Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 1024

 

 

                            

 

 

 

 

 

 

 

      2020          9           21                                     2020/ШЦТ/1024         

 

-                                         

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Т.Алтантуяа, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч А.Тунгалагтуяа,

иргэдийн төлөөлөгч Ж.Тогтохжаргал,

шинжээч Л.Баттулга,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямсүрэн,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Эг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2008000000915 дугаар хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.       

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, группт байдаг, ам бүл 5, эх, ах, дүү нарын хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Буянболын Э /РД:/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Б.Э нь согтуугаар 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 21-06 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Я.Быг “хардалтын улмаас” хутгаар түүний биед цээжний баруун талд суганы арын шугамаар 6,7-р түвшинд цээжний хөндий рүү нэвтэрч баруун уушгины гялтан гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндий дэх шингэн хуралдалт, баруун бугалга, зүүн тохойд хатгагдсан гэмтлүүд үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Бтай 3 жил амьдарч байна. Юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Тавиур дээр байсан жижиг хутгыг би авсан. Тухайн үед Б намайг загнаагүй, зодоогүй. Яагаад хутгалснаа санахгүй байна” гэв.

Шинжээч Л.Баттулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Оюуны төвшний ялгаагаар тодорхойлогдоно. IQ-н төвшинг 66 хувь буюу оюуны хөнгөн хомсдол гэж үзсэн. Ийм өвчтэй хүн өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай. 9-12 насны хүнд ийм IQ байдаг. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоох, хэрэг хариуцах чадвар гэдэг бол хоёр өөр ойлголт” гэв.

 

Эрүүгийн 2008000000915 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Я.Бы: “Би Этэй 2017 онд барилга дээр ажил хийж байгаад танилцсан. Бид хоёр дундаасаа хүүхэдгүй. Гэрлэлтийн баталгаагүй. Урьд өмнө Э бид хоёрт ямар нэгэн гэр бүлийн таарамжгүй харилцаа байгаагүй. Э жаахан сэтгэцийн өөрчлөлттэй. 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдөр манай гэр болох Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 21-06 тоотод би хамтран амьдрагч Э, найз Сандэлэг нарын хамт архи уусан. Э миний гар утсыг ямар ч шалтгаангүй аваад газар чулуудсан. Би “яаж байгаа юм” гээд уурлаад утсаа аваад эргээд хартал Э гэрт байдаг бор иштэй хутгаар миний зүүн гарын тохой руу нэг удаа, баруун хавирганы хэсэгт нэг удаа, баруун гарын булчингийн орчим нэг удаа хутгалсан. Эд “чи яагаад намайг хутгалж байгаа юм бэ” гэсэн чинь юу ч хэлэхгүй, дуугүй opoн дээр хэвтээд өгсөн. Гарт байгаа хутгыг нь харсан чинь хоол хийгээд гартаа барьж байсан бор иштэй жижиг хутга байсан. Хажууд байсан Сандэлэг “чи яагаад хүн хутгалж байгаа юм бэ” гэж хэлээд гэрээс гарсан. Удалгүй эмнэлэг, цагдаа хүрээд ирсэн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо миний биеийн байдал гайгүй болчихсон. Эмчилгээний зардал мөнгийг Эгийн гэр бүлээс бүрэн гаргасан. Миний хамтран амьдрагч Э хутгаар 3 удаа хутгалж, биед гэмтэл учруулсан. Өөр хүн учруулаагүй...” гэх мэдүүлэг /хх-30/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.05.12-ны өдрийн 5433 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Я.Бы биед цээжний баруун талд суганы арын шугамаар 6,7-р түвшинд цээжний хөндий рүү нэвтэрч баруун уушгины гялтан гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндий дэх шингэн хуралдалт, баруун бугалга, зүүн тохойд хатгагдсан гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн дөрвөн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /хх-40-41/,

Гэрч Ц.Сандэлэгийн: “2020 оны 5 дугаар сарын 02-ны оройхон байсан байх. Бы гэрт очиход түүний эхнэр Э байсан. Дэлгүүрээс 0,5 литрийн архи, 2 литрийн пиво авчраад Э, Б бид гурав хувааж уусан. Би бараг ганцаараа архийг нь уусан. Харин Б, Э хоёрт нэг нэг татуулсан, тэр хоёр пивийг хувааж уусан. Би гэрийн баруун талд газар хэвтэж байтал 15-16 цагийн орчим байсан байх ...гэрийн зүүн талд хөргөгчний наад талд Б, Э хоёр тэврэлдээд зогсож байснаа Э нь Жавхаа гэдэг нэр хэлээд Быг хардаад байх шиг байсан. Тэр хоёр ерөөсөө зууралдаж, зодолдсон асуудалгүй байж байтал Э хаанаас хутга авсныг мэдэхгүй, хүрэн өнгийн хутга баруун гартаа барьчихсан байснаа гэнэт л Бы зүүн билүү, баруун ч билүү тохойны хэсэгт нь, мөн булчин хэсэг, баруун цээжний хажуу хэсэгт, нийт гурван удаа хутгалсан. Б “намайг Э хутгалчихлаа” гээд газар унаад өгсөн. Э гэрээс гараад явсан. Би Быг очиж түшиж босгоод шалан дээр байсан хоёр хутганы нэгийг хөргөгчний доогуур, нэгийг нь хоолны шүүгээн доогуур өшиглөсөн. ...Э Быг хардаад л хутгалсан гэж бодож байна. Өөр тэр хоёр муудалцах ямар ч асуудал болоогүй...” гэх мэдүүлэг /хх-32/,

Шинжээчийн 2020.05.22-ны өдрийн 2617 дугаар дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн 1 болон 2 дугаартай бор өнгийн модон иштэй хутга нь илрүүлэх шинжилгээнд тэнцэж байна. 2 дугаартай бор өнгийн модон иштэй хутганд илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд хүрэлцэхгүй байна. 2. 1 дугаартай бор өнгийн модон иштэй хутга дээр цус илрээгүй...” гэжээ /хх-69-70/,

Шинжээчийн 2020.06.08-ны өдрийн 2926 дугаар дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн ХГҮ-ээр хураан авсан гэх “Zou Shao” гэсэн шошготой, богино ханцуйтай цагаан өнгийн футболкон дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь АВО системээр В(III) бүлгийн харьяалалтай хүний цус байна” гэжээ /хх-73-74/,

Шүүгдэгч Б.Эгийн яллагдагчаар өгсөн: “Би прокурорын тогтоолтой танилцлаа. Би болсон хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг /хх-146-147/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020.06.09-ний өдрийн 605 дугаар дүгнэлтэд: “1. Б.Э нь F70.1. Оюуны хөнгөн хомсдол, зан төрхийн өөрчлөлт эмгэгтэй байна. 2. Б.Эгийн F70.1. эмгэг нь төрөлхийн шалтгаант эмгэг болно. 3. Б.Э нь хэрэг үйлдэгдэх үед F70.1. эмгэгтэй байсан байна. 4. Б.Эгийн F70.1. эмгэг нь цаашид бүрэн эдгэрэх боломжгүй. 5. Б.Э цаашид өөртөө болон бусдад аюул учруулах эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй байна. 6. Б.Э нь өөрийн сэтгэцийн түвшин харсан, сонссон, мэдсэн зүйлийнхээ талаар мэдүүлэх чадвартай байна. 7. Б.Э нь өөрийн сэтгэцийн түвшинд өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байна. 8. Б.Э нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 9. Б.Э нь хэрэг үйлдэх үедээ санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх баримт, шинж үгүй байна. 10. Б.Эд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. 11. Б.Э нь сэтгэц идэвхит бодисоос хамааралтай гэх шинж, баримт үгүй байна” гэжээ /хх-53-55/,

Шинжээч Л.Баттулгын: “...Сэтгэл судлалын шинжилгээгээр Б.Эгийн IQ=66% /щ.о=53/ тул хөнгөн хомсдолтой гэж дүгнэсэн. Оюуны хөнгөн хомсдолтой хүн өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай...” гэх мэдүүлэг /хх-56-57/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020.08.13-ны өдрийн 792 дугаар дүгнэлтэд: “1.Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 605 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Сэтгэцийн Эрүүл Мэндийн Төвийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Оюун ухааны түвшин тогтоох шинжилгээний дүгнэлтэнд IQ=66% /щ.о=53/ байна. Энэ нь Оюун ухааны хөнгөн зэргийн хомсдол болно. 3. Б.Э нь Оюуны хөнгөн хомсдол, Зан төрхийн өөрчлөлт /F70.1/ сэтгэцийн эмгэгтэй байна. Б.Э нь хэрэг хариуцах чадвартай байна. 4. Б.Э нь өөрийн сэтгэцийн түвшинд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. Б.Э нь өөрийн сэтгэцийн түвшинд өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байна” гэжээ /хх-139-142/,

дуудлагын лавлагааны хуудас /хх-4/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-15/, Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-19-23/, шинжээчийн 2020 оны 2549 дүгээр дүгнэлт /хх-61-62/, гэрч М.Нямцэрэнгийн мэдүүлэг /хх-38/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-111/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-88/, Асап сангийн мэдээлэл /хх-92-97/, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны тодорхойлолт /хх-101/, нийгмийн халамжийн дэвтрийн хуулбар /хх-104-105/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актад “F71 Оюуны хүндэвтэр хомсдол оноштойгоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар алдсан” гэжээ /хх-106/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-107/, эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа /хх-119/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-110/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа /хх-115/, нийгмийн даатгалын хэлтсийн албан бичиг /хх-117/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг уншиж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн фудболк, бор өнгийн модон иштэй 2 ширхэг хутга зэргийг оролцогчдоор таниулж тус тус шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Харин шүүх хуралдаанаар талуудаас хэлэлцүүлсэн шүүгдэгч Б.Эгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-34/-ийг оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг зөрчсөн гэж шүүх дүгнэн шийдвэрийн үндэслэл болгоогүйг тэмдэглэж байна.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Э согтуугаар хамтран амьдрагч Быг хардалтын улмаас хутгалж, хүнд гэмтэл учруулсан нь нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирогч нэхэмжилсэн зүйлгүй тул бусдад төлөх төлбөргүй. Цочрон давчидсан шинж илэрдэггүй. Өөрийн үйлдлээ өөрөө мэддэг. Шинжээчийн дүгнэлт гарсан байгаа...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 гэсэн хэргийн зүйлчлэлийг зөвшөөрөхгүй. Эгийн үйлдэл нь 1 удаагийн шинжтэй. Гэр бүлийн хүчирхийлэл нь байнгын шинжтэй байдаг. Улсын дээд шүүхийн тайлбарт дурдсан шиг эрхшээлдээ байлгах гээд, давамгай байдал бий болгох гэсэн санаа байгаагүй. Хүнд гэмтлийн хувьд маргаан байхгүй. Эрх зүйн чадамжгүй этгээд гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзэх боломжтой. Санаатай хутгалаагүй тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйл буюу санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж өөрчилж өгнө үү” гэж,  

иргэдийн төлөөлөгч “Гэм буруутай” гэж гэм буруугийн дүгнэлтээ тус тус танилцууллаа. 

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Э согтуурсан үедээ 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 21 дүгээр гудамж, 06 тоотод хамтран амьдрагч Я.Быг таарамжгүй харилцааны улмаас 3 удаа хутгалж, биед нь цээжний баруун талд суганы арын шугамаар 6,7-р түвшинд цээжний хөндий рүү нэвтэрч баруун уушгины гялтан гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндий дэх шингэн хуралдалт, баруун бугалга, зүүн тохойд хатгагдсан гэмтлүүд бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Я.Бы “...Манай гэрт хамтран амьдрагч Э, найз Сандэлэг бид гурав архи уусан. ...Э гэрт байдаг бор иштэй хутгаар миний зүүн гарын тохой руу нэг удаа, баруун гарын хавирганы хэсэгт нэг удаа, баруун гарын булчингийн орчим нэг удаа хутгалсан. ...Э хутгаар 3 удаа хутгалж, биед гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-30/, шүүх эмнэлгийн 5433 дугаар “1. Я.Бы биед цээжний баруун талд суганы арын шугамаар 6, 7-р түвшинд цээжний хөндий рүү нэвтэрч, баруун уушгины гялтан гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндий дэх шингэн хуралдалт, баруун бугалга, зүүн тохойд хатгагдсан гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-40-41/, гэрч Ц.Сандэлэгийн “...Архи, пиво авчраад Э, Бярсайхан бид гурав хувааж уусан. ...Э хутга баруун гартаа барьчихсан байснаа гэнэт л Бы зүүн билүү, баруун ч билүү тохойны хэсэгт, мөн булчин хэсэг, баруун цээжний хажуу хэсэгт, нийт 3 удаа хутгалсан...” гэх мэдүүлэг /хх-32/, шинжээчийн 2617 дугаар “1. Шинжилгээнд ирүүлсэн 2 дугаартай бор өнгийн модон иштэй хутганд илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд хүрэлцэхгүй байна...” гэх дүгнэлт /хх-69-70/, дуудлагын лавлагааны хуудас /хх-4/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-15/, Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-19-23/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд мөрийн баримт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх гэмт хэргийн шинжийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гэм буруугийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэн прокуророос шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж байгаа зөрчил, гэмт хэргийн шинжтэй үйлдэл нэг бүр гэр бүлийн хүчирхийллийн шинжид хамаарахгүй. Энэ гэмт хэргийн хувьд шүүгдэгч, хохирогч нар нь нэг гэрт хамтран амьдардаг гэх боловч, 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн маргаан нь эр, эмийн хардалтын улмаас буюу таарамжгүй харилцааны улмаас үүссэн болох нь гэрч Ц.Сандэлэгийн “Э нь Жавхаа гэдэг нэр хэлээд Быг хардаад байх шиг байсан” гэх мэдүүлэг /хх-32/-ээр тогтоогдож байна. Уг тохиолдлын шинжтэй, нэг удаагийн /урьд ийм үйлдэл гаргаж байгаагүй гэдэг/, тухайн цаг хугацаанд үүссэн нөхцөл байдлын улмаас шүүгдэгч Б.Эгийн хохирогч Я.Бг хутгалж, хүнд хохирол учруулсан үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Хэргийн зүйлчлэлийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйл болгон зүйлчилж өгнө үү” гэх гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь шүүх сэтгэц эмгэг судлалын 2 удаагийн буюу 605,  792 дугаар дүгнэлт, шинжээч Л.Баттулгын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн сэтгэцийн түвшинд өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байсан төдийгүй хохирогчийн хууль бус үйлдэл тогтоогдоогүй, мөн сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автсан, сэтгэхүйн хэвийн байдал алдагдсан, өөртөө хяналт тавих чадваргүй болсон буюу санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тогтоогдоогүй. Түүнчлэн дээр дурдсан нотлох баримтуудыг үгүйсгэсэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно.

Иймд шүүгдэгч Б.Эгийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Я.Быг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Я.Бы эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд түүний “Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-30/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Эд 5 жил 5 сарын хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч гэм буруугийн талаар маргадаггүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү” гэж тус тус  эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /ахуйн хүрээнд согтуурсан үедээ, таарамжгүй харилцаа буюу хардалтын улмаас хамтран амьдрагчаа 3 удаа хутгалан эрх, эрх чөлөөнд нь халдсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, F71 Оюуны хүндэвтэр хомсдол оноштойгоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар алдсан/-ыг болон шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялын доод хэмжээ болох 5 жилийн гуравны хоёроос багагүй буюу 3 жил 5 сарын хорих ял оногдуулж, уг ялыг дээрх үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг цагаан фудболк, бор өнгийн модон иштэй 2 ширхэг хутга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Эг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Боржигон овогт Буянболын Эг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн цагаан фудболк, бор өнгийн модон иштэй 2 ширхэг хутга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ                              Л.БААТАР

 

 

                         ШҮҮГЧИД                                       Т.АЛТАНТУЯА

                                                  

 

                                                                                         Г.МӨНХЗУЛ