Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2022/0342

 

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2022/0342

 

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  “Н У и э”

         ХХК-ийн гомдолтой захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Г.У

Хэргийн оролцогчид:

Гомдол гаргагч “Н У и э” ХХК

Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Г.У

Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай Эрх бүхий албан тушаалтны даалгавар болон тус байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0002244 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 258 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Ч.М, Б.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох

Хэргийн индекс: 128/2021/0959/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдол гаргагч “Н У и э” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Г.Уд холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай Эрх бүхий албан тушаалтны даалгавар болон тус байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0002244 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 258 дугаар шийдвэрээр: 

“...Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Н У и э” ХХК-ийн гомдлын шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Г.Угийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0002244 дүгээр шийтгэлийн хуудас болон мөн тус улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай Эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Г.У дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“... Анхан шатны шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ зөрчлийн хэргийн материал болон хариуцагчаас гаргасан тайлбарт хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс зөвхөн гомдол гаргагчийн гаргасан “...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасныг буруугаар тайлбарлаж өөрт олгогдоогүй чиг үүрэг буюу анх үнэ тогтоосон ажиллагааг үнэд оруулсан өөрчлөлтийг хянуулаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулж олсон орлогыг хууль бус орлого гэж тодотгон хураахаар шийтгэлийн хуудас үйлдсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна” гэх тайлбарыг үндэслэн 0002244 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.

3.2.Тус хэргийг хянан шийдвэрлэхдээ зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч үнэ тарифаа хянуулаагүйгээс үүдэн гарах үр дагаврыг харгалзан үзэлгүйгээр шийдвэрлэсэн тул хариуцагч нь гомдол гаргагчид торгуулийн арга хэмжээ, зөрчлийн үр дагаврыг арилгах албадлагын арга хэмжээ авсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

3.3.Өөрөөр хэлбэл Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаанд дараах зохицуулалт хийнэ”, 6.1.2-т “бодит зардлыг нь харгалзан тухайн бараа бүтээгдэхүүнийг борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгох” гэж заасан.

3.4.Дээрх зохицуулалтаас үзэхэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчдийн үнийг бодит зардалтай нь харгалзан хянаж, зөвшөөрөл олгодог. Гомдол гаргагчийн хувьд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 4-ний өдөр албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн аж ахуй эрхлэгч тул анхны үнийг хянан /тухайн зах зээлд үндэслэл бүхий үнэ тогтоосон эсэх/ зөвшөөрөл олгож, бодит үнэ тариф тогтоосон эсэхийг хянан шалгасны үндсэн дээр дараа нь гарах үнийн өөрчлөлтийг хянах ёстой.

3.5.Өөрөөр хэлбэл гомдол гаргагчийн тухайн зах зээл дээр тогтоосон анхны үнэ тарифыг хянаагүй тохиолдолд бодит зардлаас хэт өндөр үнэ тогтоогдож өрсөлдөөнийг хязгаарлах үйл ажиллагаа явагдах боломжтой.

3.6.Мөн шүүхийн шийдвэрт “...энэ маргаанд хамааралгүй хэдий ч” гэх хэд хэдэн дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасныг зөрчсөн байна.

Иймд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5-д “Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч бараа бүтээгдэхүүнийхээ тоо, хэмжээ, үнийн өөрчлөлтийг хуульд заасны дагуу холбогдох байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл аваагүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 3 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 258 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангүй орхив.

1.“Нэхэмжлэгч “Н у и э” ХХК нь Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Үндэсний хөгжлийн газартай байгуулсан 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн Концессын гэрээний 11.4.1-т заасанчлан “…уг гэрээний хавсралтын 2-ын 2 дугаар хэсэгт заасан зохицуулалтгүй төлбөр хураамжийн хувь хэмжээг Өрсөлдөөний тухай хууль тогтоомжид нийцүүлэн өөрийн үзэмжээр тогтоох эрхтэй” бөгөөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор Олон улсын нисэх буудлын үйлчилгээний зах зээлд Монгол Улсын хэмжээнд хавсралтад дурдсан үйлчилгээний чиглэлээр нэхэмжлэгч компанийг зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосонтой холбогдуулан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний тариф, тоо хэмжээний өөрчлөлтийг тухай бүр хянуулж, ажиллахыг тус компанид үүрэг болгосон, мөн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 3 дугаар тогтоолоор дээрх тогтоолын хавсралтын 1-ийн “Нэг.Зохицуулалттай төлбөр хураамжийн төрөл” гэсэн хэсгийг бүхэлд нь хассанаас тус тус үзэхэд зохицуулалтгүй төлбөр, хураамжийн төрөлд хамаарах нийт 21 үйлчилгээний төлбөр, хураамжийн өөрчлөлтийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраар хянуулах үүрэг хүлээсэн байна.

Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаанд “бодит зардлыг нь харгалзан тухайн бараа бүтээгдэхүүнийг борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгох” зохицуулалт хийх эрхтэй.

Өөрөөр хэлбэл анх тогтоож буй үнийг бус харин тогтоосон үнийн өөрчлөлтийг, тийнхүү өөрчилсөн нь үндэслэлтэй эсэхийг хянуулахаар байхад хариуцагчаас хуулийн зохицуулалтыг буруугаар тайлбарлаж, албан даалгавар, шийтгэл ногдуулсан нь буруу, энэ талаарх шүүхийн дүгнэлт хүлээн зөвшөөрөгдөхүйц болжээ.

Нэхэмжлэгч зүй ёсны монопол байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсоноос хойш 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Тусгай танхимын үйлчилгээний төлбөр, 9 дүгээр сарын 15-ны өдөр Үйлчилгээ эрхлэгчдийн талбайн түрээсийн төлбөр, 10 дугаар сарын 26-ны өдөр Мэдээллийн технологитой холбоотой үйлчилгээний төлбөр, 11 дүгээр сарын 17-ны өдөр Нэвтрэх үнэмлэхний төлбөр, Газрын үйлчилгээний төлбөрийг тус тус тогтоосон болох нь зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон ч эдгээр үнийг анхлан тогтоож буй энэ тохиолдолд заавал Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас зөвшөөрөл авах шаардлагагүй, үндсэндээ анхны үнэ тогтоох харилцаанд хуулийн дээрх заалт хамаарахгүй.

Хөшигийн хөндийд “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал шинээр ашиглалтад орсноос хойш нэхэмжлэгч компаниас зарим төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг зүй ёсны монопол аж ахуй эрхлэгчээр тогтоогдохоос өмнө нь ч, тогтоогдсоны дараа ч анх удаа тогтоож байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон, иймд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “…бараа бүтээгдэхүүний …үнийн өөрчлөлт” гэсэн ойлголт үүсэхгүй тул анх тогтоосон үнээ хуульд заасны дагуу холбогдох байгууллагад мэдэгдэж, зөвшөөрөл аваагүй гэж нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй. 

Харин шүүхийн шийдвэрт энэхүү маргаанд хамааралгүй гэсэн атлаа Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 7 дугаар зүйлийн 7.1.2, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9-д заасан зохицуулалтыг чухам ямар үндэслэлээр анхаарах нь зүйтэй болохыг тэмдэглэсэн нь ойлгомжгүй байх боловч энэ нь шийдвэрийг хүчингүй болгох, давж заалдах гомдлыг хангах үр дагаварт хүргэхгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 258 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Г.Угийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                             

 

 

               ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                      Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                      Э.ЛХАГВАСҮРЭН