Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 800

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Э Э Э Э” ХХК /\/

Хариуцагч: НЗД д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 тоот тушаалын “Э Э Э Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э Э Э Э” ХХК нь “Байгаль орчин, ногоон хөгжлийн яам”-ны сайдын 2013 оны А-77 тоот тушаалаар, 2014 оны 04-р сарын 16-ны өдрийн 2014/23 тоот газар ашиглах 9011242137 тоот гэрчилгээний дагуу Улаанбаатар хот, Б******* дүүрэг, “Богдхан уул”-ын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгийн ******* нэртэй 2 га талбайг аялал жуучлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхийг авсан. Улмаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай 2014 оны 06-р сарын 18-ны өдрийн 2014/23 дугаартай “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг байгуулсан.

Гэвч хариуцагч тал 2018 оны 05-р сарын 01-ний өдрийн А/113 тоот тушаалаар “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”-ийн 40-р зүйлийн 40.1.2-д заасныг үндэслэн нэхэмжлэгч манай байгууллагын ашиглаж байсан дээрх 1.03 га газрын ашиглах эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгосон.

Хариуцагч тал дээрх тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 43-р зүйлд заасны дагуу нэхэмжлэгч талд огт мэдэгдээгүй юм. Дээрх тушаалыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 07-р сарын 23-ны өдрийн 967 тоот мэдэгдлээс анх олж мэдсэн. Үүний дагуу хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд хандан тушаалтай танилцах гэсэн боловч бидэнд танилцуулаагүй бөгөөд тушаалын хуулбарыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас очиж ав гэсэн. Улмаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2018 оны 08-р сарын 23-ны өдөр хандан сайдын А/113 тоот тушаалын канондсон хуулбарыг авсан.

“Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”-ийн 40-р зүйлийн 40.1.2-д “тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” бол газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор хуульчилсан.

Гэтэл хариуцагч тал Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа зэрэг эрх бүхий байгууллагууд нь манай байгууллагын үйл ажиллагаа, газар ашиглалтад хяналт шалгалт хийж, үнэлгээ, дүгнэлт гаргаж газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа зөрчсөн эсэхийг, ноцтой зөрчил гаргасан эсэх асуудлыг огт тогтоогоогүй хэрнээ дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Бид анх 2010 оноос эхлэн дээрх газрыг ашиглаж эхэлсэн цагаас буюу өнөөдрийг хүртэлх хугацаанд газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа зөрчсөн, ноцтой зөрчил гаргаж байгаагүй бөгөөд эрх бүхий байгууллагуудын хяналт шалгалтаар зөрчил гаргасан гэх үндэслэл огт тогтоогдож байгаагүй.

Иймээс Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын “Э Э Э Э” ХХК-д холбогдох газар ашиглах эрхийг дуусгавар болгосон хэсгийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр эскиз зураг батлагдсан. Ингээд тухайн газрын байршил дээр хаяг, дугаарын гэрчилгээ авсны дараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах эрх үүсдэг. Эскиз зураг батлагдаагүй учраас хаяг, дугаар авч чадаагүй. Үүнээс болж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй. 2018 оны 02 дугаар сарын Улсын бүртгэлийн газарт хандаж материалаа өгтөл удсаар байтал 2018 оны 06 дугаар сар хүргэсэн. 2012 онд барьж эхэлсэн. Дотор тал нь арай дуусаагүй байгаа. 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан. Харин газар эзэмших эрх цуцалсан талаар 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр мэдэгдэл хүлээж авсан. “Э Э Э Э” ХХК-ийн хувьд энгийн хамгаалалтын бүсэд зөвшөөрөгдсөн үйл ажиллагааг явуулж байгаа гэж хэлмээр байна. Цэвэрлэх байгууламжийг Герман технологиор барьж байгуулсан. Зөвхөн зочид буудлын барилга л барьсан. Шинээр газрын зүүн талд 1000 гаруй, баруун талд 50 гаруй, хойд талдаа 100 гаруй мод тарьсан байдаг. Байгаль, орчин, аялал жуучлалын яамнаас 3 байцаагч ирж байгаль орчны шалгалт хийгээд зөрчлийг шалгасан. Энэ шалгалтаар эрсдэлгүй гэсэн дүгнэлт гарч байсан юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн тайлбар үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э Э Э Э” ХХК нь энэхүү газрыг 2010 оноос хойш ашиглаж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл ямар нэг байдлаар хамгаалалтын горимыг удаа дараа зөрчиж байгаагүй. Энэ талаар эрх бүхий байгууллагаас хяналт шалгалт явуулж, зөрчил гаргасан гэж акт дүгнэлт үйлдээгүй болно. Холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, зөрчсөн эсэх нь холбогдох нотлох баримтаар тогтоогдоогүй байхад үндэслэлгүйгээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон шийдвэрийг Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас гаргасан байдаг. “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.9-д “Энгийн хамгаалалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, Үүнд: 2.9.1-д “мод бут огтлох”; 2.9.2-т “хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжгүй буюу ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй барилга байгууламж барьж ашиглах”, 2.9.3-т “газрын тосны бүтээгдэхүүн, химийн бодис, цацраг идэвхт бодис, бүх төрлийн бордоо, пестицид хадгалах, ашиглах”, 2.9.4-т “шатахуун түгээх станц байршуулах, машин техник угаах”, 2.9.5-д “хог хаягдал, бохирдуулах бодис хаях, хог хаягдлын цэг байршуулах”, 2.9.6-д “мал угаах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулах”, 2.9.7-д “стандартын шаардлага хангаагүй бохир усны цооног, бие засах газар барьж ашиглах” гэж тус тус заасан. Харин “Э Э Э Э” ХХК-ийн хувьд дээрх хориглосон үйл ажиллагааг явуулаагүй. Холбогдох төрийн захиргааны байгууллагуудаас зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа эрхэлж байсан.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад “Э Э Э Э” ХХК-ийг газрыг горим, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39, 40 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн, газрыг хууль зөрчиж олгосон гэдэг асуудлуудыг тогтоосон мэргэжлийн байгууллагын дүгнэлт, хууль хяналтын байгууллагын шийдвэр байхгүй. Дээрх асуудлуудыг огт шалгаж тогтоогоогүй мөртлөө газар эзэмших эрхийг нь цуцалсан нь үндэслэлгүй юм. Маргаан бүхий захиргааны акт нь хууль дээдлэх зарчмыг хангаагүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах гэсэн зарчмуудыг баримтлаагүй.

Иймд Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын “Э Э Э Э” ХХК-д холбогдох газар ашиглах эрхийг дуусгавар болгосон хэсгийг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалаар “Э Э Э Э” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Уг тушаалд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 12 дугаар зүйлийн 12.1, 40.1, 40.1.2, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.6, мөн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 он үйл ажиллагааны хөтөлбөр, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан  2015 оны А-230/127 дугаар тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ыг үндэслэн усны нөөцийг бохирдож, хомстохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулах, дархан цаазат газрын нийтлэг дэглэм журмыг зөрчсөн гэдэг үндэслэлүүдээр “Э Э Э Э” ХХК-ийн газар ашиглах эрхийг нь цуцалсан байдаг. Одоогийн байдлаар газрыг буруу олгосон гэж тушаал гараагүй. Байгалийн унаган төрхийг эвдэх, ухах, Усны тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг нь цуцалсан. Харин гэм хорын асуудлыг шийдвэрлэх тухай тушаал гараагүй.

“Э Э Э Э” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцалсан тушаал нь үндэслэлтэй. Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх”, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг  хориглоно”, мөн холбогдох дүрэм журам, зэргийг тус тус заасныг зөрчсөн. Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд л газар олгож байгаа. Нэхэмжлэгч компанийн хувьд барилга барьж байгаа нь хориглосон бүсэд хамаарагддаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалаар “Э Э Э Э” ХХК-ийн ХХК-ийн Б******* дүүргийн *******анд байрлалтай, аялал жуулчлалын зориулалтаар олгосон 1,03 га газар ашиглах эрхийг дуусгавар болгожээ.

Нэхэмжлэгч “Э Э Э Э” ХХК-ийн ХХК нь маргаан бүхий актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар мэдэгдэх сонсгох ажиллагаа хийгээгүй, манай газар ашиглалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, үнэлгээ дүгнэлт гаргалгүйгээр тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж үзэж, газар ашиглах эрхийг дуусгавар болгох хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад хууль бус тушаал гаргасан” гэх агуулгаар тайлбарлан маргаж байна.

Хэрэгт цугларсан маргааны үйл баримтуудаас үзэхэд анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2014 оны 23 тушаалаар “Э Э Э Э” ХХК-д Б******* дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын нутаг дэвсгэр *******анд аялал жуулчлалын зориулалтаар 2,0 га газрыг 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэж, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2014/23 дугаар[1] гэрчилгээ олгон, 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр газар ашиглах гэрээ[2] байгуулсан байна.

Улмаар нэхэмжлэгчийн ашиглалтын газраас “...уулын ус урсдаг зүүн баруун жалгатай усны хагалбар газрыг гаргаж” нэхэмжлэгчийн ашиглалтын газрыг “А”, “Б” гэх хоёр хэсэг болгон солбицлын цэгүүдийг өөрчилсөн болох нь Байгаль орчин Ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай газрын “Хурлын тэмдэглэл”,[3] эзэмшил газрын байршлын кадастрын зураг,[4] эргэлтийн цэгүүдийг нь газар бэхэлсэн нэгж талбарын зураг,[5] нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг шалгасан тухай акт[6] зэрэг нотлох баримтуудаар тогтоогддог.

Хариуцагчаас маргаан бүхий 2018 оны А/113 дугаар тушаалдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийг үндэслэсэн байх ба “Дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа” гэх 12 дугаар зүйлийн 1-д “газар хагалах, ухах, ... элс хайрга чулуу авах, ... хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх” 5-д “энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга, байгууламж барих”, 6-д “хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулах”-ыг тус тус хориглоно гэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” гэж;

Мөн Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах ... зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүс тогтооно”, 22.3-д “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно”, 22.4-т Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно” гэж тус тус заасан ба Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А-230/127 дугаар тушаалаар баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 2.6-д “Энгийн хамгаалалтын бүсийн заагийг дараах байдлаар тогтооно”, 2.6.1-д “усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд ...”, 2.6.2-т “нийслэл болон аймгийн төвийн хот суурины нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын эргээс 500 метр хүртэлх зайд”, 2.9.2-т “хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжгүй буюу ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй барилга, байгууламж барьж ашиглахыг хориглоно” гэж тус тус журамлан зохицуулжээ.

Гэтэл нэхэмжлэгчээс дээр дурдсан хууль, хуульд нийцүүлэн гаргасан журмыг тус тус зөрчин ашиглалтын талбайдаа “Соёл амралт, аялал жуулчлалын “Тэнгэр” цогцолбор, өргөө зочид буудал”-ын төсөл хэрэгжүүлэн, барилгын эскиз зураг[7], “Архитектур төлөвлөлтийн даалгавар"-ыг[8] Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас батлуулсан. Улмаар ашиглалтын талбайн “А” хэсгийн 1.03 га газартаа зочид буудлын зориулалттай 2 давхар барилгыг барьсан болох нь, уг барилга нь Туул голоос 98 метрийн зайд байрлаж байгаа буюу Усны тухай хууль болон “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-аар тогтоосон энгийн хамгаалалтын бүсд барилга байгууламж барьсан, цаашид нь дахин барилга баригдахаар төлөвлөсөн болох нь тус тус шүүхээс явуулсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл,[9] үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан фото зургийн нотлох баримт, барилгын эскиз зургаар тус тус тогтоогдож байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” заасан ба “...усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх үүднээс орчны төлөв байдал, байгалийн унаган төрийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчин, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь” хуульд нийцсэн байх тул хариуцагчийн гаргасан маргаан бүхий 2018 оны А/113 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллагаас захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал авах буюу “сонсох ажиллагаа”-г явуулах, ингэхдээ тэдгээрт урьдчилан мэдэгдэж, оролцуулах, улмаар сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж баримтжуулсан байхаар заажээ.

Хэдийгээр хариуцагч захиргааны байгууллага нь сонсох ажиллагааг зохих ёсоор хэрэгжүүлээгүй байх боловч энэхүү үндэслэл нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах хангалттай үндэслэл болж чадахгүй юм.

Учир нь маргаан бүхий захиргааны акт нь дээрх байдлаар хууль зөрчөөгүй, харин ч хуульд нийцээгүй шийдвэрийнхээ үр дагаврыг зассан, энэхүү байдал нь захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцсэн байх зарчимд тохирсон, хууль ёсны захиргааны акт болно.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай” А/113 дугаар тушаал нь холбогдох хуулийн заалтыг зөрчөөгүй, уг маргаан бүхий тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нь шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай 12 дугаар зүйлийн 1, 33 дугаар зүйлийн 1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э Э Э Э” ХХК-ийн Байгал орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э Э Э Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОТГОНТУЯА


 

[1] Хавтаст хэргийн 6-р хуудас

[2] Хавтаст хэргийн 8-9-р хуудас

[3] Хавтаст хэргийн 57-58-р хуудас

[4] Хавтаст хэргийн 59-р хуудас

[5] Хавтаст хэргийн 60-р хуудас

[6] Хавтаст хэргийн 61-р хуудас

[7] Хавтаст хэргийн 72-90-р хуудас

[8] Хавтаст хэргийн 67-68-р хуудас

[9] Хавтаст хэргийн 43-55-р хуудас