүрч ирснээр тэд нар ахиад архи ууцгаасан. Тэгээд У /Х/-г ирснээс хойш 2 шил архи уусан ба би тухайн үед больцгоо гэж хэлэхэд С яваад өгсөн. Т, А, У /Х/ нар үлдсэн, А, У /Х/ нар хоорондоо маргалдаад эхлэхээр нь би битгий маргалдаад бай, одоо явцгаа гэж хэлсэн чинь У /Х/ над руу дайрахаар нь “чи дуугүй бай” гэж хэлсэн чинь намайг цагаан өнгийн цоожоор толгой руу маань цохисон, миний хоёр талын  хацар болон нуруу хэсэгт гараараа цохисон, тэгээд би газар унан ноцолдож байх явцад  шууны зулгаралт гэмтэл учирсан. Миний толгойноос цус гарахаар нь би У /Х/-д “чи толгой руу цохичихлоо” гэтэл У /Х/ би цохисон юм уу гээд над руу бас дайраад байсан. Тэгээд эхнэрийг ирэхэд миний толгойноос цус гарчихсан байдалтай байж байсан чинь эхнэр цагдаагийн байгууллагад дуудлага өгч би гэмтлийн эмнэлэгт очиж 3 ширхэг оёо толгойн зүүн дээд хэсэгт тавиулсан. Миний хохирол бүрэн барагдсан учраас надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8х, 54-55х/,

Гэрч Л.Огийн: “...2020 оны 9 дүгээр сарын 07-ны орой 22 цагийн үед манай хамтран амьдрагч С.Б ... ХХК-нд манаачаар ажиллаж байхдаа над руу утсаар залгаад би ажил дээрээ согтуу хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажил дээр нь яваад очсон чинь манай хамтран амьдрагч нөхрийн толгойн зүүн хэсгээс цус гарчихсан, нүүр хувцас нь их хэмжээний цус болчихсон байхаар нь би цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгэхэд манай нөхрийг цохисон У /Х/ гээд залууг цохисон гэчихсэн, тухайн залуу нь манай нөхрийн хажууд сууж байсан. Би түргэн дуудаад 4 ширхэг оёо тавиулсан. Эм тарианы мөнгө гэж 300.000 орчим төгрөг зарцуулагдсан. Тухайн мөнгийг У /Х/ барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14х/,

Гэрч Л.Агийн: “...Тэгээд байж байтал С явсан, Б, У хоёр маргалдаад байсан. Тэгээд би согтуурхаад жоохон зүүрмэглэчихсэн байж байтал Б намайг дуудаад А ахаа У намайг цохичихлоо ш дээ гээд байсан. Тухайн үед Бын зүүн талын шанаанаас цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 10365 дугаартай: “...С.Бын биед тархи доргилт, хуйханд шарх, хоёр хацарт зулгаралт, нуруунд цус хуралт, цээж баруун тохой зүүн шуунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /хх-ийн 18-19х/,

Шүүгдэгч Б.Хын: “...2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 16 цагийн үед манай найз Т, С нар над руу утастаад К дээр байна, хүрээд ир гээд залгаад байсан ба би яваад очсон чинь Б ах хаалга тайлж өгсөн. Тэгээд манаачийн байр луу нь орсон чинь С, Т, А ах, Б ах нар байсан ба тэд нар 2 шил архи уучихсан,  архи нь дуусаж байгаа бололтой байсан ба би А ахтай хамт явж нэг шил архи авч ирсэн. Тэгээд архи уучхаад Б ах тус архинаас ганц хоёр татаад архи дууссан чинь С яваад өгсөн. Тэгээд А ах, Т ах хоёр дахиад нэг шил архи ууя гээд ахиж дэлгүүр явж нэг шил архи авч ирсэн. Тэр архийг уугаад би нэлээд согтсон ба Атай маргалдахад Б ах та нар больцгоо, одоо явцгаа гэхээр нь би согтсондоо Б ахын толгой хэсэг рүү нь цоожоор цохисон. Би Бын ахад биед учирсан гэмтлийг учруулсан, хохирлын мөнгө болох 360.000 төгрөг барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Б.Х нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Иймд шүүгдэгч Б.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохиролтой холбоотойгоор 112.600 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн баримт гаргаж өгсөн ч шүүгдэгч Б.Х нь 360,000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч нь “...Миний хохирол бүрэн барагдсан учраас надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн /хх-ийн 55х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Пүрэвсүрэн нь Б.Хт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч Б.Хт танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, тухайлбал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, орлоготойг илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан зэргийг харгалзан шүүгдэгч Б.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.Х нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг цагаан өнгийн цоожийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                                 ТОГТООХ нь:

1. Х овогт Б.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг цагаан өнгийн цоожийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.АЛТАНЦЭЦЭГ