Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 638

 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Одонтуяа, хохирогч Ц.У-, шүүгдэгч О.О-, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт О-гийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010012570728 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ах, эгч, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт О-гийн О- / /.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.О- нь 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19-ийн үйлчилгээний төвийн  “Алтантис” зочид буудлын гадаа иргэн Ц.У-ийн нүүрэнд нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Хохирогч Ц.У-: “...2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Ариун-Одын төрсөн өдөр болоод түүний найзууд хүмүүс ресторанд орж хоол идэж байхад нь би очсон, намайг очиход Нямцэцэг байсан, намайг очсон байхад О-ыг ирнэ гээд Ариун-Одын төрсөн өдөрт О- ирсэн, бид нар ресторанаас гарсан, О- согтуу байсан, тэгээд Ариун-Одтой машинд маргалдсан, би солиоч гэхэд чамд хамаагүй гээд гараа савж миний нүүрэнд цохисон. Эмчилгээний зардал 500,000 төгрөг болсон, толгойгоо бариачаар бариулсан, өвчин намдаах эм авсан, соривны түрхэлтийн тос авсан, энэ мөнгийг нэхэмжилж байна...” гэв.

 

Шүүгдэгч О.О-: “...2020 оны 6 дугаар сарын 02-ны орой маргалдсан, таксинд суусан байсан, таксины ард 5 хүн байхад маргаан болсон, намайг хойноос цохихоор нь би хариу үйлдэл хийсэн, би Ц.У-ийн чих орчим нь цохисон, нүд рүү нь цохиогүй. Би Ариун-Одыг дагуулж яваад бичлэг хийсэн, тэр бичлэг надад байгаа, надад цохисон зүйл байхгүй, би нүд рүү нь цохиогүй, чих рүү нь түлхсэн гэсэнтэй таарч байна, камерын бичлэгийг үзүүлж байгаад таксины жолоочийг олуулья гэхэд мөрдөгч олж өгөөгүй. Хоёр гэрчийн мэдүүлгүүд хоорондоо таарч байна. У-тэй яагаад маргалдсан бэ гэхээр бид ажил дээр их маргалддаг, ажлынхан ч мэднэ, өмнө нь У- надаас мөнгө асууж байсан, би өгч чадаагүй, энд У- нь надаас мөнгө авах гэсэн мөнгөний сэдэлт яваад байгаа юм шиг байна. Цагдаагийн байгууллагад би асар их гомдолтой байна, хоёрын хоёр гэрч үнэн зөв мэдүүлэг өгөөд байхад таксины жолоочийг олоогүйд гайхдаг. У- над руу утсаар 6, 7 сард байнга мэссэж бичиж дарамталдаг, үнэхээр нүдэнд нь хүрээгүй, намайг араас маажаад байхаар нь би түлхсэн. Тухайн үед би бараг согтуугүй байсан, ресторанд 100 грамм архи, 2 шил пиво уусан байсан. Хохирогч манай хамгаалалтын ажилд 4 сард орсон, тэрнээс хойш мэддэг болсон, хохирогчийн биед учирсан гэмтлийг би учруулаагүй, тухайн өдөр надаас салаад өөр хүн дээр очоод тэр гэмтлийг авсныг мэдэхгүй байна. Хохирол төлөөгүй, хохирогчтой холбогдоогүй, хохирогч надтай холбогдсон, утсаар мэссэж явуулж, ярьж байсан, шалтгаан нь мөнгөний сэдэлттэй, Ариун-Одоор дамжуулж надаас мөнгө нэхээд байсан, надад мөнгөний боломж байгаагүй, над руу дайрч намайг маажаад байсан...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Ц.У- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр манай найз Ариун-Одын төрсөн өдөр болж бид Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн тэнд нэг ресторанд сууж байхад  О- орж ирсэн. Тэгээд бид хэд ууж, идэж байгаад тухайн газраас гарч Зайсан толгой дээр очиж торт задалж амсчихаад буцаад 19-ийн үйлчилгээний төвийн хажууд “Алтантис” зочид буудлын гадаа ирэхэд О-, Ариун-Од  хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Би тэр үед та хоёр болиоч гэж хэлэхэд чамд хамаагүй гээд яг миний урд талын суудал дээр сууж байсан эргэж хараад гараа саваад миний баруун талын нүд рүү цохисон, тэгээд машинаасаа бууж ирээд намайг татаж мөн баруун талын нүд рүү цохисон. Тэгээд нөгөө талын хаалгаар Цээгийг татаж буулгаад Ариун-Одыг цааш нь аваад явчихсан. ...Толгойн зураг авхуулсан 120,000 төгрөгөө нэхэмжилмээр байна...”  /хх-ийн 12/ гэсэн,

 

Гэрч Т.Ариун-Од мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгээ: “...2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр миний төрсөн өдөр болж би Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчим нэг ресторанд орж үйлчлүүлсэн. Тэнд байхад гаднаас О- орж ирээд бид нар ууж идэж байгаад Туул голын орчим очоод байж байгаад буцаж хөдлөөд 19-ийн үйлчилгээний төвийн “Алтантис” зочид буудлын гадаа зогссон. Тэр үед би О-тай маргалдсан байсан, нилээн согтуу байсан учраас яг сайн санахгүй байна. Ямар ч байсан О-, Ариунчимэг хоёр маргалдаж байсан санагдаж байна. ...Маргааш нь У- буудалд байна гээд ярихаар нь очиход У-ийн нүд нь хавдчихсан, нүүрээ кремдчихсэн байсан. ...У- төрсөн өдөрт ирэхдээ нүүр нь зүгээр байсан. ...Машинд О-, У- хоёр маргалдаад байсан. ...Маргааш нь О- миний нүдийг цохиод нүд хавдчихлаа гэж байсан...” /хх-ийн 20-21/ гэсэн,  

 

Гэрч П.Нямцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр манай найз Ариун-Одын төрсөн өдөр болж Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчим нэг ресторанд орж үйлчлүүлсэн. ...Тэгээд тухайн газар хаах болоод бид хэд таксинд сууж Зайсан орчим очиж тортоо амсчихаад буцаж 19-ийн үйлчилгээний төвийн “Алтантис” зочид буудлын гадаа очоод байж байхад У- О- бугуйвч тасалчихлаа, эгч төрсөн өдрөөр өгч байсан гээд хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд би буугаад гэр рүүгээ харьчихсан. Гэртээ байж байгаад Ариун-Одын утас руу залгахад утсыг нь У- аваад би цагдаа дээр байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би очиход өргөдөл өгчихөөд гарч ирж байна гэж байсан. ...У-ийн гэр хол болохоор бид хоёр төмөр замын тэнд буудалд орж нэг шил архи уугаад амарцгаасан. Өглөө сэрэхэд У- энэ нүдийг хардаа өчигдөр О- цохичихсон, ингээд улайчихаж гэж хэлж байсан...” /хх-ийн 22-23/ гэсэн,

 

Шүүгдэгч О.О- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...У-тэй хуучин хамгаалалтын албанд хамт ажиллаж байсан ба уулзаагүй байж байгаад 2020 оны  6 дугаар сарын 02-ны өдөр Ариунаа гэх эмэгтэйн төрсөн өдрөөр таарсан. ...У- бид хоёр хамт ажилладаг байхдаа таарамж муутай байсан бөгөөд таксинд явж байхад У- намайг машинаас буу гээд маргаан эхэлсэн. Тэгээд бид хоёр маргалдаж байхад У- миний зүүж байсан бугуйвчийг таслаж гар маажсан. Тэгэхээр нь би тэнэг хүүхэн гээд гарыг нь түлхээд нэг мангасдаж өөрөөсөө холдуулсан. Тэгээд би машинаас Ариунаагийн хамтаар буугаад явсан. ...У- өөрийн утаснаас намайг асуудлаа хурдан шийдвэрлэе гэж мэссэж бичиж ажлын 89807017 дугаараас насан туршид чинь ялтай хүн болгоно, асуудлаа хурдан шийд гэх мэтээр мэссэжээр дарамталж, өөрийнхөө 89010767 дугаараас залгаж 500,000 төгрөг өг гэх мэтээр сүрдүүлж байна...” /хх-ийн 18-19, 26-27, 42-44/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №6784 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Ц.У-ийн  биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 29-30/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5/,

- Гэмт хэрэг зөрчлийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/,

- Өргөдөл /хх-ийн 7/,

- Хохирлын баримтууд /хх-ийн 33-34/

- Хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт /хх-ийн 75-95/,

- Шүүгдэгч О.О-ын хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 49-50/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 51/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 52/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 53/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, О.О-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч О.О- нь 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Алтантис” зочид буудлын гадаа Ц.У-ийн нүүрэнд гараараа цохиж, эрүүл мэндэд баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ц.У-ийн “...Би 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ...19-ийн үйлчилгээний төвийн хажууд “Алтантис” зочид буудлын гадаа ирэхэд О-, Ариун-Од хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Би тэр үед та хоёр болиоч гэхэд чамд хамаагүй гээд яг миний урд талын суудал дээр сууж байсан эргэж хараад гараа саваад миний баруун талын нүд рүү цохисон, тэгээд машинаасаа бууж ирээд намайг татаж мөн баруун талын нүд рүү цохисон. Тэгээд нөгөө талын хаалгаар Цээгийг татаж буулгаад Ариун-Одыг цааш нь аваад явчихсан...”  /хх-ийн 12/ гэсэн, гэрч Т.Ариун-Одын “...2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ...“Алтантис” зочид буудлын гадаа зогсож байхад би О-тай маргалдсан байсан, нилээн согтуу байсан учраас яг сайн санахгүй байна. Ямар ч байсан О-, У- хоёр маргалдаж байсан санагдаж байна. ...Маргааш нь У- буудалд байна гээд ярихаар нь очиход У-ийн нүд нь хавдчихсан, нүүрээ кремдчихсэн байсан. О- миний нүдийг цохиод нүд хавдчихлаа гэж байсан. ...У- төрсөн өдөрт ирэхдээ нүүр нь зүгээр байсан...” /хх-ийн 20-21/ гэсэн, гэрч П.Нямцэцэгийн “...2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ...“Алтантис” зочид буудлын гадаа очоод байж байхад О- бугуйвч тасалчихлаа, эгч төрсөн өдрөөр өгч байсан гээд У-тэй хэрэлдээд байсан. Тэгээд би буугаад гэр рүүгээ харьчихсан. Гэртээ байж байгаад Ариун-Одын утас руу залгахад У- аваад би цагдаа дээр байна гэж хэлсэн. ...У-ийн гэр хол болохоор бид хоёр төмөр замын тэнд буудалд орж нэг шил архи уугаад амарцгаасан. Өглөө сэрэхэд У- энэ нүдийг хардаа, өчигдөр О- цохичихсон ингээд улайчихаж гэж хэлж байсан...” /хх-ийн 22-23/ гэсэн, шүүгдэгч О.О-ын “...У- бид хоёр хамт ажилладаг байхдаа таарамж муутай байсан бөгөөд таксинд явж байхад У- намайг машинаас буу гээд маргаан эхэлсэн. Тэгээд бид хоёр маргалдаж байхад У- миний зүүж байсан бугуйвчийг таслаж гар маажсан. Тэгэхээр нь би тэнэг хүүхэн гээд гарыг нь түлхээд нэг мангасдаж өөрөөсөө холдуулсан. Тэгээд би машинаас Ариунаагийн хамтаар буугаад явсан...”/хх-ийн 18-19, 26-27, 42-44 / гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны №6784 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт Ц.У-ийн  биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 29-30/ гэсэн дүгнэлт, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хохирогч Ц.У-ийн биед учирсан “...баруун нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч О.О- түүнийг цохисноос үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.   

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч О.О-ын хохирогч Ц.У-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.У-ийн эрүүл мэндэд баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 500,000 төгрөгийг нэхэмжилнэ гэх боловч хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан хохирлын баримтаар 120,000 төгрөгийн баримт авагдсан бөгөөд гэм буруутай этгээд болох О.О-аас 120,000 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгож, хохирогч гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч О.О-ын гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлөгдөөгүй байдал, шүүгдэгч хэргээ хүлээдэггүй зэрэг байдлуудыг харгалзан хуульд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2010012570728 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч О.О- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.О- “...Би У-ийн нүдэнд цохиогүй, чих орчим нь цохисон, намайг маажихаар нь би өөрийгөө хамгаалах гэж өөрөөсөө холдуулж түлхсэн...” гэх мэдүүлгийг гаргах бөгөөд хохирогч Ц.У-, гэрч Т.Ариун-Од, П.Нямцэцэг нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдээр няцаагдаж, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг хэрэгт  авагдсан бусад нотлох баримтаар нотлогдохгүй байх тул шүүх түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт О-гийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-ыг 700 /долоон зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч О.О-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О- оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О- /РД: УК93041117, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, 4-285 тоотод оршин суух хаягтай/-аас 120,000 /нэг зуун хорин мянган/ төгрөг гаргуулж, хохирогч Ц.У- /РД: ОО90032604, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо,18-11 тоотод оршин суух хаягтай /-т олгож, хохирогч гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн 2010012570728 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч О.О- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР