Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1114

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч М.Очбадрах /томилолтоор/,

шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Б.Хт холбогдох эрүүгийн 2002004000241 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Мандал овоо ... дугаар гудамж ... тоотод оршин суух хаягтай, Урьд

-Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-д заасныг журамлан эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ял оногдуулсан Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 779 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, улмаар 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 258 дугаартай шүүгчийн захирамжаар 496 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй тул 62 хоногийн хорих ялаар сольж, 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Д овогт Б.Х /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Х нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ... нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэсний байгууллагын 1991 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж олж авч бэлтгэн,

-улмаар 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин захын автобусны буудал дээр өөрийн биедээ Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 18 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Б.Хийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9х/, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Б.Хийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5х/, 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 163 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 11-12х/, “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй гялгар уутны хамт 26 грамм жинтэй ногоон өнгийн нунтаг ургамлыг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 13х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 4204 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-18х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 4208 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22х/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 813 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 121-122х/, шүүгдэгч Б.Хийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 39х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42х/, шүүгдэгч Б.Хийн мэдүүлэг /хх-ийн 29-30х, шүүх хуралдааны тэмдэглэл/,  шүүгдэгч Б.Хийн хувийн байдалтай холбоотой 31 хуудас баримт /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргийг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Х нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ... нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэсний байгууллагын 1991 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд хадгалсан буюу Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин захын автобусны буудал дээр өөрийн биедээ “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 18 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Б.Хийн биед үзлэг хийсэн: “...Б.Хийн хар өнгийн үүргэвчинд ....зиплок түгжээтэй гялгар ууттай ургамал мэт зүйл байсныг жинлэхэд уутны хамтаар 26,0 грамм болсон, уг ургамлыг хураан авав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9х/,

2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Б.Хийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай: “...Б.Хийн шээс буюу биологийн дээжээс авч шинжлэхэд THC-зураас эерэг гарсан...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5х/,

2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 163 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 11-12х/,

“Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй гялгар уутны хамт 26 грамм жинтэй ногоон өнгийн нунтаг ургамлыг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 13х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 4204 дугаартай:

“...Шинжилгээнд ирүүлсэн зүйл шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэсэн дугаартай “Сонгинохайрхан ... хороо Б.Хийн ургамал мэт зүйл” гэсэн хаягтай зиплок түгжээ бүхий цагаан өнгийн гялгар ууттай 18 г ургамал мэт зүйлээс “дельта 9 тетрагидроканнабинол” илрэв. “Дельта-9-тетрагидроканнабинол” нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг...” гэх дүгнэлт /хх-ийн 17-18х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 4208 дугаартай:

“...Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг хуванцар савтай шээсний дээж нь хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Х ... 2020.07.28” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. Тетрагидроканнабинол /ТНС/ НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенцийн жагсаалтад багтдаг...” гэх дүгнэлт /хх-ийн 21-22х/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 813 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын: “...Б.Х нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.. Б.Х нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Х нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Х нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2020.05.28-ны өдөр хэрэг хариуцах чадвартай байсан байна. Б.Хт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Б.Х нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж, тэмдэг илрээгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 121-122х/,

Шүүгдэгч Б.Хийн: “...Би 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Л сум руу ганцаараа загасанд явсан. Би Драгон төвөөс замын унаанд суугаад явсан. Тухайн үед Л сумын Туул голын гүүрний ойролцоо загас бариад зогсож байхад голын эрэг дагуу каннабисийн төрлийн ургамал ургасан байсан. Тэгэхээр нь би тэнд байсан жаахан каннибисийн төрлийн өвс гэх бодисыг сонирхоод хэрэглэж үзэх зорилгоор түүж аваад цүнхэндээ хийсэн. Тэгээд хотод ирээд уг өвс гэх бодисоо биедээ авч явж байгаад 2020 оны 7 дугаар сарын 28-ны орой Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин захын замын ар талын автобусны буудал орчим баригдсан. Би каннибисийн төрлийн өвс гэх нэршилтэй мансууруулах ургамлын талаар интернетээс олж мэдсэн. Ерөнхийдөө интернетээс мэдээлэл авсан. Тэгээд интернет дээр байсан зурагтай нь адилхан байсан болохоор хэрэглэж үзэхээр түүсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Х нь хэрэгт хураагдсан мансууруулах бодисыг ... аймгийн Л сумаас түүж авсан, өөрөө хэрэглэсэн, хадгалсан талаараа тодорхой мэдүүлснээс гадна түүний биеэс биологийн дээж авч, шинжлэхэд шээсэнд нь тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн, мөн түүний биед үзлэг хийхэд дээрх агууламж бүхий мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илэрч, эд мөрийн баримтаар хураагдсан зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг мансууруулах бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдсон байна.

“Сэтгэцэд нөлөөлөх бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 1-4 дүгээр жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг, “Бэлдмэл” гэж сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодис агуулж байгаа физикийн ямар ч байдалд байгаа аливаа уусмал буюу холимгийг, эсхүл тунгийн хэлбэрт байгаа сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодисыг хэлнэ гэжээ.

Дээрх төрлийн бодис нь хараат байдлыг үүсгэж, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай байдагт оршино.

Сэтгэцэд нөлөөлөх бодис, бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, илгээх, тээвэрлэх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоомжид заасан байдаг тул эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авах, түүж бэлтгэх, биедээ болон орон байр, агуулах сав, бусад байдлаар байлгасныг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэж үзнэ.

Иймээс шүүгдэгч Б.Хийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Б.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь “... эхнэр жирэмсэн, бага насны хүүхэдтэй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Б.Хт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хийн үйлдсэн гэмт хэрэг нь  хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа боловч нийгмийн аюулын шинж болон хор уршгийн шинж чанарыг ихээр агуулсан, уг гэмт хэрэгтэй Монгол Улс төдийгүй дэлхий даяар тэмцэж байгаа нөхцөл байдал, мөн шүүгдэгч нь энэ төрлийн ургамлыг өмнө нь олж авч хэрэглэж байсан гэсэн атлаа энэ байдалдаа дүгнэлт хийж ач холбогдол өгөлгүй  өөрөө түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн байх тул шүүгдэгчид хорих ял оногдуулах нь түүний гэм буруу, хэргийн нөхцөл байдалд тохирно гэж дүгнэсэн.

Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан яллах дүгнэлтийн хавсралтын 5-д дурдсан эд зүйлүүдийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Хийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

         ТОГТООХ нь:

1. Д овогт Б.Хийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан яллах дүгнэлтийн хавсралтын 5-д дурдсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй гялгар уутны хамт 26 грамм жинтэй ногоон өнгийн нунтаг ургамлыг устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Хийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Хт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.АЛТАНЦЭЦЭГ