Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 119/2022/0005/З |
Дугаар | 221/МА2022/0472 |
Огноо | 2022-06-30 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2022/0472
“С ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Орхон аймгийн татварын хэлтсийн татварын
улсын байцаагч нарт холбогдох
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч : Д.Оюумаа,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч А.Сарангэрэл,
Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав,
Нэхэмжлэгч: “С ф” ХХК,
Хариуцагч: Орхон аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар,
Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн НА-20210000026 дугаар нөхөн ногдуулалтын актын зарим хэсэг буюу 2 дахь хэсгийг хүчингүй болгож, төлбөр тогтоосон нөхөн ногдуулалтын актын төлбөрийн хэмжээг 15,388,576.28 төгрөг болгон бууруулж, алданги 10 хувиар тооцож, 1,538,857.62 төгрөг, нийтдээ 16,927,433.9 төгрөг болгож багасгуулах тухай“,
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Д.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бадамсүрэн,
Хэргийн индекс: 119/2022/0005/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С ф” ХХК нь Орхон аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар холбогдуулан “Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн НА-20210000026 дугаар нөхөн ногдуулалтын актын зарим хэсэг буюу 2 дахь хэсгийг хүчингүй болгож, төлбөр тогтоосон нөхөн ногдуулалтын актын төлбөрийн хэмжээг 15,388,576.28 төгрөг болгон бууруулж, алданги 10 хувиар тооцож, 1,538,857.62 төгрөг, нийтдээ 16,927,433.9 төгрөг болгож багасгуулах”-аар маргасан байна.
2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтыг баримтлан С ф ХХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан Татварын улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн НА-20210000026 тоот нөхөн ногдуулалтын актын зарим хэсэг буюу 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож,
Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл, Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 41.4, 42 дугаар зүйлийн 42.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.4.3, Зөрчлийн тухай хууль /2017-05-11/-ийн 11.19 дүгээр зүйлийн 3, Татварын ерөнхий хууль /2008-05-20 өдрийн хуулийн 2015-12-04 өдрийн өөрчлөлт/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтуудыг баримтлан С ф ХХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан Төлбөр тогтоосон Татварын улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн НА-20210000026 тоот нөхөн ногдуулалтын актын төлбөрийн хэмжээг 15,388,576.28 төгрөг болгон бууруулж, алданги 10 хувиар тооцож, 1,538,857.62 төгрөг, нийтдээ 16,927,433.9 төгрөг болгож багасгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Анхан шатны шүүх нотлох баримтын баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлсэн.
3.2. Эрсдэлийн удирдлагын газраас нөхөж ирүүлсэн төлөвлөгөөг үндэслэж хяналт шалгалт явуулсан зөв гэж дүгнэсэн.
3.3. Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-аар эрсдэлтэйд тооцохгүй болсон татвар төлөгчийг хяналт шалгалтад хамруулахгүй гэж заасныг зөрчсөн.
3.4. Албан томилолт гарын үзэггүй, тамга тэмдэггүй, тасгийн даргын гарын үсгийг өөр хүн дуурайлгаж зурсан, хуурамч байсан.
3.5. Нотлох баримттай танилцахаар хүсэлт гаргасан боловч шүүх хуралдааныг 30 минутын хугацаа өгч хойшлуулж, няцаалт хийх боломжийн хааж, өрхийг маань зөрчсөн.
3.6. Үнийн дүнгийн 10 хувиар тооцсон илэрхий алдааг өөгшүүлсэн.
3.7.Зөрчлийн тухай хуульд заасан аль заалтаар торгосон, алданги ногдуулсан нь тодорхойгүй, үүнд дүгнэлт өгөөгүй.
3.8. Татварын маргаан таслах зөвлөл “улсын байцаагч нар хууль буруу хэрэглэж тооцоолсон” гэдгийг дүгнээд байхад шүүх улсын байцаагч нарыг зөвтгөөд байгаа үндэслэлгүй.
3.9. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1-д зааснаар торгохдоо шийтгэлийн хуудсаар бус нөхөн ногдуулалтын актаар торгож байгаа нь хуулийг ноцтой зөрчиж, прокурорын хяналтаас гадуур бусдын эрх, ашиг сонирхолд хууль бусаар халдаж байгаа ноцтой зөрчил юм.
3.10. Мөн хариуцагч нар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хэрэг бүртгэлт явуулах үүргээ гүйцэтгээгүй.
3.11. Нөхөн ногдуулалтын акт нь тооцооллын хувьд илт алдаатай байсныг Татварын маргаан таслах зөвлөл тогтоогоод бууруулсан байхад анхан шатны шүүх ямар нэгэн тооцооллын болон бусад алдаа байхгүй гэж дахин дахин давтаж тайлбарлаж байгаа нь сонин байна.
3.12. Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч нар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд:
3. “Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн НА-20210000026 дугаар нөхөн ногдуулалтын актын зарим хэсэг буюу 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
3.1. Захиргааны хэргийн шүүх Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан этгээдийн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэдэг.
3.2. Нэхэмжлэгч “С ф” ХХК-ийн шаардсан татварын улсын байцаагчийн 2021 оны НА-20210000026 дугаар нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 2-т Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг зөрчсөн болохыг тодорхойлон бичсэн нь эрх зүйн үр дагавар шууд үүсгэсэн, нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, захирамжилсан байх захиргааны актын шинжийг агуулаагүй байна.
3.3. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлтэй.
4. “Орхон аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны НА-20210000026 дугаар нөхөн ногдуулалтын актын төлбөр тогтоосон хэмжээг 15,388,576.28 төгрөг болгон бууруулж, алданги 10 хувиар тооцож, 1,538,857.62 төгрөг, нийтдээ 16,927,433.9 төгрөг болгож багасгуулах тухай” шаардлагын тухайд:
4.1. Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 35 дугаар зүйлийн 35.10-д “Энэ хуулийн 35.4.3-т заасан эрсдэлийн үнэлгээ, шинжилгээний үр дүнг үндэслэн татварын хяналт, шалгалтад хамруулах татвар төлөгчийг сонгоно”, 41 дүгээр зүйлийн 41.1-д “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана”, 41.2-т “Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ” гэж заасан.
4.2. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/32 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”-ийн хүрээнд Монголын татварын албанаас хийх 2021 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд Орхон аймгийн эрсдэлд суурилсан хяналт шалгалтад хамруулах аж ахуйн нэгжийн жагсаалтад Эрсдэлийн 71 оноотой “С ф” ХХК багтжээ.
4.3. Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, татвар төлөгчийн эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхтэй холбогдсон мэдээлэл, зөвлөгөө, чиглэл, татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам, аргачлал, маягтыг татварын алба, татварын улсын байцаагчаас авах” эрхтэй бөгөөд мөн зүйлийн 12.2-т “Татварын алба энэ хуулийн 12.1.1-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор хяналт шалгалтад хамруулах эрсдэлийн үнэлгээний нарийвчилсан үзүүлэлтийг татвар төлөгчид мэдээлэхгүй” гэж заасан.
4.4. Хариуцагч албан тушаалтнууд “С ф” ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалтыг Орхон аймгийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн даргын 2021501299 дүгээр томилолт (хэргийн 57 дахь тал)-ыг үндэслэн хийсэн нь хэрэгт авагдсан хариуцагч нарын тайлбар, 2021 оны 06 дугаар сарын 02, 15-ны өдрүүдийн ярилцлагын 12623, 13176 дугаар тэмдэглэлүүд (хэргийн 134-135 дахь талууд) зэрэг баримтуудаар тогтоогджээ.
4.5. Үүнээс үзвэл нэхэмжлэгч хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хийсэн татварын хяналт шалгалт Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.2-т нийцсэн тул энэ талаарх нэхэмжлэгчийн “Албан томилолт гарын үзэггүй, тамга тэмдэггүй, тасгийн даргын гарын үсгийг өөр хүн дуурайлгаж зурсан, хуурамч” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
4.6. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д “”нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг”, 5 дугаар зүйлийн 5.2-т “Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Энэ хуулийн 4.1.8-д заасны дагуу албан татвар суутгах үүрэг үүссэн хувь хүн, хуулийн этгээд ажлын 10 өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргана” гэж заасан.
4.7. Монголын татварын алба гаргасан хүсэлтийг нь үндэслэн “С ф” ХХК-д 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн 0053764 дүгээр гэрчилгээ олгожээ. (Хэргийн 106 дахь тал)
4.8. “С ф” ХХК дээрх гэрчилгээг авахаас өмнө буюу 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Э ү” ТӨҮГ-аас 133,650,000.00, гэрчилгээ авснаас хойш дахин 1,518,354,0399.00 төгрөгийн борлуулалтын орлогыг тус тус хүлээн авсан нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, тус компанийн хяналт шалгалтад ирүүлсэн санхүүгийн баримтуудаар тогтоогдсон байна.
4.9. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 3-д “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэг бүхий хүн, хуулийн этгээд харьяалах татварын албанд бүртгүүлж, гэрчилгээ авалгүйгээр бараа үйлдвэрлэсэн, эсхүл борлуулсан, эсхүл ажил гүйцэтгэсэн, эсхүл үйлчилгээ үзүүлсэн бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно“, мөн зүйлийн тайлбарт “Энэ зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэгт заасан нөхөн төлүүлэх хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж, харин Татварын ерөнхий (2008 оны) хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэж заасан.
4.10. Нэхэмжлэгч “С ф” ХХК дээрх борлуулалтын орлогыг хүлээн авснаас хойш Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хугацаанд албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргаагүй энэ тохиолдолд зөрчил үйлдэгдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 3-д заасны дагуу татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон нь үндэслэлтэй.
4.11. Түүнчлэн хариуцагч албан тушаалтнууд нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой дээрх зөрчлүүдэд нөхөн татвар 151,835,433.91 төгрөгөөс “Дивацогт” ХХК-аас нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авалт хийж, татварын албанд төлсөн 19,552,727.27 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж, төлбөл зохих татварын 132,282,706.64 төгрөгийн нөхөн татварт 20 хувийн алданги ногдуулсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
4.12. Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Дараах үйлдэл, эс үйлдлийн улмаас төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан буюу төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгоно”, Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө” гэж заасан.
4.13. Хариуцагч албан тушаалтнууд “С ф” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчилд Татварын ерөнхий /2008 оны/ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 3-д тус тус заасан нөхөн төлүүлэх татварын 20 хувьтай тэнцэх алданги, 30 хувьтай тэнцэх торгууль тус тус ногдуулсан нь татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй.
4.14. Тодруулбал, нэхэмжлэгчийн зөрчлүүдэд тооцох алдангийн хэмжээ нь Зөрчлийн тухай хуульд зааснаар нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй, харин Татварын ерөнхий хуульд зааснаар нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байхаар зохицуулснаас үзвэл нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн нь зөв байна.
4.15. Нөгөөтээгүүр, анхан шатны шүүх “хариуцагч албан тушаалтнууд актад “хуулийн зүйл, заалтыг бүрэн, аль хуулийг хэрэглэж байгааг тодорхой бичээгүй” зэрэг хэлбэрийн алдаа нь дангаараа актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй” талаар зөв дүгнэсэн.
4.16. Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ”, 79 дүгээр зүйлийн 79.1-д “Татварын албанаас татвар хураах, хяналт тавих, татварын шалгалт хийхтэй холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ гаргасан шийдвэрийг мэдэгдэл, шаардах хуудас, битүүмжлэх акт, битүүмжлэлийн хуудас, нөхөн ногдуулалтын акт, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, илтгэх хуудас, тэмдэглэл, татварын буцаан олголтын акт, нэхэмжлэх, урьдчилан нэхэмжлэх хуудас, мэдэгдэх хуудас, шаардлага, суутгалын хүсэлт, хуваарилалтын тооцооллын акт, зарлан дуудах хуудас, битүүмжлэх мэдэгдэх хуудас, зөвлөмж болон татварын албаны үйлдэх бусад баримт бичиг үйлдэн баталгаажуулна”, 79.4.3-д “татвар төлөгчид хууль тогтоомжийн дагуу татварыг нөхөн ногдуулж хариуцлага хүлээлгэх, алданги тооцоход нөхөн ногдуулалтын акт үйлдэх бөгөөд түүнд хяналт шалгалт хийсэн холбогдох нэгжийн дарга болон татварын улсын байцаагч гарын үсэг зурж, зөрчлийн тухай тэмдэглэл, шийдвэрлэсэн үндэслэл, уг актыг үйлдсэн он, сар, өдөр, дугаарыг тусгах” гэж заасан.
4.17. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл татварын улсын байцаагч татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд нөхөн татварын актаар нөхөн татвар, алданги, торгууль ногдуулахаар, тухайн торгууль, алдангийн хэмжээг тогтоох нь хариуцагч албан тушаалтнуудыг бүрэн эрхэд хамаарна.
4.18. Иймд нэхэмжлэгчийн “хариуцагч албан тушаалтнууд шийтгэлийн хуудсаар бус нөхөн ногдуулалтын актаар торгож, прокурорын хяналтаас гадуур бусдын эрх, ашиг сонирхолд хууль бусаар халдсан, үнийн дүнгийн 5-10 хувиар тооцох боломжтой байсан“ гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
5. Эдгээр нөхцөл байдлуудаас үзвэл анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР