Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 1036

 

 

      

 

 

 

 

   2020        9          23                                       2020/ШЦТ/.......         

 

-                          

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,  

улсын яллагч Б.Энэрэл,

хохирогч Г.О,  

шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч А.Аыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708028431083 дугаар хэргийг 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт суух бүртгэлтэй,

урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 6 сарын баривчлах ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар нэмж нэгтгэн нийт 4 сар 10 хоногийн баривчлах ял,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 655 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 жил 6 сарын хорих ял шийтгүүлж ял эдэлж байгаа, Онход овогт Амаржаргалын А /РД: /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч А.А нь 2017 оны 8 дугаар сарын 05-наас 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд цахим хэрэгсэл болох “А.Халхын хар” гэх нэртэй фэйсбүүкээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн Ц.Мийг “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл урьдчилгаа төлбөртэйгээр худалдахаар тохиролцон хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 84-6а тоотоос иргэн Ц.Мээс 5 удаагийн үйлдлээр интернет банкаар нийт 5.400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос авсан мөнгийг хувьдаа ашигласан. 2 сая төгрөгийг буцааж өгсөн. Хохирлыг төлнө. Уучлаарай. Их зүйл ойлгосж ухаарсан. Ялыг багасгаж өгнө үү” гэв.

Хохирогч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шүүгдэгчээс 3,4 сая төгрөг нэхэмжилж байна. Анх 5 сая төгрөг өгсөн. 2 сая төгрөгийг буцааж өгөөд, 500.000 төгрөгийг буцааж авсан” гэв.

 

Эрүүгийн  1708028431083 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Г.Оийн: “...Миний хүү Дэлгэрмөнх төрөлхийн ярьдаггүй, сонсголын бэрхшээлтэй. Нөхөр бид хоёр Дэлгэрмөнхөд машин авч өгөхөөр мөнгө хурааж байсан. Дэлгэрмөнх фэйсбүүкээр машин үзэж байгаад нэг хүнээс машин худалдаж авахаар болсон. Тухайн үед Дэлгэрмөнх дүү Мийн тусламжтай дансаар машин зарна гэсэн хүний данс руу нийт 4.900.000 төгрөгийг гэрээсээ шилжүүлж байсан. Сүүлийн 500.000 төгрөгийг манай бэр Отгонцэцэг өөрийнхөө данснаас шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг /хх-109/,

Гэрч Ц.Мийн: “Миний ах Дэлгэрмөнх “машин авна” гээд фэйсбүүкээр хайгаад 3 дахь хоног дээрээ А гэдэг залуутай танилцаад “энэ залуутай харилцчих, мөнгө өгөх гэсэн юм” гээд намайг яриулсан. Манай ах төрөлхийн хэлгүй. Би 88165010 гэсэн утас руу залгатал өөрийгөө А гэж танилцуулаад “би Замын-Үүдийн хил дээр байна, хэдэн төгрөгийн хэрэг болоод нэг машинаа хямдхан зарах гээд байна, одоо 3.800.000 төгрөгийн хэрэг болоод байна, чи энэ мөнгийг өгчихвөл нэг машиныг нь сонгоод 9.000.000 төгрөгөөр ав, би 14 хоноод очно” гэхэд би “манай ахад 5.000.000 төгрөг байгаа” гэсэн чинь “үлдэгдэл 4.000.000 төгрөгөө хувь лизинг хийгээд авч болно” гэсэн. Би А гэдэг хүнтэй уулзаагүй. 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр би өөрийн данснаас 4.000.000 төгрөгийг 5451101838 гэсэн данс руу шилжүүлсэн. 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр өөрийн данснаас 5007493989 гэсэн данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр өөрийн данснаас 5100199877 гэсэн данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн. Бас 100.000 төгрөгийг аль данс руу шилжүүлснээ санахгүй байна. Бэр эгч Л.Отгонцэцэг 5020930616 гэсэн данснаас интернет банкаар шилжүүлсэн. ...Одоо А гэх этгээдээс 3.500.000 төгрөг авах ёстой.

Утасны цаанаас холбоо барьж А худлаа хэлж 4.900.000 төгрөг авсан. А 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 2 сая төгрөг Отгонцэцэг эгчийн данс руу шилжүүлсэн. 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр А хэлэхдээ “машин нь бүтэх гээд байна, торгуулийн мөнгө гээд мөнгө дутаад байна, над руу буцаагаад 500.000 төгрөг явуулчих” гэхээр нь 500.000 төгрөгийг шилжүүлсэн. Одоо 3.400.000 төгрөг авах ёстой...” гэх мэдүүлэг /хх-62-63, 130/,

Гэрч Ч.Цолмонгийн: “2017 оны 8 сард ...хүү Дэлгэрмөнх “лизингээр “Приус-20” маркийн машин авна, эхнэрийн зээлийг аваад урьдчилгаа 5 сая төгрөг Хаан банкны дансаар шилжүүлсэн” гэж хэлсэн. Удаагүй “нөгөө нөхөр утсаа салгаад, фэйсбүүкээ хаачихлаа” гэхээр нь нөгөө залуутай утсаар ярьж эхэлсэн. Өдөр бүр худлаа яриад “одоо болно, өнөөдөр, маргаашгүй бүтнэ” гэж ярьдаг. 10 дугаар сарын эхээр тэр залуу хүүгийн данс руу 2 сая төгрөг шилжүүлсэн байсан. Тэгснээ “машин чинь гааль дээр бууж байна” гээд 10 дугаар сард 500.000 төгрөг авсан байсан. ...Нэр хаягийг нь сайн мэдэхгүй, утасны дугаар нь 88161050 гэсэн дугаар дээр байдаг. Анх нэрээ Бат-Эрдэнэ гэж байсан. Гэтэл нэр нь А байсан. Фэйсбүүк хаягаас нь 2 зураг олж авсан...” гэх мэдүүлэг /хх-54-55/,

Гэрч Б.Буянзаяагийн: “...2017 оны 8 дугаар сарын 05-ны 18 цагт вагонд суух гээд ачааны мөнгөө Замын-Үүд сумын вокзалын урд талд байдаг Хаан банкны АТМ-аас өөрийн 5451101838 гэсэн данснаас 110.000 төгрөг авсан. Тэгэж байтал нэг ногоон эрээн масктай, шорттой, нарны малгайтай, 180 см орчим өндөртэй, 40 орчим насны эрэгтэй хүн “ах нь дансаар чинь дамжуулаад мөнгө авчих уу, банкны картаа үлдээчихсэн байна” гэхээр нь би дансаа хэлээд мөнгө орж ирэхээр нь картаа өгсөн. Тэр хүн нэг хүнтэй утсаар яриад миний дансыг тэр хүндээ өгч байсан...” гэх мэдүүлэг /хх-56-57/,

Гэрч Г.Ууганчимэгийн: “...2017 оны эхээр Ааас тусдаа амьдрах болсон. Миний Хаан банкны 5100199877 гэсэн дугаартай картыг А хэрэглэдэг байсан...” гэх мэдүүлэг /хх-71-72/,

Гэрч Г.Дашнямын: “Би Аыг танина. Манай эгч Ууганчимэгийн нөхөр юм. Хаан банкны 5114247693 дугаар данс нь миний нэр дээр байдаг. 2017 онд А ах надаас “банкны картаа өгөөч, хүнээс мөнгө аваад өгье” гэж байсан. Тэгээд би нэг удаа ашиглуулж байсан...” гэх мэдүүлэг /хх-132/,

Гэрч Г.Бат-Эрдэнийн: “...Хаан банкны 5816047378 дугаар данс минийх. 2017 оны 11 дүгээр сард 500.000 төгрөг орж гарсан талаар одоо энэ талаар сайн санахгүй байна. Тухайн цаг хугацаанд хүнд дансаа болон картаа ашиглуулсан байж магадгүй” гэх мэдүүлэг /хх-128/,

Шүүгдэгч А.Аын яллагдагчаар өгсөн: “...Ц.Мэ, Ц.Дэлгэрмөнх нартай биечлэн уулзаж байгаагүй, утсаар холбогдож байсан. Ц.Мээс мобайл банкаар нийтдээ 4.000.000 төгрөг авч байсан. Би үүнээс 2.500.000 төгрөгийг төлсөн. ...Ч.Цолмон нь би 2.500.000 төгрөг өгсний дараагаас “хүү бодож авна” гэж ярьж байсан. Хүүгээ тооцоод 4.900.000 төгрөг болсон байх гэж бодож байна. ...Би Буянжаргал гэдэг хүний Хаан банкны дансны картыг ашиглан 4.000.000 төгрөг авч байсан. Би өөр хүнтэй хамтран гэмт хэрэг үйлдээгүй. Одоо үлдэгдэл 1.500.000 төгрөг төлөх дутуу байгаа. Хохирогч талууд хүү бодоод өндөр хэлээд байгаа...” гэх мэдүүлэг /хх-155-157/,

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан иргэн Ч.Цолмонгийн өргөдөл /хх-30-32/, гэрч Ч.Цолмон, шүүгдэгч А.А нарын харилцсан цахим зурвасын гэрэл зураг /хх-34/, банкны дансны дэлгэрэнгүй хуулгууд /хх-36-43/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-120/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-75/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-77-99/, эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа /хх-113/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа /хх-115/, “Хаан банк”-ны албан бичиг /хх-126/, ялын тооцоо /хх-154/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч А нь хохирогч Оийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 5 удаагийн үйлдлээр нийт 5.400.000 төгрөг залилж авсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчээс 3.400.000 төгрөг гаргуулж хохирогчид олгох саналтай...” гэж,

шүүгдэгч “Хэлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч А.А нь 2017 оны 8 дугаар сарын 05-наас 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд цахим хэрэгсэл фэйсбүүк ашиглан өөрт байхгүй эд хөрөнгө болох “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг урьдчилгаа төлбөртэйгөөр худалдахаар иргэн Ц.Дэлгэрмөнхийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 84-6а тоотоос иргэн Ц.Мээс нийт 5 удаагийн үйлдлээр интернет банкаар 5.400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Г.Оийн “...Хүү Дэлгэрмөнх фэйсбүүкээр машин үзэж байгаад нэг хүнээс машин худалдаж авахаар болсон. Тухайн үед Дэлгэрмөнх дүү болох Мийн тусламжтай Мийн дансаар машин зарна гэсэн хүний данс руу нийт 4.900.000 төгрөгийг гэрээсээ шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-109/, гэрч Ч.Цолмонгийн: “...Дэлгэрмөнх “лизингээр Приус-20 маркийн машин авна, эхнэрийн зээлийг аваад урьдчилгаа 5 сая төгрөг Хаан банкны дансаар шилжүүлсэн” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-54-55/, гэрч Ц.Мийн “...А гэж танилцуулаад, “би Замын-Үүдийн хил дээр байна, хэдэн төгрөгийн хэрэг болоод байна, нэг машинаа хямдхан зарах гээд байна, надад одоо 3.800.000 төгрөгийн хэрэг болоод байна, чи энэ мөнгийг өгчихвөл нэг машиныг сонгоод 9.000.000 төгрөгөөр ав, би 14 хоноод очно” гэхэд би “манай ахад 5.000.000 төгрөг байгаа” гэсэн чинь “үлдэгдэл 4.000.000 төгрөгөө хувь лизинг хийгээд авч болно” гэсэн...” гэх мэдүүлэг /хх-62-63, 130/, гэрч Б.Буянзаяагийн “...40 орчим насны эрэгтэй хүн “ах нь дансаар чинь дамжуулаад мөнгө авчих уу, картаа үлдээчихсэн байна” гэхээр нь би дансаа хэлээд мөнгө орж ирэхээр нь картаа өгсөн. Тэр хүн нэг хүнтэй утсаар яриад миний дансыг тэр хүндээ өгч байсан...” гэх мэдүүлэг /хх-56-57/, гэрч Г.Ууганчимэгийн “...Миний Хаан банкны 5100199877 гэсэн дугаар картыг А хэрэглэдэг байсан...” гэх мэдүүлэг /хх-71-72/, гэрч Г.Дашнямын “...5114247693 дугаартай Хаан банкны данс миний нэр дээр байдаг. 2017 онд А ах надаас “банкны картаа өгөөч, хүнээс мөнгө аваад өгье” гэж хэлж байсан. Тэгээд би нэг удаа хүнд ашиглуулж байсан...” гэх мэдүүлэг /хх-132/, шүүгдэгч А.Аын яллагдагчаар өгсөн “...Ц.Мэ, Ц.Дэлгэрмөнх нартай биечлэн уулзаж байгаагүй, утсаар холбогдож байсан. Ц.Мээс мобайл банкаар нийтдээ 4.000.000 төгрөг авч байсан. Би үүнээс авч 2.500.000 төгрөгийг төлсөн...” гэх мэдүүлэг /хх-155-157/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан иргэн Ч.Цолмонгийн өргөдөл /хх-30-32/, банкны дансны дэлгэрэнгүй хуулгууд /хх-36-43/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдлоо. 

Иймд шүүгдэгч А.Аын цахим хуудас буюу фэйсбүүк ашиглан “автомашин зарна” гэж иргэн Ц.Дэлгэрмөнхийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, итгэл төрүүлж 5 удаагийн үйлдлээр нийт 5.400.000 төгрөгийг шилжүүлэн авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” залилах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.От 5.400.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч 2.000.000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдлоо. Үлдэх хохирол 3.400.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Г.О /Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 84 дүгээр гудамж, 6 тоотод оршин суух, утас-99989302, 80014109, РД-УС61100402/-т олгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Аыг 1 жилийн хорих ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 18 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 2 жил 7 сар 18 хоногийн хорих ял оногдуулах саналтай. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзсан...” гэж,

шүүгдэгч “Хохирогчоос уучлалт гуйя. Хохирлоо нөхөн төлнө. Ялыг багасгаж өгнө үү” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн аван гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 5.400.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан, хохирлын зарим хэсэг болох 2.000.000 төгрөг төлөгдсөн, үлдэх хохирол төлөгдөөгүй/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, урьд энэ төрлийн гэмт хэрэгт 3 удаа ял шийтгэгдсэн, шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн хорих ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аыг 6 /зургаа/ сарын хорих ял шийтгэв.

Шүүгдэгч А.А нь урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 655 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 4 жил 6 сарын хорих ялаас 2020.07.31-ний өдрийн байдлаар 2 жил 07 сар 04 хоногийн хорих ялыг биечлэн эдэлж, 1 жил 7 сар 18 хоногийн хорих ялыг эдлээгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ.

Иймд шүүгдэгч А.Ат энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 18 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч А.Аын биечлэн эдлэх хорих ялыг нийт 2 жил 01 сар 18 хоногоор тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.  

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 222 дугаар захирамжаар А.Ат 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ. Харин хорих ангиас ирүүлсэн ялын тооцоо /хх-154/-д А.Аын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон тооцсон байх тул түүний цагдан хоригдсон хоногийг 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолж, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 53 /тавин гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулах тооцох нь зүйтэй гэж үзэв /хх-150, 169/.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.А хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Онход овогт Амаржаргалын Аыг “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аыг 6 /зургаа/ сарын хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Ат энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 655 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 4 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 18 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч А.Аын биечлэн эдлэх хорих ялыг нийт 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар 18 /арван найм/ хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ат оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Аын цагдан хоригдсон 53 /тавин гурав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож хассугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.А хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Ааас 3.400.000 /Гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Г.О /Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 84 дүгээр гудамж, 6 тоотод оршин суух, утас-99989302, 80014109, РД-УС61100402/-т олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР