Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 1029

 

 

                            

 

 

 

 

Сайхан амарсан уу

        2020        9            22                                     2020/ШЦТ/1029         

 

-                                         

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Н.Энхнаран,

улсын яллагч Б.Дэлгэрдалай,

шүүгдэгч Ш.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ш.Тг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2008000001161 дүгээр эрүүгийн хэргийг 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хонин хотгойд овогт Шагдарсүрэнгийн Т /РД: /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Ш.Т нь 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр өөрийн дүү Ш.Пгийн итгэмжлэн хариуцуулж өгсөн “Хаан банк”-ны 5041364066 дугаартай виза картыг ашиглан данснаас нь 1.088.550 төгрөгийг авч, завшсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ш.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Дүү намайг ажилтай байхад “хүүхэд аваад ирээч” гэхээр нь хүргэж өгөөд пиво уусан. Дэлгүүрээс би очиж пиво авсан бөгөөд дүүгийн картыг халаасандаа хийгээд, мартаад аваад явсан байсан. Тэгээд данснаас нь сая гаруй төгрөг үрсэн. Гэм буруугийн хувьд маргах зүйлгүй. Хохиролд 250.000 төгрөг төлсөн. Үлдсэн хохирлыг төлнө” гэв.

 

Эрүүгийн 2008000001161 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Ш.Пгийн: “2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр гэртээ байсан чинь 17 цагийн орчимд эгч Ш.Т халамцуу орж ирээд “эгчдээ нэг пиво аваад өгчих” гээд гуйгаад байхаар нь “өөрөө яваад авчих” гээд өөрийн виза картаа өгөөд нууц дугаараа хэлж явуулсан. Удалгүй 2,5 литрийн пиво авчирч талд нь ортол хувааж уугаад гэрийнх нь гадаа буулгаад ...гэртээ очиж амарсан. Картаа авахаа мартчихсан байсан. Т буцааж өгөөгүй. Гэртээ 2 хоног гар утсаа асаахгүй амарч байгаад 2020 оны 7 дугаар  сарын 11-ний өдөр гар утсаа асаатал миний данснаас олон удаа их бага хэмжээгээр мөнгө гарч гүйлгээ хийсэн мессеж ирэхээр нь Тгаас картаа авахаа мартсанаа гэнэт санаж, түүний дугаар луу залгаж, “Та миний картыг яагаад буцааж өгөөгүй юм бэ, картаас мөнгө аваад байгаа юм уу” гэхэд өөдөөс инээгээд, халамцуу “тийм мөнгө авсан” гэхээр нь “яагаад зөвшөөрөлгүй дураараа хүний данснаас мөнгө авдаг юм, карт, мөнгө аваад ир” гэсэн чинь “одоо очлоо” гээд утсаа авахгүй таг чиг алга болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан. Түүнээс хойш нэг ч удаа миний дугаарыг авалгүй, “уучлаарай мөнгийг чинь өгнө” гэж мессеж бичсэн байсан. Миний карт болон мөнгийг Ш.Т ашиглаж, эзэмшиж, хэрэглэх эрх огт байхгүй. ...Нийт миний данснаас 1.088.500 төгрөг авч зөвшөөрөлгүй хувьдаа хэрэглэсэн гэдэг нь дансны хуулгаар харагдаж байна. Гомдолтой байна, Тгаас мөнгөө авмаар байна” гэх мэдүүлэг /хх-9-10/,

Гэрч Н.Батбаярын: “...Ш.Т надад дүүгийнхээ “Хаан банк”-ны виза картыг авч яваад дотроос нь 1.000.000 гаран төгрөг авч, хувьдаа хэрэглэсэн гэсэн...” гэх мэдүүлэг /хх-16/,

Хохирогчийн “Хаан банк”-ны “2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 1.193.185 төгрөгийн үлдэгдэлтэй байсан, 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 104.585 төгрөгийн үлдэгдэлтэй болсон” тухай депозит дансны хуулга /хх-3-4/,

Шүүгдэгч Ш.Тгийн яллагдагчаар өгсөн: “2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ажлаа хийж байтал манай дүү Ш.П утсаар ярьж, “манай хүүхдийг аваад ирээч” гэж гуйхаар нь түүний хүү Анхбаярыг айлаас очиж авчихаад гэрт нь 17 цагийн орчимд хүргэж өгөхөд П бага зэрэг халамцуу байхаар нь бид хоёр пиво хувааж уухаар болж П надад “Хаан банк”-ны виза картаа өгөөд нууц дугаараа хэлэхээр нь картыг аваад дэлгүүрээс 2,5 литрийн пиво аваад хувааж уусан. П намайг гэрт хүргэж өгөхөөр болж машинтай найзыгаа дуудаж гэрт хүргэж өгөөд явсан. Пгийн виза картыг буцааж өгөхөө мартчихсан байж байгаад өөрт нь хэлэхгүйгээр 2 хоног гүйлгээ хийж, нийт 1.088.500 төгрөгийг авч, хувьдаа ашиглаж хэрэглэсэн. 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр П утсаар ярьж, “картаа авъя, яагаад мөнгө авчихсан юм бэ” гэхээр нь “буцаагаад удалгүй өгчихнөө” гээд утсаа салгаж, дахин яриагүй. 250.000 төгрөг өгсөн байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Оногдуулах шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-45-46/,

шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-21/, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны тодорхойлолт /хх-24/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-28/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэн шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ш.Т согтуурсан үедээ 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр өөрийн дүү Ш.Пгийн итгэмжлэн хариуцуулж өгсөн “Хаан банк”-ны 5041364066 дугаартай виза картыг ашиглан данснаас нь 1.088.550 төгрөгийг авч завшсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Ш.Пгийн “...Ш.Т халамцуу орж ирээд “эгчдээ нэг пиво аваад өгчих” гээд гуйгаад байхаар нь “өөрөө яваад авчих” гээд өөрийн банкны виза картаа өгөөд нууц дугаараа хэлж явуулсан. ...2020 оны 7 дугаар  сарын 11-ний өдөр гар утсаа асаатал миний данснаас олон удаа их бага хэмжээгээр мөнгө гарч гүйлгээ хийсэн мессеж ирсэн. Тд өгсөн картаа авахаа мартсан байсан...” гэх мэдүүлэг /хх-9-10/, гэрч Н.Батбаярын “...Т надад дүүгийнхээ виза картыг авч яваад дотроос нь 1.000.000 гаран төгрөг авч хувьдаа хэрэглэсэн гэсэн...” гэх мэдүүлэг /хх-16/, хохирогчийн депозит дансны хуулга /хх-3-4/, шүүгдэгч Ш.Тгийн яллагдагчаар өгсөн “...Пгийн банкны виза картыг буцааж өгөхөө мартчихсан байж байгаад өөрт нь хэлэхгүйгээр 2 хоног гүйлгээ хийж, нийт 1.088.500 төгрөгийг авч үрж, хувьдаа ашигласан...” гэх мэдүүлэг /хх-45-46/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдлоо. 

Иймд шүүгдэгч Ш.Тгийн хохирогч Ш.Пгийн итгэмжлэн хариуцуулсан банкны виза картнаас 1.088.550 төгрөгийг завшсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Пд 1.088.550 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирогчид 250.000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлээр тогтоогдлоо. Иймд үлдэх 838.550 төгрөгийг шүүгдэгч Ш.Тгаас гаргуулж, хохирогч Ш.П /Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Хайрханы 9 дүгээр гудамж, 16 тоотод оршин суух, утас-94445001, 85255855, РД-ХН87040902/-д олгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай” гэж дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /бусдын буюу төрсөн дүүгийнхээ итгэмжлэн хариуцуулсан банкны виза картнаас мөнгө завшсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 1.088.550 төгрөгийн хохирол учирсан, хохиролд 250.000 төгрөг төлөгдсөн, үлдэх хохирол төлөгдөөгүй, хохирогч “Гомдолтой” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /бага насны 3 хүүхэдтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Ш.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.Т цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Хонин хотгойд овогт Шагдарсүрэнгийн Тг хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Тг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Т нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.Т цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д  тус тус зааснаар шүүгдэгч Ш.Тгаас 838.550 /найман зуун гучин найман мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулж, хохирогч Ш.П -д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР