Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2018/ДШМ/20

 

 

 

 

 

 

2018 оны 02  сарын 27 өдөр                          

       2018/ДШМ/20                                                              Зуунмод

 

Ж.Б-д холбогдох эрүүгийн

                      хэргийн тухай

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Тэгшсуурь даргалж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                      Б.Эрхэмбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Ц.Хүрэлбаатар

Хохирогчийн өмгөөлөгч                           Г.Батбаяр

Нарийнбичгийндарга                               А.Доржпүрэв нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргалын даргалж, шүүгч Ж.Мөнхтуяа, Ю.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэсэн, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 399 дугаар шийтгэх тогтоолтой Ж.Б-д холбогдох 201619000608 дугаартай 2 хавтас 394 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинбатын гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 02 дугаар  сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Зуунмод суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа үс засдаг, ам бүл 2, хүүгийн хамт Төв ин суух, Худалдаа үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан, Монголын үйлдвэрлэлийн Хоршооллын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулж байсан, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Ж.Б /РД:316/.

 

Шүүгдэгч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 08 дугаар сарын 15-16-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг Энхтайваны 7 дугаар гудамжны 18 тоот хашааны гадна талд Г.Дарьхүүтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан  хамрыг нь тас хазаж, нүүрийг нь засаршгүй эвдэж, дүрсийг нь алдагдуулан, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймгийн Прокурорын газраас: Ж.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн 2017 оны 05 сарын 22-ны өдрийн 91 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 399 дугаар шүүхийн тогтоолоор:

 Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Төв аймгийн Прокурорын газраас Ж.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн  11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж,

 

Шүүгдэгч Ж.Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-г 11000 /арван нэгэн мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 11000000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

 Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Б-н торгох ялыг  3 /гурав/ жилийн хугацаанд буюу 2020 оны 11 сарын 22-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Б нь торгох ялыг энэ тогтоолын 4 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Г.Дарьхүүгийн хагалгааны зардал 40260000 төгрөгийг Ж.Ж.Б гаас гаргуулж хохирогч Г.Дарьхүүд олгож,

Хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, дахь хэсэгт зааснаар Ж.Б-н Төв аймаг Зуунмод сумын 1 дүгээр баг Номт 1 дүгээр байр 09 тоот 18.79 метр кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө битүүмжилсэн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолын хохирол барагдах хүртэл хугацаагаар хэвээр үлдээж,

 

            Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдаж,

 

Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдаж,

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Б-д авсан цагдан хорих таслан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинбат нь давж заалдах гомдолдоо: Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 22-ны өдрийн №399 шийтгэх тогтоолын 1, 2, 3, 4, 5, дахь заалтыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин 6 дахь заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

 

1. Шүүгдэгч Ж.Б нь өөрийн гэм буруугаа ойлгон, хүлээн зөвшөөрч хэрэг гарсаны маргааш нь буюу 2016 оны 08 сарын 17-нд хохирогч Г.Дарьхүүгийн эмчилгээний зардалд зориулж түүний ХААН банкны дансанд 500.000, 2016 оны 08 сарын 23-нд 1.000.000 зэргээр 2.742.000 төгрөг, эмчилгээний зардалд зориулж эмнэлэгт 2.213.000 төгрөг, нийт 4.955.000 төгрөг төлсөн. /хх-159, 160/, мөн 500.000 төгрөг /хх-245/ нийлбэр дүнгээр 5.455.000 төгрөгийг өөрийн сайн дураар төлсөн бөгөөд энэ нь эмчилгээний зардалд зориулагдсан байх ёстой. Гэтэл хохирогч Г.Дарьхүү нь 2016 оны 10 сарын 10-ны өдөр гаргаж өгсөн /хх-48/ 5.417.510 төгрөгийн баримтууд нь эмчилгээний баримт гэхэд маш их эргэлзээтэй, нотлох баримтын шаардлага хангахгүй бөгөөд бодит зардал гэж 4 удаагийн мэс заслын хагалгааны баримтыг гаргаж өгсөн байдаг. /хх-50, 51, 56. 57-р хуудас/, мөн эмчилгээнд шаардлагагүй архины баримт болон юу авсан мэдэгдэхгүй баримтууд /хх-58, 59/, мөн эмчилгээнд явсан гэх бензины баримтууд нь дүнгийн хувьд ч тэр цаг хугацааны хувьд тэр маш их эргэлзээтэй байна. Зарим нь хэрэг гарахаас өмнөх огноотой болон байгууллагын баримтууд байна. /хх-61/.

 

хх-87-88-р хуудас: Гэрч Ө.Болортуяа нь өвчтөн Г.Дарьхүү манай эмнэлэгт 2 удаа хагалгаанд орсон байгаа.. гэж мэдүүлдэг бөгөөд хохирогч Г.Дарьхүү би 2 удаа хагалгаанд орсон гэж мэдүүлдэг. Үүнийг давж заалдах шатны шүүх анхааралдаа авахыг хүсье.

2. Хохирогчийн Г.Дарьхүүгийн тухайд: Эмчилгээнд зориулж өгсөн 5.455.000 төгрөгний ихэнх хувийг өөр зүйлд зарцуулчихаад шаардлага хангахгүй нотлох баримтуудыг цуглуулж өгсөнийг шүүгдэгч Ж.Б-н зүгээс эмчилгээний зардалд зориулж илүү төлсөн мөнгийг нэхэмжлэхгүй гэснийг хохирогч Г.Дарьхүү нь нэгэнт би хохирогч тул өөрийн хүссэн мөнгөө нэхэмжилж болно гэж үзээд Солонгос Улсад явж эмчлүүлэх зардал гэж 40.260.000, /хх-110, 111, 112,/ нэхэмжлэж түүнийг шүүх хангаж шийдвэрлэсэнд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гомдолтой байна.

 

"ЕТ CONSULT" ХХК-ийн Төрийн банкинд хандаж бичсэн 2016.12.01-ны өдрийн №16/10 албан тоот нь зөвхөн эмчилгээний төлбөр, зардлын урьдчилсан тооцоо буюу төсөөлөл юм. Энэ нь хохирогч Г.Дарьхүү нь 40.260.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн гэсэн нотлох баримт биш бөгөөд эмчилгээ хийлгэх үед энэ тооцоо өөрчлөгдөх боломжтой тул эмчилгээний төлбөрийг эмчилгээ хийлгэхээс өмнө урьдчилан тооцож гаргах боломжгүй юм.

 

Шүүгдэгч Ж.Б нь гэм буруугаа шударгаар хүлээн зөвшөөрч байгаа бөгөед цаашид гарах эмчилгээний бодит зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн.

 

Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.22-ны өдрийн №399 шийтгэх тогтоолын ТОГТООХ нь хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож, “хохирогч г.Дарьхүү нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар

 

нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэхээр" зааж өөрчилж өгнө үү.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд шийтгэх тогтоол хуульд нийцэж гарсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ж.Б нь согтуугаар 2016 оны 08 дугаар сарын 15-16-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг Энхтайваны 7 дугаар гудамжны 18 тоот хашааны гадна Г.Дарьхүүтэй маргалдан  хамрыг нь тас хазаж, нүүрийг нь засаршгүй эвдэж дүрсийг нь алдагдуулан, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

- мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Дарьхүүгийн: "...би нэлээд согтсон, Ж.Б тай юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна, нэг мэдэхэд Ж.Б-г миний хамарнаас хазаад "түй" гэж хаяад цаашаа зугтаагаад явсан.

Хагалгааны төлбөр 40260000 төгрөг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх- 6-8/,

- гэрч Э.Алтансүхийн: “...бид үлдсэн архиа уугаад сууж байхад Г.Дарьхүү, Ж.Б-г хоёр маргалдаад байсан...Өлзийт орж ирээд Дарьхүүгийн хамрыг Ж.Б-г хазсан байна гэсэн ба Дарьхүүгийн хамарнаас их хэмжээний цус гараад хамраа дараад байсан." гэх мэдүүлэг /хх-12-13 /

 

- гэрч О.Эрдэнэчимэгийн: "... Дарьхүү, Ж.Б-г хоёр дахин муудалцаад байхаар нь тэр хоёрыг Өлзийт гэрээс аваад гарсан. Дарьхүү, Ж.Б-г 2 ноцолдоод байсан.  Дарьхүү "Миний хамрыг тас хазчихлаа. Түргэн тусламж дуудаарай" гэсэн" гэх мэдүүлэг /хх-14-15/

 

- гэрч Б.Өлзийтын: “Дарьхүү Ж.Б тай маргалдсан. Тэр хоёр гэрээс гараад муудалцахад би гэрээс гарахад Дарьхүү Ж.Б гийн хоолойг нь боогоод газар унагасан байхаар нь би салгаад гэрт оруулсан...Ж.Б-г миний хамрыг хазаад ийм болгочихлоо гэж Дарьхүү надад хэлж байсныг санаж байна" гэх мэдүүлэг /хх-81-82/

 

- гэрч Ө.Болортуяагийн: "...Ж.Б , Дарьхүү 2 гэрээс эхлээд нэг удаа муудалцаж гараад дараа нь гэрт буцаж орж ирээд дахин муудалцаад гарсан бөгөөд удалгүй гэрийн гадаа зодоон болоод байх шиг байхаар нь би гэрээс гарахад Ж.Б-г ах, Дарьхүү ах хоёр хашааны гадна зууралдаж байгаад Ж.Б-г ах амнаасаа нэг юм хаяад зугтаагаад явсан. Харин Дарьхүү ах нүүрээ дараад үлдсэн ба хамарнаас их хэмжээгээр цус гарч байсан" гэх мэдүүлэг /хх- 85-86/

 

- мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Ж.Б гийн: "...Би нэлээн согтсон, нэг мэдэхэд Дарьхүүг гараад ир хоёулаа уулзъя гэж байсан. Хашааны үүдэнд Дарьхүүтэй маргалдаж, би газар унаад босох гэхэд Дарьхүү миний дээр гараад намайг дараад байхаар нь миний уур хүрээд түүний хамрыг нь хазсан,  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна” гэх мэдүүлэг /хх-33/

- Шүүхийн шинжилгээний албаны “хохирогч Г.Дарьхүүгийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №407 дугаартай дүгнэлт   /хх- 23/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

  

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалттай нийцжээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Ж.Б-д оногдуулсан ял нь ялтны хувийн байдал, түүний гэм буруу, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээнд тохирсон байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинбат “...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож,  хохирогч Г.Дарьхүү нь цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр тогтоолд өөрчлөлт оруулах” тухай давж заалдах гомдол гаргажээ.  

                                      

Хэрэг гарснаас хойшхи хугацаанд шүүгдэгч Ж.Б хохирогчид 5 455 000 төгрөгийн хохирлыг төлсөн болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 159,160, 245 дугаар хуудсанд авагдсан баримтуудаар нотлогдсон ба энэ талаар шүүгдэгч, хохирогч нар маргаагүй байна.

 

Шүүгдэгч Ж.Б-н гэмт үйлдлийн улмаас хохирогч Г.Дарьхүүгийн биед хамрын үзүүр хэсэг үгүй болсон гэмтэл учирсан нь /хх-23/ Шүүхийн шинжилгээний албаны №407 дугаарт шинжээчийн дүгнэлтээр, хохирогч "Илизаров" эмнэлэгт хэвтэн эмчлүүлж 2 удаа хагалгаанд орсон  болох нь хохирогч Г.Дарьхүү, гэрч О.Хишигсүрэн /хх-87-88/ нарын мэдүүлгүүд, "Илизаров" эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хх-90-97/, эмчилгээний төлбөр төлсөн баримтууд /хх-50-57/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Харин хохирогч Солонгос Улсад хийлгэх мэс заслын зардалд 40260000 төгрөг нэхэмжилснийг хангаж, шүүгдэгч Ж.Б гаас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Хохирогч 2 удаа хагалгаанд орсон боловч эрүүл мэндэд учирсан хор уршиг арилаагүй, дахин эмчилгээ шаардлагатай болох талаар хохирогч мэдүүлсэн байх ба Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т зааснаар хохирогч эмчилгээний зайлшгүй гарах зардлыг урьдчилан төлүүлэхээр шаардах эрхтэй болно.

 

Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинбатын “...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 399 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинбатын “...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож,  тогтоолд өөрчлөлт оруулах” тухай  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ТЭГШСУУРЬ

                                      ШҮҮГЧИД                                 Н.БАТСАЙХАН

                                                                                        Г.БОЛОРМАА