| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2020/1057/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/1101 |
| Огноо | 2020-10-16 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 2020/ШЦТ/1101
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,
улсын яллагч Б.Дэлгэрмаа,
хохирогч Б.Б,
иргэний нэхэмжлэгч С ХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Б,
иргэний нэхэмжлэгч А.Б,
иргэний хариуцагч, /нэхэмжлэгч/ А.Г,
шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н.Год холбогдох 2003004050324 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1973 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, ... операторч ажилтай, ам бүл 2, нагац ахын хамт амьдардаг гэх, Сэлэнгэ аймаг Орхон сум ... дүгээр баг Орхон ... дугаар гудамж ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо Нарангийн гол ... тоотод түр оршин суух, урьд
Сэлэнгэ аймаг дахь сум дундын 22 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-т зааснаар 960.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, Б овогт Н.Г /РД:.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Н.Г нь 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 14 цаг 09 минутын үед Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Партизаны сангийн аж ахуйн хойд талын замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтыг зөрчиж согтуурсан үедээ “Nissan Advan” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, мөн дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд явж байсан “Gaz-C41R13” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, “Nissan Advan” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Б.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа ойлгож байгаа” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Прокурорын дүгнэлтэд тусгагдсан үйл явдал болсон. Одоо миний бие эрүүл мэндийн байдал хэвийн болсон, би ажил хөдөлмөр эрхлээд явж байгаа. Надад шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Иргэний нэхэмжлэгч С ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тус ослоос үүдэн манай компанид дараах хохирол учирсан. Хэрэгт манай компаний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийг 20,342,300 төгрөгөөр үнэлсэн, мөн манай компаниас Нын эмчийн үзлэг оношилгоонд зориулж 279,260 төгрөг өгсөн, тээврийн хэрэгслийг техникийн оношилгоонд оруулахад 35,000 төгрөг, үнэлгээний хөлсөнд 610,000 төгрөг гарсан, ингээд нийт 21,266,390 төгрөгийн хохирол учирсныг гэм буруутай этгээдээр төлүүлэхээр байна. Гэхдээ эхний ээлжинд хэрэгт үнэлгээ нь тодорхой хохирол болох 20,342,300 нэхэмжилж авна, харин бусад хохирлоо дараа нь иргэний журмаар нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Иргэний нэхэмжлэгч А.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би тухайн үед С ХК-ийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Уг ослоос үүдэн надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч А.Ггийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Nissan Advan” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг ч манай ах Н.Гын эзэмшлийн машин юм. Уг тээврийн хэрэгслийн хувьд надад нэхэмжлэх зүйл байхгүй. Уг машиныг ах худалдаж авсан цагаасаа өөрөө унаж, эзэмшиж байгаа. С ХК-нд учирсан хохирлыг ах бид 2 хэрхэн барагдуулах талаар ярилцаж байсан. Бидний хэн аль нь ажил хөдөлмөр эрхэлдэг тул сар бүр 300,000-500,000 төгрөг төлөх замаар барагдуулах боломжтой. Үүнээс өөрөөр төлөх боломж бидэнд байхгүй” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хавтаст хэргээс:
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7х, 8х, 9х, 10-14х/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 15х/, хохирогч Б.Бийн мэдүүлэг /хх-ийн 17-18х/, иргэний нэхэмжлэгч С ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бын мэдүүлэг /хх-ийн 24-26х/, иргэний хариуцагч А.Ггийн мэдүүлэг /хх-ийн 32х/, гэрч А.Бы мэдүүлэг /хх-ийн 38х/, гэрч Т.Нын мэдүүлэг /хх-ийн 43х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8487 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-48х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8471 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-54х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8473 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59-60х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8480 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65-66х/, Файн Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 86-96х/, Сүлд үнэлгээний тайлан /хх-ийн 101-104х/, 126 дугаартай мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 78-79х/, шүүгдэгч Н.Гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 105х, 135-136х/, жолоодох эрхийн лавлагааны хуулбар /хх-ийн 109х/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 110х/, шүүгдэгч Н.Гын мэдүүлэг /хх-ийн 120х/, улсын яллагчаас гаргаж өгсөн 2 хуудас баримт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Г нь 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 14 цаг 09 минутын үед согтуугаар “Nissan Advan” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явж Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Партизаны сангийн аж ахуйн хойд талын эсрэг урсгал бүхий хоёр эгнээ замд ертөнцийн зүгээр зүүнээс хойшоо эргэх хөдөлгөөн хийхдээ эсрэг урсгал руу орж хойноос урагшаа чигт явсан С ХК-ийн эзэмшлийн “Gaz-C41R13” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Б.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, С ХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 20.342.300 төгрөгийн эвдрэл гэмтэл бүхий хор уршиг учруулсан үйл баримт нь:
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7х, 8х, 9х, 10-14х/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан: “..Nissan Advan маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Нямдаваа овогтой Ганболдыг драйгер багаж ашиглан шалгахад 0.55% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 15х/,
Хохирогч Б.Бийн: “...2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 11 цагийн орчим би хамт ажилладаг Н.Гтой хамт түүний “Ниссан Эд” маркийн машинтай Улаанбаатар хотоос ажил руугаа буюу Партизаны цаана байдаг Шар хоолойн ам руу гарсан. Тэгээд ... Н.Г ... Гүнтийн баруун талд байдаг нүхэн гарц жаахан өнгөрч зогссон. Тэгээд хэсэг зогсоод утсаар ярьчхаад буцаад хөдлөхдөө “Миний бие жаахан өвдөөд доошоо цус гараад байна, бие өвдөөд байхаар нь архи уучихлаа” гэж надад хэлээд нэг жижиг архины шилийг харуулж байсан. Тэгээд бид 2 хөдлөөд явж байгаад Партизаны уулзвар дээр баруун гар тийш эргэхдээ эхний машиныг өнгөрөөгөөд араас нь ирж байсан машинтай мөргөлдсөн. Би тухайн үед юу болсныг сайн мэдээгүй. Уг нь эргэж амжихаар л харагдаж байсан. Тэгээд би осолд орчихоод шоконд ороод нэг сэртэл Н.Гын машин явж байсан зүгээсээ эсрэг тал руугаа хараад зогссон байсан. Хэсэг суудал дээр сууж байхад Н.Г миний хамгаалах бүсийг тайлсан юм шиг байсан. Тэгээд машинаас намайг жолооч талын хаалгаар гаргаад газарт суулгасан. Удаагүй түргэний эмч ирээд намайг Н.Гтой хамт авч явсан. Би тэр архинаас нь уугаагүй. Ганболдод ямар нэгэн санал гомдол байхгүй мөн эмчилгээнд гарсан 240.000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 8487 дугаартай: “...Б.Бийн биед өвчүүний хугарал, зүүн эгэм, цээж, баруун шилбэнд зулгаралт, хэвлий, баруун сарвуу, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 47-48х/,
Иргэний нэхэмжлэгч Г.Бын: “...2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагийн орчим манай байгууллагын буюу С ХК-ийн өмчлөлийн Газ маркийн ... улсын дугаартай С тээвэрт явдаг тээврийн хэрэгсэл нь Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо Партизаны сангийн аж ахуйн хойд замд Ниссан Эд маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж манай тээврийн хэрэгсэлд хохирол учирсан. Хэрэгт манай компаний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийг 20,342,300 төгрөгөөр үнэлсэн, мөн манай компаниас Нын эмчийн үзлэг оношилгоонд зориулж 279,260 төгрөг өгсөн, тээврийн хэрэгслийг техникийн оношилгоонд оруулахад 35,000 төгрөг, үнэлгээний хөлсөнд 610,000 төгрөг гарсан, ингээд нийт 21,266,390 төгрөгийн хохирол учирсныг гэм буруутай этгээдээр төлүүлэхээр байна. Гэхдээ эхний ээлжинд хэрэгт үнэлгээ нь тодорхой хохирол болох 20,342,300 нэхэмжилж авна, харин бусад хохирлоо дараа нь иргэний журмаар нэхэмжилнэ ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Гэрч А.Бы: “...2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 11 цагийн орчим би өөрийн ажилладаг С ХК-с хамт ажилладаг Нын хамт Төв аймгийн Батсүмбэр сумаас Сгээ аваад өдрийн 14 цагийн орчим Улаанбаатар хотын зүг явж байсан юм. Тухайн үед Партизаны хойд талын Гүнт рүү салдаг уулзвар дөхөөд хойноосоо урагшаа явж байтал Гүнтийн талаас нэг цагаан өнгийн жижиг тэрэг баруун гар тийш эргэх үйлдэл хийж орж ирээд урсгал сөрөөд буюу миний урсгалд орж ирээд миний машинтай урд талаараа мөргөлдсөн. Би мөргөлдөөд замын хажуугийн далан руу дарж машинаа гаргаад зогссон. Харин нөгөө машин зам дээрээ эргээд зогссон. Би машинаасаа буугаад нөгөө машины жолооч дээр очоод биеийн байдлыг нь асуугаад даатгал болон цагдаа руу дуудлага өгсөн. Уг машины жолооч нь эхлээд намайг очиход согтуу бууж ирсэн. Тэгээд удаагүй эмнэлэг цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38х/,
Гэрч Т.Нын: “...манай жолооч Б бид хоёр Сгээ ачаад Улаанбаатар хотын зүг хоёулаа явцгаасан. Замдаа буюу 14 цаг 30 минутын орчим Батсүмбэрээс уруудаад Гүнт рүү салдаг уулзвар дөхөөд явж байтал Гүнтийн уулзвараас нэг машин баруун гар тийшээ эргээд .... тэр машин гэнэт л урсгал сөрөөд бид хоёрын унаж явсан машины урдуур ороод ирсэн. Жолооч Б бид хоёр уг машинд мөргүүлээд замын баруун гар тийшээгээ гараад зогссон. Тэгээд машинаас буугаад түргэн болон цагдаад дуудлага өгсөн. Миний бие зүгээр. Нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 43х/,
Файн Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...Gaz-C41R13 маркийн ... тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын зах зээлийн тооцоолсон үнийн дүн-20.342.130 төгрөг” гэх тайлан /хх-ийн 86-96х/,
Шүүгдэгч Н.Гын: “...Би тухайн өдөр Бтэй хамт явсан ба би ганцаараа архи ууж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргасан нь үнэн. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Б болон нөгөө машины жолооч Б, зорчигч Н нар ямар нэгэн зардал нэхэмжлээгүй. Санал гомдол байхгүй гэсэн. Харин С ХК-ийн эзэмшлийн машины хохирол болох 20.342.130 төгрөгийг төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 120х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг баримтуудаар нотлогджээ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.Г нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг мэдсээр байж “бие өвдлөө” гэх шалтгаанаар замдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж, үргэлжлүүлэн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа эсрэг урсгал руу орж зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, бусдын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл бүхий хор уршгийг учруулсан нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон, шүүгдэгч Н.Гын гаргасан энэхүү үйлдэл нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: a/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. /хх-ийн 79х/
Шүүгдэгч Н.Гын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.
Хохирол төлбөрийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотойгоор 240.000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн боловч нэхэмжлэхээс татгалзсан байх тул шүүгдэгчийг хохирогч Б.Бт төлөх төлбөргүй, мөн тус ослын улмаас иргэний нэхэмжлэгч А.Бд ямар нэгэн хохирол учраагүй байхад түүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлгүй ба шүүгдэгч нь А.Бд төлөх төлбөргүй байна.
Харин иргэний нэхэмжлэгч “С” ХК-ийн тээврийн хэрэгсэлд 20.342.130 төгрөгийн үнэлгээ бүхий эвдрэл гэмтэл учирсан, тээврийн хэрэгслийг оношилгоонд оруулах, үнэлгээний хөлс зэрэгт 645.000 төгрөг, ажилчин Ныг эмнэлгийн үзлэг, шинжилгээнд хамруулахад 279.260 төгрөг, нийт 21.266.390 төгрөгийн хохирол нэхэмжлэхээс эхлээд 20.342.130 төгрөгийг энэ хурлаар шийдвэрлүүлэх, бусад зардлаа баримтаа дараа гаргаж иргэний журмаар нэхэмжилнэ гэсэн байр суурийг С ХК-ийн төлөөлөгч Г.Б нь илэрхийлж оролцсон.
Иймд С ХК-ийн нэхэмжилж буй үнийн дүнгээс, хэрэгт авагдсан баримтын хүрээнд 20.342.130 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, /иргэний хариуцагч А.Ггаас бус/ шүүгдэгч Н.Гоос гаргуулахаар шийдвэрлэж, харин бусад зардлаа иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр тогтов. Өөрөөр хэлбэл,
шүүгдэгч Н.Гын жолоодож явсан “Nissan Advan” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн А.Ггийн эзэмшилд бүртгэлтэй ч шүүгдэгч Н.Г, иргэний хариуцагч А.Г нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн аль алиных нь мэдүүлгээс үзвэл, уг машиныг Н.Г нь эзэмшиж, ашигладаг, нэрээ шилжүүлж амжаагүй байсан талаар харилцан зөрүүгүйгээр мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.Гын хариуцлагагүй, хууль зөрчсөн буруутай үйл ажиллагаанаас үүдэн бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирол, хор уршгийг иргэний хариуцагчаар татагдсан А.Г нь төлөх хуульзүйн үндэслэлгүй, уг хохирол, хор уршгийг шүүгдэгч Н.Г өөрөө хариуцах нь хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцэхээр байна гэж дүгнэсэн болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-Улсын яллагч нь “...шүүгдэгч Н.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” тухай дүгнэлтийг,
-Шүүгдэгчийн өмгөөлөгч “... Н.Гын холбогдсон хэрэг нь хөнгөн ангилалд хамаарсан, болгоомжгүйгээр үйлдэгдсэн гэмт хэрэг. Мөн шүүгдэгч нь гэм буруу дээр маргаагүй, хохирлоо төлөхөө илэрхийлсэн тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 зүйлд зааснаар хохирол, хор уршгийг арилгах талаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах боломжтой юм” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Н.Год эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, шүүгдэгч нь гэм буруугийн асуудал дээр маргаагүй хэдий боловч тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Н.Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тодруулбал, тэрбээр тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа согтууруулах ундаан зүйл хэрэглэсэн нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд аюул хохирол учрах эрсдэлийг үлэмж ихэсгэсэн, тус хэргийн улмаас хохирогчид хүндэвтэр хохирол, бусдын эзэмшлийн эд хөрөнгөнд хор уршгийг учруулсан, мөн шүүгдэгчийн зүгээс хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирол, хор уршгийг арилгах талаар санаа санаачилга гаргаагүй, хохирол төлбөр төлж барагдуулаагүй, цаашилбал, иргэний нэхэмжлэгч С ХК-нд учирсан хор уршгийн асуудлыг хэрхэн, ямар хугацаанд шийдвэрлэх эсэх нь тодорхойгүй тул шүүгдэгч Н.Гын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж үзсэн.
Иймд дээрх нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн хувийн байдал /өмнө энэ төрлийн гэмт хэрэг ял шийтгэгдэж байсан ч дахин үйлдсэн/ зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэн тул түүний В ангиллын 697788 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тогтоолын хамт хүргүүлэхээр тогтов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Н.Гыг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Год оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч Н.Гын ... ангиллын ... дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гоос 20.342.130 /хорин сая, гурван зуун дөчин хоёр мянга, нэг зуун гуч/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч “С” ХК /Г.Б/-нд олгохоор шийдвэрлэж, иргэний нэхэмжлэгч нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.Гоос нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хохирогч Б.Бт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Н.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Год авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ