| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2020/0445/Э |
| Дугаар | 639 |
| Огноо | 2020-09-30 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 639
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Гүнсэл, хохирогч Ж.П-, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг, шүүгдэгч С.Б-, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б- овогт С-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010002280485 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1965 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, пермерторчин мэргэжилтэй, хувиараа ногоо тариалдаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгины 23 дугаар гудамжны 326 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б- овогт С-гийн Б- /РД: ШЕ65052571/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б- нь 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Мөнх-Ундрам дэлгүүрт байрлах АТМ-ээс иргэн Ж.П-гийн Хаан банкны 503хххх475 дугаартай данснаас “дүүгийнх нь данс руу мөнгийг нь шилжүүлсэн” гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 7,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 502хххх704 дугаарын данс руу шилжүүлж залилсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг:
Хохирогч Ж.П-: “...Би Б-д мөнгө зээлнэ гэж огт яриагүй, дүү рүү гээ мөнгө шилжүүлнэ гэж байсан, 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр би цалингийн зээл аваад Б-тай уулзсан бөгөөд хамт АТМ орж мөнгө шилжүүлээд өг гэхэд за гээд би картаа дүүгийнхээ дансны дугаарыг бичсэн цаастай хамт өгсөн, тэгээд шилжүүлчихлээ гэж хэлсэн, би ч шилжүүлчихсэн юм байх гэж л бодсон, гэтэл шилжүүлээгүй байсан, шилжүүлээгүй байсныг маргааш нь бил үү нөгөөдөр нь мэдсэн. ...Б- руу залгаж манай дүү рүү шилжүүлэх гэж байсан мөнгийг өөр данс руу шилжүүлсэн талаар асуухад мөнгөний хэрэг гарсан, хэд хоногоос өгнө гэж хэлэхээр нь би итгээд хүлээсэн, гэтэл мөнгө өгөөгүй, энэ хугацаанд би Б-аас 2,500,000 төгрөгийг авсан, үлдэх 4,500,000 төгрөгөө авмаар байна, гомдолтой байна, өмнөх шүүх хуралдаан дээр миний биеийн байдал муу байсан учир би буруу зөрүү ярьсан байна лээ, өнөөдөр би үнэн зөвөөр мэдүүлэг өгч байна, Б- миний мөнгийг худлаа хэлээд өөр данс руу шилжүүлж авсан...” гэв.
Шүүгдэгч С.Б-: “...2019 оны 6 дугаар сард манай найз Дүрлээ, эхнэр бид гурав манай хашаанд байхад П- манай хашаанд орж ирээд пиво авч өг гэхээр нь би авч өгсөн, тэгээд надад ажил байна уу гэхэд ажил байхгүй, гахайн фирм ажлуулвал ажил олж өгьё, мөнгө зээл гэхэд тэгьё, цалингийн зээл авч өгьё гээд 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр зээл авсан, бүтсэн, намайг хүрээд ир гэсэн. Тэгээд хамт АТМ ороод мөнгөө өөрөө над руу шилжүүлсэн, би мөнгөний хүү төлөөд явж байгаад короно гараад эхнэрийн гуанз ажлахаа больсон, тэгээд мөнгийг нь өгч чадахаа больсон. П- намайг гүтгэж мэдүүлэг өгсөн. АТМ дээрээс өвөө эмээ нар бүгд мөнгөө шилжүүлдэг, хүүнд хэдэн төгрөг өгснийг мэдэхгүй байна, манай эхнэр өгдөг байсан. П-гээс авсан 7 сая төгрөгөөр 10 гахай худалдаж авсан, фирмер ажлуулах гээд гахай авсан, Шувуунд фабрикт очоод нэг жил болсон, тухайн гахайнуудаа зарсан. ...7 сая төгрөг авснаас хойш сар бүр хүүг нь төлдөг байсан, Пүүжээ өөрөө мөнгө хэрэгтэй байна гээд надаас 1 сая төгрөг авсан, 12 сард оны сүүлээр энэ тэнд мөнгө нэхэгдэхээр нь 2 сая төгрөгийг Пүүжээгээс авсан, би 8 сая төгрөгийг өгөх ёстой гэж бодож байгаа, өөрөө 4,5 сая төгрөг өгөх ёстой гэж бодсон байна лээ. Пүүжээгийн яаж бодсоныг би мэдэхгүй. Үндсэн мөнгөнөөс өгөөгүй, миний өмнөөс банкны мөнгийг Пүүжээ төлөөд байгаа. 12 хувиар тооцож бодсон, хүүг эхнэр шилжүүлдэг байсан. Надад Ж.П-г залилсан асуудал огт байхгүй, намайг зээлж ав гээд над руу шилжүүлсэн...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Ж.П- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Хаан банкнаас 8,000,000 төгрөгийн цалингийн зээл авсан. ...Миний дүү Зулсар шинэ байр авах гэсэн мөнгө дутаад надаар зээл авахуулсан. Тухайн өдөр зээлээ авчихаад байж байхад найз С.Б- ярьсан бөгөөд хаана юу хийж байна гэхээр нь учир явдлыг хэлсэн. Тэгсэн орой 19 цагийн үед гэртээ орох гэж байхад найз С.Б- тосоод зогсож байсан. С.Б- надад өөрийнхөө нэрсэн архи гээд 5 литрийн нэрмэл архи авчирч өгөхөөр нь түүний автомашин дотор нь хоёр балгачихаад хойш тавьж гэртээ орж хувцасаа солиод эргэж гэрээсээ гараад С.Б-тай хамт Мөнх-Ундрам дэлгүүр орсон. Би дүү Зулсар руу 7,000,000 төгрөгийг шилжүүлэх байсан бөгөөд миний хараа муу учир дүүгийнхээ дансны дугаарыг өөрийнхөө Хаан банкны виза картын хамт С.Б-д өгөөд чи шилжүүлээд өгөөч гэж гуйсан. Тэгсэн Б- аваад хэсэг байж байгаад шилжүүлчихлээ гээд миний картыг буцаагаад надад өгсөн. Тухайн үед ядарсан дээрээ нэрмэл архи уугаад тэгсэн үү ядраад байхаар нь гэртээ ороод амарсан. ...Маргааш нь дүү Зулсар руу залгаж ах нь чам руу 7,000,000 төгрөг шилжүүлсэн чи авсан уу гэхэд юун мөнгө вэ, ямар ч мөнгө төгрөг дансаар орж ирээгүй, хүнд хулхидуулсан юм биш үү гэж хэлсэн. Тэгэхээр нь би найз С.Б- руу залгаж ярихад уучлаарай найзаа, яаралтай мөнгөний хэрэг гараад эхнэрийнхээ данс руу шилжүүлчихсэн гэж хэлсэн. Би түүнд уурлаад чи юу яриад байгаа юм бэ, чамайг цагдаад өгнө гэхэд сүртэйшдээ, би чамд 2-3 хоногийн дараа буцаагаад өгчихнө гээд утсаа тасалсан. Түүнээс хойш би удаа дараа найз С.Б- руу яриад мөнгө нэхэх үед эхнэрийн дансруу мөнгө орж ирэхгүй байна, би чиний банкны хүүг төлөөд явчихна, дуугүй хүлээгээд байж бай гэж хэлдэг байсан, сүүлдээ бүр утсаа авахаа болиод алга болсон. Намайг байн байн залгаад байхад 2019 оны 9 дүгээр сарын 20-ны үеэр Б- надад 1,000,000 төгрөг буцааж өгсөн, 2019 оны 10, 11, 12 дугаар сарын банкны хүү гэж 1,500,000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 4,500,000 төгрөг өгөөгүй. ...Намайг мөнгө зээлээч гээд байхаар нь би зөвшөөрөөгүй, үгүй дүү байранд орох гээд мөнгөний хэрэг гарч байгаа, тийш нь шилжүүлэхгүй бол болохгүй гэхэд заза гэж байсан. Тэгээд зээлэхгүй болохоор надад чиний хэлсэн данс руу шилжүүлчихлээ гэж худлаа хэлээд өөрийнхөө дансруу шилжүүлчихсэн байгаа юм...” /хх-ийн 36-37, 38, 39-40, 42, 103-104, 116-117/ гэсэн,
Гэрч Ж.Зулсар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...П- бол миний төрсөн ах, ...би 2018 онд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа хотхоноос 39м.кв хоёр өрөө байр авахаар орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан бөгөөд барьж байгаа компаниас нэмэлт төлөлтөө хий гээд нэхээд байсан. Би энэ байдлаа ахдаа хэлэхэд ах нь чамд туслая, чадвал 10,000,000 төгрөг өгье гэж хэлсэн. Ингээд хэд хоногийн дараа ах цалингийн зээл авсан, чам руу мөнгө шилжүүлнэ гээд дансны дугаар авсан бөгөөд дахиад хэд хоногийн дараа залгаад өчигдөр чам руу мөнгө шилжүүлсэн орсон уу гэхээр нь юун мөнгө төгрөг яриад байгаа юм, нөгөө зээлээ авчихсан юм уу гэж асуухад 7,000,000 төгрөг чам руу шилжүүлсэн гэхээр нь ямар ч мөнгө төгрөг орж ирээгүй шүү гэж хэлсэн. Тэгсэн дараа нь нөгөө мөнгийг Б- гэдэг найз нь өөр хүн рүү шилжүүлсэн болж таарсан. ...Ямар ч гэсэн миний данс руу мөнгө төгрөг ороогүй...” /хх-ийн 43, 105/ гэсэн,
Гэрч Т.Нэргүй мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр манай нөхөр С.Б- залгаад П-гээс 7,000,00 төгрөг зээлэхээр боллоо, чи надад миний дансны дугаарыг хэлээдхээч гээд надаас дансны дугаараа авсан. Манай нөхөр Б- нь П- миний хажууд байна, бэлэн мөнгөний машинаас шилжүүлэх гэж байна гэж хэлсэн...” /хх-ийн 45/ гэсэн,
Шүүгдэгч С.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би П-г залилсан асуудал огт байхгүй, П- бид хоёр хоорондоо тохиролцоод өгөлцөж, авалцсан асуудал. П- өөрөө картаа АТМ рүү хийгээд надад за хөгшөөн дансны дугаараа хий гэхээр нь би өөрийн 88.....65 дугаарын утсаар эхнэрийнхээ утас руу залгаад миний дансны дугаар хэд билээ гэж асуугаад өөрийн дансны дугаараа хийгээд мөнгө шилжүүлсэн. Би дүү рүү нь мөнгө шилжүүлчихлээ гэж ерөөсөө хэлээгүй. Бид хоёрын хооронд тийм яриа болоогүй. П- дүү рүүгээ мөнгө шилжүүлэх байсан бол надаар шилжүүлэг хийлгэхгүй шүү дээ. ...Би тухайн өдөр архи дарс өгсөн зүйл байхгүй. Харин дараа нь нэг уулзаад жимсний шүүс өгч байсан. ...Би эхлээд 7,000,000 төгрөг аваад, дараа нь 2,000,000 төгрөг аваад нийт 9,000,000 төгрөг болж байгаа. Эхний 7,000,000 төгрөг дээр 1,000,000 төгрөг өгсөн, ...дунд нь бас 1,500,000 орчим төгрөг өгсөн байх...” /хх-ийн 56-58/ гэсэн мэдүүлгүүд,
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/,
- Өргөдөл /хх-ийн 7/,
- Ж.П-гийн зээлийн гэрээ /хх-ийн 9-14/,
- Ж.П-гийн Хаан банкны дансны хуулга /хх-ийн 15, 27-28/,
- Депозит дансанд дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 24/,
- Шүүгдэгч С.Б-ы Хаан банкны дансны хуулга /хх-ийн 29-32/,
- Металл энд Вүүд ХХК-н хүсэлт /хх-ийн 63/,
- Орон сууц захиалан бариулах тухай гэрээ /хх-ийн 111-113/,
- Шүүгдэгч С.Б- хувийн байдалтай холбоотой гэрч О.Энх-Очийн мэдүүлэг /хх-ийн 46/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 61/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 66/, зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, С.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч С.Б- нь 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Мөнх-Ундрам дэлгүүрт байрлах АТМ-ээс иргэн Ж.П-гийн Хаан банкны 503хххх475 дугаартай данснаас “мөнгийг нь дүүгийнх нь данс руу шилжүүлсэн” гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 7,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 502хххх704 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ж.П-гийн “...2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Хаан банкнаас өөрийн цалингийн зээл 8,000,000 төгрөг авсан. ...Миний дүү Зулсар шинэ байр авах гээд мөнгө нь дутаж надаар зээл авхуулсан. Тухайн өдөр зээлээ авчихаад байж байхад найз С.Б- ярьсан бөгөөд хаана юу хийж байна гэхээр нь учир явдлыг хэлсэн. Тэгсэн орой 19 цагийн үед гэртээ орох гэж байхад найз С.Б- тосоод зогсож байсан. С.Б- надад өөрийнхөө нэрсэн архи гээд 5 литрийн нэрмэл архи авчирч өгөхөөр нь түүний автомашин дотор нь хоёр балгачихаад хойш тавьж гэртээ орж хувцасаа солиод эргэж гэрээсээ гараад С.Б-тай хамт Мөнх-Ундрам дэлгүүр орсон. Би дүү Зулсар руу 7,000,000 төгрөгийг шилжүүлэх байсан бөгөөд миний хараа муу учир дүүгийнхээ дансны дугаарыг өөрийнхөө Хаан банкны виза картын хамт С.Б-д өгөөд чи шилжүүлээд өгөөч гэж гуйсан. Тэгсэн Б- аваад хэсэг байж байгаад шилжүүлчихлээ гээд миний картыг буцаагаад надад өгсөн. Тухайн үед ядарсан дээрээ нэрмэл архи уугаад тэгсэн үү ядраад байхаар нь гэртээ ороод амарсан. ...Маргааш нь дүү Зулсар руу залгаж ах нь чам руу 7,000,000 төгрөг шилжүүлсэн чи авсан уу гэхэд юун мөнгө вэ, ямар ч мөнгө төгрөг дансаар орж ирээгүй, хүнд хулхидуулсан юм биш үү гэж хэлсэн. Тэгэхээр нь би найз С.Б- руу залгаж ярихад уучлаарай найзаа, яаралтай мөнгөний хэрэг гараад эхнэрийнхээ данс руу шилжүүлчихсэн юм гэж хэлсэн. Би түүнд уурлаад чи юу яриад байгаа юм бэ, чамайг цагдаад өгнө гэхэд сүртэйшдээ, би чамд 2-3 хоногийн дараа буцаагаад өгчихнө гээд утсаа тасалсан. ...Надаас мөнгө зээлээч гэхээр нь би зөвшөөрөөгүй, үгүй дүү байранд орох гээд мөнгөний хэрэг гарч байгаа юм тийш нь шилжүүлэхгүй бол болохгүй гэхэд заза гэж байсан. Тэгээд зээлэхгүй болохоор надад чиний хэлсэн данс руу шилжүүлчихлээ гэж худлаа хэлээд өөрийнхөө дансруу шилжүүлчихсэн байгаа юм...” /хх-ийн 36-37,38, 39-40, 42, 103-104, 116-117/ гэсэн, гэрч Ж.Зулсарын “...П- бол миний төрсөн ах, ...би 2018 онд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа хотхоноос хоёр өрөө байр авахаар орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан, барьж байгаа компаниас нэмэлт төлөлтөө хий гээд нэхээд байсан. Би энэ байдлаа ахдаа хэлэхэд ах нь чамд туслая, чадвал 10,000,000 төгрөг өгье гэж хэлсэн. Ингээд хэд хоногийн дараа ах цалингийн зээл авсан, чам руу мөнгө шилжүүлнэ гээд дансны дугаар авсан, дахиад хэд хоногийн дараа залгаад өчигдөр чам руу мөнгө шилжүүлсэн, орсон уу гэхээр нь юун мөнгө төгрөг яриад байгаа юм, нөгөө зээлээ авчихсан юм уу гэж асуухад 7,000,000 төгрөг чам руу шилжүүлсэн гэхээр нь ямар ч мөнгө төгрөг орж ирээгүй гэж хэлсэн...” /хх-ийн 43, 105/ гэсэн, Ж.П-гийн зээлийн гэрээ, дансны хуулга /хх-ийн 9-14, 15, 27-28/, депозит дансанд дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 24/, шүүгдэгч С.Б-ы Хаан банкны дансны хуулга /хх-ийн 29-32/, “Металл энд Вүүд” ХХК-ийн хүсэлт /хх-ийн 63/, орон сууц захиалан бариулах гэрээ /хх-ийн 111-113/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Бусдыг хуурч мэхлэх арга нь бусдын эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулах ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлж, өмчлөгч өөрийн хөрөнгийг өөрөө өгөхөд хүргэх бөгөөд шүүгдэгч С.Б-ы дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх дүгнэв.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.Б-ы үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Б-ы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ж.П-гийн эд хөрөнгөд 7,000,000 төгрөгийн хохирол учирсан, мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Б- нь хохирогчид 2,500,000 төгрөг төлсөн бөгөөд энэ талаар хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь маргахгүй хүлээн зөвшөөрч, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэх бөгөөд хохирогчийн мэдүүлснээр төлөгдөөгүй үлдсэн 4,500,000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, хохирол төлөгдөөгүй зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн 2010002280485 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч С.Б- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б- “...Би П-г залилсан асуудал огт байхгүй, П- бид хоёр хоорондоо тохиролцоод өгөлцөж, авалцсан асуудал. П- өөрөө картаа АТМ рүү хийгээд надад за хөгшөөн дансны дугаараа хий гэхээр нь би өөрийн ...дансны дугаараа хийгээд мөнгө шилжүүлсэн. Би дүү рүү нь мөнгө шилжүүлчихлээ гэж ерөөсөө хэлээгүй...” гэх мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргах бөгөөд хохирогч Ж.П-, гэрч Ж.Зулсар нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдээр няцаагдаж, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдохгүй байх тул шүүх түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- овогт С-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг хуурч, залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-гийн Б-ыг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-аас 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Ж.П-д олгосугай.
5. Эрүүгийн 2010002280485 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч С.Б- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ж.П- гомдолтой гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР