Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/001255

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/00427 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 843 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Э” СӨХ-д холбогдох,

Цахилгаан шат ашиглалтын засвар үйлчилгээний гэрээний үүрэгт нийт 7 952 552 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнгөнцацралын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнгөнцацрал, хариуцагчийн төлөөлөгч Г.Хосбаяр, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Сигма Отис” ХХК 2016 оны 11 дүгээр сард хуулийн этгээдийн нэрээ “С” ХХК хэмээн өөрчлөн бүртгүүлсэн. “Сигма-Отис” ХХК нь 2013 оноос хойш Цахилгаан шат ашиглалтын засвар үйлчилгээний гэрээний дагуу “Э” СӨХ-ны эзэмшил, ашиглалтад байх Баянгол дүүргийн Энхтайваны өргөн чөлөө, 16 дугаар хороо, Макс малл худалдааны төвийн залгаа байрлах орон сууцны барилгад байрлах Di1-PA9/600/-СО60-16/13 үзүүлэлттэй, 4 ширхэг иж бүрдэл цахилгаан шатны техникийн үзлэг, засвар үйлчилгээг сард 1 удаа гүйцэтгэх бөгөөд 1 сарын техникийн үзлэг үйлчилгээний төлбөр 1 цахилгаан шат 99 000 төгрөг буюу 4 иж бүрдэл нийт 396 000 төгрөг байхаар “Э” СӨХ тухайн сарын үзлэг үйлчилгээний төлбөрийг cap бүрийн 29-ний өдөр “Сигма-Отис” ХХК-д төлөхөөр тохиролцсон. 

Энэхүү гэрээ 2013 оноос эхлэн 1 жилийн хугацаа дуусгавар болоход талуудын хүсэлтээр 1 жилийн хугацаагаар сунгагдсан. Талуудын хооронд 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан гэрээний хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дуусгавар болж, “Э” СӨХ-ноос гэрээгээ дахин хугацаа сунгаж байгуулах хүсэлт гаргаагүй тул гэрээ дуусгавар болсон. “Э” СӨХ 2014 оны 10 дугаар сараас хойш cap бүр төлөх ёстой гэрээний төлбөрийг төлөхгүй хуримтлуулсаар 6 740 000 төгрөгийн төлбөртэй болсон.

“Э” СӨХ нь 2014 оны 03 дугаар сараас хойш орон сууцны ашиглалтыг хариуцаж байгаа. “С” ХХК-иас cap бүр техникийн засвар үйлчилгээ орж байсан боловч үйлчилгээний төлбөрийг 2014 оны 10 сараас эхлэн төлөөгүй. Тус СӨХ-той 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан гэрээний үлдэгдэл төлбөр 3 077 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний төлбөр 3 564 000 төгрөг, алданги 1 311 552 төгрөг, нийт 7 952 552 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Бидний анх байгуулсан гэрээний 2.4-т зааснаар “С” ХХК cap бүр үзлэг оншилгоо “Э” СӨХ-ны лифтэнд хийнэ гэсэн боловч завтай үедээ ирж үзлэг хийдэг болсон. Үүний улмаас манай лифтний тороос 2015 оны 03 дугаар сард тасарсан. Гэрээний 2.4-т техникийн үзлэгийн хуваарь гаргаж хөтөлж, хуваарийн дагуу сард нэг удаа үзлэг хийж акт хөтлөнө гэсэн байдаг боловч нэг ч удаа хуваарь гаргаж үзлэгээ хийж байгаагүй. 2014 оны 08 дугаар болон 11, 12, 2015 оны 01 дүгээр саруудад үзлэг хийгээгүй. Үзлэг үйлчилгээ хийгдсэн актанд эрх бүхий этгээд гарын үсэг зурж акт үйлдэнэ гэсэн боловч нэг ч удаа үзлэгийн график гаргаагүйн улмаас дуртай үедээ ирж байгууллага төлөөлөх эрхгүй ажилчдаар гарын үсэг актан дээр зуруулсан нь засвар үйлчилгээний актууд бүхэлдээ хүчингүй буюу гэрээний нөхцлийг хангах чадамжгүй гэж үзэж байна.

2015 оны 10 дугаар сараас манай 1 дүгээр лифтний хаалга дурын давхартаа хаагдахгүй, гацаж зогсох болсон бөгөөд нэхэмжлэгч лифтийг засварлаж чадаагүй. 2016 оны 02 дугаар сард сүүлийн гэрээ хийхдээ танай байгууллага гэрээнд заасан ажлаа хийж сайн засварчдаа явуулж манай лифтийг засах итгэлцлээр байгуулсан боловч өмнөх байдлаараа лифтийг засч чадахгүй хэвээр байсан. 2016 оны 03 дугаар сараас эхлэн манай 1 дүгээр лифт огт ажиллахаа больж үзлэгээр ирсэн хүмүүс ажиллуулж өгөөд явсны нь дараа унтардаг болж, тухайн лифтийг зогсоож 2016 он 11 дүгээр сард өөр лифтний байгууллагаар шалгуулж плат нь шатсан болохыг тодруулж шинээр сольж хэвийн үйл ажиллагаанд оруулсан. Эвдэрсэн лифтийг засч оншилж чадахгүй байж төлбөр нэхэх нь ёс зүйгүй үйлдэл юм. Гэрээнд манай СӨХ-ны хүсэл зоригийг тусгаагүй, зөвхөн нэхэмжлэгч байгууллагын хүсэлтээр гэрээний нөхцлийг бичсэн.

Нэхэмжлэгч тал гэрээний үүргээ хангалтгүй хийсэн тул манай СӨХ төлбөр төлөх ёсгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/00427 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Э” Сууц өмчлөгчдийн холбооноос 7 645 256 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 307 296 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176 710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 137 274 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 843 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/00427 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “7 645 256” гэснийг “4 760 000” гэж, “307 296” гэснийг “3 192 552” гэж, 2 дахь заалтад “137 274” гэснийг “91 110” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137 274 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2 дахь хэсэгт заасан шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн хэмээн үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна.

...Хэрэгт авагдсан нотлох баримтыг судлан дүгнэж үнэлсэн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт заасан журмыг зөрчиж үнэлсэн хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл “цахилгаан шат ашиглалтын засвар үйлчилгээний гэрээний үүрэгт хариуцагч байгууллага нийт 4 653 000 төгрөг төлөхөөс 3 077 000 төгрөг төлөөгүй талаар маргаагүй, ...тооцоо нийлсэн баримтыг хариуцагч талд танилцуулаагүй байна. ...Иймд цахилгаан шат ашиглалтын засвар үйлчилгээний гэрээний дагуу хэдэн төгрөгийн төлбөр үүссэн талаар тооцох боломжгүй юм.” гэсэн атлаа энэ дүгнэлтээ үгүйсгэн нэхэмжлэлийн үнийн дүнгээс тооцоо нийлсэн актанд тусгагдсан 1 576 000 төгрөгийн үнийн дүнг хасч тооцсон. Нэхэмжлэгчээс нийт гэрээний хугацаанд үзүүлсэн үйлчилгээний төлбөр болон хариуцагч байгууллагаас төлсөн төлбөрийн байдлыг ойлгомжтой байх үүднээс тооцооны акт болгон хэрэгт өгсөн, ажил үйлчилгээгээ үзүүлээд холбогдох төлбөр 1 576 000 төгрөг нь төлөгдчихсөн 2014 оны 05 сараас 09 сард хамаарах төлбөрийг “С” ХХК нэхэмжлээгүй, үзлэгийн хуудсыг хэрэгт өгөх шаардлага ч байхгүй, төлчихсөн төлбөрийн хугацаанд хамаарах төлбөрийг давхардуулж нэхсэн талаарх хариуцагчаас маргасан зүйл байхгүй гэдгийг анхан болон давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн атлаа 2014 оны 10 сараас 2016 оны 01 cap хүртэл хугацаанд хамаарах үйлчилгээний төлбөр 4 653 000 төгрөгөөс өөрийн таамаг бүхий дүгнэлтээр 1 576 000 төгрөгийг хасч тооцсон нь үндэслэлгүй юм.

...Тус гэрээний 4.3 дахь хэсэгт “Захиалагч нь үйлчилгээний төлбөрийг нэг сараар нь төлөх ба төлбөрийн нэхэмжлэлийг ирүүлснээс хойш тухайн сарын 29-ний дотор гүйцэтгэгчийн дансанд шилжүүлнэ.” хэмээн заасан байдаг. Захиалагчтай харилцан тохиролцож график батлах нь талуудын харилцан хүлээсэн эрх үүрэг бөгөөд график батлагдаагүйгээс алданги шаардах эрх алдах нөхцөл нь үйлчлүүлэгчээс ажил үйлчилгээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой алданги шаардсан нөхцөлд хэрэглэх боломжтой. Харин гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажил үйлчилгээний хөлсөө гэрээнд заагдсан өдрөө төлөөгүй хоцроосон нөхцөлд хоног тутамд алданги шаардах эрхээ алдана гэж үзэх нь үндэслэлгүй юм.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал нь нотлох баримт үнэлэх журмыг зөрчин нотлох баримтыг таамаг байдлаар дүгнэж, тал бүрээс нь бодитойгоор, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчиж гарсан тул хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлж, зохигчийн хоорондох гэрээний заалтыг буруу тайлбарлаж, тооцооны алдаа гаргасан байх тул магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “Э” СӨХ-д холбогдуулан цахилгаан шат ашиглалтын засвар үйлчилгээний гэрээний төлбөрт 6 740 000 төгрөг, алдангид 3 370 000 төгрөг нийт 10 110 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа багасгаж, гэрээний төлбөрт 6 641 000 төгрөг, алдангид 1 311 552 төгрөг, нийт 7 952 552 төгрөг шаарджээ. Хариуцагч “Э” СӨХ нь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч цахилгаан шатны засвар үйлчилгээг хангалтгүй гүйцэтгэж байсан гэж нэхэмжлэлийг татгалзсан байна.

Зохигч нь 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр цахилгаан шат ашиглалтын засвар үйлчилгээний гэрээ байгуулсан ба уг гэрээгээр нэхэмжлэгч “С” ХХК \”Сигма-Отис” ХХК\ нь  Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, “Макс молл” худалдааны төвийн залгаа орон сууцны барилгад угсрагдсан 4 иж бүрдэл цахилгаан шатны засвар үйлчилгээг гүйцэтгэх, сард нэг удаа үзлэг хийх, хариуцагч “Э” СӨХ \”Э 35” СӨХ\ нь нэг цахилгаан шатны 1 сарын техникийн үзлэг үйлчилгээний төлбөрт 99 000 төгрөг, дөрвөн цахилгаан шатны үзлэгийн сарын төлбөрт 396 000 төгрөг төлөхөөр тохиролцжээ.

Нэхэмжлэгч тал хариуцагчийг 2014 оны 04 дүгээр сараас 2016 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд 8 316 000 төгрөг төлөхөөс 1 576 000 төгрөг төлсөн тул үлдэгдэл төлбөрийг  нэхэмжлэлдээ 6 740 000 төгрөг, шаардлагаа багасгахдаа 6 641 000 төгрөг гэж тодорхойлсон байхад давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлбөрт төлсөн 1 576 000 төгрөгийг нэхэмжлэлийг хангах хэсгээс хасч тооцсон нь алдаатай болжээ.

Түүнчлэн, давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн эрхийнхээ хэмжээнд үнэлж, нэхэмжлэгчийн зүгээс цахилгаан шатанд хийсэн үзлэгийн тоог 65 биш харин 64 гэж тооцож, төлбөрийн хэмжээг 6 336 000 төгрөг гэж тодорхойлсон нь зөв боловч магадлалдаа 65 гэж ташаа тусгасан нь алдаатай болжээ.

Мөн давж заалдах шатны шүүх зохигчийн хоорондох гэрээгээр сар бүр тооцох төлбөрийг цахилгаан шатанд үзлэг хийх бүрт төлбөр тооцох тохиролцоо гэж алдаатай дүгнэсэн байна. Сард нэг удаа үзлэг хийх тохиолдолд төлбөрийн зөрүү гарахгүй боловч гүйцэтгэсэн ажил, сарын төлбөрийн хооронд зөрүү гарах нөхцөлд уг дүгнэлт учир дутагдалтай болно. Тухайлбал, нэхэмжлэгч 21 сарын төлбөрийн дутууг шаардсан бол шүүх хэрэгт авагдсан баримтаар 16 сарын төлбөр гаргуулах үндэслэлтэй гэж үзсэн байна.

 

Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн алданги гаргуулах шаардлагыг хангах боломжгүй гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ. Зохигчийн 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 4.3.-т зааснаар хариуцагч “Э” СӨХ “төлбөрийг 1 сараар нь төлөх ба төлбөрийн нэхэмжлэхийг ирүүлснээс хойш тухайн сарын 29-ний дотор төлбөрийг гүйцэтгэгчийн дансанд шилжүүлнэ” гэж заасан ба энэхүү хугацааг хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцох талаар талууд тохиролцоогүй байх тул 2014-2015 оны төлбөрийн үлдэгдэлд алданги тооцох боломжгүй байна. Харин зохигчийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний 4.6.-д “үйлчлүүлэгч тал засвар, үйлчилгээнийхээ төлбөрийг бүрэн болон хэсэгчлэн төлөөгүй бол төлөөгүй хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,3%-ийн алданги тооцон үүрэг гүйцэтгэгч талд төлнө” гэж заасан боловч төлбөрийн нэхэмжлэл хүргүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй, төлбөр төлөх хугацааг тооцох боломжгүй байна.

Зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж шүүх үзэн, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан зохицуулалтын дагуу нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь зөв боловч давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэх хэсэгт “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. дэх хэсэгт зааснаар” гэж ташаа тусгасныг тэмдэглэх нь зүйтэй.

Хариуцагч тал ажил гүйцэтгэх гэрээний асуудлаар сөрөг шаардлага гаргаагүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч “Э” СӨХ-ноос ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт цахилгаан шатанд хийсэн 64 удаагийн үзлэгийн баримтад тулгуурлан 16 сарын төлбөрт 6 336 000 төгрөг гаргуулахаар давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 843 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “4 760 000” гэснийг “6 336 000” гэж, “3 192 552” гэснийг “1 616 552” гэж, “91 110” гэснийг “116 326” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 61 114 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.    

  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН