Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 1033

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Энхнаран хөтлөн,

улсын яллагч Г.Яндаг,

шүүгдэгч Н.М  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны "А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Боржигин овогт Н.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 0211 61186 дугаартай, нэг хавтас хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигин овогт Н.М  нь Монгол Улсын иргэн, 1998 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүүгийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Баатархайрхан гудамжны ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 304 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан (РД:.........).

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.М  нь 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр согтуугаар

 

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт С.Н ийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М аас: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.

Хоёр. Эрүүгийн 2008 0211 61186 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:

  1. Хохирогч С.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд:

2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр өгсөн:

"...2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ТБД андуудад найз Д ийн гэрт нь дуу бэлдэж байхад, орой 21 цаг өнгөрч байхад Б  миний утас руу залгаад "хаана юу хийж байгаа юм бэ” гэж асуухаар нь "Андуудад байна, гэр рүүгээ харих гэж байна” гэж хэлсэн. Тэгтэл Б  чамайг хүргээд өгье гэсэн. Намайг автобусны буудал дээр зогсож байхад М ын хамт явж байсан. Баруунсалаа руу гэр рүүгээ явсан. Явж байх замд М  архи уусан бололтой согтуу байсан. Манай гэрийн хойд талд машинтайгаа зогсоход Б  бие засчихаад ирье гээд машинаас буусан. Тэгтэл М  арын суудал дээр суугаад шууд миний хөхнөөс бариад үнсэх гээд байхаар нь гарыг нь холдуулсан. Миний өмдийг тайлах гээд хагас шувталхаар нь би гарыг нь хазахад яая гичий чинь гээд хаалга онгойлгоод хоолойноос боогоод түлхэж унагаасан. Миний өмд хагас шувтарсан байсан болхоор гүйж чадаагүй, зогсож байтал хүрч ирээд миний зүүн талын нүд рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед ухаан балартаад босож ирээд өмдөө татаад тэрнээс хойш сайн санахгүй байна. Би эрүүл байсан. Би огт пиво худалдаж аваагүй, надад пиво авах мөнгө байгаагүй. М  худал мэдүүлэг өгсөн байна. Миний зүүн нүд хөхөрч хавдсан, мөн урд 3 шүд хөдөлсөн, хүзүүнд жижиг зулгаралтууд үүссэн. Би М тай бэлгийн харьцаанд ороогүй. Миний өмдийг тайлах гээд байхаар нь гарыг нь хазаад болиулсан чинь тэрнээс болж намайг зодсон. Би 18 настай байхдаа 2019 онд Б  гэх залуутай анх бэлгийн харьцаанд орж байсан, тэрнээс хойш хүнтэй огт ойртоогүй. Гомдолтой байна. Надад сэтгэл санаа, бие махбодын хохирол учирсан. Эмнэлэгт үзүүлсэн бичиг байгаа. Хэдэн төгрөг нэхэмжлэхээ сайн мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-12 дугаар тал),

-хохирогчоор 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр дахин өгсөн:

"...Би тухайн үед ээжтэйгээ хамт явж байсан болохоор ээжээсээ айгаад согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж худлаа хэлсэн юм. Яг үнэндээ М ,

 

Б  хоёр намайг ТБД андуудаас 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр саарал өнгийн "Сонота-5” маркийн автомашинтай ирж аваад Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруунсалааны эцсээс хойш явж манай гэрийн ойролцоо хаяггүй гудамжинд зогсож байгаад машин дотроосоо 2.5 литрийн Нийслэл нэртэй пивоноос 2 ширхгийг гаргаж ирээд хувааж уух уу гэж М  асуухаар нь тэгье гэж хэлээд уусан. Тухайн үед Б  бие заслаа гэж хэлээд машинаас буугаад явсан. М  арын суудал дээр миний мөөмийг барьж үнсэх гээд ойртохоор нь цааш нь түлхээд зүгээр бай гэтэл хоёулаа бэлгийн харьцаанд орох уу гэж хэлээд өмдийг маань тайлах гэхээр нь гарыг нь хазсан чинь миний хоолойг боож байгаад машины хаалгаар намайг түлхэж газар унагаасан. Тэгээд босох гэж байтал миний нүүр рүү 4-5 удаа цохиод, зүүн нүд рүү нэг удаа өшиглөсөн. Тэгтэл Б  гарч ирээд салгахаар нь уйлаад гэр рүүгээ явсан юм. М  миний өмдийг яг тайлж чадаагүй, тайлах гээд хүрэхээр нь гарыг нь хазсан. Би зодуулсандаа гомдолтой. Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар тал),

  1. Гэрч Н.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 7 дугаар сарын 01- ний өдөр өгсөн:

"...2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр найз М  яриад "өнөөдөр ажлынхантайгаа сууж магадгүй, намайг ирээд аваарай” гэж хэлсэн. Орой 21 цаг өнгөрч байхад залгахаар нь би М ыг Таван шараас очиж авахад М  жаахан уусан бололтой байсан. Буцаад Баянзүрх рүү явж байх замдаа Н  /Н э/ над руу залгахад "Андууд дээр байна, хүрээд ир” гэж хэлэхээр нь очиход ганцаараа зогсож байсан. Тэр үед Н  уусан бололтой, миний машины арын суудал дээр суугаад намайг гэрт хүргээд өгчих гэсэн. Би машинаа жолоодоод Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баруунсалаа руу яваад Н гийн гэрийнх нь ойролцоо замын эсрэг талд зогсоход Н  "найз нь уусан юмаа жаахан гаргачихаад гэртээ орлоо” гээд машинд хэсэг суусан. Мөн өмнө нь үерхэж байх хугацааны юмыг яриад надад уурлаад байсан. Би маргалдаад яахав гэж бодоод машинаасаа буугаад бие зассан. Удалгүй М , Н  хоёр машины хойд талын суудлаас муудалцаад гарч ирсэн. Н  уйлаад гэр рүүгээ явсан. Машинд суусны дараа М  "тэр агсраад намайг үсдсэн” гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар тал),

  1. Гэрч П.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 7 дугаар сарын 01- ний өдөр өгсөн:

"...2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр С.Н э найз нь Андуудын орчим байр түрээслэдэг, гэрт нь очно гээд явсан. Тэгээд шөнө 11 өнгөрч байхад манай охин над руу залгаад "сая дууслаа, найзыгаа дуудчихлаа, таньдаг хүүхдээрээ хүргүүлэхээр боллоо” гэсэн. Тэгээд хүлээж байгаад унтсан байсан. Өглөө 07 цаг гэж сэрээд өрөө рүү нь ороход

 

өрөөндөө цаашаа харсан унтаж байсан. 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ажил дээрээ очоод 11 цагийн орчим ирэхэд манай охин Н э хэвтэж байхаар нь "чи одоо босооч, үд болтол унтчих юм” гэж хэлтэл босож ирээд "хоёулаа цагдаагийн хэлтэс оръё, хүнд зодуулчихлаа” гэж хэлэхээр нь тулаад хартал зүүн нүд нь бүлцийгээд хавдаад хөхөрсөн, энгэр нь зулгарсан, эрүү нь хөхөрсөн, цамцных нь зах сунасан байхаар нь би хүртэл биед чинь хүрээгүй байхад хэн хүрдэг юм бэ, чи таньдаг юм уу гэж асуутал хүргэж өгч байсан хүнийг нь танина, хамт явж байсан хүнийг өмнө нь 2-3 удаа харж байсан, өөр таних зүйл байхгүй гэж хэлсэн. Мөн наашаа ирж байтал таньдаг гээд байгаа хүүхэд нь бие засах хооронд нөгөө М  гэх найз нь миний дээр гараад үнсэх гээд өмд тайлах гээд татаад байхаар нь эсэргүүцэл үзүүлсэн чинь миний нүүр рүү цохисон гэж хэлсэн. Би Б  руу залгаад "хүүхдийн нүүр ийм болгочоод хаагуур яваад байгаа юм, тэр хүнийгээ холбогдуул” гэж хэлсэн. Цагдаа дээр дөнгөж ирэхэд манай охиныг зодсон хүүхэд нь дугаараа нууцлаж залгаад тийм юм болоогүй гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагаар шийдүүлнэ гэж хэлээд өнгөрсөн. Тэрнээс хойш би М  гэх залуутай дахиж яриагүй. Одоо манай охины биеийн байдал дээрдэж байгаа. 21, 22, 23 дугаар шүднүүд нь хөдөлгөөн орсон, тэр үед нь холбоос хийлгэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр тал),

  1. Шүүгдэгч Н.М ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр өгсөн "...Би 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гэрээсээ 15 цагийн орчим гарч ...нэг газар сууж пиво уусан. Орой 21 цагийн орчимд найз Б  над руу утсаар ярьж "хоёулаа хамт хүнтэй уулзаад ирье” гэсэн. "Модны хоёрт хүрээд ир” гэж хэлсэн чинь удалгүй өөрийн "Сонота” загварын ........... улсын дугаартай саарал өнгийн автомашинтай ирээд намайг авсан. Тэгээд "надтай хуучин үерхэж байсан Н  ТБД андуудаас хүрч ирээд авчих гэнэ, хоёулаа хамт очъё” гэсэн. ТБД андуудын автобусны буудал дээр очиход Н э ганцаараа бага зэрэг архи үнэртүүлсэн зогсож байсан. Н э машин дотор суугаад Баруун салаа руу гэрт хүргээд өгчих гээд гэр рүү нь явж байтал Н э пиво ууя гэсэн. Цамбагаравын замын хажуугийн дэлгүүрээс 3 ширхэг 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво авч гарч ирсэн юм. Тэгээд 00 цагийн орчимд Баруунсалааны эцсээс хойш Н ийн гэрийн ойролцоо гудамж руу орж зогсоод авсан пивоо задалж хувааж уусан юм. Тэгтэл Н э Б аас хэрүүл өдөөд, хуучин болсон зүйлээ яриад байсан чинь Б  бие заслаа гэж хэлээд буугаад явахаар нь Н ий хажуу талд суугаад юм ярьтал хэрүүл өдөөд байхаар нь дуугүй байгаач гэж хэлсэн чинь миний үснээс зулгаахаар нь цамцных нь захаас бариад автал миний зүүн гарын шуунаас хазсан. Аймар өвдөөд уур хүрээд машинаас түлхэж унагаагаад 4-5 удаа нүүр рүү нь баруун гараараа цохиод, нэг удаа нүүр рүү нь өшиглөсөн чинь уйлж босож ирээд надтай хэрүүл хийгээд барилцаад байж байтал Б  гарч ирээд салгасан. Би тухайн үед нилээн согтолттой байсан.

 

Гэхдээ болсон зүйлээ санаж байна. Би Н этэй бэлгийн харьцаанд орох гэж ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Би хохиролоо төлж барагдуулаагүй байгаа. Удахгүй төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад оногдуулах шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 86-88 дугаар тал),

  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6645 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний дээд, доод зовхинд хөх ягаан цус хурсан. Зүүн нүдний алимын салстад улаан ягаан цус хурсан. Зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар хавдартай. Хоолойн урд хэсэг, зүүн мөрөнд хэсэгчилсэн, жижиг, бүдэг ягаан цус хуралттай байв.

Эмэггэйчүүдийн үзлэгт: Гадна бэлэг эрхтний хөгжил зөв. Үтрээ уйтан, охин хальс цагираг хэлбэртэй, махархаг, цочролгүй, 9, 13 цагийн байрлалд сууриа хүрсэн хуучин урагдалтай. Үтрээнээс гарсан зүйлгүй байв.

Нэмэлт шинжилгээний хариунд:

  1. Бактериологийн шинжилгээний 3814 дугаартай хариунд: Бэлгийн замын халдварт өвчингүй. Бактериологийн шинжээч Б.Дэлгэрмаа гэжээ.
  2. Биологийн шинжилгээний 3814 дугаартай хариунд: Үтрээний арчдас наалдцанд эр бэлгийн эс илрээгүй. Биологийн шинжээч Ж.Оюунаа гэжээ.

Дүгнэлт: "...С.Н ийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, нүдний алимын салстын цус хуралт, зүүн нүдний зовхи, зүүн хацар, хоолой, зүүн мөрний зөөлөн эдийн няцралт гэмтлүүд үүссэн нь тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуудахгүй.

-С.Н ийн үтрээнд эр бэлгийн эс илрээгүй болно.

-С.Н э нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. /Шинжээч эмч М.Энхбаяр/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дүгээр тал),

  1. Хохирогч С.Н ээс хэрэгт ирүүлсэн хохирол, хор уршгийг нэхэмжилсэн баримтууд, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар (хавтаст хэргийн 41-47 дугаар тал),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

  1. Гэрч Г.Н.мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр өгсөн:

"...Миний хүү Н.М  4-6 нас хүртэл ...цэцэрлэгт хүмүүжиж байгаад 2005 онд

 

Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 87 дугаар сургуульд 1 дүгээр ангид элсэн орж 2013 он хүртэл суралцаж, 8 дугаар анги төгссөн. 2013-2015 онд МСҮТ-д барилгын ангид суралцсан. Тэрнээс хойш дахин сургуульд суралцаагүй, энд тэнд барилгын туслах ажилтан хийж ирсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар тал),

  1. Шүүгдэгч Н.М ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 62 дугаар тал), шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 65-68 дугаар тал), Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 50 дугаар тал), үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө бүртгэлтэй тухай лавлагаа (хавтаст хэргийн 52-53 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 54 дүгээр тал), "Хаан банк”-нд харилцах данс эзэмшдэг тухай албан тоот (хавтаст хэргийн 76 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.М ад холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ "Шүүгдэгч Н.М  нь хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Н.М  нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлж, хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан "хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд "өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн "өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.М ын холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Н.М  нь 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр согтуугаар Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт С.Н ийн хоолойг нь боох, гараараа цохих, түлхэх, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь халдаж, зүүн нүдний дээд, доод зовхи, нүдний алимын салстын цус хуралт, зүүн нүдний зовхи, зүүн хацар, хоолой, зүүн мөрний зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь: -хохирогч С.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...М  арын суудал дээр суугаад шууд миний хөхнөөс бариад үнсэх гээд байхаар нь гарыг нь холдуулсан. Миний өмдийг тайлах гээд хагас шувталхаар нь би гарыг нь хазахад яая гичий чинь гээд хаалга онгойлгоод хоолойноос боогоод түлхэж унагаасан. ...миний зүүн талын нүд рүү хөлөөрөө өшиглөсөн. ...Миний өмдийг тайлах гэхээр нь гарыг нь хазаад болиулсан чинь... намайг зодсон юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-12 дугаар тал) болон түүний хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16, 19 дүгээр тал),

-гэрч Н.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...М , Н  хоёр машины хойд талын суудлаас муудалцаад гарч ирсэн. Н  уйлаад гэр рүүгээ явсан. Машинд суусны дараа М  "тэр агсраад намайг үсдсэн” гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар тал),

-гэрч П.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...манай охин Н  ..."хоёулаа цагдаагийн хэлтэс оръё, хүнд зодуулчихлаа” гэсэн. ...хартал зүүн нүд нь бүлцийгээд хавдаад хөхөрсөн, энгэр нь зулгарсан, эрүү нь хөхөрсөн, цамцных нь зах сунасан байсан. ...М  гэх найз нь миний дээр гараад үнсэх гээд өмд тайлах гээд татаад байхаар нь эсэргүүцэл үзүүлсэн чинь миний нүүр рүү цохисон гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр тал),

-шүүгдэгч Н.М ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн "...Н ий хажуу талд суугаад юм ярьтал хэрүүл өдөөд байхаар нь дуугүй байгаач гэж хэлсэн чинь миний үснээс зулгаахаар нь цамцных нь захаас бариад автал миний зүүн гарын шуунаас хазсан. Аймар өвдөөд уур хүрээд машинаас түлхэж унагаагаад 4-5 удаа нүүр рүү нь баруун гараараа цохиод, нэг удаа нүүр рүү нь өшиглөсөн чинь уйлж босож ирээд надтай хэрүүл хийгээд барилцаад байж байтал Б  гарч ирээд салгасан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 86-88 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6645 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дүгээр тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Н.М  нь хохирогч С.Н ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.М ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Н.М  нь хохирогч С.Н ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх ба хохирогч С.Н э нь хэрэгт "Титан” шүдний эмнэлэгт 335.000 төгрөгөөр шүдний эмчилгээ хийлгэсэн, мөн "Лазер мед” эмнэлэгт толгойн компьютер томографикийн зураг авахуулсан гэх 100.000 төгрөгийн баримтыг тус тус ирүүлжээ.

Шүүх дээрх нотлох баримтуудыг судлаад "Титан” шүдний эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн 335.000 төгрөгийн баримт нь тус хэрэгт хамааралгүй буюу шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, нэрлэн заасан гэмтэл биш байх тул дээрх зардлыг гаргах хууль зүйн үндэслэлгүй, хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн.

Харин "Лазер мед” эмнэлэгт толгойн компьютер томографикийн зураг авахуулсан гэх нотлох баримтын шаардлага хангасан 100.000 төгрөгийг шүүгдэгч Н.М аас гаргуулж хохирогч С.Н эд олгохоор шийдвэрлэв.

Түүчнлэн шүүгдэгч Н.М ыг шүүхээс гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсаны дараа шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлөх шалтгаанаар завсарлага авах хүсэлт гаргасан, шүүх түүний хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулсан ба, энэ хугацаанд шүүгдэгч Н.М  нь хохирогч С.Н ийн "Хаан” банкинд эзэмшдэг данс руу 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 100.000 төгрөгийг шилжүүлж, хор уршгийн зардлыг нөхөн төлсөн болох нь банкны орлогын баримтаар тогтоогдсон. Иймд шүүгдэгч Н.М  нь хохирогч С.Н эд төлөх төлбөргүй байна.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагч дүгнэлтдээ "шүүгдэгч Н.М ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн

  1. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 304 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох” гэсэн дүгнэлт гаргасан гаргасан ба шүүгдэгч Н.М  нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүгдэгч Н.М ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч Н.М ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн

  1. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь оногдуулсан ялыг биелүүлээгүй бол уг ялыг хорих ялаар солихыг мэдэгдэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.М  нь Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт, шийтгэх тогтоол зэргээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 304 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн байх ба уг ялыг биелүүлээгүй болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 3/33182 тоот албан бичгээр тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар "Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.М ад энэ тогтоолоор оногдуулсан ял, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 304 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

  1. Бусад асуудлаар: Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.М  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигин овогт Н.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М ыг 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М ад энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 304 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М  нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  6. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд

 

мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.М  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч С.Н эд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар хохирогч С.Н ийн шүдний эмчилгээний зардалд нэхэмжилсэн 335.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Н.М ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч болон улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Н.М ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Т.АЛТАНТУЯА