Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 1020

 

 

                            

 

 

 

 

Сайхан амарсан уу

        2020        9            17                                     2020/ШЦТ/1020         

 

-                                 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Ч.Батбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Н.Баасанжав, Х.Баасанжаргал,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Амаржаргал, Б.Даваажанцан,

шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Хийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908035980976 дугаар эрүүгийн 5 хавтас хэргийг 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын механикч мэргэжилтэй, ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хиа нар овогт Бадамдоржийн Х //.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч “Х ” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай Б.Х нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2008 оны 53 дугаар тушаалаар батлагдсан “Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 27.9 дахь заалтад заасан лифтний аюулгүй ашиглалт, засвар үйлчилгээний ажилд хяналт тавих үүрэг бүхий этгээд буюу лифтний ашиглалт хариуцагчийг томилон ажиллуулаагүй, тус байрны лифтчин Л.Мягмаржав нь 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 14 хоног хувийн шалтгаанаар чөлөө авч, эзгүй байх үед орны хүнийг томилон ажиллуулаагүй, хариуцсан лифтчин байхгүй үед байрны лифтийг зогсоогоогүй, ажиллуулсны улмаас “” ХХК-ийн харуул хамгаалалт хариуцсан ажилтан Б.А нь 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 50а байрны 3 дугаар давхрын зогсоол дээр гацаж зогссон лифтний гацааг гаргах эсхүл бүхээгт байж болзошгүй зорчигчийг гаргах зорилгоор 3 дугаар давхрын гацсан хаалгыг шалгахын оронд 1 дүгээр давхрын хонгилын хаалгыг онгойлгосны улмаас лифтний подвалын хонгилд унаж нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 6 дугаар сарын 19-нд болсон үйл явдал. Тухайн үед би эзгүй байсан. Миний буруу байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Талийгаачийн ар гэрээс уучлалт хүсэж байна. Би өөрөө үүрэг өгөөгүй. Лифт гацаад байдаг талаар сүүлд мэдсэн. Мягмаржавын эзгүйд лифтийг хүнд хариуцуулаагүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хандив тусламж авах гээгүй, хохирлоо л авах гэж байгаа. Үүнийг ойлгоогүй юм шиг байна. Намайг босгох, хүүхэд харах бүхий л асаргаа, сувилгааг талийгаач хийдэг байсан. Эхний 2 өдөр өөрөө гадуур хайж явсан. 6 дугаар сарын 22-нд үеэл ахыгаа компани руу явуулсан. Мядагмаа болон ээж хоёр нь “танай хүн камер унтраагаад явсан” гэж хэлсэн. 7 дугаар сарын 08-нд нөхрийгөө нас барсан талаар мэдсэн. 7 дугаар сарын 06-нд фэйсбүүкээр нөхрийгөө эрэн сурвалжилж байна гэж зар хийсэн. Станц, түлхүүрээ өгчихөөд эд зүйлийг нь аваарай гэж 7 дугаар сарын 09-нд хэлсэн. Компанитай уулзах болгондоо доромжлол амсаж байсан. Торны цаана суулгах сонирхолгүй байна” гэв.

 

Эрүүгийн 1908035980976 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бгийн: “...2019 оны 6 дугаар сарын 19-ний өглөө 08 цаг 20 минутын үед талийгаач А ажилдаа явсан. 20-ны өдөр 10 цаг өнгөрөөгөөд  дугаараас олон удаа залгасан байсан. Би 11 цаг өнгөрөөгөөд залгахад ““Х” ХХК-аас залгаж байна, танай нөхөр А хааччихваа, нөхөр чинь архи уудаг уу, оршин суугчид гараад явсныг нь харсан байна” гэж асуусан. Би талийгаачийн дугаарууд руу удаа дараа залгахад холбогдохгүй байсан. 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 18 цагийн үед 102 дугаар луу залгаад “манай нөхөр А алга болсон” талаар гомдол гаргахад “оршин суух харъяаллынхаа дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст очиж мэдүүлэг өгөөрэй” гэсэн. 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 50 минутын үед талийгаачийн  дугаараас “лифт гацчихаад байна, түлхүүр, станц яасан бэ, танай нөхөр чинь аваад явсан байна, ирсэн үү, холбогдсон уу, ядаж түлхүүр, станцаа авмаар байна” гэж ярьсан. Би нөхрийгөө ирчих байх гэж 2 хоног хүлээгээд 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр нагац эгчээрээ хүргүүлж, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст очиж мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгч байхад үеэл ах Энхтүвшин талийгаачийн ажил дээр очоод хяналтын камерыг нь үзэх гэхэд Гаамаа гэх үйлчлэгч эмэгтэй “танай дүү чинь бүх камер унтраачихаад, түлхүүр, станцаа аваад явсан” гэж хэлсэн байсан. Камераа үзүүлээгүй гэсэн. Энхтүвшин ах харуулын байраас нь талийгаачийн үүргэвчтэй цүнх, түрийвчтэй бичиг баримт, 50.000 төгрөг, цалингийн картууд, бичиг баримтууд, хувцас нь эвхээстэй байсныг авах гэхэд ажлынхан нь “станц түлхүүрээ авч байж өгнө” гээд өгөөгүй. Би талийгаачийг алга болсон талаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс рүү 9009-тэй дугаар луу залгаад асуухаар зарлан мэдээллээ эхлээгүй байна гээд байдаг байсан. Ингээд 2019 оны 7 дугаар сарын 01-ний орой ажлаа тараад үеэл эгчийнхээ хамт очиж асуухад манай нөхрийг эрэн сурвалжилж байсан Ууганбаяр гэх хүн намайг тоохгүй янзтай байсан. Ингээд би 126 дугаар луу залгаад гомдлоо мэдүүлсэн. Эрэн сурвалжлах зараа оруулахдаа манай нөхрийг сэтгэцийн өвчтэй гэж сандаа шивж оруулсан байсан. Ингээд цагдаагийн байгууллагын ажилтан нар эрэн сурвалжлах ажиллагааг идэвхгүй явуулаад байсан болохоор 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 18 цагийн үед өөрийн фэйсбүүк дээрээ нөхрийг хайж байгаа талаар зар оруулсан. Энэ зарыг олон хүмүүс хараад, мөн манай яамны удирдлагууд хараад, цагдаагийн газрын дарга нар луу ярьсан байсан. Ингээд 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагаас 11 цаг өнгөрөөгөөд залгаад “цагдаа дээр ир” гэхээр нь очиж уулзаж, нөхрийгөө ажил дээрээ нас барсан талаар мэдсэн. Талийгаачийн ажиллаж байсан байгууллагын ажилтан нарт маш их гомдолтой байна. Учир нь үнэн зөв мэдээлэл өгөөгүй. Талийгаачийг ажлынхаа байранд нас барсан байхад нь, өмхийрч өт идүүлтэл байсанд нь гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-160-161/,

Гэрч М.Бадамдоржийн: “2019 оны 7 дугаар сарын 08-ны өглөө 08 цагийн үед манай хяналт шалгалтын ажилтан Зоригтбаатар над дээр ирээд “50а байрны лифтний тэр хавиас эвгүй үнэр гараад байна гэж оршин суугчид хэлээд байна, хоёулаа очиж шалгая” гэж хэлэхээр нь Зоригтбаатар, харуул Энхжаргал, оршин суугч Шижир бид нар очиж В1 давхарт орж лифтний хаалгыг хөшиж завсар харахад ногоон ууттай зүйл байх шиг харагдсан. Сайн нээж гэрэл тусган харснаа “хамгаалагч А байх шиг байна” гэж бодоод цагдаа дуудсан. Би 19-ний өдрийн 19 цагийн үед Ад хоол аваачиж өгсөн. Тэгэхэд гадаа байсан би хоолыг нь өгчихөөд явсан. Ээлжинд гарсан харуулууд цаг тутамд станцаар мэдээ өгдөг. А хамгийн сүүлд 23 цагт мэдээ өгсөн. Түүнээс хойш мэдээ өгөхгүй байхаар нь шөнө 03 цагт би шалгахаар ирэхэд гадна пост цоожгүй, хүнгүй байхаар нь би хоноод өглөө 09 цагт дараагийн ээлжээ хүлээлгэн өгсөн. 20-ны өглөө би Агийн эхнэр лүү утсаар ярьж асуухад “мэдэхгүй, гэртээ ирээгүй” гэсэн. ...Хамгаалагч лифт хариуцахгүй. Лифтийг Мядагмаа гэх хүн хариуцдаг. Харуулууд лифтэнд хүн гацсан тохиолдолд гаргах үүрэггүй, гаргаж байгаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-182-183, 211-212/,

Гэрч Б.Мядагмаагийн: “...2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр тог тасраад 50б байранд шөнийн 23 цаг өнгөрөөгөөд “лифтэнд хүн гацлаа” гэж миний дугаар луу залгаж хэлсэн. Би мэдээг аваад харуул Агийн 88-тай дугаар луу “50б байрны лифтэнд хүн гацсан байна, гарга” гэж хэлсэн. Мөн өдрийн 18 цагийн үед байх 50а байранд лифтний 2 давхарт хүн гацсан гээд би мөн харуул Аг дуудаж тэр хүнийг гаргуулсан. Лифтэнд хүн гацсан тохиолдолд лифтчин гаргах үүрэгтэй. Гэхдээ тухайн үед лифтчин байхгүй, ажлаасаа гарсан, лифтчингүй байсан. Хүн гацсан тохиолдолд гаргах л арга хэмжээ авах байсан. Талийгаачийг би “лифтнээс хүн гаргаж чадах уу” гэж асуухад “чадна” гэж байсан.

...Би тухайн цаг хугацаанд “Х Өргөө” ХХК-д 50а,б байрны эд хариуцагч албан тушаалд ажиллаж байсан. Лифт хариуцдаг хүн байхгүй байсан. Лифтчин Мягмаржав хэзээнээс ажилдаа ирэхээ больсон гэдгийг санахгүй байна. Сүүлд энэ хэрэг гарсны дараа Мягмаржавыг чөлөө аваад явсан байсныг сонссон. Түүнээс би чөлөө аваад явсан гэдгийг нь мэдээгүй. 2019 оны 6 дугаар сар гаргаад л лифтчин ирэхгүй байсан гэж санаад байна. Нарийн сайн өдрийг нь санахгүй байна. Талийгаач Б.Аг 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс хойш алга болоод хаана байгаа нь мэдэгдэхгүй, нас барсан байдалтай олдохоос өмнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 50а, б байрны лифт хариуцсан лифтчин байхгүй байсан болохоор “Х Өргөө” ХХК-ийн ерөнхий менежер Авирмэд намайг лифтний ашиглалт, хэрэглээний анхан шатны мэдлэг олгох сургалтанд суулгана гэж ярьж байсан. Лифтний тусгай түлхүүр 3, 3 ширхгээр 2 салангад байдаг. Түлхүүрүүд лифтчин Мягмаржав ажилдаа ирэхээ больсон өдрөөс хойш хэн хариуцах нь мэдэгдэхгүй харуулын байрны арын чингэлэгт түлхүүрүүд дунд байдаг байсан. Би тийм лифтний хонгил болон дээд давхрын өрөөнд тийм өрөө байдгийг ч мэдэхгүй. Лифт гацахаар нь засварын газрын хүнд дуудлага өгөөд байсан болохоор дарга нарт хэлээгүй. ...Би харуул хамгаалалтын ажилтан нарыг ямар нэгэн ажилд зарах, өөр ажил хийлгэхээр дарга нараас зөвшөөрөл авч байгаагүй. Би хамгаалагч нарыг бараа материал ирэх үед л зөөгөөд өгөөч гэж гуйж туслуулдаг байсан. ...Аг гадаа ээлжийн ажилтай байсан болохоор “очоод шалгаад өгөөч” гэж гуйснаас болж өнөөдөр ийм зүйл болчихоод байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-177-178, 241-244, 2 дугаар хавтас, хх-163-166/,

Гэрч Д.Энхжаргалын: “Ээлж хүлээж авахдаа эд зүйл, аж ахуйгаа нүдээрээ үзэж хүлээн авдаг учир лифт рүү ордог. Харин лифтний хонгил руу ордоггүй. Тус байранд лифтчин Мийгаа гэдэг хүн байсан. Сүүлийн хэдэн сар харагдаагүй. Тэр өдөр түлхүүрийн хайрцагны гадна түлхүүрийг Атай хүлээлцсэн. Тэмдэглэлд түлхүүрийг бичиж хүлээлцдэггүй. Бид нарт лифтэнд хүн гацсан гэсэн дуудлага ирвэл гаргаж өгөхгүй, түүнийг ажиллуулж мэдэхгүй. Харин лифтчинд дамжуулан хэлдэг. Харуулуудын ажил үүргийн хуваарь лифтийг ажиллуулах үүрэг байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-172-173/,

Гэрч Д.Дэлгэрмаагийн: “2019 оны 6 дугаар сарын 22, 29-ний аль нэг өдөр тасарсан санагдаж байна. Бүтэн сайн өдөр байсан болохоор санаж байна. Тог ирэхгүй байхаар нь гараад харсан чинь коридор тогтой, лифт ажиллахгүй байсан. Би өөрөө тогны шийдэн дээр очоод тогоо залгаж байсан санагдаж байна. ...2019 оны 6 дугаар сарын 10-аас хойш их гацах болсон. Ихэнхдээ ажиллахгүй байж байсан. Заримдаа бүр 3, 4 хоногоор ажиллахаа больсон байдаг байсан. 2019 оны 7 дугаар сарын 10-аас тогтмол ажиллах болсон. Цагдаа нар ирээд ажилласан өдрөөс 2, 3 хоногийн өмнө лифтэнд ороход маш муухай үнэр үнэртээд байсан. Оршин суугчид муур зэрэг амьтан үхчихсэн, тэгээд үнэртээд байна гэж ярилцаж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-185/,

Гэрч Я.Цэвээнжавын: “2019 оны 6 дугаар сарын 19-ний орой 18 цагт лифт рүү орсон чинь тог тасарсан. Би хонх дарсан чинь жоохон хүүхэд байсан байх. “Та гацчихсан юм уу” гэхээр нь “Мядагмаа эгчийгээ дуудаад өг” гээд харуул, Мядагмаа 2 над руу ирсэн. Эхлээд 2 давхрыг онгойлгосон. “Зай бага байна, би гарч чадахгүй, 3 давхрыг онгойлгоод өгөөч” гэсэн. Тэгээд 3 давхрыг онгойлгож өгөхөөр нь би лифтнээс гарсан. Харуул орой намайг цонхоор харахад машин тэрэг зохицуулаад явж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-204/,

Гэрч Л.Мягмаржавын: “...“Х Өргөө” ХХК-ийн 130 айлын орон сууцны лифтчингээр томилж тушаал гаргасан. “Манай дүү Алтанхуягийн биеийн байдал муу” байсан учир 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 14 хоногийн чөлөө авч Архангай аймаг руу явсан. Чөлөө дууссан боловч дүүгийн биеийн байдал дээрдээгүй тул 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сунгуулсан. Намайг чөлөө авч явснаас хойш лифтчинээр хүн ажиллуулаагүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-151-153/,

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2019.08.01-ний өдрийн 1526 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.3. Талийгаачид духны баруун хэсгээс зулайн баруун хэсэгт цөмөрч духны зүүн тийш салаалсан, дагзны баруун хэсэг, нугасны том нүх хүрсэн шугаман хугарал, баруун чамархай зулай булчинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтлийг аваад ямар хугацаанд амьд байх боломжтойг тогтоох боломжгүй байна. 5.6.7. Гавал ясны хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 8. Талийгаачид 2019.07.08-ны өдрийн 20 цаг 40 минутын цогцосны гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 14 хоногоос дээш болсон гэжээ. 9. Талийгаачийн ходоодыг нээхэд бага зэргийн шингэн бор агууламжтай байна. 10. Талийгаачийн цогцос ялзарч муудсан байна. 11. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ...” гэжээ /2 дугаар хавтас, хх-172-173/,

Хавтаст хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн 2019.12.24-ний 1525 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Талийгаач Б.Агийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1526 тоот дүгнэлтийн Шүүх химийн шинжилгээний 4621 тоот хариугаар 2,4 промилл спиртийн агууламж илэрсэн гэснийг үндэслэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж дүгнэх боломжгүй. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар нарийвчлан тогтоох ба хавтаст хэргийн материалд авагдсан цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт 1526, 3-н ширхэг CD, “555” зочид буудал, 50А байрны дүрс бичлэгүүд, цогцосны шинжилгээний биологийн дээж авсан бичлэг зэргээс үзэхэд цогцос ялзарч, хожуу үеийн өөрчлөлтөнд орсон, дунд зэргийн согтолтын үед илэрдэг эмнэл зүйн шинжүүдтэй тохирохгүй байна. 2. Б.А нь 2019.06.19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байгаад нас барсан гэж үзэх боломжгүй байна. Харин 2019.07.08-ны өдөр цогцос нь ялзарч муудсан байдалтай олдох /халуун, битүү орчинд байсан/ үед цогцосноос авсан биологийн дээжинд цогцосны ялзралаас үүссэн нянгийн нөлөөгөөр 2,4 промилл спиртийн агууламж үүссэн байх боломжтой. 3. Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй үедээ 2019.06.19-ний өдөр халуун, битүү орчинд унаж 2019.07.08-ны өдөр цогцос нь ялзарч муудсан байдалтай олдох үед биологийн шингэнээс химийн шинжилгээний хариугаар 2,4 промилл спиртийн агууламж илэрсэн, цогцос ялзарч хөөж, эд эрхтнүүдийн эд эсүүд өөрийн хайлалтанд орж, нянгийн хавсралт үүссэн нь эд эсийн шинжилгээгээр тогтоогдсон ба олон зүйлийн нянгийн нөлөөгөөр азот агуулсан уургийн бодисууд задарч олон тооны хортой нэгдлүүд үүсдэг үүнд спирт ч ордог, тухайлбал гэдэсний савханцрын нөлөөгөөр глюкозоос пропилын, бутилийн, метилийн спирт, лейцинээс амилын спирт, валинаас изобутилын спирт үүсдэг. Мөн цогцос байсан орчин нөхцөл, орчны температур, нас барсан хугацаа, ялзралын улмаас гарч буй өөрчлөлтүүдээс хамаарна. 4. Б.Агийн цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэл, “555” зочид буудлын камерын бичлэг, фото зургийн үзүүлэлтээс харахад баруун гарын 1,2,3,4,5-р хуруу 3-р үеэр мухар, зүүн гарын 2,3,4-р хуруу наалдсан, баруун хөлийн эрхий хуруу 2-р үеэр мухар ба энэ нь талийгаачийн ердийн үйл хөдлөлд буюу ахлах гишгэх, гүйх, тулах, түших, барих зэрэг үйл хөдлөлд нөлөөлнө. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед дээрх үйл хөдлөл, тэр дундаа биеийн тэнцвэрт байдал алдагдана. Хөлийн эрхий хуруу нь тулах гурван цэгийн нэг болдог тул тэнцвэрийн гол үүрэг гүйцэтгэдэг. 5. ШШҮХ-ийн шинжээчийн 1526 дугаартай дүгнэлтийн Химийн шинжилгээний 4621 тоот хариугаар цусанд 2,4 промилли спиртийн агууламжтай байсан бол Б.А нь дүрс бичлэгт бичигдсэн үйл хөдлөлийг хийх чадваргүй байна. Мөн хэрэгт авагдсан дүрс бичлэгүүдээс үзэхэд Б.А нь дунд зэргийн согтолттой байсан гэж үзэхээргүй байна. 6. Б.Агийн цогцост хийсэн шинжилгээгээр ходоодыг нээхэд бага зэргийн шингэн агууламжтай гэсэн нь талийгаач хоол идсэнээс хэдий хугацааны дараа нас барсныг тогтоох боломжгүй, нас барсны дараа эд эсийн задрал болсноор эдэд шингэн ялгардаг тул ялзралын улмаас үүссэн шингэн байх боломжтой. 7. Б.А нь гавал тархины битүү гэмтэл духны баруун хэсгээс зулайн баруун хэсэгт цөмөрч духны зүүн тийш салаалсан, дагзны баруун хэсэг, нугасны том нүх дайрсан шугаман хугарал, баруун зулайн булчингийн цус хуралт бүхий хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ. Цогцосны байрлалаас харахад уг гэмтлийг аваад тодорхой хугацаанд амьд байх, орилох, ёолох, хөдлөх, байрлалаа өөрчлөх, бусдаас тусламж хүсэх зэрэг үйлдэл хийх боломжгүй, амь нас аврагдах боломжгүй, шууд үхэлд хүргэсэн байна гэж үзэж байна. 8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019.08.01-ний өдрийн 1526 дүгнэлтийн хариулт 1,2,3,4,5,6,7,8,9,10,12 үндэслэлтэй, 11-р хариултын дунд зэргийн согтолт гэсэн нь өрөөсгөл байна. Шинжээч эмч нь тогтоолд тавигдсан асуултанд хариулсан боловч цогцосны ялзралын улмаас эд, эрхтэнд нянгийн нөлөөгөөр шинээр спирт үүсдэг мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үед хэмжээ нь өөрчлөгдөх боломжтой байдаг тул цусанд илэрсэн спиртийн хэмжээгээр согтолтын зэргийг үнэлэх нь хүндрэлтэй байдаг. Химийн шинжилгээний 4621 тоот хариугаар цусанд 2,4 промилл спиртийн агууламж илэрсэн гэсэн нь үндэслэлтэй байна” гэжээ /2 дугаар хавтас, хх-214-224/,

Эрүүл мэндийн яамны Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 19/12 дугаар дүгнэлтэд: “1. Цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээ (№1526) хийж, эд эрхтнүүдийг шинжлэхдээ хамрагдсан бүх эрхтнээс дээж авалгүй зөвхөн 4 цуллаг эрхтнээс дээж авсан байна. 2. Бидэнд ирүүлсэн 2 лааны тосон цутгамаг, 4 цуллаг эрхтнүүдийн эд судлалын шинжилгээний үндсэн болон нян илрүүлэх хистохимийн тусгай будгийн аргуудаар дахин шинжилсэн бэлдмэлд эрхтнүүдийн эд эсүүд ялгагдан харагдаж, цусны судсууд хоосорсон, эрхтнүүд өөрийн хайлалтын өөрчлөлтөд орж, нянгийн хавсралт илэрсэн (Грам (+)) байна. 3. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний №1526 дугаартай протоколын бичлэг, цогцосны гэрэл зургуудаас үзвэл: Гавал ясны гэмтлүүд: Духны баруун хэсгээс зулайн баруун хэсэгт цөмөрч духны зүүн тийш салаалан, дагзны баруун хэсэг, нугасны том нүх хүрсэн шугаман хугарал, баруун зулайн булчинд цус хурсан зэрэг гэмтлүүд нь шууд үхэлд хүргэх шалтгаан болжээ” гэжээ /2 дугаар хавтас, хх-228-230/,

Шинжээчийн 2020.03.06-ны өдрийн 05-092/10 дугаар дүгнэлтэд: “1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1525 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэх хэсэгт осолдогчийн цогцос нь ялзарч муудсанаас үүсэх нянгийн нөлөөгөөр 2,4 промилл спиртийн агууламж үүссэн байх боломжтой гэж дүгнэсэн тул 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ХАБ-30 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 1,2,3,4,6 дугаар асуултад хариулсан дүгнэлтийг үндэслэлгүй гэж дүгнэж байна. Үндэслэлгүй гэж дүгнэсэн шалтгаан нөхцөл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1525 тоот шинжээчийн дүгнэлт, Эрүүл мэндийн яамны Эмгэг судлалын мэргэжлийн 19/12 дугаартай салбар зөвлөлийн дүгнэлт тус тус болно. 2. Засгийн газрын 2015 оны 269 тоот тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1 дэх заалт, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д заасан ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ осолд өртсөн тул үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэж, акт тогтооно” гэсэн заалтад хамаарах тул үйлдвэрлэлийн осол мөн гэж дүгнэж байна. 5. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 50а байрны хүн зөөврийн лифт нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 23:30 цагийн орчимд 3 дугаар давхрын зогсоол дээр гацаж зогссон (техникийн эсвэл хэн нэг этгээд бүхээгийг тус 3-р давхарт зориудаар хаалгыг нь нээлттэйгээр байдлаар удаан саатуулах гэх мэт) байна. Тус байруудын лифтийг хариуцсан лифтчин чөлөөтэй, эзгүй байсан тул харуулын ажилтан Б.А лифтний гацааг гаргах эсвэл бүхээгт байж болзошгүй зорчигчийг гаргах зорилгоор 3-р давхрын гацсан хаалгыг шалгахын оронд 1-р давхрын хонгилын хаалгыг онгойлгосноос (1-р хавтаст хэргийн 236-248 хуудас) хонгил руу унасан байна. 6. Лифтийг эзэмшигч “Х өргөө” ХХК нь лифтийн засвар үйлчилгээний ажлыг БХБЯ-аас лифтийн угсралт, засвар үйлчилгээний ажлыг эрхлэх ӨБ17-1203/17 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Сити элеватор” ХХК-тай 2019.03.01-ний өдрийн 24/19 тоот гэрээг байгуулан гүйцэтгүүлж байсан байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2. дахь өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд мэргэжлийн байгууллагаар техникийн магадлагаа хийлгэж, зохих зөвшөөрлийг авсан байна. Лифтийг ашиглах явцад эзэмшигчээс хяналтын байгууллагад хүсэлт гаргаж хяналт, шалгалт хийлгэж байсан тухай, баримт бичиг, тэмдэглэл байхгүй байна. 7. ...“Х өргөө” ХХК-ийн захирал Б.Хийн 2016.12.19-ний HR-16/1467 тоот тушаалаар тус орон сууцны лифтчинээр Л.Мягмаржавыг томилсон байна. Тус дүрмийн 27.9. дахь заалтад: лифт эзэмшигч, ашиглагч байгууллагын удирдлага дараах үүрэгтэй. Үүнд лифтийн засвар, үйлчилгээний ажлыг хариуцан гүйцэтгэгч, ашиглалт хариуцагчийг томилсон тушаалын дугаар, он, cap, өдөр, овог нэр, албан тушаалыг лифт бүрийн паспорт дээр бичиж гарын үсгийг зуруулна. гэж заасан байдаг. Хавтаст хэрэгт лифтний аюулгүй ашиглалт, засвар үйлчилгээний ажилд хяналт тавих үүрэг бүхий этгээд буюу лифтний ашиглалт хариуцагч хэн болох нь тодорхойгүй түүнийг томилсон тушаал байхгүй байна. Лифтний ашиглалт хариуцагч этгээд нь лифт хэвийн ажиллах нөхцөл бололцоог хариуцах ба лифтчин эзгүй байх /түр чөлөө авах, гм/ тохиолдолд өөр лифтчин ажилд түр авч ажиллуулах зэрэг арга хэмжээг авч хяналт тавьж ажиллах үүрэгтэй. 8. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.14.3. заалтад цахилгаан шат, өргөх краны угсралт, засвар үйлчилгээг эрхлэхээр түүнчлэн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын Сайдын 2008 оны 53 дугаар тушаалаар батлагдсан “Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 28.1 заалтад лифтийн угсралт, засвар, техникийн үйлчилгээ, шинэчлэл хийх ажлыг эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан, мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан байдаг. Иймд “Х” ХХК-ийн харуул хамгаалалт хариуцсан ажилтан Б.А нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 а байрны лифтний эвдрэл, доголдлыг арилгах, гацсан тохиолдолд дотор нь зорчиж явсан иргэдийг лифтээс гаргах чиг үүрэг бүхий ажил үүргийг гүйцэтгэх албан тушаалтан биш юм. 9. “” ХХК-ийн эд хөрөнгө хариуцсан ажилтан Б.Мядагмаа нь лифтийн ашиглалт хариуцагчаар тушаалаар томилогдоогүй тохиолдолд 50-р байранд харуулын үүрэг гүйцэтгэж байсан “” ХХК-ийн харуул хамгаалалт хариуцсан ажилтан Б.Ад, тус байруудын лифтний эвдрэл, доголдлыг арилгах, засварлах үүргийг өгөх эсхүл уг үүргийг гүйцэтгэх эрхийг олгох эрх бүхий ажилтан биш юм. 10. “Х” ХХК-ийн харуул хамгаалалт хариуцсан ажилтан Б.А нь 50 а байрны лифтний хонгил руу хөдөлмөр аюулгүй байдлын хууль, дүрмийн холбогдох заалтууд зөрчигдсөний улмаас унаж нас барсан байна. Лифтний ашиглалт хариуцагчийг томилоогүйгээс осол гарсан байх магадлалтай. Лифтний хонгилын хаалгыг тусгай түлхүүрээр онгойлгох үйлдэл нь сургалтад хамрагдаагүй мэргэжлийн бус ажиллагсад, иргэд хонгил руу унах аюултай. 11. ...Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Ажил олгогч нь энэ хуульд зааснаас бусад тохиолдолд ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй ажил гүйцэтгэхийг шаардаж болохгүй” гэсэн заалт зөрчигдсөн гэж дүгнэж байна. 14. Тус 50а байрны хүн зөөврийн лифт нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 23.30 цагийн орчимд 3 дугаар давхрын зогсоол дээр гацаж зогссон нь хаалганы босгоны завсраар гадны жижиг биет орох, мэдрэгч дээр хэн нэгэн этгээд лент наах, хаалганы түгжээ эсвэл цахилгаантай холбоотой техникийн ямар нэг гацалт үүсэх түүнчлэн зорчигч бүхээгийг 3-р давхарт хаалгыг нь нээлттэйгээр байдлаар саатуулах гэх мэт олон үйлдлийн аль нэгээс шалтгаалан гацсан байна. Харуулын ажилтан Б.А лифтний гацааг гаргах эсвэл бүхээгт байж болзошгүй зорчигчийг гаргах зорилгоор бүхээг нь гацаж зогссон 3-р давхрын хаалгыг шалгахын оронд 1-р давхрын хонгилын хаалгыг онгойлгосон (1-р хавтаст хэргийн 236-248 хуудас) байх магадлалтай байна. Энэхүү үйлдэл нь “Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 27.13. Лифтчинээр 18 насанд хүрсэн эмчийн үзлэгт орсон эрүүл мэндийн шаардлага хангасан хүмүүсийг авч ажиллуулна. 27.14. Лифтчидийн мэдлэг, дадлагыг эзэмшигч байгууллагаас зохион байгуулсан мэргэжлийн комисс жил бүр шалгана. 27.15. Лифтчин дараах зохих зүйлсийг мэддэг байх шаардлагатай. Үүнд: Ажиллаж байгаа лифтийнхээ бүтэц зохион байгуулалт, Удирдлагын системийн зорилго ба түүнийг зөв ажиллуулах арга, Ослоос хамгаалах хэрэгслийн байрлал ба түүний ач холбогдол, хаалганы цоож, хаалга, шалны доорх авалцаа, баригч, төгсгөлийн унтраалга, хурд хязгаарлагчийн ажиллагаа, Дохионы зориулалт, 27.21. Бүхээг нь давхрын хооронд зогсвол зорчигчдоос өөрсдөө арга хэмжээ авахаар оролдож болохгүйг сануулаад механикийг дуудах зэрэг заалтууд биелээгүйгээс шалтгаалсан байна. 15. “Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 30.5. ...Шалгалтын дүнгээр протокол үйлдэж тэнцсэн хүмүүст үнэмлэх олгоно гэж заасан байдаг. Харуул хамгаалалтын ажилтан Б.Аг лифтийг засах, хэвийн үйл ажиллагаанд оруулах талаар мэргэжлийн сургалтанд хамруулсан тухай ямар нэгэн баримт хавтаст хэрэгт байхгүй байна. 17. Б.Агийн амь насаа алдсан 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гацсан лифтүүдийг хэвийн байдалд оруулах үүрэг даалгаврыг “Х Өргөө” ХХК-ийн эд хөрөнгө хариуцсан ажилтан Б.Мядагмаа rap утсаар (хавтаст 1 хэрэг 76-р хуудас) 2 удаа өгөхдөө хэрхэн ажиллахыг зааварчлаагүй байна. Лифтчингүй үед лифттэй харьцах /цахилгаан шатны түлхүүр өгөх, утасдаж засах үүрэг өгөх гм/ ажлыг харуул хамгаалалтын ажилтнаар осол гарах өдөр буюу 2019.06.19-ний өдөр гүйцэтгүүлсэн нь “Х Өргөө” ХХК-ийн эд хөрөнгө хариуцсан ажилтан Б.Мядагмаагийн мэдүүлэг болон харуулуудын ээлж хүлээлцэхээр 2019.03.04-ний өдрөөс эхлэн осол гарах хүртэл хөтөлсөн “Рапорт” дэвтрийн тэмдэглэлд тусгагдсан байна. Лифтчин Л.Мягмаржав нь 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 14 хоног хувийн шалтгаанаар чөлөө авч, эзгүй байх үед орны хүнийг ажиллуулаагүйгээс шалтгаалсан байна. 18. ...Иймээс “Х Өргөө” ХХК-д эд хөрөнгө хариуцсан ажилтан Б.Мядагмаа эрх мэдлээ хэтрүүлж лифтний гацааг гаргах үүргийг осолдогчид өгсөн нь осол гарах шалтгаан болсон гэж дүгнэж байна...” гэжээ /3 дугаар хавтас, хх-10-20/,

Шинжээч Н.Буйдангийн: “Тус байрны “Х Өргөө” ХХК-ний захирал нь цахилгаан шат хариуцсан, ашиглалт хариуцагч ажилтан томилоогүй, лифтчин чөлөө авсан үндэслэлээр ажлын байранд байгаагүй. Лифтийг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэмд лифт ашиглалт хариуцсан ажилтан, лифтчин гэх 2 албан тушаалтан зайлшгүй байх ёстой. Энэ байгууллагын хувьд ашиглалт хариуцсан ажилтан захирлын тушаалаар томилсон эсэх нь хавтаст хэрэгт байгаагүй. Дээрх албан тушаалтанг лифтийг эзэмшигч, ашиглагч байгууллагын захирал тушаал шийдвэр гаргаж томилох ёстой байдаг. ...Лифтний ашиглалт хариуцсан хүн нь өөрөө лифтний ашиглалтын аюулгүй байдлыг ханган ажилладаг хүний хувьд сургалтанд хамрагдаагүй, мэргэжлийн үнэмлэхгүй хүнд лифтчний үүрэгт ажлыг даалгаж болохгүй. Энэ нь лифтийг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэмд хориглосон байдаг. Лифтний ашиглалт хариуцсан ажилтан нь лифтчин байхгүй тохиолдолд лифтийг ашиглахгүй зогсоох үүрэгтэй байсан. Эсвэл өөр байгууллагын лифтчинг түр ажиллуулах, өөр хэн нэгэн хүнийг сургалтанд хамруулж мэргэжлийн үнэмлэхтэй хүнийг захирлын тушаалаар түр хугацаагаар томилуулан ажиллуулах боломжтой. Лифтчин Хөдөлмөрийн хуулиар 8 цаг ажиллах ёстой. Лифт ажиллаж байгаа тохиолдолд лифтчин ажлын байраа орхиж явахыг хориглодог. Эзэмшигч байгууллага лифтийг 24 цагаар ажиллуулдаг бол лифтний ашиглалт хариуцсан ажилтан, лифтчин томилж ажиллууах ёстой. Лифь ажиллаж байгаа бол лифтчин заавал байх ёстой. ...Миний бие дүгнэлт гаргахдаа тухайн байрны осол гарсан лифтний 1 давхрын хаалгыг тусгай түлхүүр ашиглан онгойлгож үзэхэд сургалтанд хамрагдаагүй, мэргэжлийн үнэмлэхгүй иргэн хүн тэр тусмаа гар хөлийн хуруу дутуу хөгжлийн бэрхшээлтэй иргэн онгойлгох үед осол гарах өндөр магадлалтай байсан. Энэ үйлдэл нь их ажиллагаатай нэг гараараа түлхүүрээр цоожийг онгойлгон энэ үед нөгөө гараараа хаалганы хавтсыг 5-10 кг хүчээр түлхэж онгойлгоно. Энэ үед хөгжлийн бэрхшээлтэй сургалтанд суугаагүй дадлага туршлагагүй хүн унаж осол гаргах магадлал өндөр байна...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-22-26/,

Шүүгдэгч Б.Хийн яллагдагчаар өгсөн: “Тогтоолд дурдсан хууль зөрчсөн үйлдлүүдийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие гадаадад зорчин явахдаа утсаар өөрийн бүх ажлыг удирдаж үүрэг даалгавар өгч байсан. Түүнээс хэн нэгэнд өөрийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгөөгүй байсан. Лифтчинд чөлөө өгөхийг зөвшөөрсөн бөгөөд лифтчиний оронд хүн томилоогүй нь миний буруу болсон байна. Манай байгууллагад лифтний ашиглалт хариуцсан албан тушаалтан байхгүй байсан...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтас, хх-37-40/,     

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-4-15, 16-29/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-30-32/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-91-98/, “” ХХК-ний харуул хамгаалалтын ажилтны цагийн бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-117-118/, харуулуудын рапортын дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-119, 121-122/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /5 дугаар хавтас, хх-65/, гэрч Б.Батдоржийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-240, 2 дугаар хавтас, хх-13-14, 144-147/, “Х ” ХХК-ийн тодорхойлолт /5 дугаар хавтас, хх-61/, гэрч Ц.Алтанхуяг, М.Батжолоо нарын мэдүүлэг /5 дугаар хавтас, хх-62-63, 64/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /5 дугаар хавтас, хх-67/, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа /5 дугаар хавтас, хх-68/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /5 дугаар хавтас, хх-69/, дээд боловсролын дипломын хуулбар /5 дугаар хавтас, хх70-71/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /5 дугаар хавтас, хх-72/, байгууллагаас олгосон тусламж, нөхөн төлбөрийн баримт /5 дугаар хавтас, хх-73-75/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргаж өгсөн  “Хохирогчид учирсан хохирол, хор уршгийг барагдуулах хэлцэл, “хохиролд 200.000.000 төгрөг төлсөн” талаарх шилжүүлгийн баримт, талуудын итгэмжлэлүүд, “Х ” ХХК-аас гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах хариу арга хэмжээ авсан тухай 66 хуудас баримтыг тус тус талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогчид гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч “Х ” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай Б.Х нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2008 оны 53 дугаар тушаалаар батлагдсан “Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 27.9 дахь заалтад заасан лифтний аюулгүй ашиглалт, засвар үйлчилгээний ажилд хяналт тавих үүрэг бүхий этгээд буюу лифтний ашиглалт хариуцагчийг томилон ажиллуулаагүй, тус байрны лифтчин чөлөө авч, эзгүй байх үед орны хүнийг томилон ажиллуулаагүй, хариуцсан лифтчин байхгүй үед лифтийг зогсоогоогүй ажиллуулсны улмаас “” ХХК-ийн харуул хамгаалалт хариуцсан ажилтан Б.А нь 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 50а байрны 3 дугаар давхарт гацаж зогссон лифтний гацааг гаргах эсхүл бүхээгт байж болзошгүй зорчигчийг гаргах зорилгоор 1 дүгээр давхрын хонгилын хаалгыг онгойлгон хонгилд унаж нас барсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бгийн “...Ингээд би нөхрийгөө хайгаад олоогүй байхад 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагаас 11 цаг өнгөрөөгөөд залгаад “цагдаа дээр ир” гэхээр нь очиж уулзаж, нөхрийгөө ажил дээрээ нас барсан талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-160-161/,

гэрч Б.Мядагмаагийн “...2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр “тог тасраад 50б байранд шөнийн 23 цаг өнгөрөөгөөд лифтэнд хүн гацлаа” гэж миний дугаар луу залгаж хэлсэн. Би мэдээг аваад харуул Агийн 88-тай дугаар луу “50б байрны лифтэнд хүн гацсан байна, гарга” гэж хэлсэн. Мөн өдрийн 18 цагийн үед байх 50а байранд лифтний 2 давхарт хүн гацсан гээд би мөн харуул Аг дуудаж тэр хүнийг гаргуулсан. Лифтэнд хүн гацсан тохиолдолд лифтчин гаргах үүрэгтэй. Гэхдээ тухайн үед лифтчин байхгүй байсан. Би хүн гацсаныг гарга гэж харуулд хэлсэн нь үнэн... Би лифтчин Мягмаржав ахыг ажилдаа ирэхээ болиод оронд нь өөр хүн ирэх л байх гэж бодоод удирдах албан тушаалтай хэн нэгэн хүнд лифтчин байхгүй байна гэж хэлээгүй. Лифт гацахаар нь засварын газрын хүнд дуудлага өгөөд байсан болохоор дарга нарт хэлээгүй. ...Аг гадаа, ээлжийн ажилтай байсан болохоор “очоод шалгаад өгөөч” гэж гуйснаас болж өнөөдөр ийм зүйл болчихоод байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-177-178, 241-244, 2 дугаар хавтас, хх-163-166/,

гэрч М.Бадамдоржийн “...Би 19-ний өдрийн 19 цагийн үед Ад хоол аваачиж өгсөн. Тэгэхэд гадаа байсан би хоолыг нь өгчихөөд явсан. Ээлжинд гарсан харуулууд цаг тутамд станцаар мэдээ өгдөг. А хамгийн сүүлд 23 цагт мэдээ өгсөн. Түүнээс хойш мэдээ өгөхгүй байхаар нь шөнө 03 цагт би шалгахаар ирэхэд гадна пост цоожгүй, хүнгүй байхаар нь би постон дотор хоноод өглөө нь 09 цагт дараагийн ээлжээ хүлээлгэн өгсөн. 20-ны өглөө би Агийн эхнэр лүү утсаар ярьж асуухад “мэдэхгүй, гэртээ ирээгүй” гэсэн. ...Хамгаалагч лифт хариуцахгүй. Лифтийг Мядагмаа гэх хүн хариуцдаг...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-182-183, 211-212/,

гэрч Д.Энхжаргалын “...Бид нарт лифтэнд хүн гацсан гэсэн дуудлага ирвэл гаргаж өгөхгүй, түүнийг ажиллуулж мэдэхгүй. Харин лифтчинд дамжуулан хэлдэг. Харуулуудын ажил үүргийн хуваарь лифтийг ажиллуулах үүрэг байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-172-173/,

гэрч Я.Цэвээнжавын “2019 оны 6 дугаар сарын 19-ний орой 18 цагт лифт рүү орсон чинь тог тасарсан. Харуул, Мядагмаа 2 над руу ирж лифтнээс гаргасан. Би харуулд “баярлалаа” гэж хэлээд буусан. Харуул орой намайг цонхоор харахад машин тэрэг зохицуулаад явж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-204/,

гэрч Л.Мягмаржавын “...Уг компанид лифтчинээр ажиллаж байх хугацаанд 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 14 хоногийн чөлөө авч Архангай аймаг руу явсан. ...Намайг чөлөө авч явснаас хойш лифтчинээр хүн ажиллуулаагүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-151-153/,

хавтаст хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн 2019.12.24-ний 1525 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “...Хавтаст хэргийн материалд авагдсан цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт 1526, 3-н ширхэг CD, 50А байр, 555-р зочид буудал, 50А-байрны дүрс бичлэгүүд, шүүх эмнэлгийн шинжилгээний газрын цогцосны шинжилгээний биологийн дээж авсан бичлэг зэргээс үзэхэд цогцос ялзарч, хожуу үеийн өөрчлөлтөнд орсон, дунд зэргийн согтолтын үед илэрдэг эмнэл зүйн шинжүүдтэй тохирохгүй байна. 2. Б.А нь 2019.06.19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байгаад нас барсан гэж үзэх боломжгүй байна. Харин 2019.07.08-ны өдөр цогцос нь ялзарч муудсан байдалтай олдох /халуун, битүү орчинд байсан/ үед цогцосноос авсан биологийн дээжинд цогцосны ялзралаас үүссэн нянгийн нөлөөгөөр 2,4 промилл спиртийн агууламж үүссэн байх боломжтой...” гэх шинжилгээ /2 дугаар хавтас, хх-214-224/,

шинжээчийн 05-092/10 дугаар “...5. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 50а байрны хүн зөөврийн лифт нь 2019.06.19-ний өдрийн 23:30 цагийн орчимд 3 дугаар давхрын зогсоол дээр гацаж зогссон байна. Тус байруудын лифтийг хариуцсан лифтчин чөлөөтэй, эзгүй байсан тул харуулын ажилтан Б.А лифтний гацааг гаргах эсвэл бүхээгт байж болзошгүй зорчигчийг гаргах зорилгоор 3-р давхрын гацсан хаалгыг шалгахын оронд 1-р давхрын хонгилын хаалгыг онгойлгосноос (1-р хавтаст хэргийн 236-248 хуудас) хонгил руу унасан байна. 7. ...Хавтаст хэрэгт лифтний аюулгүй ашиглалт, засвар үйлчилгээний ажилд хяналт тавих үүрэг бүхий этгээд буюу лифтний ашиглалт хариуцагч хэн болох нь тодорхойгүй түүнийг томилсон тушаал байхгүй байна. Лифтний ашиглалт хариуцагч этгээд нь лифт хэвийн ажиллах нөхцөл бололцоог хариуцах ба лифтчин эзгүй байх /түр чөлөө авах, гм/ тохиолдолд өөр лифтчин ажилд түр авч ажиллуулах зэрэг арга хэмжээг авч хяналт тавьж ажиллах үүрэгтэй. 8. ...“Х” ХХК-ийн харуул хамгаалалт хариуцсан ажилтан Б.А нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 50а байрны лифтний эвдрэл, доголдлыг арилгах, гацсан тохиолдолд дотор нь зорчиж явсан иргэдийг лифтээс гаргах чиг үүрэг бүхий ажил үүргийг гүйцэтгэх албан тушаалтан биш юм. 10. “Х” ХХК-ийн харуул хамгаалалт хариуцсан ажилтан Б.А нь 50 а байрны лифтний хонгил руу хөдөлмөр аюулгүй байдлын хууль, дүрмийн холбогдох заалтууд зөрчигдсөний улмаас унаж нас барсан байна. Лифтний ашиглалт хариуцагчийг томилоогүйгээс осол гарсан байх магадлалтай. 12. Хавтаст хэрэгт авагдсан материалтай танилцахад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн баримт шаардлагын төвшинд авагдаагүй байна. ...Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Ажил олгогч нь энэ хуульд зааснаас бусад тохиолдолд ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй ажил гүйцэтгэхийг шаардаж болохгүй” гэсэн заалт зөрчигдсөн нь осолдогчийн үйлдлээр нотлогдож байна. 18. “Х Өргөө” ХХК-д эд хөрөнгө хариуцсан ажилтан Б.Мядагмаа болон “Х Өргөө” ХХК-д харуулын ээлжийн ахлах ажилтай М.Бадамдорж нар нь “” ХХК-ний ажилтан биш тул “” ХХК-ний ажилтанд ажлын чиг үүрэг өгөх эрх бүхий албан тушаалтан биш болно. Иймээс “Х Өргөө” ХХК-д эд хөрөнгө хариуцсан ажилтан Б.Мядагмаа эрх мэдлээ хэтрүүлж лифтний гацааг гаргах үүргийг осолдогчид өгсөн нь осол гарах шалтгаан болсон гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт /3 дугаар хавтас, хх-10-20/,

шинжээч Н.Буйдангийн “Тус байрны “Х Өргөө” ХХК-ний захирал нь цахилгаан шат хариуцсан, ашиглалт хариуцагч ажилтан томилдоогүй, лифтчин чөлөө авсан үндэслэлээр ажлын байранд байгаагүй. Дээрх албан тушаалтанг лифтийг эзэмшигч, ашиглагч байгууллагын захирал тушаал шийдвэр гаргаж томилох ёстой байдаг. Лифтний ашиглалт хариуцсан ажилтан нь лифтчин байхгүй тохиолдолд лифтийг ашиглахгүй зогсоох үүрэгтэй байсан. Эсвэл өөр байгууллагын лифтчинг түр ажиллуулах, өөр хэн нэгэн хүнийг сургалтанд хамруулж мэргэжлийн үнэмлэхтэй хүнийг захирлын тушаалаар түр хугацаагаар томилуулан ажиллуулах боломжтой...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-22-26/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-4-15, 16-29/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-30-32/, харуулуудын рапортын дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-119, 121-122/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Хийн “Х ” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа “Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 27.9 дахь заалтад заасан лифтний аюулгүй ашиглалт, засвар үйлчилгээний ажилд хяналт тавих үүрэг бүхий этгээд буюу лифтний ашиглалт хариуцагчийг томилоогүй, лифтчин эзгүй байх үед орны хүнийг томилон ажиллуулаагүй, лифтийг зогсоогоогүй ажиллуулсны улмаас иргэн Б.Агийн амь насыг хохироосон болгоомжгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас иргэн Б.Агийн амь нас хохирсон бөгөөд түүний хууль ёсны төлөөлөгч Б.Б гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт нийт 338.750.000 төгрөг нэхэмжилсэн боловч хэргийн талуудын хооронд  2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан “шүүгдэгч 200.000.000 төгрөг төлөх, хохирогч үлдэх 138.750.000 төгрөгөөс татгалзсан” талаарх “Хохирогчид учирсан хохирол, хор уршгийг барагдуулах хэлцэл”-ийг шүүхэд ирүүлсэн тул шүүх талуудын хохирлын талаарх эвлэрлийг баталж шийдвэрлэлээ.

Түүнчлэн шүүгдэгч хохирол төлсөн, хохирогч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан талаар оролцогчид шүүх хуралдаанд тус тус мэдүүлсэн, шүүгдэгч 200.000.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн банкин дахь дугаар данс руу шилжүүлсэн Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт зэргийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно. Мөн шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 37.801.166 төгрөг төлсөн болохыг тэмдэглэж байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Х нь лифтчин ажиллуулаагүй, хариуцсан ажилтан томилоогүйн улмаас Б.А осолдож нас барсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэж,

хохирогчийн өмгөөлөгч Х.Баасанжаргал “Энэ бүх маргаан эцэстээ ёс суртахууны л асуудал байсан. Амь хохирогчийн утсыг нь авсан, камерийг цаг тухайд нь үзсэн бол гээд л олон асуудал байгаа. Бадамдоржид урьдчилан сэргийлэх боломж байсан” гэж,

хохирогчийн өмгөөлөгч Н.Баасанжав “Хор уршиг ирээдүйд гарах зардал бөгөөд жишиг үнээр баримжаалж нэхэмжилсэн. Шүүгдэгчийн хохирол төлөх чин хүсэл байсан болохыг хэлмээр байна” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Амаржаргал “Гэм буруугийн хувьд маргаагүй. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмшиж байгаа, хохирлыг төлж барагдуулсан, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваажанцан “Зүйлчлэл, гэм буруу дээр маргаагүй. Хохиролд 237.800.000 төгрөг төлсөн. Тэнсэж өгнө үү” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /лифтний аюулгүй ашиглалт, засвар үйлчилгээний ажилд хяналт тавих үүрэг бүхий этгээд буюу лифтний ашиглалт хариуцагчийг томилон ажиллуулаагүй, лифтчин эзгүй үед орны хүнийг томилон ажиллуулаагүй, хариуцсан лифтчин байхгүй үед байрны лифтийг зогсоогоогүй ажиллуулсан, амь хохирогч Б.А лифтний гацааг гаргах эсвэл бүхээгт байж болзошгүй зорчигчийг гаргах зорилгоор 3-р давхрын гацсан хаалгыг шалгахын оронд 1-р давхрын хонгилын хаалгыг онгойлгосноос хонгил руу унасан, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /нэг хүний амь хохирсон, хохиролд 237.800.000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Шүүгдэгчийг торны цаана суулгах сонирхолгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа/-ыг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгч нарын эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Хид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэлээ.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, хавсарган ирүүлсэн CD 3 ширхгийг хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Х цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хиа нар овогт Бадамдоржийн Хийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Хид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.  

3. Шүүгдэгч Б.Хид тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Х тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.    

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, CD 3 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Х бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б “338.750.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 138.750.000 төгрөгөөс татгалзаж, шүүгдэгч 200.000.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон талуудын эвлэрлийг баталсугай.   

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР